Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 207

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан,

Улсын яллагч Д.Дашмаа,

Шүүгдэгч Г.Базар, түүний өмгөөлөгч Б.Баясгалан /0893/,

Шүүгдэгч С.Баттөр, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат /0024/,

Шүүгдэгч Н.Ганбат, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг /1953/,

Шүүгдэгч А.Тулгабаатар, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа /0165/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 226 дугаар зүйлийн 226.2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд далхаа овогт Гомбодоржийн Базар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.2, Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 226 дугаар зүйлийн 226.2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх дангийнхан овгийн Сүрэнхоролын Баттөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түмэд овогт Нэргүйн Ганбат, Боржигон бөөвөө овогт Алтангэрэлийн Тулгабаатар нарт холбогдох эрүүгийн 201626021002 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 1978 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст сүлжээний зохицуулагч, төлөвлөгч  эдийн засагч, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 2г байрны 29 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Олхонууд далхаа овогт Гомбодоржийн Базар /РД:ХЗ78060974/

 

2.Монгол улсын иргэн, 1984 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Говь Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэмжийн байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Захлайн 15-13 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Хөх дангийнхан овгийн Сүрэнхоролын Баттөр/РД:ДЕ84080413/

 

3.Монгол улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 2а байрны 23 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,  Түмэд овогт Нэргүйн Ганбат /РД:ХЛ76120270/

 

4.Монгол улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Өсөхмандал трейд ХХК-нд борлуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Баатархайрхан гудамжны 190 тоотод оршин суух, Багануур дүүргийн шүүхийн 2002 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 103 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон бөөвөө овогт Алтангэрэлийн Тулгабаатар /РД:УГ85101615/.

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/

1.Шүүгдэгч Г.Базар нь 2016 оны 3 дугаар сард Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст сүлжээний зохицуулагч, төлөвлөгч эдийн засагч, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа яллагдагч Н.Ганбат, А.Тулгабаатар нарын БНСУ-н виз гаргуулах зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан гэсэн лавлагаа гаргуулах гэсэн ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу Нийгмийн даатгалын ерөнхий газрын ашигладаг “Шимтгэлийн тооцооны программ”-д нийгмийн даатгал төлж байгаагүй яллагдагч Н.Ганбат, А.Тулгабаатар нарын мэдээллийг нийгмийн даатгал төлж байсан мэтээр нөхөн оруулж өгөхөөр урьдчилан амлалгүйгээр С.Баттөр, Н.Мөнхдөл, Э.Болормаа, Т.Ууганбаатар, Л.Оюунчимэг нараар дамжуулан яллагдагч Н.Ганбат, А.Тулгабаатар нараас 900,000 төгрөгийн хээл хахууль авсан,

Мөн 2016 оны 3 дугаар сард шунахайн сэдэлтээр, яллагдагч С.Баттөртэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст төлөвлөгч эдийн засагч, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж Нийгмийн даатгалын ерөнхий газрын ашигладаг “Шимтгэлийн тооцооны программ”-д нийгмийн даатгал төлж байгаагүй яллагдагч Н.Ганбат, А.Тулгабаатар нарын мэдээллийг нийгмийн даатгал төлж байсан мэтээр нөхөн оруулж компьютерийн программын мэдээллийг өөрчилсөн гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн,

 

2.Шүүгдэгч С.Баттөр нь 2016 оны 3 дугаар сард Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэмжийн байцаагчаар ажиллаж байхдаа албан тушаалынхаа байдлыг ашиглан, яллагдагч Г.Базар нь яллагдагч Н.Ганбат, А.Тулгабаатар нарын БНСУ-н виз гаргуулах зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан гэсэн лавлагаа гаргуулах гэсэн ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу Нийгмийн даатгалын ерөнхий газрын ашигладаг “Шимтгэлийн тооцооны программ”-д нийгмийн даатгал төлж байгаагүй яллагдагч Н.Ганбат, А.Тулгабаатар нарын мэдээллийг нийгмийн даатгал төлж байсан мэтээр нөхөн оруулж өгөхөөр урьдчилан амлалгүйгээр яллагдагч Н.Ганбат, А.Тулгабаатар нараас 900,000 төгрөгийн хээл хахууль авах, өгөхөд зуучилсан,

Мөн 2016 оны 3 дугаар сард шунахайн сэдэлтээр, яллагдагч Г.Базартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, яллагдагч Г.Базарын Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст төлөвлөгч эдийн засагч, нэрийн дасны тооцоо хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан Нийгмийн даатгалын ерөнхий газрын ашигладаг “Шимтгэлийн тооцооны программ”-д нийгмийн даатгал төлж байгаагүй яллагдагч Н.Ганбат, А.Тулгабаатар нарын мэдээллийг нийгмийн даатгал төлж байсан мэтээр нөхөн оруулж компьютерийн программын мэдээллийг өөрчилсөн гэмт хэрэгт зааж зөвлөх, мэдээлэл өгөх зэргээр дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон,

 

3.Шүүгдэгч Н.Ганбат нь 2016 оны 3 дугаар сард БНСУ-н виз гаргуулах зорилгоор даатгалын шимтгэл төлж байсан гэсэн лавлагаа гаргуулах гэсэн ашиг сонирхолын үүднээс Нийгмийн даатгалын ерөнхий газрын ашигладаг “Шимтгэлийн тооцооны программ”-д өөрийнхөө нийгмийн даатгал төлж байгаагүй талаарх мэдээллийг нийгмийн даатгал төлж байсан мэтээр нөхөн оруулахын тулд Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн сүлжээний зохицуулагч, төлөвлөгч эдийн засагч, нэрийн дасны тооцоо хариуцсан мэргэжилтэн Г.Базарт Л.Оюунчимэг, Т.Ууганбаатар, Э.Болормаа, Н.Мөнхдөл, С.Баттөр нараар дамжуулан 1,600,000 төгрөгийн хээл хахууль өгсөн,

 

4.Шүүгдэгч А.Тулгабаатар нь 2016 оны 3 дугаар сард БНСУ-н виз гаргуулах зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан гэсэн лавлагаа гаргуулах гэсэн ашиг сонирхолын үүднээс Нийгмийн даатгалын ерөнхий газрын ашигладаг “Шимтгэлийн тооцооны программ”-д өөрийнхөө нийгмийн даатгал төлж байгаагүй талаарх мэдээллийг нийгмийн даатгал төлж байсан мэтээр нөхөн оруулахын тулд Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн сүлжээний зохицуулагч, төлөвлөгч эдийн засагч, нэрийн дасны тооцоо хариуцсан мэргэжилтэн Г.Базарт Л.Оюунчимэг, Т.Ууганбаатар, Э.Болормаа, Н.Мөнхдөл, С.Баттөр нараар дамжуулан 3,000,000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Базар мэдүүлэхдээ: “2016 оны 3 дугаар сард Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст сүлжээний зохицуулагч, төлөвлөгч эдийн засагч, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа Баттөрийн гуйлтаар нийгмийн даатгалын программд 2 хүний нэрээр нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан мэтээр оруулж өгөөд устгасан.

