| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2023/03142/И |
| Дугаар | 183/ШШ2023/02138 |
| Огноо | 2023-06-26 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2023/02138
| 2023 оны 06 сарын 26 өдөр | Дугаар 183/ШШ2023/02138 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ******** хороо, ******** байранд байрлах, регистрийн ******** дугаартай, М ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ******** хороо, ******** тоотод оршин суух, регистрийн дугаар ********, ******** овогтой А.А-д холбогдох,
Даатгалын гэрээний нөхөн төлбөрт төлсөн 1.696.583 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч А.А-д холбогдуулан даатгалын гэрээний нөхөн төлбөрт төлсөн 1.696.583 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. М ХК-тай "Голомт банк" ХК нь 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдөр "Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ"-г байгуулсан. А.А нь "Голомт банк" ХК-тай 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ******** тоот цалингийн зээлийн гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу 13 сарын хугацаатай жилийн 24.00 хувийн хүүтэйгээр 2.000.000 төгрөгийн зээл авсан. А.А нь ******** ХХК-д Жолооч албан тушаалтай ажиллаж байсан бөгөөд 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ажлаасаа гарч, зээлийн төлбөр тасалдсанаар даатгалын тохиолдол үүссэн. М ХК нь "Голомт банк" ХК-д даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрт 1.696.583 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр тус банкны ******** тоот дансанд шилжүүлсэн ба А.А нь өнөөдрийн байдлаар 1.696.583 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Ийнхүү, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт "Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ" гэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт ...даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ" гэж тус тус заасны дагуу болон М ХК болон "Голомт банк ХК нарын хооронд байгуулагдсан "Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ"-ний 6 дугаар зүйлийн 6.9 дахь хэсэгт "Даатгалын тохиолдол бий болсны дараа Даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд зээлдэгчээс төлбөр нэхэмжлэх Даатгуулагчийн эрх нь Даатгалаар олгогдсон нөхөн төлбөрийн хэмжээгээр даатгагчид шилжинэ" гэж тохиролцсоны дагуу "Голомт банк" ХК-ийн А.А-аас зээлийн үлдэгдэл төлбөр нэхэмжлэх эрх нь М ХК-д шилжсэн болно. Иймд даатгалын гэрээний нөхөн төлбөрийг даатгуулагчид төлсний улмаас учирсан хохирол болох 1.696.583 төгрөгийг хариуцагч А.Амарсайханаас гаргуулж М ХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ******** тоот дансанд олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч А.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М ХК-ийн нэхэмжилж байгаа 1.696.583 төгрөгийг төлөхийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Уг нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс М ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компаниас иргэн С.А, Т.Н нарт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 42.096 төгрөг төлсөн баримт, Голомт банк ХХК болон М ХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн ******** дугаартай Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ-ний хуулбар, 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн ******** дугаартай Зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх дэд гэрээ-ний хуулбар, Картын цалингийн зээл хүсэгчийн өргөдлийн маягтын хуулбар, Голомт банк ХХК болон иргэн А.А нарын хооронд байгуулагдсан 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн ******** дугаартай Зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/-ийн хуулбар, зээл эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, А.А-ны Голомт банк дахь дансны хуулганы хуулбар, А.Амарсайханы иргэний үнэмлэхийн хуулбар, 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн ******** төлөөлөгчийн газрын ******** дугаартай тушаалын хуулбар зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч А.А нь Голомт банк ХХК-тай байгуулсан 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн ******** тоот Зээл болон барьцааны гэрээ-ээр 2.000.000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 13 сарын хугацаатай зээлж авсан боловч тэрээр гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ажээ.
Улмаар Голомт банк ХХК болон М ХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн ******** дугаартай Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ болон 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн ******** дугаартай Зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх дэд гэрээ-ний дагуу хариуцагч А.А-ын үүрэг нэхэмжлэгч М ХК-д шилжсэн, нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөр 1.696.583 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.А нэхэмжлэгч М ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1.696.583 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тус төлбөрийг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч М ХК-д төлөхөө илэрхийлсэн байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.096 төгрөгөөс 21.048 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Төрийн сангийн ******** тоот данснаас 21.048 төгрөг, хариуцагч А.А-аас 21.048 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ХК-д олгоно.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар М ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1.696.583 төгрөгийг хариуцагч А.А бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тус төлбөрийг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч М ХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.096 төгрөгөөс 21.048 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Төрийн сангийн ******** тоот данснаас 21.048 төгрөг, хариуцагч А.А-аас 21.048 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА