| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 195/2025/2096/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2558 |
| Огноо | 2025-11-04 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2558
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,
улсын яллагч С.Алтай,
хохирогч *****************түүний өмгөөлөгч Г.Буян, Ж.Төрмөнх,
шүүгдэгч *************, түүний өмгөөлөгч Н.Буянжаргал,
орчуулагч ********** нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ холбогдох эрүүгийн 251000000865 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******** оны ***** дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн инженер, эдийн засагч мэргэжилтэй, ************ ХХК-нд менежер төслийн эдийн засагч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ***************** тоотод оршин суух,
урьд: Баянгол дүүргийн шүүхийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 98 дугаар зүйлийн 98.2-т заасан гэмт хэрэгт 3 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж шийдвэрлэсэн, ********************),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************** нь Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Шүүгдэгч *********** шүүхийн хэлэлцүүлэгт “...Би 2008 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийг уул уурхайн инженер, эдийн засагч мэргэжлээр төгсөөд 2008 оноос өдийг хүртэл салбартаа мэргэшсэн инженерийн зэрэгтэй ажиллаж байна. Манай ажлын оффис хоймор гэх газарт байрладаг. Анх ************ ХХК-ийн орчуулагч ************* надтай ирж уулзсан. Үнийн санал авсны дараа захиралтайгаа ирж уулзан энэ ажлыг эхлүүлсэн. Тухайн компани нь 2022 онд тус лицензийг шилжүүлэн авсан. Ашигт малтмалын тухай хуульд тухайн компани нь тус лицензийг шилжүүлж авснаас хойш бүх асуудал, зөрчил, шийдвэрүүд тус компанид шилжиж очно гэсэн хуулийн заалт байгаа. Мэдүүлэгтээ 11 сард төлөвлөгөөгөө өгөхгүй бол техник эдийн засгийн үндэслэл чинь явахгүй байна гэж хэлсэн байсан. Техник эдийн засгийн үндэслэл нь 2023 оны 08 дугаар сард хурлаар ороод дүгнэлт, тушаал нь баталгаажсан ажил байгаа. Тус байгууллага нь Монгол улсад олон жил үйл ажиллагаагаа эрхэлсэн. Энэ байгууллага 2022 онд эдгээр ажлыг хийхээр өөр хүмүүстэй холбогдоод луйвардуулж байсан байна лээ. Тэр зарчмаараа энэ байгууллага бүх юмаа ашигт малтмалаас судалгаа хийдэг байсан байна. Энэ нь тус байгууллагын ажилтай холбоотойгоор Ашигт малтмал газрын тосны газрын уул уурхайн хэлтэстэй ажлыг нь хөөцөлдөөд явахаар энэ байгууллагын захирал нь ингээд явж байсан гэдэг байдлаар хэлж байсан. Өөрсдөө торгуульд унасан асуудалтай байсан гэдгээ энэ байгууллага мэдэж байсан. Би залилж 10,000,000 төгрөг авсан зүйл байхгүй...” гэв.