Энэ хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа ба тухайн үед хүнд туслах гэсэн зорилгоор ийм юм хийсэн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Баттөр мэдүүлэхдээ: “2016 оны 3 дугаар сард Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэмжийн байцаагчаар ажиллаж байхдаа найз Мөнхдөлийн гуйлтаар БНСУ-ын элчинд виз мэдүүлэх зорилгоор 2 хүний материалыг хамт ажилладаг Базарт өгч цалинтай ажил хийдэг мэтээр бичилт хийлгүүлсэн. Энэ хэрэгт холбогдсоноос хойш ажилгүй байгаа ба үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин иймэрхүү болон хууль зөрчсөн аливаа үйлдэл гаргахгүй амьдарна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Тулгабаатар мэдүүлэхдээ: 2016 оны 2 сарын сүүлээр ах Тэгшжаргал Солонгос явсан ба яаж явсан талаар асуухад найз байгаа гээд Ууганбаатартай холбож өгсөн ба тэр хүнтэй нь холбогдоход 3.0 сая төгрөг хэрэгтэй гэхээр нь унаж явсан машинаа зараад 2.0 сая төгрөгийг нь өгсөн. тэгтэл удалгүй Ууганбаатар яриад яасан ба үлдэгдэл мөнгөө өгөөч, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэрээ аваад ирээрэй гэхээр нь очиход нийгмийн даатгалын дэвтэр чинь болохгүй юм байна янзлана гэхээр нь болох юм байна гэж бодсон. Тэгээд удалгүй хурууны хээгээрээ нийгмийн даатгалын талаар лавлагаа аваадах гэхээр нь авахад гарсан. Тэр үед нийгмийн даатгал хувиараа төлсөн байна гэж бодсон. Тэгээд Солонгосын виз гараагүй тул Ууганбаатараас визээ гараагүй тул мөнгөө авъя гэж хэлсэн. Би хууль бус юм хийж байгааг мэдээгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ганбат мэдүүлэхдээ: Энэ хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Нийгмийн даатгалын байцаагч нарыг танихгүй зөвхөн Оюун гэж эмэгтэй мөнгө аваад виз гаргаж өгнө гэж хэлсэн. Тухайн үед нийгмийн даатгалд нөхөж мөнгө төлсөн юм байх гэж бодсон” гэв.

 

Гэрчээр А.Тулгабаатар мэдүүлэхдээ: “Манай ах Тэгшжаргал 2016 оны 03 дугаар сарын эхээр яг өдрийг нь санахгүй байна Солонгос улс руу ажил хийхээр 3 сарын хугацаатай явсан. Тэгээд би ажил муутай цалин мөнгө бага байхаар нь би ах Тэгшжаргалтай холбогдож Солонгос руу гаргах хүн байна уу гэж асуухад миний цэргийн онжав найз байгаа тэрэнтэй яриад үз гээд Ууганбаатар /96059783/-ын утасны дугаарыг өгөхөөр нь яриад асуухад 3 сая төгрөг, гэрлэлтийн баталгаа, 4 хувь цээж зураг, цагдаагийн газрын тодорхойлолт, гадаад паспортын хамт авчираад өгвөл чамаас шаардагдах зүйл байхгүй яаралтай мөнгөө эхний ээлжинд аваад ир гэж хэлэхээр нь манай эхнэр бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй эхнэр урьд өмнө нэг хүнтэй сууж байсан гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа талаар хэлэхэд зүгээр эхнэрийнхээ гэрлэлтийн баталгааны лавлагааг аваад ир гэж хэлсэн ба Ууганбаатар намайг нийгмийн даатгал төлдөг үү гэж асуухаар нь би 2013 оноос хойш төлөөгүй байгаа гэж хэлэхэд нийгмийн даатгалынхаа дэвтэрийг аваад ирээрэй чамайг нийгмийн даатгалаар солонгос руу гаргах юм байна гэж хэлсэн. Тэрийг нь сайн ойлгоогүй.

Тухайн үед би Ууганбаатараас 3 сая төгрөг өгөөд виз гарахгүй бол яах вэ гэж асуухад Ууганбаатар виз асуудалгүй гарна чиний өмнө 2-3 хүний виз гараад явсан найдвартай гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн эзэмшлийн 07-98 унт улсын дугаартай Тоёота прус 10 маркийн авто машинаа 2.8 сая төгрөгөөр зараад 2 сая төгрөгийг Ууганбаатарын Хаан банкны дансаар шилжүүлээд цагдаагийн газрын тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа, цээж зургийн хамт Ууганбаатарт өгөхөд өөр материал чамаас шаардахгүй гэж хэлсэн.

Үүний дараа 1-2 хоногийн дараа Ууганбаатар над руу байн байн залгаад үлдэгдэл 1 сая төгрөгөө яаралтай шилжүүл, цаад хүмүүс нь надаас мөнгөө нэхээд байна гэхээр нь би ямар хүмүүс байдаг талаар асуухад би таньдаг хүнээрээ нийгмийн даатгалын таньдаг хүн рүү яриулж байгаа чи мөнгөө хурдан өг гэж хэлсэн. Дараа нь 2-3 хоногийн дараа би эхнэрийнхээ дүүгийнхэн газрыг 10 дугаар хороололын банк бус санхүүгийн байгууллагад барьцаан тавьж 1 сая төгрөг авч тэр өдрөө Ууганбаатарын данс руу 1 сая төгрөг шилжүүлээд утсаар яриад би машинаа зарж мөнгийг нь өгсөн мөн дүүгийнхээ газрыг барьцаанд тавьж мөнгө олж өглөө шүү гэдгээ хэлсэн.

2016.03.19-ний өдөр санагдаж байна Ууганбаатар намайг Баянбүрдийн тойргийн тэнд байрлах Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс дзэр очоод хурууны хээгээр лавлагаа гарахнуу шалгаад үзээдэх гэж 2-3 удаа хэлэхээр нь би очоод 2-3 удаа үзэхэд ороогүй байсан. Тухайн үөд би Ууганбаатарт би өдөр болгон явах цаг зав алга байна гэж хэлэхэд цаад хүнээс нь асуугаад болчихлоо гэхээр нь хэлье гэж ярьсан.

Ингээд 2016.03.21-ний өдөр Ууганбаатар над руу очоод үзээдэх гэхээр нь Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгал дээр очоод үзтэл Байкал интернэншел ХХК-иас 2014 оны 01 дүгээр сараас 2016 оны 02 дугаар сар хүртэл нийгмийн даатгал төлсөн талаар шивэгдсэн байна гэж хэлэхэд Ууганбаатар одоо битгий аваарай маргааш Солонгосын элчид визний материал өгөхдөө аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгээд маргааш буюу 2016.03.22-ний өдөр би Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн лавлагааны машинаас лавлагааг авч Ууганбаатарт аваачиж өгөөд материалын хамт Солонгосын элчинд өгсөн. Тэгтэл 2016.04.01-ний өдөр Солонгос улсын элчингээс виз хүссэн өргөдөл тодорхойгүй мөн явах зорилго тодорхойгүй гэсэн хариу ирэхээр нь Ууганбаатар руу ийм хариу ирсэн талаар хэлэхэд би Солонгос элчинд ажилладаг таньдаг хүнээрээ асуугаад хариу хэлье гэхээр нь энэ ер нь худлаа болж байгаа юм шиг байна өгсөн мөнгөө авья гэхэд одоо мөнгө өгөхгүй гэж Ууганбаатар хэлсэн.

Ууганбаатар нийгмийн даатгалаар л гэж хэлсэн. Тэрнээс бол нарийн ширийн асуудал ярьж байгаагүй. Харин визний материал өгөхийн өмнө нийгмийн даатгал төлсөн гэсэн лавлагаа шивэгдсэн байхаар нь үүнийг л нийгмийн даатгалаар солонгос руу явах гэж яриад байсан юм байна гэж ойлгосон.

Ууганбаатарт 3 сая төгрөгийг дансаар шижүүлсэн баримт байгаа. Тэрнээс бол бэлнээр өгч байгаагүй.

Би Ууганбаатарын эхнэр Оюунчимэг, Болормаа гэдэг хүмүүсийг танихгүй одоо хараад ч танихгүй. Би Ууганбаатартай утсаар ярьж уулзаж байсан. Тэрнээс бол түүний эхнэр болон Болормаа гэх хүмүүстэй уулзаагүй. Ууганбаатар эхнэр гэж яриагүй таньдаг дамжуулж ярьж байгаа гэж л ярьж байсан. Би бэлнээр мөнгө өгөөгүй. Би лавлагаа авсныхаа дараа Ууганбаатараас Байкал интернэншел ХХК ямар учиртай юм бэ гэж асуухад манай эгчийн компани байгаа юм аа эгчийнхээ компани дээр нийгмийн даатгал төлсөн мэтээр шивүүлсэн гэж хэлсэн. Манай ах Тэгшжаргал Автобаазад жолооч ажилтай өөрийнхөө нийгмийн даатгалаар Солонгос руу явсан. Материалыг нь Ууганбаатар бүрдүүлж өгсөн гээд намайг Ууганбаатартай холбогд гэж утасны дугаарыг нь өгсөн...” гэжээ. /1 хав 47-48/

 

Гэрч Л.Оюунчимэг мэдүүлэхдээ: “…2015 оны 12 дугаар сарын сүүлээр …хамт ажилладаг орчуулагч Болормаа надад ярихдаа Солонгос улс руу явах гэж байгаа хүмүүс 5 сая төгрөг байршуулж чадахгүй бол нийгмийн даатгал төлөөгүй хүнийг төлсөн болгож хурууны хээгээр лавлагаа хийж өгөх хүн байгаа тэгж хийлгэх таньж мэдэх хүн байна уу? Нэг хүний 1.600.000 төгрөгөөр гаргаж өгнө гэж ярьж байсан. Тэр үед нь би таньдаг хүн байвал хэлж яриад мэдэж байя гэж хэлээд өнгөрсөн.

