| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 320/2025/0380/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/405 |
| Огноо | 2025-12-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Даваахүү |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/405
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Б.Даваахүү,
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М-ын Б-т холбогдох эрүүгийн 2538002740371 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Х овгийн М-ын Б , 1989 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ....... дугаар багт оршин суух хаягтай, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 331 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн, хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ............................. дугаартай.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.Б нь 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Ч-ын нүүрэн тус газарт нь цохиж улмаар эрүүл мэндэд нь баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал ууц, баруун зүүн тохой, өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538002740371 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар.
Шүүгдэгч М.Б нь 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Ч-ын нүүрэн тус газарт нь цохиж улмаар эрүүл мэндэд нь баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал ууц, баруун зүүн тохой, өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б-ын өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Ч-ын өгсөн: “...2025 оны 06 дугаар сарын 23-ны өглөө хуурай ах А над руу залгахаар нь утсыг авсан чинь ах дээрээ ганц шил архи аваад хүрээд ирээч гэхээр нь за гэж хэлээд 10 цагийн үед Мөрөн сумын 7 дугаар хороонд байдаг гэрт нь очсон. Тэгээд А ахынд очсон чинь А ах Г ахтай хамт байж байсан. Ингээд бид гурав хашааны гадаа гарч суугаад би авчирсан архиа задлах гээд сууж байсан чинь Б гэдэг /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ залуу хүрч ирээд чи энд архи задлахгүй давраад байгаарай гээд шууд миний нүүр лүү нэг удаа өшиглөөд хоёр удаа гараараа цохисон.
...Нэмж хэлэх зүйл байна надаас анх мэдүүлэг авахад сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлт гаргуулах уу гэдгийг би буруу ойлгоод дүгнэлт гаргуулна гээд хэлсэн байна. Миний сэтгэцэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй. Би бие мах бодид шинжээч томилуулах уу гэж асууж байгаа гэж бодоод дүгнэлт гаргуулна гэж хэлсэн. Би ажил ихтэй учраас сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлт гаргуулахгүй...” гэх мэдүүлэг, (хх-ийн 7-8 тал),
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.А-ийн өгсөн: “...Тухайн өдөр гэртээ байж байсан чинь манай хашааны хүмүүс хүмүүс шуугилдаад байхаар нь би гараад очсон манай хорооны ганц таньдаг хүмүүс байсан. Тэгээд бид нар архи уугаад сууж байсан чинь манай таньдаг хүн болох М-ын хүү Б гэдэг байхаа тэр хүүхэд гэнэт босож ирээд Ч гэх хүүхдийг сууж байхад нь шууд цохиод, өшиглөөд авсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-17 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Р.Н-ын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 298 дугаартай “... Д-н Ч-ын биед баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, ууц, баруун зүүн тохой, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо...4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, /хх-ийн 22-23 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ж.Т-ийн өгсөн: “...Иргэн Д.Ч гаргасан Мөрөн сумын 7-р багт Д.Ч бусдад зодуулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д овогтой Ч /РД: ................../ нь 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нэгдсэн эмнэлэгээс яаралтай тусламж 29700 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нэгдсэн эмнэлэгээс түргэн ойрын дуудлага 58212 төгрөг, нийт 87912 төгрөгний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тус тус авсан нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээд М овогтой Б (РД: .........................) гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд (гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар) нөхөн төлүүлж өгнө үү...” гэх нэхэмжлэл, /хх-ийн 40-43 тал/,
Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлсөн баримт /хх- ийн 44 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Шүүгдэгч М.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа болон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 331 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 46-57 тал/ зэргийг шинжлэн судалснаар нотлогдон тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч: “...Шүүгдэгч М.Б нь 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Ч-ын нүүрэн тус газарт нь цохиж улмаар эрүүл мэндэд нь баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал ууц, баруун зүүн тохой, өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүх эмнэлгийн шинжээчийн дугаартай дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтаар хангалттай нотлон тогтоогдож байна...” гэсэн санал дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч М.Б нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Ч , гэрч Д.А , Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 298 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б-ын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч М.Б нь 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Ч-ын нүүрэн тус газарт нь цохиж улмаар эрүүл мэндэд нь баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал ууц, баруун зүүн тохой, өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүгдэгч М.Б-ын хохирогч Д.Ч-ын биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Б хохирогч Д.Ч-ын нүүрэн тус газарт нь цохиж улмаар эрүүл мэндэд нь баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал ууц, баруун зүүн тохой, өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, зодуулсны улмаас хохирогчид хохирлын хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 298 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч М.Б-ын үйлдэл идэвхитэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.
Шүүгдэгч М.Б-ын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч М.Б ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч М.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Ч-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүгдэгч М.Б нь Хаан банкан дахь А.М-ийн .................. дугаартай данснаас хохирогч Д.Ч-ын Хаан банкан дахь .................. дугаартай дансанд 1,500,000 төгрөгийг “М.Б .........................1” гэсэн утгатай шилжүүлсэн баримтын хуулбар /хх-ийн 41 тал/, хохирогч Д.Ч-ын “...Миний бие Д овогт Ч нь Б-аас 2025 оны 12 дугаар сарын 01-нд өөрийн ХААН банкан дахь .................. дансанд 1,500,000 төгрөгийн хохирлын мөнгө хүлээн авсан. Одоо М.Б-аас нэхэмжлэх, хохирол, гомдол байхгүй болно...” гэх хүсэлт тус тус хэрэгт авагдсан байна.
Мөн иргэний нэхэмжлэгч Ж.Т нь хохирогч Д.Ч-ын эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ үйлчилгээ авсан 87,912 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба шүүгдэгч М.Б нь 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хохирлыг Эрүүл мэндийн даатгалын сангийн 090090100900020080 тоот дансанд тушаасан /хх-ийн 43-44 тал/ байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Б-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Шүүгдэгч М.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг дурдаж, шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б нь өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...улсын яллагчийн гаргасан дүгнэлтэд хэлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлыг төлсөн” ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонг дурдах нь зүйтэй.
Мөн хавтаст хэргийн 47-57-р талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг баримтуудаар шүүгдэгч М.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сум ...... дугаар баг ......... тоотод оршин суудаг, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 331 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн, хянан харгалзсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон тэмдэглэж байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндийн байдал/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ зэргээс гадна шүүгдэгч М.Б нь эрхэлсэн ажилгүй, тодорхой орлогогүйг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал болон хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, оршин суугаа газар зэргийг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч М.Б-ыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 1 сарын хугацаагаар хязгаарлах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч М.Б-т тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Хэрэгт шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн М-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ын Б ыг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч М.Б-ыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 1 / нэг/ сарын хугацаагаар хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч М.Б-т тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
5.Энэ хэрэгт шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