| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 194/2025/2258/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2600 |
| Огноо | 2025-11-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2600
2025 11 18 2025/ШЦТ/2600
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Балдырган,
Улсын яллагч Л.Төгсжаргал,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Эд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2506 07146 2882 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн *** төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, Б.Э.
Холбогдсон хэргийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Э нь 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдөр *** дүүргийн *** дугаар хороо, *** байранд хамаатны дүү болох Г.Атай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гараараа алгадах, маажих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, баруун бугалга, баруун гуянд цус хуралт, зүүн шуунд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг унтаж байхад нь утсыг нь үзсэн гэж байна. Тухайн үед миний утас эвдрээд нөхөртэйгөө холбогдох гэж утсыг нь гуйж авсан. Тэр хүүхдийн утасны кодыг би тайлах боломжгүй. Нөхөртэйгөө холбогдож байхад миний талаар найз залуутайгаа ярилцсан зурвасуудыг нь харсан. Г.А найз залуудаа миний тухай худал ярьсан байсан. Тэрийг нь би хуулбарлаж баримт болгон авсан. Манайхаас ачаагаа авч байхад нь би “Миний дүү гал тогооны өрөөнд байгаа тогоогоо аваад яв” гэхэд “Мэдэж байна” гээд намайг мөрлөөд орсон. Тэгээд би араас нь ороод чи яаж байна гээд энэ бүх юм болсон. Тухайн үед миний биед адилхан хохирол учирсан. Тэр үед шинжээчээр дүгнэлт гаргуулахыг мэдээгүй байсан учраас ингэж өнгөрсөн...” гэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, үйл баримтын талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.Агаас 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт гаргасан гомдол /хх-ийн 41-44 дэх тал/,
Хохирогч Г.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-11 дэх тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0725/10270 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19 дэх тал/,
Сэжигтэн Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-16 дахь тал/,
Яллагдагч Б.Эгийн мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 61-63 дахь тал/ зэрэг болно.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон, нотлох баримтын хүрэлцээт байдал хангалттай байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Гэм буруугийн талаар шүүхээс дараах дүгнэлтийг хийв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэргийн хохиролд тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч Б.Э нь 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдөр *** дүүргийн *** дугаар хороо, *** байранд хамаатны дүү болох Г.Атай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гараараа алгадах, маажих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, баруун бугалга, баруун гуянд цус хуралт, зүүн шуунд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч эрүүл мэндэд учирсан хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй. Сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжлэхгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгч энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Хохирогч цаашид гарах гэм хорын хохирлоо жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Б.Э нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол…” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилжээ.
Энэхүү гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу хохирогчийн эрүүл мэндэд заавал хөнгөн хохирол учирсан байх шинжийг шаарджээ.
Сэжигтэн Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г.А бид хоёр дундаа нэг гар утастай болчхоод байсан ба тухайн өдөр би өглөө дүүгээ унтаж байхад нь кодыг нь гаргуулаад утсаар нөхөртэйгөө яриад салгасан. Тэгтэл миний тухай ярьсан чатны мэдээлэл дүүгийн утсан дээр ирсэн. Тэгэхээр нь би ороод хартал найз залуутайгаа намайг чатаар “хүүхдээ харуулдаг, гэрээ цэвэрлүүлдэг, намайг ийш тийшээ авч явдаг. Тэр нь надад анхаарал тавьж байгаа юм шиг боловч хэцүү байна...” гэх мэт чатууд байсан. ...Тэгээд би чимээгүй байж байгаад “за чи одоо манайд байх юм бол яг энэ хэлснээрээ бай” гэж хэлсэн. Тэгтэл манай дүү “тэгвэл би чиний эрхээр байж чадахгүй” гэж надтай хэрэлдээд тэрнээс хойш ирээгүй. Тэгээд 3-4 хоногийн дараа манай эгч У манай гэрт ирээд “одоо байр түрээсэлж өгье, дүүгийнх нь юмнуудыг авах гээд ирлээ, бэлдээд өгөөч” гэсэн. ...Хамгийн сүүлд тогоо нь үлдсэн байхаар нь “тогоо чинь үлдсэн байна, юмнуудаа гүйцэд аваач” гэсэн. Өөрийнхөө юмыг өөрөө авчихна гээд намайг мөрлөөд орсон. Тэгэхээр нь би араас нь ороод нүүрэн тус газарт нь нэг удаа алгадсан. Тэгсэн чинь намайг үсдээд авахаар нь би зөрүүлээд үстсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дахь тал/,