Би 2016 оны 02 дугаар сарын сүүлээр найз залуу Т.Ууганбаатарт надтай хамт ажилладаг орчуулагч Болормаа Солонгос руу явах гэж байгаа нийгмийн даатгал төлөөгүй хүмүүсийг төлсөн мэтээр лавлагаа гаргуулж өгч чадна гэнэ лавлагаа гаргуулах хүн байна уу мэдэж байгаарай гэж ярьж байсан талаар хэлсэн.

Тэгтэл манай найз залуу Т.Ууганбаатартай 2016 оны 3 дугаар сарын эхээр санагдаж байна 10-н ангийнхан найз Насанбат уулзаад ахыгаа Солонгос руу явуулах гэсэн юмаа мөнгө байршуулж чадахгүй байна, явах ямар арга байна, танай найз охин чинь орчуулагын товчоонд ажилладаг янз бүрийн таньдаг хүмүүс байна уу гэж асуухад манай найз залуу надаас асууж өгье гэж ярьсан талаараа надад хэлсэн. Тухайн үед манай найз залуу бид хоёр хоорондоо ярилцаж байгаад 10 жилийнхэн найз Насанбатын ах Ганбат нь Солонгос руу явуулах талаар надтай ярилцаж байгаад дараа Болормаад хэлж уулзуулаад бэлнээр 1.600.000 төгрөг Болормаад өгөхөд 7 хоногийн дараа лавлагаа чинь гарна гарахаар нь хурууны хээгээ уншуулаад аваарай гэж хэлсэн.

…Тэгшжаргал Солонгост байхдаа манай найз залуутай фэйсбүүкээр холбогдож, утсаар ярьж байгаад төрсөн дүү Тулгабаатарыг ямар нэгэн аргаар Солонгос руу татаж авмаар байна, танай эхнэрт чинь таньж мэддэг хүн байна уу гэж ярьсан талаар 2016 оны 3 дугаар сарын дундуур найз залуу Ууганбаатар, Тэгшжаргал, дүү Тулгабаатарыг авмаар байна гээд дахин дахин холбогдоод байна танай ажлын Болормаа нийгмийн лавлагаа гаргаж өгч байгаа болов уу гэж асуухаар нь би Болормаагаас асуухад хийнэ гэж хэлэхээр нь энэ талаар би найз залуудаа хэлэхэд найз Тэгшжаргалд нэг хүний лавлагаа гаргуулж орчуулага, буудлын захиалгын урьдчилгаа төлбөр нийлээд 2,000,000 төгрөг болно гэдгийг хэлсэн.

Тэгтэл Тэгшжаргалын дүү Тулгабаатар нь 2016 оны 3 дугаар сарын сүүлээр яг хэдний өдөр байсныг мэдэхгүй байна, манай найз залууд 2 сая төгрөг өгсөн гээд мөнгийг нь аваад манай ажил дээр ирэхээр нь 1.600.000 төгрөгийг Болормаад өгсөн. Тэгтэл Тулгабаатар лавлагаа гарахгүй байна гээд 20 гаран хоног манай найз залуу байнга утсаар ярьж байсан. Тулгабаатарын өгсөн 2 сая төгрөгнөөс үлдсэн 400.000 төгрөгийг орчуулга, буудлын захиалгад нь зарцуулсан.

Тэгтэл Тулгабаатарын Нийгмийн даатгалын лавлагаа гарахгүй хойшлогдсон болохоор Тулгабаатараас дахиж 1 сая төгрөг авч буудлын захиалга, орчуулагыг нь би хийж өгсөн.

Би Ганбатын орчуулга, буудлын захиалгыг нь хийж өгч 60.000 төгрөг авсан. Ганбат өмнө нь Солонгос улсад гэрээгээр ажиллаж байсан найз нөхдүүд нь байдаг гээд Солонгосоос очих газрынхаа хаягийг өөрөө зохицуулна гэсэн болохоор ийм бага мөнгө авсан. Харин Тулгабаатар хувьд Солонгост очих тодорхой оршин суух хаяггүй гээд буудалтай нь гэрээ хийхэд урьдчилгаа 10 хувийг нь шйлжүүлдэг болохоор 1 сая төгрөг авсан. Ганбатын виз нь гараад Солонгос руу явсан гэсэн яг хэзээ гараад явсныг нь мэдэхгүй. Тулгабаатар визэнд ороод гараагүй. Би Ганбатын овог, регистрийн дугаарыг нь санахгүй байна.

Би Болормаагаас ямар хүн байдаг юм бэ гэж асуухад манай найз нийгмийн даатгалд ажилладаг найз найдвартай гэж хэлж байсан.

Оны сүүлээр Болормаа өөрөө надад хэлэхдээ Нийгмийн даатгалын лавлагаа авч Солонгос руу гарах хүн байна уу? Нэг хүний 1.600.000 төгрөг гэж болно нийгмийн даатгалд таньдаг найз нь ажилладаг гэж ярьж байсан. Тэрнээс бол би Болормаагаас эхэлж асуугаагүй. Болормаа бид хоёр лавлагаа гаргаж дундаас мөнгө авах талаар ярьж тохирсон асуудал байхгүй. Би нөхрийн найз болон дүүд нь туслая гэж бодсон. Болормаа тухайн үед би дундаас мөнгө бараг авахгүй байгаа гэж ярьж байсан 1,600,000 төгрөгнөөс цаашаа таньдаг найздаа хэдэн төгрөг өгдөгийг нь мэдэхгүй байна.

Тулгабаатар, Ганбат хоёр нийтдээ 3.200.000 төгрөгийг би авч Болормаад өгсөн...” гэжээ. /1 хав 49-50, 3 хав 181-182/

 

Гэрч Т.Ууганбаатар мэдүүлэхдээ: “…2016 оны 02 дугаар сарын сүүлээр яг өдрийг нь санахгүй байна. Тэгшжаргал надтай холбогдоод манай дүү Солонгос руу явуулмаар байна, ямар нэгэн арга байна уу гэж асуухаар нь би Тэгшжаргалаас дүүгийнхэн талаар нийгмийн даатгал төлдөг үү, хувиараа бизнес эрхэлдэг үү гэж асуухад ямар нэгэн нийгмийн даатгал төлдөггүй хувиараа бизнес эрхэлдэггүй элчингээс тавьдаг болзол шалгуурыг хангахааргүй байсан.

Тухайн үед хамтран амьдрагч Т.Оюунчимэг надад ярихдаа нийгмийн даатгал төлж байгаагүй хүнийг нийгмийн даатгал төлсөн мэтээр лавлагаа гаргуулах ажил байгаа талаар орчуулагч Болормаа, Оюунчимэгт хэлснийг надад ярьсан, нийгмийн даатгалын лавлагааг хурууны хээгээр ТҮЦ машинаас авна, нэг хүнийг 1.600.000 төгрөгөөр ажлын 7 хоногт гаргаж байгаа найдвартай хүн байгаа талаар ярьсан байсан. Мөн нийгмийн даатгалын лавлагааг гаргуулж авсан хүн нь визэнд ороод визний хариу гарсны дараа даруйхан хэлж устгана гэж байсан. Миний ойлгосноор нийгмийн даатгалд ажилладаг хүн нь шивж, устгадаг юм байна гэж ойлгосон.

