Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/827

 

 

 

 

2021           9           16                                                          2021/ДШМ/827

 

Х.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Эрдэнэчимэг,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,   

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 475 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Дын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Х.Бт холбогдох 2105000000897 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х.Б нь 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо 40в байрны 99 тоотод хамтран амьдрагч Б.Дын нүүрэн тус газарт нь гараараа болон хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь “хамар ясны баруун хажуу хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, хамар, баруун хацар нүд орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний ухархайн дотор доод хананы эдмойд, гайморовын хөндий рүү цөмөрсөн хугарал, зулайн хуйханд сорви, баруун  нүдний дээд доод зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, баруун хацар хамрын нуруунд зулгаралт, доод уруулын дотор салстад өнгөц шарх, зүүн хацар шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Х.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Бийг 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Х.Бт оногдуулсан 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Д давж заалдах гомдолдоо: “...Миний бие Б.Д нь 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн үед салсан нөхөр болох Х.Бт зодуулж нүүр, нүд, толгой, тархиндаа хүнд бэртэл авч нүдний ухархайн бүтэн наркозтой хагалгаанд орсон. Иймд миний бие 6-8 сарын хугацаанд гам барьж 1-2 жилийн дараагаас нааш ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. Анхан шатны шүүх хохирогчгүй буюу намайг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулсанд маш их гомдолтой байна. Миний бие ганцаараа 4 хүүхдээ тэжээж, хоол ундтай явуулдаг байсан. Гэтэл одоо миний хөдөлмөр эрхлэх чадвар алдагдсан тул Х.Баас 30.000.000 төгрөг буюу /гучин сая/ төгрөгийг нэхэмжилж байна. Өнөөдрийг хүртэл миний гэрийг архи, согтууруулах ундааны оромж болгосон тул 10.000.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ бүхний эцэст энэ хүнийг миний  гэрээс явуулж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Д.Эрдэнэчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт яллагдагчаар татсан. Яллагдагч Х.Б хуульд заасан эрх үүргээ эдэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Х.Б хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, хүсэлтийг прокуророос хянаж үзээд 4 нялх хүүхэдтэй, гэр бүл салсан ч гэсэн одоогоор хамт амьдарч байгаа, мөн эхнэрийнхээ эрүүл мэндэд учруулсан хохирол эм тарианы мөнгийг төлсөн, гэр бүлийнхээ төлөө “Бөмбөгөр” худалдааны төвд ажиллаж байгаа зэргийг харгалзан үзэж хуульд заасны дагуу хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Хохирогчийн зүгээс Ковид-19 өвчний ойрын хавьтал болсон гэдгээр шүүх хуралдаан өмнө нь хойшилж байсан. Шүүх хуралдааны нарийн бичиг хохирогчид 2 удаа шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. Сүүлд утсаар залгахад утас нь холбогдох боломжгүй байсан. Хохирогч Б.Д анхан шатны шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргаагүй байсан учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн. Хэрэг шийдвэрлэх үед Өршөөл үзүүлэх тухай хууль гарч Х.Бийн үйлдсэн үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах үндэслэлтэй гэж үзэж шүүгдэгч Х.Бт холбогдох хэргийг өршөөн хэлтрүүлсэн. Хохирогчийн зүгээс гэр бүлийн хүнтэйгээ эвлэрчихээд шүүх хуралдаанд ирдэггүй нөхцөл байдал байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд мөн ирээгүй байна. Хохирогч нэхэмжилж байгаа зүйлээ иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй. Иймд хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хохирогч Б.Дын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, шүүгдэгч Х.Бт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол  хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.

Анхан шатны шүүх Х.Бт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байна.

Тухайлбал, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэртээ шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгч нарыг оролцуулан нээлттэй явуулахаар шийдвэрлэж зөвхөн эдгээр оролцогчдод хуралдааны товыг мэдэгдэж, шүүх хуралдааныг явуулсан байна.

Хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, түүнийг шүүх хуралдаанд оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно. ...”, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “...шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох. ...”, 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...яллагдагчийн шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ. ...” гэсэн болон, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох” иргэний эрхийг хязгаарласан зөрчил болно.

 Иймээс анхан шатны шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэтгэлцээний үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотлох замаар прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээнд бодит байдлыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэвэл зохино.

Мөн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүгдэгчийг өмгөөлөгчтэй оролцох эсэхийг тодруулалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно. ...” гэсэн заалтыг зөрчиж шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг хязгаарласан байж болох нөхцөл байдал тогтоогдож байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Иймд хохирогч Б.Дын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 475 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцтэл шүүгдэгч Х.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 475 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Бт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Х.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

 

                                  ШҮҮГЧ                                                              М.ПҮРЭВСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