Хохирогч **********,шүүхийн хэлэлцүүлэгт:”.. **********хамгийн анх гэрээ байгуулсан өдөр нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгаа. ******** ажлын байранд гэрээгээ байгуулсан. ******** нь намайг гадаад хүн гэдэг утгаар их зүйл яриад байх шиг байна. Гэрээний дагуу ажлаа хийсэн эсэхийг нь асуумаар байна. Гэрээний дагуу хэрэгжээгүй хэсэг хүртэл байсан. Байгаль орчны менежментийн үнэлгээг хүртэл хийхгүй байхаар нь өөр хүнд мөнгө өгч хийлгүүлж байсан. Үүнийг би зүгээр өнгөрөөсөн. Өөрөө гэрээгээ бүрэн биелүүлсэн гэж хэлж байна. Мөн цахим системийн талаар ярьж байна. Үүнийг анх удаа сонсож байна. Би гэрээнийхээ дагуу үүргээ биелүүлсэн. Одоо ярьж байгаа зүйлс нь нотлох баримт байхгүй өөрөө л яриад байна. Би мөнгө шилжүүлэхдээ банкнаас ямар зориулалттайг нь асуудаг учраас зориулалтыг л заавал утган дээр нь бичдэг. 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулах хүртэл 2022 оны уулын ажлын төлөвлөгөө байхгүй учраас торгуулах талаар хэлж байсан. Гэрээ хэрэгжих явцад хоёр удаа надад торгуулийн талаар хэлж байсан. 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр надад өөрөө торгууль ногдсон, 10,000,000 төгрөг өгөөрэй гэж хэлсэн. Би ямар ч шалтгаангүйгээр Монгол хүнд 10,000,000 төгрөгийг торгууль гэж хэлээд явуулах ямар ч үндэслэл байхгүй. Хэрвээ би 10,000,000 төгрөгийн талаар худлаа ярьж байна гэх юм бол байгаль орчны менежментийн төлөвлөгөөний 15,000,000 төгрөгийн талаар хэлэх л байсан. ******* яриад байгаа цахим системийн талаар анх удаа сонсож байна. Эдгээр ажлыг би өөрөө хийж чадах байсан бол энэ хүнд даалгах байсан уу. Яг энэ гэрээнд тусгагдсан байгаа ажлыг хийгээгүй нь бодит зүйл байна. Гэхдээ би энэ хүнд итгээд явсан. Эцэст нь би байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө өөр хүнд мөнгө өгөөд хийлгэсэн ...” гэв.
Эрүүгийн 2510000000865 дугаартай хэргээс:
Улсын яллагч: Яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтыг шинжлэн судална,
хохирогчийн өмгөөлөгч Г.Буян: “...эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол (1дүгээр хавтаст хэргийн 01-04 дэх тал), эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал ( 1 дүгээр хавтаст хэргийн 06-09 дэх тал), хохирогчийн гаргасан гомдол ( 1 дүгээр хавтаст хэргийн 10-12 дахь тал), ажил гүйцэтгэх гэрээ ( 1 дүгээр хавтаст хэргийн 14-18 дахь тал), ********** худалдаа хөгжлийн банкны дансны хуулга (1дүгээр хавтаст хэргийн 19-26 дахь тал), ******* руу 7,700,000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 27 дахь тал), гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх эрхтэй байгууллагын жагсаалт ( 1 дүгээр хавтаст хэргийн 28-31 дэх тал), ********-ийн албан бичиг ( 1 дүгээр хавтаст хэргийн 32 дахь тал), *********-д өгсөн хариу албан бичиг ( 1 дүгээр хавтаст хэргийн 33 дахь тал), ******** худалдаа хөгжлийн банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл ( 1 дүгээр хавтаст хэргийн 39-42 дахь тал), ******** худалдаа хөгжлийн банкны дансны хуулга ( 1 дүгээр хавтаст хэргийн 44-48 дахь тал), ********* худалдаа хөгжлийн банкны дансны хуулга ( 1 дүгээр хавтаст хэргийн 49-53 дахь тал), орчуулагч томилох тухай мөрдөгчийн тогтоол ( 1 дүгээр хавтаст хэргийн 54 дэх тал), хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол ( 1 дүгээр хавтаст хэргийн 60 дахь тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс авсан мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 62-63 дахь тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс дахин авсан мэдүүлэг( 1 дүгээр хавтаст хэргийн 69-71 дэх тал), гэрч *********** мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 72-73 дахь тал), яллагдагч ******** мэдүүлэг( 1 дүгээр хавтаст хэргийн 87-90 дэх тал), шийтгэх тогтоол ( 1 дүгээр хавтаст хэргийн 101-103 дахь тал), гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийсэн гэж харилцсан чатын хуулбар ( 1 дүгээр хавтаст хэргийн 110-112 дахь тал), ******** эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн гэх баримт ( 1 дүгээр хавтаст хэргийн 114-167, 2 дугаар хавтаст хэргийн 01-18 дахь тал), мөрдөгчийн тэмдэглэл ( 2 дугаар хавтаст хэргийн 28-32 дахь тал), хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал ( 2 дугаар хавтаст хэргийн 37-41 дэх тал), ОБЕГ-ын албан бичиг ( 2 дугаар хавтаст хэргийн 42 дахь тал), онцгой байдлын ерөнхий газрын албан бичиг ( 2 дугаар хавтаст хэргийн 44 дэх тал), яллах дүгнэлт ( 2 дугаар хавтаст хэргийн 55-59 дэх тал), шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж ирүүлсэн баримтуудыг,
хохирогчийн өмгөөлөгч Ж.Төрмөнх: шинжлэн судлах нотлох баримт Г.Буян өмгөөлөгчтэй давхцаж байна гэх,
шүүгдэгчийн өмгөөлөгч: “..ажил гүйцэтгэх гэрээ ( 1 дүгээр хавтаст хэргийн 14-18 дахь тал), гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх эрхтэй байгууллагын жагсаалт ( 1 дүгээр хавтаст хэргийн 28-31 дэх тал), гэрч ********* мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 74-77 дахь тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс авсан мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 62-63 дахь тал), ******** эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн гэх баримт ( 1 дүгээр хавтаст хэргийн 170-250, 2 дугаар хавтаст хэргийн 01-15 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж ирүүлсэн хувийн байдалтай холбоотой баримт, ажил гүйцэтгэх гэрээ зэрэг 18 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав
Шүүгдэгч, хохирогч нар “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн 2510000000865 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй маргаж, түүний өмгөөлөгч нь цагаатгуулах байр сууринаас, хохирогч, түүний өмгөөлөгч нар нь хохирол төлбөр нэхэмжилж оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч ******** нь 2022 оны уулын ажлын төлөвлөгөөг хугацаанд хийж хүлээлгэн өгөөгүйтэй холбогдуулан 10,000,000 төгрөгийн торгууль гарсан байна, яаралтай төлж барагдуулж байж дараа дараагийн ажлууд хийгдэх боломжтой болоод байна” гэж 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ********* Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Худалдаа хөгжлийн банкны салбарт байхад нь ******* дугаартай дансаар 10,000,000 төгрөгийг хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад 10,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч **********н өгсөн “...Манай ******* ХХК нь Монгол Улсад бүтгэлтэй компани юм. Хамгийн анх 2015 онд байгуулагдсан түүнээс хойш Монгол хүмүүстэй хамтран ажиллаж байгаад 2022 онд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар болж ********* ХХК-ийн нэр дээр ********дугаартай Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг худалдан авсан. Энэ нь Төв аймгийн ******** гэх газарт 388.62 гектар талбай бүхий газар байдаг. Би үйл ажиллагаа явуулж эхлэхийн тулд Техник эдийн засгийн үндэслэл гаргаж өгөх компани хайлгасан. Үүний дагуу манай ажилтан Гантөгс интернэтэд байршуулсан зарын дагуу ******** ХХК-ийг санал болгосон. Ингээд би Чингэлтэй дүүргийн 6-р хороо МЗЭ ордон 202 тоот буюу ******** ХХК-ийн ажлын байранд очиж уулзаад 2023 оны 01 дүгээр сарын 16-ны Өдөр хоёр компанийн дунд Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тухайн Ажил гүйцэтгэх гэрээний явцын дунд ****** ХХК-ийн ажилтан ******* нь гэрээний хугацаанд манай ******* ХХК-ийн Уулын ажлын төлөвлөгөө болон гэрээнд заагдсан бүх ажлыг хариуцдаг байсан. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үед ***** нь надад танай ******* ХХК-ийн Уулын ажлын төлөвлөгөөг цаг хугацаанд нь хийж гүйцэтгээгүйн улмаас улсаас торгууль ногдуулна мэдэж байгаарай гэж хэлсэн. 2023 оны 11 дүгээр сард ****** над руу залгаад танай ******* ХХК дээр 2022 оны Уулын ажлын төвөвлөгөөг цаг хугацаанд нь хийгээгүй болохоор 10.000.000 төгрөгийг торгууль ногдуулсан байна. Танайх энэ тогуулиа төлж байж техник эдийн засгийн үндэслэл хийгдэх боломжой гэж хэлсэн.Би үүнийх нь дагуу 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Зайсанд байх Худалдаа хөгжлийн банкны салбар дээрээс өөрийн Худалдаа хөгжлийн банкны ******* дугаарын данснаасаа 10.000.000 төгрөгийг ******* гэх хүний Худалдаа хөгжлийн банкны ****** дугаар данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш ******* ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний биелэлт маш удаашралтай явж байсан болохоор Т******** ХХК болон ******* гэх хүмүүсийн ярьж байгаа зүйл үнэн эсэх тал дээр эргэлзсэн. ******* гэх хүнээс манай компанид ногдуулсан торгуулийг төлж барагдуулсан талаарх баримтыг нэхэхэд өгөөгүй тэгэхээр нь би нягтлан ******* хамт Аж үйлдвэр эрдэс баялгийн яаманд албан бичиг хүргүүлсэн ба тус яамнаас 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 04/570 дугаар албан бичгээр хариу ирсэн уг бичигт манай ********* ХХК-****** ажлын төлөвлөгөөг гаргуулан өгөөгүй талаар торгууль ногдуулаагүй байсан. Мөн төрийн байгууллагаас асууж үзэхэд хэрвээ танай компани дээр торгууль ногдуулсан бол мэдэгдэл очих ёстой гэж хэлсэн. Ингээд ***** гэх хүнд худлаа ярьж 10 сая төгрөг авсан талаар нь мөн мөнгөө буцааж авах талаар хэлэхэд чи гадаад хүн чамайг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж чадахгүй болгож чадна шүү гэж хэлээд одоог хүртэл мөнгө өгөөгүй...” гэсэн мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 60-71дэх тал),
****** худалдаа хөгжлийн банкны дансны хуулга (1дүгээр хавтаст хэргийн 19-26 дахь тал),
******* худалдаа хөгжлийн банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл ( 1 дүгээр хавтаст хэргийн 39 дэх тал),
**** худалдаа хөгжлийн банкны дансны хуулга ( 1 дүгээр хавтаст хэргийн 44-48, 50-53 дахь тал),
****** худалдаа хөгжлийн банкны дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл ( 1 дүгээр хавтаст хэргийн 40-42 дахь тал)
******** руу 7,700,000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 27 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.
|
|
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хэрхэн хууль бусаар хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах эрхэд авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялган зүйлчлэгддэг.
Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хууран мэхлэх, итгэл эвдэх, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг буцаан өгөхгүй гэсэн гэмт санаагаа хэрэгжүүлж бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцогддог.
Шүүгдэгч ********” ХХК болон “******” ХХК нарын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч тал болох “********” ХХК-ны гэрээгээр хүлээсэн ажлыг гүйцэтгэхдээ “********” ХХК-ийн захирал “******“-д танай компанид 2022 оны уулын ажлын төлөвлөгөөг хугацаанд нь хийж хүлээлгэн өгөөгүйтэй холбоотой 10,000,000 төгрөгийн торгууль гарсан байна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн Худалдаа хөгжлийн банкны ******** дугаартай дансаар 10,000,000 төгрөгийг торгууль гэсэн утга бичүүлэн хохирогчоос шилжүүлэн авч бусдад 10,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн обьектив талын шинжийг бүрэн хангасан байна.
Энэ гэмт хэргийн субьектив тал нь зөвхөн шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрдэг.
Шүүгдэгч ********“-д 2023 оны гэрээгээр гүйцэтгэх ажлуудыг хийж гүйцэтгэхэд 2022 оны уулын ажлын төлөвлөгөөг танай компани хугацаанд нь хийж хүлээлгэн өгөөгүйтэй холбоотой танай компанийн нэр дээр 10,000,000 төгрөгийн торгууль гарсан байна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогчоос өөрийн Худалдаа хөгжлийн банкны ******** дугаартай дансаар 10,000,000 төгрөгийг торгууль гэсэн утга бичүүлэн бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, захиран зарцуулсан идэвхтэй үйлдлийг ухамсартайгаар хийсэн нь ******* өөрийн хууль бус үйлдлээ ухамсарлан мэдсэн атлаа үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “....уулын ажлын төлөвлөгөө хийдэг цахим систем нь нээгдэхгүй байсан. Энэ ажлыг хийгээд өгөөч гэж саналыг хохирогч талаас тавьсан. 10,000,000 төгрөгийг торгууль гэж биш ажлын хөлс гэж бодож авсан. 2023 оны уулын ажлын төлөвлөгөө байсан. 2023 оны тайлан нь гэрээнд заагдсан дүнгээрээ тусгагдсан. Үүнээс өмнөх уулын ажлын төлөвлөгөөгөө өгөөгүй учраас цахим систем нь нээгдэхгүй байсан. Уул уурхайн цахим систем хэвийн үйл ажиллагаанд оруулж өгөх ёстой байсан...” гэх тайлбар гаргадаг боловч шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй, бусад хэрэгт цугларсан нотлох баримтаар давхар нотлогдоогүй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байх тул түүний гаргасан тайлбар үндэслэлгүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа тул шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү... “ гэх хүсэлтийг гаргасан бөгөөд хохирогч *****-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн“...*******” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны дагуу төлбөрийг бүрэн төлсөн...” гэх мэдүүлэг, ********” ХХК-ийн 2025 оны 10 сарын 10-ны өдрийн 25-10/05 дугаартай ”.. ****** хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг түүний цалинд бодож олгодог...” гэх албан бичиг******* худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаар 10,000,000 төгрөгийг торгууль гэсэн утгатай (1дүгээр хавтаст хэргийн 19-26 дахь тал), ******* худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн дансны хуулга ( 1 дүгээр хавтаст хэргийн 44-48, 50-53 дахь тал), зэрэг хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар нотлогдсон няцаан үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх буюу цагаатгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч ********* холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” үүрэгтэй.
Эрүүгийн 2510000000865 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон “*********“-т 10,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******** 10,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч ***********)-т олгож шийдвэрлэсэн.
Шүүгдэгч ********* нь гэм буруугийн шүүх хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан” хүсэлтийг шүүх хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүх хуралдааныг завсарлуулсан ба шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд *********** хохирогчийн Худалдаа хөгжлийн банкны ********* тоот дансанд 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг өгсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай 111 тогтоолоор ******** нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “********“-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Гамшгийн эрсдлийн үнэлгээг 60 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх гэрээний төлбөрт 7,700,000 төгрөгийг ********* Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо МЗЭ ордонд байхад нь өөрийн Худалдаа хөгжлийн банкны дансаар шилжүүлэн авсан буюу яллагдагчийн зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасан тул хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан гэрээний төлбөрт төлсөн 7,700,000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч *********** жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг хүлээн авах үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******** гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “..3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...”, хохирогч, түүний өмгөөлөгч нар “.. ял хүндрүүлэх талаар санал гаргаагүй...” , шүүгдэгчийн өмгөөлөгч “..торгох ялын саналыг дэмжиж байна...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр залилах гэмт хэргийг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.
Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хохирол, хор уршиг, түүний хэр хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000(гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ************** хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