Тэгэхээр нь би Оюунчимэгээр дамжуулж Болормаагаас өмнө нь Солонгост хараар ажиллаж байсан хүнийг нийгмийн даатгал төлсөн мэтээр шивж лавлагаа авч болох уу? гэж асуухад Болормаа нийгмийн даатгал огт төлж байгаагүй хүн, Солонгос улстай ямар нэгэн зөрчилгүй хүний талаар лавлагаа гаргаж өгнө гэж хэлсэн. Би тухайн үед нь болдог гэвэл Солонгос явья гэж бодоод асуулгасан. Би 2006 онд Солонгос руу яваад хууль бусаар оршин сууж байгаад 2009 онд ирсэн.

Оюунчимэг, Болормаа нарыг ярьсан зүйлийг Тэгшжаргалд хэлэхэд дүүдээ хэлчээд эргээд яръя гэсэн. Тэгээд маргааш нь дахин холбогдоод дүүдээ чиний дугаарыг өгсөн чамтай ярьж уулзах байх түргэн, шуурхай найдвартай гаргаад өгөөрэй гэж хэлсэн. Тэр өдөр нь Тэгшжаргалын дүү Тулгаабаатар гэх залуу над руу ярихаар нь дээрхи яригдсан асуудлыг бүгдийг нь яриад 3 сая төгрөг өгвөл элчинд өгөх визний материал болон нийгмийн даатгалын лавлагааг гаргуулж өгнө гэж хэлсэн. Тэрнээс бол виз гаргаж өгөх талаар огт яриагүй.

Анх Болормаа, Оюунчимэгтэй утсаар ярьж байхыг нь сонсоход Элчинд ямар нэгэн хүний материалыг өгөхөд элчинд интернэтээр нөгөө хүнийг нийгмийн даатгал төлдөг эсэхийг шалгана тэгэхэд тэр хүн нийгмийн даатгал төлсөн талаар мэдээлэл нь санд шивээстэй байна гэж ярьж байсан.

Тулгабаатар бид хоёр хэд хоног утсаар ярьж байгаад төв шуудангийн ойролцоо уулзаад дээрх хэлсэн ярьсан бүгдийг нь хэлээд хэрвээ виз гараагүй тохиолдолд мөнгө буцааж олдохгүй гэдгийг Тулгабаатарт хэлсэн.Тулгабаатарт виз гарах 100 хувь магадлалтай материал бүрдүүлж өгнө гэж хэлсэн. Энэ яриаг буруу ойлгож виз гаргаж өгнө гэсэн мэтээр яриад байна.

2016.03.02-ний өдөр Тулгаабаатар миний дансанд 2 сая төгрөг шилжүүлсэн дараа нь 1 сая төгрөг бас данс руу шилжүүлсэн. Уг мөнгөнөөс 2 сая төгрөгийг би данснаасаа авч Оюунчимэгт өгсөн. Оюунчимэг Болороод 1.600.000 төгрөгийг өгсөн гэж ярьж байсан. Үлдсэн 400.000 төгрөг нь Оюунчимэг, Тулгабаатарын визний материалын орчуулга, буудлын захиалга зэрэгт хэрэглэхээр авсан.

Тэгээд Тулгабаатараас сүүлд орж ирсэн 1 сая төгрөгийг нь Оюунчимэг бид хоёр хувааж авахаар ярьж тохирсон байсан. Уг мөнгөнөөс 800.000 төгрөгийг байрны эзэнд Баттүвшинд гэрээ хийж өгсөн 400.000 төгрөгийг байрны мөнгө, 400.000 төгрөг барьцааны мөнгө гэж өгсөн. Үлдсэн 200.000 төгрөгийг Оюунчимэг бид хоёр хэрэглэсэн.

2016 оны 3 дугаар сарын эхээр …манай найз Насанбат над руу яриад ахыгаа Солонгос руу явуулмаар байна гэж хэлэхээр нь Оюунчимэгийн ярьсан нийгмийн даатгалын лавлагаа авч болох талаар хэлэхэд найдвартай хүн мөн юм уу? чиний 11 сард мөнгө өгөөд алддаг шиг юм болох юм биш биз дээ гэхээр нь Оюунчимэгтэй өмнө нь хамт ажиллаж байсан найдвартай хүн гэсэн нийгмийн даатгалд таньдаг хүн гэсэн найдвартай гаргах байх гэж хэлсэн. Чи өөрөө Оюунчимэгтэй ярь гэж хэлэхэд Насанбат, Оюунчимэгийг таньдаг болохоор өөрөө яриад ах Ганбат гэдэг хүнийг явуулж уулзуулсан гэсэн. Би Ганбатыг хэнд, хэзээ, хэдэн төгрөг өгснийг хараагүй энэ ажилд нь оролцоогүй.           

Би 2015 оны 11 дүгээр сард Солонгос руу найдвартай гаргаж өгнө гэсэн хүнд мөнгөө өгөөд хулхидуулж байсныг Насанбат ярьж байсан.

Тэгтэл 2016 оны 3 дугаар сарын 07-ний өдөр …Ганбаттай холбогдож яриад намайг Оюунчимэг яриулж байна нийгмийн даатгалын лавлагаа санд шивэгдэж орсон байна уу, ТҮЦ машин дээр очоод хурууны хээгээр лавлагаа аваад шалгаж үзээдэх гэж хэлэхэд удалгүй залгаад 2 билүү, 3 сар орчихсон дутуу байна гэхээр нь анх уулзаж мөнгө өгсөн эмэгтэй рүүгээ ярьж хэл гэж хэлсэн.

…Тэгээд хэд хоногийн дараа Ганбатын материал нь гүйцэт шивэгдсэн гээд лавалгаа авч материалаа элчинд өгөөд визний хариу гарч явахаар болсон гээд буудлын захиалга хийлгэж байхад нь би Ганбаттай уулзаад Насанбатын найз нь байна гэхэд сайн танихгүй байсан ба маргааш Солонгос руу нислээ гэж ярьж байсан.

Тулгаабаатарын нийгмийн даатгал төлсөн талаар лавлагаа нь санд шивэгдэхгүй хэсэг хугацааны дараа шивэгдэж лавлагаа авч дахин буудлын захиалга, орчуулгыг дахин хийсэн энэ бүгдэд гарсан мөнгийг Оюунчимэг өөрөө гаргаж материалыг нь бүрдүүлж өгөхөөр нь би Тулгабаатартай хамт Солонгосын элчинд аваачиж өгөхөд 3-4 удаа буцсан. Тэгэхэд Тулгабаатар мөнгө авъя гэхээр нь би Оюунчимэгт хэлэхэд Оюунчимэг цаашаа Болороотой ярихад одоо мөнгө төгрөг өгөхгүй, өгсөн мөнгийг нь цааш нь дамжуулаад өгсөн гэхээр нь би Тулгабаатарт боломжгүй гэдгийг нь хэлсэн.

Тулгабаатарын материалыг нь бүрдүүлж элчинд өгөөд 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр аялах зорилго тодорхойгүй гэдэг шалтгаанаар виз татгалзсан хариу гарсан. Тэгтэл Тулгабаатар над руу яриад виз гарсангүй та нар ядаж 500.000 төгрөгийг нь аваад 2.500.000 төгрөгийг буцааж өгөөч гэхээр нь би энэ мөнгийг би ганцаараа аваагүй цаашаа хүмүүс хуваагаад авсан анхнаасаа виз гаргаж өгнө гэж аваагүй 100 хувь виз гарах магадлалтай материал бүрдүүлж өгнө гэж хэлж байснаа хэлсэн.

Ганбат, Тулгабаатар хоёр нэг нь …Байкал ХХК, нөгөөх нь Баянхангай мөрөн ХХК-ийн нэр дээр нийгмийн даатгал төлсөн талаар шивсэн байсан. Дээрхи хоёр компанийн талаар сайн мэдэхгүй.

