Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/250

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Х

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ц (томилолтоор),

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Н,

Шүүгдэгч: Б.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Батзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х Т овогт Б-гийн Г-д холбогдох эрүүгийн 2535000000229 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .........-нд Увс аймгийн ........ суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Увс аймгийн ........ сумын ............ оршин суух хаягтай, ам бүл ..... хамт амьдардаг, урьд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ЗШ/298 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн Х Т овогт Б-гийн Г- /РД: ............../,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г- тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр согтуугаар Увс аймгийн ........ сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт “Toyota Prius Alpha-XW” загварын ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Б.Г-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Г- нь 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн ........ сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт цагаан өнгийн “Toyota Prius Alpha-XW” загварын .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-6 дахь тал),

- Эрх бүхий албан тушаалтны, Драгер багажаар согтуурал шалгасан “Б.Г-ыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор 6820 загварын драггер багаж ашиглан шалгахад 2.07 хувийн согтолттой байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-9 дэх тал),

- Цагдаагийн ерөнхий газрын “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар 2025 оны 05 дугаар сарын 15-наас 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар эрх хасагдсан” гэх жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 12 дахь тал),

- Увс аймаг дахь сумн дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ЗШ/298 дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 14 дэх тал),

- Увс аймаг дахь сумн дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ГХЗ/171 дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар (хавтаст хэргийн 17 дахь тал),

- Гэрч Ц.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цаг 30 минутаас 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 02 цаг 00 минут хүртэл ........ сумын нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 21 цаг 00 минутад жижүүрийн .... дугаарын утаснаас залгаж иргэн Б.Э- гэх хүнээс гомдол мэдээлэл гаргасан талаар хэлсэн. Би тухайн гомдол гаргасан Б.Э-тэй уулзаж тодруулахад “Тоёота Приус 41” маркийн ... улсын дугаартай автомашины жолооч нь согтуугаар жолоодоод явчихлаа гэж хэлсэн. Би ........ сумын нутаг дэвсгэрт “Тоёота Приус-41” маркийн .... улсын дугаартай автомашиныг эрэн сурвалжилж Гашууны голын адагт байхад нь олж, жолоочийн биеийн байцаалтыг тодруулахад Б-гийн Г- гэх урьд өмнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухайн хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан иргэн байсан. Тухайн иргэнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор согтуурал шалгах багаж үлээлгэж шалгахад 2.07% согтолттой гарсан. “Тоёота Приус-41” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б-гийн Г- гэх иргэн согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

- Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2025 оны 09 дүгээр сарын 02-ны орой өөрийн эзэмшлийн Тоёота Вокси маркийн .... улсын дугаартай автомашинтай ........ сумын 10 дугаар багт явж байхад Тоёота приус-41 маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөлдөх шахуу тулаад зогссон. Би автомашинаасаа бууж тухайн автомашинтай явж байсан эрэгтэй, эмэгтэй хоёртой ярилцахад хоёулаа согтуу, архи үнэртэж байсан. Би согтуу автомашин жолоодож яаж байгаа юм бэ гэхэд тухайн эрэгтэй автомашинаа буюу приус-41 маркийн ....УВА улсын дугаартай автомашиныг жолоодоод явчихсан учир цагдаагийн байгууллагад согтуу жолооч явж байна гэж дуудлага өгсөн. Цагдаагийн алба хаагч нар уг приус 41 маркийн ..... улсын дугаартай автомашиныг цагдаагийн байгууллага дээр авч ирэхэд согтуу машин жолоодож явсан залууг Г- гэдэг болохыг мэдсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

- Шүүгдэгч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2025 оны зуны улиралд Өмнөговь аймгийн ........ суманд тавигдаж байгаа автозамын ажилд ажилласан бөгөөд авах ёстой цалингаасаа тал цалингийн авч, үлдэгдэл цалингаа авч чадаагүй бөгөөд хувийн хэрэглээнд авсан зээл, төлбөр нэхэгдэж, автозамын ажил хариуцуулж хийлгэсэн хүнтэйгээ холбогдож цалингаа авъя гэж хэлэхээр өгдөггүй зэрэг нөхцөл байдлын улмаас миний сэтгэл санаа хямарч 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн “Тоёота приус 41” маркийн ..... улсын дугаартай автомашин дотроо “Сэнгүүр” нэртэй 0.5 литрийн пивоноос 2 ширхгийг уусан. Түүний дараа гэртээ хүргүүлэх зорилгоор өөрийн найз А дуудаж автомашинаа жолоодуулж ........ сумын 10 дугаар баг “....” дэлгүүрийн ойролцоо явж байхад А нь марк, улсын дугаарын мэдэхгүй “.....” маркийн автомашинтай ойролцоо автомашиныг мөргөх шахаад зогссон. Тэгэхээр нь би өөрөө автомашинаа жолоодсон нь дээр юм байна гэж бодоод тухайн газраас өөрөө “Тоёота приус 41” маркийн ...... улсын дугаартай автомашиныг жолоодож хөдлөөд Гашууны голын ойролцоо явж байгаад цагдаагийн алба хаагчтай тааралдаж, цагдаагийн байгууллага дээр ирж согтуурал шалгуулахад 2.07% согтолттой гарсан. ... Надад “В”, “С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх байсан боловч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан. Одоо надад тээврийн хэрэгсэл жолоодох эрх байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-33 дахь тал)-үүдээр шүүгдэгч Б.Г- нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 1 жилээр хасуулсан үедээ 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн ........ сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт “Toyota.Prius Alpha-XW” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна.                                              

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол...” гэж энэ гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ.                                                         

Шүүгдэгч Б.Г- нь 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн ........ сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт цагаан өнгийн “Toyota Prius Alpha-XW” загварын ... улсын дугаартай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо 2.07%-ийн согтолттой байсан болох нь Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-9 дэх тал )-ээр нотлогдон тогтоогдож байгаа тул тус зүйлийн тайлбарт  “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж тайлбарласнаар түүнийг согтуу гэж үзнэ.

Мөн зүйлийн тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно. “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлсон.  

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ЗШ/298 дугаартай шийтгэвэр, шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ГХЗ/171 дугаартай гүйцэтгэх хуудас (хавтаст хэргийн 17-18 дахь тал )-аар шүүгдэгч Б.Г- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 1 (нэг) жилийн хугацаагаар хасуулсан болох нь тогтоогдож байх тул түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэж үзнэ.  

Шүүгдэгч Б.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан үедээ 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн ........ сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт “Toyota.Prius Alpha-XW” маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.  

Иймд шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэрэг нь нийгмийн ёс зүйн үнэт зүйлс, тогтвортой хөгжил, хууль дээдлэх ёсонд хохирол учруулдаг бөгөөд шүүгдэгчийн үйлдлийн улмаас бусдад шууд учирсан хохирол, хор уршиг байхгүй учир бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Г- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

2. Шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Г- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх шалгах хуудсаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 42 дахь тал);

Шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж шүүх  дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Г-ын хувийн байдлын талаар гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмлөх эрхийн лавлагаа (хавтаст 37-41 дэх тал) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдээс аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.

Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүгдэгч нь 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найман) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.

Энэ гэмт хэрэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн давтамжийн шинжээр гэмт хэрэгт шилжиж байгаа тул урьдах зөрчилд нь оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл нь гэмт хэрэгт оногдуулах тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд багтах тул Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ЗШ/298 дугаартай шийтгэврээр оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийн үлдэгдэл нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг эдлэж дууссанаар биелэгдсэнд тооцохыг тэмдэмлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х Т овогт Б-гийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Б.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Г-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                        ДАРГАЛАГЧ,

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ГАНСҮХ