Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2023/02367

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо тоотод оршин суух Ч Б

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 20 дугаар хороо өөрийн байр “Д Ц С” ТӨХК

 

2,841,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Ч.Б, хариуцагчийн төлөөлөгч Ч.Б

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Урансайхан

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч “Д Ц С” ТӨХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэний дагуу хамтын гэрээгээр олгосон тэтгэмжээс үндэслэлгүйгээр суутган авч хохирол учруулсан гэжээ. 

 

2. Хариуцагч “Д Ц С” ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Хамтын гэрээний дагуу олгож байгаа тэтгэмж нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан тэтгэмжид хамаарахгүй тул хуульд заасан хэмжээгээр татвар суутгаж эрх бүхий байгууллагад шилжүүлсэн гэжээ.  

 

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, “Д Ц С” ТӨХК-ийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б/189 дугаар тушаал, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, төлбөрийн даалгавар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас “Д Ц С” ТӨХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Д Ц С” ТӨХК-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч Ч.Б нь 2,841,600 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ “хуульд зааснаар татвараас чөлөөлөх орлогоос татвар суутгаж хохироосон” гэж тодорхойлсон байна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “хуульд зааснаар 10 хувийн татвар суутгаж, татварын байгууллагад шилжүүлсэн, тухайн байгууллагаас буцааж авах боломжтой” гэж маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

 

“Д Ц С” ХК-ийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б/189 дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.10, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйл, “Д Ц С” ТӨХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1 дэх заалтуудыг баримтлан өндөр насны тэтгэвэр авах эрх үүсч, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан үндэслэлээр 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөр Ч.Бтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, түүнд эрчим хүчний салбарт ажилласан 27 жил 9 сард ногдох 28,416,000 төгрөгийн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэжээ. 

 

Дээрх шийдвэрийн дагуу Ч.Бод олгох тэтгэмжээс хувь хүний орлогын албан татварт 10 хувь болох 2,841,600 төгрөгийг суутгаж, 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 25,574,400 төгрөгийн тэтгэмж олгосон үйл баримт тогтоогдов.

 

Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “үндсэн цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, түүний хэлбэр, олгох хугацаа, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшил, нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, олговрын хэмжээ, хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох, өөрчлөх, ажилтанд олгох хоол, унааны зардал болон бусад нөхөх олговорын хэмжээг тогтоох” зэрэг асуудлыг хамтын гэрээгээр зохицуулахаар заасны дагуу “Д Ц С” ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээгээр өндөр насны тэтгэвэрт гарахад эрчим хүчний салбарт ажилласан жилээс хамаарч тэтгэмж олгохоор тохирч, хувь хэмжээг нь тогтоож, уг гэрээний дагуу нэхэмжлэгчид тэтгэмж олгожээ.

 

Иймд хамтын гэрээний дагуу нэхэмжлэгчид олгосон тэтгэмж нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасан тэтгэмжид хамаарна. Иймд Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэгт заасан татвараас чөлөөлөгдөх орлогод хамаарч байна. Иймд хариуцагчийг хуулиар албан татвараас чөлөөлөх орлогоос татвар суутган авч, нэхэмжлэгчийн эд хөрөнгийн эрхэд хохирол учруулж, олох байсан орлогыг үндэслэлгүй буруулсан гэж үзнэ.

 

Дээрх эрхийг хэрхэн сэргээх талаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно”, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид олговол зохих мөнгөн хөрөнгөөс /тэтгэмж/ суутган авсан татварын хэмжээгээр нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгах үүрэгтэй гэж үзэв.

 

Талуудын маргааны зүйл нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан тэтгэмжийг олгоогүй, хугацаа болон дундаж цалин хөлсний хэмжээг буруу тогтоосонтой холбоотой биш бөгөөд ажил олгогч нь хууль болон гэрээний дагуу тогтоосон тэтгэмжийг олгохдоо үндэслэлгүй суутгал хийсэнтэй холбоотой маргаан юм. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь хууль болон хамтын гэрээний дагуу тэтгэмжийг зөв тодорхойлсон боловч хуулийг буруу ойлгосноос нэхэмжлэгчид хохирол учруулсантай холбоотой маргаан байна. Иймд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хариуцагч нь хуульд заасан хариуцлага хүлээх үндэслэлтэй. Иймд Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамаарахгүй тул дээрх хуульд заасан шүүхэд гомдол гаргах хугацаа хамаарахгүй.    

 

Иймд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 2,841,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгчтд олгох үндэслэлтэй гэж үзэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д Ц С” ТӨХК-иас 2,841,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И овогт Ч Бод олгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,146 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Д Ц С” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 60,146 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Бод олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ГАНДИЙМАА