Би дээрхи үйлдлийг хууль бус гэдгийг мэдэж байсан. Тухайн үед найздаа туслая гэж бодсон ба миний хувьд байрны түрээсийн мөнгө өгөх шаардлагатай байсан учраас Тулгабаатарын мөнгөн дээр 1.4 сая төгрөг нэмж хэлж авсан. Ганбатаас мөнгө нэмж хэлж аваагүй...” гэжээ. /1 хав 51-52, 2 хав 72/

 

Сэжигтэнээр Н.Мөнхдөл мэдүүлэхдээ: “…Би Г.Базарыг огт танихгүй. С.Баттөртэй Говь-Алтай аймгийн Алтай сумын дүгээр 10 жилийн сургуульд 1 ангид сурч байсан найзууд юм. Би одоо Барилгачдын талбай Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Альфа бизнес мэдээллийн төвийн барилга дотор зурагчин, эх бэлтгэгч ажилтай юм. 2016 оны 3 дугаар сарын эхээр буюу 10-наас өмнө манай ажлын Болормаа надад “Нийгмийн даатгалд таньдаг хүн байна уу, Солонгос элчинд материал өгөхөд нийгмийн даатгалын мэдээллийг янзлах хүн хэрэгтэй байна” гэхээр нь би асууж өгье гээд Баттөрөөс Болормаагийн асуусныг асуусан чинь “Болох байх аа, материалыг нь өгчих” гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгэхээр нь 2-3 хоногийн дараа би Болормаагаас 2 хүний овог нэртэй, компаний нэртэй, цалин зэргийг бичсэн ноорог маягийн цаас аваад Баттөрд аваачиж өгсөн. Яг хэн гэдэг хүний нэр, ямар компани, хэзээнээс хэзээ хүртэл авсан цалинг жагсааж бичсэн байсныг одоо санахгүй байна. Сүүлд сонсоход нэг хүн нь Тулгабаатар гэдэг хүн байсан. Энэ ноорог цаасыг Болормаагаас авахдаа 2.200.000 төгрөгийг хамт авсан. Тэгээд Баттөрд хүмүүсийн нэр мэдээллийг бичсэн ноорог цаасыг өгөхдөө өөрөө 400,000 төгрөгийг авч үлдээд Баттөрд 1.800.000 төгрөгийг нь өгсөн.

Энэ 2 хүнээс өөр хүний мэдээллийг өгөөгүй. Болормаа надаас гуйсан болохоор нь би түүнд тус болсон юм. Болормаа нь Тулгабаатар нараас юу гэж хэлж мөнгө авсаныг мэдэхгүй...” гэжээ. /1 хав 75-77, 3 хав 172-174/

 

Сэжигтэнээр Э.Болормаа мэдүүлэхдээ: “..2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр манай нөхөр Солонгос улс руу явахаас өмнө болсон асуудал юм. Яг он сарыг нь сайн санахгүй байна. Манай хажуу талын “Сийлбэр” төвд бас Солонгос хэлний орчуулагч ажилтай Оюунаатай уулзсан юм. Би түүгээр өөр ажилтай явж байгаад л замаараа Оюунаатай уулзчихъя гэж бодоод л орсон юм. Ер нь бид нар бие биендээ орчуулгын ажил өгч авч байдаг болохоор бие биенээ таньдаг юм. Тэгээд Оюунаатай уулзсан чинь “2 таньдаг, бараг хамаатан шахуу хүмүүсийг Солонгос явуулах гэсэн юм. Нийгмийн даатгалд таньдаг хүн байна уу, дээрээс хойш гуйгаад байгаа юм гэхээр нь би нэг их юм бодолгүй “надад байхгүй шүү дээ” гэтэл “заза чи ямар ч байсан хүнээс асууж байгаарай” гэж хэлсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа би Дэлгэрмаатай уулзаад “өмнө нь бид 2-н хоёр өөр найз Солонгос руу явчихсан, ажил нь хүнд, хэцүү байна гэнээ” гэж ярилцаж байснаа би Дэлгэрмаагаас “Хүмүүс Нийгмийн даатгалаа янзлуулаад Солонгос руу явж болдог юм шиг байна, тэгэж явуулдаг хүн байна уу гээд хүмүүс надаас асуугаад байх юм” гэтэл хажууд сууж байсан Мөнхдөл инээгээд байхаар “яасан чамд таньдаг хүн байгаа юм уу” гэтэл “яахав асуугаад өгье л дөө” гэж Мөнхдөл хэлсэн. Маргааш нь билүү 2-3 хоногийн дараа Мөнхдөл над дээр ирээд “би нөгөөхийг чинь асуусан болох юм шиг байна” гэхээр нь “үнэ ханш нь хэдээр хийдэг юм бэ” гэтэл “1 хүнийг 1 сая төгрөгөөр хийдэг гэж байна” гэсэн. Тэгэхээр нь би Оюунаа руу залгаад “чиний асуугаад байсан зүйл чинь болно гэж байх шиг байна” гэж хэлтэл Оюунаа “Тэгвэл чи нөгөө хүндээ хэлээд энэ 2 хүний нийгмийн даатгалыг нь янзлуулаад өгчихөөч, үнэ ханш нь хэд байдаг гэж байна” гэхээр нь “Би үнэ ханшыг нь мэдэхгүй байна, ер нь хэд байдаг юм бол” гэтэл “1 хүнийг 1.500.000-1.600.000 төгрөг орчимоор хийдэг юм шиг байна лээ” гэсэн.

…02 сарын сүүлээр …Оюунаа дахиж залгаад “үнэ нь хэд гэж байна” гэхээр нь Мөнхдөл рүү эргэж залгаад “хэдэн төгрөгөөр янзлах юм бэ” гэтэл “үнэ нь нэмэгдээд 1.2 сая төгрөг болсон гэж байна шүү” гэж надад хэлэхээр нь Оюунаа руу залгаж “чи надад өмнө нь хэлж байсан 1 хүний 1.6 сая төгрөгөө л өгчихгүй юу даа” гэж хэлсэн. Тэгээд би өглөө ажил дээрээ байж байтал Оюунаа хүрч ирээд 1.600.000 төгрөг, Ганбат гэдэг хүний нэр, регистрийн дугаар, компаний нэр, албан тушаал, 1.2-1.6 сая төгрөгийн цалин авч байсан гээд өсгөөд биччихээрэй гэж бичсэн цаасын хамт өгсөн. Одоо ямар компани ямар регистрийн дугаар гэх мэтийн нарийн зүйлсийг санахгүй байна. Би Оюунаагаас авчихаад шууд л хажуугийн өрөө рүү ороод Мөнхдөлд 1.000.000 төгрөгийг өгчихсөн. Өгч байхад Мөнхдөл “чи яах вэ надаас өмнө нь асууж байсан юм чинь нэг хүнийг нь 1 сая төгрөгөөр, нөгөө хүнийг нь 1.2 сая төгрөгөөр хийж өгье” гэж хэлсэн ба би 1.000.000 төгрөгийг нөгөө цаасын хамт тэр чигээр нь өгсөн. Тэгтэл үдээс хойш нь дахиад Оюунаа ирээд 1.550.000 төгрөгийн хамт Тулгабаатар гэдэг хүний нэртэй, регистрийн дугаар, өөр компаний нэртэй, авч байсан цалин нь өмнөх шигээ, нэг тиймэрхүү зүйлс бичсэн цаасын хамт авчирч өгсөн. Албан тушаал нь нягтлан бодогч гэсэн байсан санагдаж байна. Бусад зүйлсийг нь санахгүй байна. Тэгэхээр нь би 1.200.000 төгрөгийг нь цаасын хамт Мөнхдөлд өгсөн.

…Тэгээд Мөнхдөл хэлэхдээ дараа долоо хоногийн нэг дэх өдөр нөгөө хүнээ лавлагааны машинаас хурууныхаа хээгээр лавлагаагаа аваарай гэж хэлээрэй гэж хэлсэн. Дараа долоо хоногийн нэг дэх өдөр нь болоход Оюунаа надаас нөгөө хүн чинь болсон гэнэ үү гэхээр нь би Мөнхдөлөөс асуусан чинь “би ярьчихлаа Ганбатынх нь болчихсон гэж байна, очоод ав гэж хэлээрэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь Оюунаад хэлтэл ахиад 1 цаг орчимын дараа авчихсан гэнэ, болчихсон гэнэ гэж хэлсэн. Тулгабаатарынх нь тэр долоо хоногийн 5 дахь билүү дараа долоо хоногт нь болсон санагдаж байна. Оюунаа дундуур нь над руу залгаад Тулгабаатарынх нь эхнэр нь залгаад уурлаад хэрүүл хийгээд байна гэнээ гээд байсан. Тэгэж байгаад л аль долоо хоногийн билээ 5 дахь өдөр нь Тулгабаатар нь гаргуулж авсан гэж байсан.

