| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 320/2025/0386/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/407 |
| Огноо | 2025-12-01 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/407
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т-ийн Б-т холбогдох эрүүгийн 2538000000528 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б ургийн Т-ийн Б, 1999 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .............. тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ......................... дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь 2025 оны 10 дугаар сарын 17-ны орой Мөрөн сумын Мандал 9 дүгээр багийн нутаг дэвсгэр, Соёолж төвийн гадна зогсоолд байрлуулсан байсан иргэн Ө.М-ын эзэмшлийн ..........УБГ улсын дугаартай мерседэс бенз Ж-500 загварын тээврийн хэрэгслийн 4 дугуйг хутгаар хатгаж хагалан, бусдын өмчлөх эрхэд 2,430,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь 2025 оны 10 дугаар сарын 17-ны орой Мөрөн сумын Мандал 9 дүгээр багийн нутаг дэвсгэр, Соёолж төвийн гадна зогсоолд байрлуулсан байсан иргэн Ө.М-ын эзэмшлийн ..........УБГ улсын дугаартай мерседэс бенз Ж-500 загварын тээврийн хэрэгслийн 4 дугуйг хутгаар хатгаж хагалан, бусдын өмчлөх эрхэд 2,430,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3 тал), тээврийн хэрэгсэлд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5-7 тал), хохирогч Ө.М-ын мэдүүлэг (хх-ийн 10-11 тал), шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 525/914226 дугаартай үнэлгээний тайлан (хх-ийн 15-16 тал)зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Т.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч О.М-ын эд хөрөнгөд 2,430,000 (хоёр сая дөрвөн зуун гучин мянга) төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч О.М нь...2,430,000 төгрөгийг Т.Б-аас авахгүй. ...Гомдол, санал байхгүй...гэсэн мэдүүлгийг хэрэгт өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Т.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн Т-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-ийн Б-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-т оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т.Б-т оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 2538000000528 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