Яллагдагч Б.Эгийн мөрдөн байцаалтын үед өгсөн: “...Манай нагац дүү болох Г.А нь 2024 онд оюутан болж Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд манай гэрт ирээд 1 сар гаран хамт амьдарч байгаад сургуулийнх нь дотуур байранд оруулж өгсөн. Тэгээд 2025 оны 06 дугаар сарын сүүлээр дотуур байрнаасааа гарчихлаа, би ажил хийгээд хөдөө гэр лүүгээ явахгүй гэж хэлээд манай гэрт амьдрахаар ирсэн. Тэгээд би утсаа эвдчихээд дүү гэрт байгаа болохоор дүүгийн утсаар хааяа нэг нөхөртэйгөө ярьдаг байсан. Тэгээд нэг өдөр манай дүү өглөө унтаж байхаар нь өөрийг нь сэрээж кодыг нь гаргуулаад нөхөртэйгөө ярьчхаад утсыг нь буцаагаад тавих гэж байтал найз залуугаас нь миний тухай ярьсан мэдэгдэл ирэхээр нь ороод харсан. Тэгтэл намайг хүүхдээ харуулдаг хоол ундаа хийлгэдэг, гэр орноо цэвэрлүүлдэг, надад сайн хүн гэж хичээдэг, хүний эрхээр байх хэцүү гэх мэтээр ярьчихсан байсан. Тэгэхээр нь би тэр чатнуудыг нь скрийншот хийж аваад өөрийн нөхөр болох Ц луу явуулсан. ...Тэгээд 2-3 хоног манай гэрт ирэхгүй байхаар нь би өөрийнх нь бичсэн чатыг нь өөр лүү нь явуулаад яг энд бичсэн шигээ манайд бай эсвэл зайлж болно гэж хэлсэн. Тэгээд чатаар надтай хэрэлдэж байгаад 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өөрийнхөө ээж болох Утэй хамт ирсэн. Тэгээд манай гэрт хэрүүл маргаан үүсэж намайг түлхээд авахаар нь би араас нь орж алгадаад, үсдэлцээд, түлхэлцээд тэгж байгаад ээжтэйгээ хамт гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-63 дахь тал/ тус тус авагджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй…” гэжээ. Харин дээрх мэдүүлгүүд дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. Үүнд:
Хохирогч Г.Агаас 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт гаргасан гомдол /хх-ийн 41-44 дэх тал/,
Хохирогч Г.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 07 дугаар сарын 23-24 хавьцаа намайг унтаж байхад миний гар утсыг үзээд миний мессеж чатуудыг бүгдийг нь хуулбарлаж аваад нөхөр лүүгээ явуулсан байсан. Тэгээд би найзуудтайгаа уулзах гээд гадуур гарчихсан байсан чинь араас чат бичээд чи манай гэрт амьдарч байгаа юм чинь миний эрхээр байх ёстой аяга угааж, шал угааж, тоос арчиж, хүүхэд харах ёстой. Ажилтай чинь хамаагүй, тэгээд чадахгүй гэвэл манай гэрээс зайл гэж над над руу бичсэн. Тэгэхээр нь би тэр цагаас хойш гэрт нь очихгүй байж байгаад 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдөр манай ээж хөдөөгөөс ирэхээр нь би ээжтэйгээ амьдрах байр олчхоод орой 20 цагийн үед хэрэглэж байсан эд зүйлээ авахаар эгчийн гэрт очсон. Тэгээд түрүүлээд ээж гэр лүү нь орсон, би араас нь такси бариад жолоочид нь хэлчхээд ээжийнхээ араас орсон. Тэгтэл ээж миний юмнуудыг баглачихсан зөөж байсан. Тэгээд би зөөлцөж байгаад хамгийн сүүлийн хайрцагтай юмаа зөөхдөө өөрөө орсон. Тэгтэл манай нагац эгч болох Б.Э нь миний юмыг гаргаад тавьчихсан байснаа намайг дотор тогоо чинь байгаа ороод ав гэсэн. Тэгэхээр нь би заа ороод авчихъя гээд орсон чинь араас орж ирээд чи зүгээр хэлчхэж болдоггүй юм уу гэхээр нь эргээд харсан чинь мөрнөөс түлхээд хөл хэсэгт хөшиглөөд байхаар нь би өөр яаж хэлэх юм гэсэн чинь алгадаад хана руу шахсан. Тэгээд үснээс баахан зулгааж хана мөргүүлж миний духны хэсэг хавдсан. Тэгээд гараас чанга атгаж барьж байгаад миний зүүн гарын шууг маажиж, баруун гарын тохой хэсэг хөхөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дэх тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0725/10270 дугаартай: “...Г.Агийн биед тархи доргилт, дух, баруун бугалга, баруун гуянд цус хуралт, зүүн шуунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19 дэх тал/-ээр шүүгдэгч Б.Эгийн тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.
Шүүгдэгч Б.Э нь Г.Агийн эрүүл мэндэд халдах үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэжээ.
Шүүгдэгч Б.Э нь хохирогч Г.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0725/10270 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19 дэх тал/-ээр тогтоогдсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Г.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд уг хохирол, шүүгдэгч Б.Эгийн гэм буруутай санаатай үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх заалтад “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах…” эрхтэй, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй…” гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч Г.А нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд баримтаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд сэтгэл санааны хохирол тогтоолгохоор шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэж мэдүүлсэн /хх-ийн 9-11 дэх тал/ байх тул шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Харин шүүгдэгч Б.Эгийн хууль бус үйлдлийн улмаас учирсан болон цаашид учирч болох гэм хорын хохирлыг хохирогч Г.А нь нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхийг тэмдэглэж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...Шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь нэг настай хүүхэдтэй учраас түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн...” гэх дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч Б.Э нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дэх тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28 дахь тал/ зэрэг болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтээ хийж буй дүгнэлт, хохирогчид учирсан гэмтлүүд зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ хийж буй түүний дүгнэлт, хувийн байдал зэргийг харгалзан, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эд 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Г.А нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