…Нийгмийн даатгал төлж байгаагүй хүмүүсийн мэдээллийг ТҮЦ машинд нь оруулж өгдөг гэж байх шиг байсан. Гэхдээ бүр цаашаа оруулж өгөхгүй шүү дээ гэж Мөнхдөл надад хэлж байсан...” гэжээ. /1 хав 89-92, 3 хав 169/

 

Гэрчээр Н.Ганбат мэдүүлэхдээ: “...Оюунаа гэх эмэгтэйтэй уулзахад материалаа гэхээр нь би өөрийн иргэний үнэмлэхээ өгсөн чинь 2-3 хоногийн дараа ирж уулз гэж хэлсэн. Тэгээд би хэд хоногийн дараа Оюунааг ярихгүй болохоор нь өөрөө очиж уулзахад Нийгмийн даатгалийн шимтгэлийн лавлагаа аван 1,600,000 төгрөг өг гэж хэлэхээр нь хоёр удаа тасалж бэлнээр Оюунаа гэх эмэгтэйд аваачиж өгсөн. Тэгтэл 3 хоногийн дараа миний Солонгосын визний материалыг бүрдүүлчихлээ гэхээр нь очоод бүрдүүлсэн материалыг нь харахад Солонгос бичигтэй цааснууд хавтсанд хийчихсэн өгөхөөр нь би үзэлгүй. Солонгосын элчин сайдын яаманд материалаа аваачиж өгсөн. Тэгэхэд 22 хоногийн дараа Солонгосын элчингээс 3 сарын хугацаатай гарахаар виз гарсан..” гэжээ. /2 хав 39/

 

Гэрч М.Бурмаа мэдүүлэхдээ: “...ТЭБА ХХК-нийг 2002 онд байгуулсан бөгөөд нарийн боовын чех, нарийн боовны үйлдвэрлэлийн чиглэлээр үүсгэн байгуулсан. Компанийн нарийн боовны чиглэлээр 5 жил үйл ажиллагаа явуулаад 2007 оноос хойш үйл ажиллагаагаа явуулахаа больсон. ...2007 оноос 2011 он хүртэл Х тайлан өгч байгаад сүүлдээ  тайлангаа өгөхөө больсон. Манай компанид Нэргүй овогтой Ганбат хүн ажиллаж байгаагүй...” гэжээ. /2 хав 78-79/

 

Гэрч Н.Насанбат мэдүүлэхдээ: “...Т.Ууганбаатар Оюунаа гэдэг хүтэй холбогдоорой гээд түүний утасны дугаарыг нь өгсөн. Дараа нь Т.Ууганбаатарын өгсөн Оюунаагийн дугаарыг Н.Ганбатад өгсөн Н.Ганбат ах өөрөө Оюунаатай очиж уулзсан. Н.Ганбат ах 1,600,000 төгрөгийг хоёр хувааж өгсөн гэсэн... Т.Ууганбаатарын хамт Оюунаагийн ажил дээр очиж уулзаж байсан. Оюунаа орчуулагчийн төв дээр орчуулагч хийдэг байсан. Оюунаа, Т.Ууганбаатар хоёр нэг хэсэг хамтран амьдардаг байсан...” гэжээ. /2 хав 82-83/

 

Гэрч Н.Нарантуяа мэдүүлэхдээ: “...Баянхангай мөрөн ХХК-ийг байгуулсан цагаас хойш үйл ажиллагаа явуулаагүй. ...Одоо компанийн тамга тэмдэг надад байгаа. ...манай компанид ажилтан байхгүй. ...Н.Ганбат, А.Тулгабаатар, Я.Баттуул, С.Анхбаатар гэсэн хүмүүсийг танихгүй. Манай компанид ийм нэртэй ажилтан байхгүй, манайх байгууллагдсан цагаасаа хойш Х тайлан өгч байгаа...” гэжээ. /2 хав 84-85/

 

Гэрч С.Отгонцэцэг мэдүүлэхдээ: “…Хүмүүсийн мэдээллийг буюу аж ахуйн нэгжийн мэдээллийг яагаад өөрчилдөг бэ гэхээр мэдээлэл буруу татагдах, буруу шивэх, буруу хаах болон тухайн байгууллагын нягтлан буруу мэдээлэл өгөх, Санд орсон мөнгө буруу шивэгдэх цалин засвар хийх зэрэг тохиолдолд засвар хийдэг. Өөрөө хэлбэл тухайн аж ахуйн нэгжийн албан хүсэлтээр улсын байцаагчийн шалгалтаар мөн уг үйлдэлийг буруу шивсэн байцаагчийн НД7-8 тайлангаар харж засварлана. Ер нь бол байцаагч нар буруу хийсэн тохиолдолд сүлжээний зохицуулагчид ханддаг. Сүлжээний зохицуулагч засвар хийхдээ заавал баримтыг харж байж засвар хийдэг. Сүлжээний байцаагч ямар нэгэн баримтгүй тохиолдолд засвар хийх ёсгүй. Улсын байцаагч нар ямар нэгэн программ руу орж ямар нэгэн мэдээлэл устгах эрх байхгүй. Энэ эрх зөвхөн сүлжээний зохицуулагч, ахлах нягтлан бодогч, орлого шимтгэлийн дарга нарт байдаг. 2006 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байхад буюу сүүлийн жилүүдэд Г.Базар, Г.Билгүүн нар сүлжээний зохицуулагчийг хийж байсан. Г.Базар сүлжээний зохицуулагч хийж байгаад Г.Билгүүн ажилд ороход Г.Базар ажлаа өгсөн. Харин Г.Билгүүн ажлаасаа гарахад Г.Базар буцаагаад сүлжээний зохицуулагчийг хариуцан ажиллах болсон...” гэжээ. /3 хав 164-165/

 

Гэрч Г.Билгүүн мэдүүлэхдээ: “...2014 оны 12 дугаар сард Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст сүлжээний зохицуулагчаар ажилд ороод 2016 оны 01 дүгээр сарын 20-ны үед ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Би ажиллах үед  06 гэсэн кодтой байсан. Миний ажил үүргийн хувиарт байгууллагын бүх тоног төхөөрөмж болон нэг давхарт байсан ТҮЦ машины хэвийн үйл ажиллагааг хангах зэргийг хариуцан ажиллаж байсан. Аж ахуйн нэгжийн хүний нөөцийн ажилтаны буруутай үйлдэл нь эсвэл тухайн байгууллагыг хариуцсан байцаагчийн буруутай үйлдлээс болж нийгмийн даатгалын мэдээллийн санд алдаатай буруу мэдээлэл орох тохиолдолд бааз дахь мэдээллийг өөрчилж, устгадаг тохиолдол байдаг.

 Буруу мэдээллийг хэрэв боломжтой бол байцаагч хуулийн хүрээнд өөрөө программ дээр засварлаж эсвэл засуулахын тулд хувь хүн болон албан байгууллага өргөдөл бичдэг. Тухайн ирсэн өргөдлийг албаны дарга хэнээр шийдвэрлүүлэх болон засуулах гэсэн цохолт хийж өгдөг. Над дээр ирсэн өргөдлийг тухайн байгууллагын хариуцсан байцаагчтай нь уулзаад мэдээллийг өөрчилж болох эсэх талаар асууж байцаагчийн зөвшөөрөлтэйгээр, шаардлагатай баримт бичгийг байцаагчаар дамжуулан цуглуулсаны үндсэн дээр мэдээллийг өөрчилдөг. Зарим өргөдлийн хувьд байцаагч нар тухайн сарын мэдээллийг засах боломжтой байдаг. Дан миний дураар мэдээллийг өөрчлөх асуудал байхгүй.

Би ажлаасаа гарах үедээ Базарт хүлээлгэж өгсөн. Би тухайн үед 06 дугаартай кодны нууц дугаарыг хэлж өгсөн. Би хэлж өгөхгүй бол байгууллагын сүлжээ хэвийн явагдахгүй учраас нууц кодоо хэлж өгсөн. Өөр хэн нэгэн хүнд хэлж байгаагүй. Би Баянгол дүүргийн нийгмийн даатгалд ажилд орох үедээ Базарын ажлыг хүлээж авч байсан. Базар намайг ажилд орохоос өмнө сүлжээний зохицуулагч хийдэг байсан. Сүлжээний зохицуулагч ТҮЦ машины мэдээллийг өөрчлөх боломжтой...” гэжээ. /3 хав 166, 168/

 

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 18-30 хуу/

-Шүүгдэгч Г.Базарын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суух хаягын тодорхойлолт, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1хав 118, 141, 119, 130,131-133/

 

-Шүүгдэгч С.Баттөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсхийг шалгах хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1хав 120, 142, 121,137-139/

 

-Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хав 146, 147/

-Н.Мөнхдөлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2хав 24-29/

-С.Баттөрийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хав 30/

-4 GB хэмжээтэй хар улаан өнгийн флаш дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /3 хав 183,184-185/

-С.Баттөрийн фэйсбүүк болон майл хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /3хав 187/

-Г.Базарын фэйсбүүк болон майл хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /3хав 189, 190-210/

-Багануур дүүргийн 2002 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 103 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /3хав 132/

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /4 хав 23,24-27/

-Шинжилгээ хийлгэх тухай тогтоол,Эрүүл Мэнд Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 39 тоот албан бичгийн хавсралт  /4хав 75-76,78-79/

-Яллагдагч Н.Мөнхдөлд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 145 дугаартай Прокурорын тогтоол /4хав 103/

-Сэжигтэн Л.Оюунчимэгт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 146 дугаартай Прокурорын тогтоол /4хав 105-106/

-Яллагдагч Э.Болормаад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 143 дугаартай Прокурорын тогтоол /4хав 107-108/

-Сэжигтэн С.Анхбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 144 дугаартай Прокурорын тогтоол /4хав 109-110/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

1.Шүүгдэгч Г.Базар нь 2016 оны 3 дугаар сард Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст сүлжээний зохицуулагч, төлөвлөгч эдийн засагч, нэрийн дасны тооцоо хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа яллагдагч Н.Ганбат, А.Тулгабаатар нарын БНСУ-н виз гаргуулах зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан гэсэн лавлагаа гаргуулах гэсэн ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу Нийгмийн даатгалын ерөнхий газрын ашигладаг “Шимтгэлийн тооцооны программ”-д нийгмийн даатгал төлж байгаагүй яллагдагч Н.Ганбат, А.Тулгабаатар нарын мэдээллийг нийгмийн даатгал төлж байсан мэтээр нөхөн оруулж өгөхөөр урьдчилан амлалгүйгээр С.Баттөр, Н.Мөнхдөл, Э.Болормаа, Т.Ууганбаатар, Л.Оюунчимэг нараар дамжуулан яллагдагч Н.Ганбат, А.Тулгабаатар нараас 900,000 төгрөгийн хээл хахууль авсан,

Мөн 2016 оны 3 дугаар сард шунахайн сэдэлтээр, яллагдагч С.Баттөртэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст төлөвлөгч эдийн засагч, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж Нийгмийн даатгалын ерөнхий газрын ашигладаг “Шимтгэлийн тооцооны программ”-д нийгмийн даатгал төлж байгаагүй яллагдагч Н.Ганбат, А.Тулгабаатар нарын мэдээллийг нийгмийн даатгал төлж байсан мэтээр нөхөн оруулж компьютерийн программын мэдээллийг өөрчилсөн гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн,

2.Шүүгдэгч С.Баттөр нь 2016 оны 3 дугаар сард Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэмжийн байцаагчаар ажиллаж байхдаа албан тушаалынхаа байдлыг ашиглан, яллагдагч Г.Базар нь яллагдагч Н.Ганбат, А.Тулгабаатар нарын БНСУ-н виз гаргуулах зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан гэсэн лавлагаа гаргуулах гэсэн ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу Нийгмийн даатгалын ерөнхий газрын ашигладаг “Шимтгэлийн тооцооны программ”-д нийгмийн даатгал төлж байгаагүй яллагдагч Н.Ганбат, А.Тулгабаатар нарын мэдээллийг нийгмийн даатгал төлж байсан мэтээр нөхөн оруулж өгөхөөр урьдчилан амлалгүйгээр яллагдагч Н.Ганбат, А.Тулгабаатар нараас 900,000 төгрөгийн хээл хахууль авах, өгөхөд зуучилсан,

Мөн 2016 оны 3 дугаар сард шунахайн сэдэлтээр, яллагдагч Г.Базартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, яллагдагч Г.Базарын Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст төлөвлөгч эдийн засагч, нэрийн дасны тооцоо хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан Нийгмийн даатгалын ерөнхий газрын ашигладаг “Шимтгэлийн тооцооны программ”-д нийгмийн даатгал төлж байгаагүй яллагдагч Н.Ганбат, А.Тулгабаатар нарын мэдээллийг нийгмийн даатгал төлж байсан мэтээр нөхөн оруулж компьютерийн программын мэдээллийг өөрчилсөн гэмт хэрэгт зааж зөвлөх, мэдээлэл өгөх зэргээр дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон,

3.Шүүгдэгч Н.Ганбат нь 2016 оны 3 дугаар сард БНСУ-н виз гаргуулах зорилгоор даатгалын шимтгэл төлж байсан гэсэн лавлагаа гаргуулах гэсэн ашиг сонирхолын үүднээс Нийгмийн даатгалын ерөнхий газрын ашигладаг “Шимтгэлийн тооцооны программ”-д өөрийнхөө нийгмийн даатгал төлж байгаагүй талаарх мэдээллийг нийгмийн даатгал төлж байсан мэтээр нөхөн оруулахын тулд Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн сүлжээний зохицуулагч, төлөвлөгч эдийн засагч, нэрийн дасны тооцоо хариуцсан мэргэжилтэн Г.Базарт Л.Оюунчимэг, Т.Ууганбаатар, Э.Болормаа, Н.Мөнхдөл, С.Баттөр нараар дамжуулан 1,600,000 төгрөгийн хээл хахууль өгсөн,

4.Шүүгдэгч А.Тулгабаатар нь 2016 оны 3 дугаар сард БНСУ-н виз гаргуулах зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан гэсэн лавлагаа гаргуулах гэсэн ашиг сонирхолын үүднээс Нийгмийн даатгалын ерөнхий газрын ашигладаг “Шимтгэлийн тооцооны программ”-д өөрийнхөө нийгмийн даатгал төлж байгаагүй талаарх мэдээллийг нийгмийн даатгал төлж байсан мэтээр нөхөн оруулахын тулд Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн сүлжээний зохицуулагч, төлөвлөгч эдийн засагч, нэрийн дасны тооцоо хариуцсан мэргэжилтэн Г.Базарт Л.Оюунчимэг, Т.Ууганбаатар, Э.Болормаа, Н.Мөнхдөл, С.Баттөр нараар дамжуулан 3,000,000 төгрөгийн хээл хахууль өгсөн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрчээр А.Тулгабаатар /1 хав 47-48/, гэрч Л.Оюунчимэг /1 хав 49-50, 3 хав 181-182/, Т.Ууганбаатар /1 хав 51-52, 2 хав 72/, сэжигтэнээр Н.Мөнхдөл /1 хав 75-77, 3 хав 172-174/, сэжигтнээр Э.Болормаа /1 хав 89-92, 3 хав 169/, гэрч Н.Дэлгэрмаа /2 хав 76-77/, М.Бурмаа /2 хав 78-79/, Н.Насанбат /2 хав 82-83/, Н.Нарантуяа /2 хав 84-85/, Ц.Нэргүй /2 хав 87/, С.Отгонцэцэг /3 хав 164-165/, Г.Билгүүн /3 хав 166, 168/, Б.Батхишиг /4 хав 71-73/ нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Дээрх мэдүүлэг нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 18-30/, шүүгдэгч Г.Базарын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суух хаягын тодорхойлолт, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1 хав 118, 141, 119, 130, 131-133/, шүүгдэгч С.Баттөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсхийг шалгах хуудас, хувийн байдлын баримтууд /1 хав 120, 142, 121, 137-139/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хав 146, 147/, Н.Мөнхдөлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2 хав 24-29/, С.Баттөрийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хав 30/, 4 GB хэмжээтэй хар улаан өнгийн флаш дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /3 хав 183,184-185/, С.Баттөрийн фэйсбүүк болон майл хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /3 хав 187/, Г.Базарын фэйсбүүк болон майл хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /3 хав 189, 190-210/, Багануур дүүргийн 2002 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 103 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /3хав 132/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /4 хав 23,24-27/, Шинжилгээ хийлгэх тухай тогтоол, Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 39 тоот албан бичгийн хавсралт  /4 хав 75-76, 78-79/, Нийслэлийн Прокурорын газрын 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 145 /4 хав 103/, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 146 /4 хав 105-106/, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 143 /4 хав 107-108/ 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 144 /4хав 109-110/ дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар давхар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, Н.Одонтуяа нар “шүүгдэгч Ганбат, Тулгабаатар нар Базар, Баттөр нарыг танихгүй, тэд нарт хээл хахуул болгож мөнгө өгөөгүй тул тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх боловч шүүгдэгч Н.Ганбат, А.Тулгабаатар нар БНСУ руу зорчих виз гаргуулахаар бусдаар мөнгө дамжуулан өгсөн нь гэрч Л.Оюунчимэг, Т.Ууганбаатар, Э.Болормаа, Н.Мөнхдөл нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ганбатын “…тухайн үед БНСУ-ын виз гаргуулахаар 5 сая төгрөг байршуулсан ч гэсэн элчингээс виз гаргахгүй материал буцаагдаж байсан. Тухайн үед би нийгмийн даатгал төлж байгаагүй” гэх тайлбараас үзэхэд А.Тулгабаатар, Н.Ганбат нар нь БНСУ зорчих виз гаргуулах  өөрийн ашиг сонирхлын үүднээс хууль бусаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэх лавлагааг гаргуулах зорилгоор бусдаар дамжуулан хээл хахууль өгсөн нь нотлогдож байна.

           

            Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих зүйлүүд нотлогдсон байх тул шүүгдэгч Г.Базарыг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхээр урьдчилан амлалгүйгээр, бусдаар дамжуулан хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шунахай сэдэлтээр урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан компьютерийн мэдээлэл, программыг өөрчлөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч С.Баттөрыг албан тушаалын байдлаа ашиглан бусдад хээл хахууль өгч, авахад зуучилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шунахай сэдэлтээр бусадтай урьдчилан үгсэн тохиролцон албан тушаалын байдлаа ашиглан компьютерийн мэдээлэл, программын өөрчилсөн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч Н.Ганбатыг албан тушаалтанд бусдаар дамжуулан хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч А.Тулгабаатарыг албан тушаалтанд бусдаар дамжуулан хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Базар, С.Баттөр нар нь Төрийн албан хаагч, Баянгол дүүргийн нийгмийн даатгалын ажилтан байсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д “…тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жил хүртэл хугацаагаар хасч…” гэж, мөн хуулийн 270 дугаар зүйлийн 270.2-д “…тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр…” гэж тус тус заасан тул тэдгээрийн төрийн ажил, албан тушаалд ажиллах эрхийг хасах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч А.Тулгабаатар нь Багануур дүүргийн шүүхийн 2002 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 103 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал дууссан тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл бүхий байна.

 

Шүүгдэгч нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг холбогдсон, бусдад баримтаар төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг иргэний бичиг баримт хавсаргаж ирүүлээгүйг дурдах, тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн УНН улсын дугаартай, ЕS91002141 арлын дугаартай Hoda civic маркын автомашиныг битүүмжилсэн тогтоол /4хав 23/, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/42 дугаартай шүүгдэгч Г.Базар, С.Баттөр нарын албан үүргээ биелүүлэхийг түр түтгэлзүүлсэн тогтоол /1 хав 33-34, 4 хав 12-13/-ыг тус тус хүчингүй болгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Sandisk гэсэн улаан өнгийн бичигтэй 4GB багтаамжтай хар, улаан алаг өнгийн флаш дискийг хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргаж тус тус шийдвэрлэв.

 

БНСУ зорчих виз гаргуулахын тул шүүгдэгч А.Тулгабаатар нь 3.000.000 төгрөгийг, шүүгдэгч Н.Ганбат нь 1.600.000 төгрөгийг бусдаар дамжуулан С.Баттөр, Г.Базар нарт хээл хахууль болгон өгсөн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу …гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн …бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасан байх тул дээрх шүүгдэгч нарын бусдад дамжуулан өгсөн мөнгийг хурааж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Өөрөөр хэлбэл Н.Мөнхдөлөөс дамжуулан өгсөн гэх шүүгдэгч С.Баттөрөөс 900.000 төгрөг, шүүгдэгч А.Тулгабаатарын буцаан авсан гэх 1.800.000 төгрөг, Авилгатай тэмцэх газрын Төрийн сангийн 900033401 тоот дансанд тушаасан 1.900.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгав.

 

Шүүгдэгч Г.Базар, С.Баттөр, Н.Ганбат, А.Тулгабаатар нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

                   

            1. Шүүгдэгч Олхонууд далхаа овогт Гомбодоржийн Базарыг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхээр урьдчилан амлалгүйгээр, бусдаар дамжуулан хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Шунахай сэдэлтээр урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан компьютерийн мэдээлэл, программыг өөрчлөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч Хөх дангийнхан овгийн Сүрэнхоролын Баттөрыг албан тушаалын байдлаа ашиглан бусдад хээл хахууль өгч, авахад зуучилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            шунахай сэдэлтээр бусадтай урьдчилан үгсэн тохиролцон албан тушаалын байдлаа ашиглан компьютерийн мэдээлэл, программын өөрчилсөн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч Түмэд овогт Нэргүйн Ганбатыг албан тушаалтанд бусдаар дамжуулан хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч Боржигон бөөвөө овогт Алтангэрэлийн Тулгабаатарыг албан тушаалтанд бусдаар дамжуулан хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дахь хэсэгт зааснаар Олхонууд далхаа овогт Гомбодоржийн Базарыг Нийгмийн даатгалын хэлтэст сүлжээний зохицуулагч, төлөвлөгч  эдийн засагч, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэнээр ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 226 дугаар зүйлийн 226.2 дахь зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар,  

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.2 дэх хэсэгт зааснаар Хөх дангийнхан овгийн Сүрэнхоролын Баттөрийг Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэмжийн байцаагчаар ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 3 жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 226 дугаар зүйлийн 226.2 дахь зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар,  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар Түмэд овогт Нэргүйн Ганбат, Боржигон бөөвөө овогт Алтангэрэлийн Тулгабаатар тус бүрийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Г.Базарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 226 дугаар зүйлийн 226.2-д зааснаар оногдуулсан 3 жил 01 сарын хорих ял дээр мөн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-т зааснаар оногдуулсан Нийгмийн даатгалын хэлтэст сүлжээний зохицуулагч, төлөвлөгч  эдийн засагч, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэнээр ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг Нийгмийн даатгалын хэлтэст сүлжээний зохицуулагч, төлөвлөгч  эдийн засагч, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэнээр ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 4 жил 1 сарын хорих ялаар,

Шүүгдэгч С.Баттөрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 226 дугаар зүйлийн 226.2-д зааснаар оногдуулсан 3 жил 01 сарын хорих ял дээр мөн хуулийн 270 дугаар зүйлийн 270.2-т зааснаар оногдуулсан Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэмжийн байцаагчаар ажиллах эрхлэхийг 2 жилийн хугацаагаар хасч 3 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэмжийн байцаагчаар ажиллах эрхлэхийг 2 жилийн хугацаагаар хасч 4 жил 1 сарын хорих ялаар тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг иргэний бичиг баримт хавсаргаж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 12, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/42 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Sandisk гэсэн улаан өнгийн бичигтэй 4GB багтаамжтай хар, улаан алаг өнгийн флаш дискийг хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч А.Тулгабаатараас 1.800.000 төгрөгийг, шүүгдэгч С.Баттөрөөс 900.000 төгрөгийг, Авилгатай тэмцэх газрын Төрийн сангийн 900033401 тоот дансанд тушаасан 1.900.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Г.Базар, С.Баттөр нарын тус бүрт оногдуулсан 4 жил 01 сарын хорих ялыг тэнсэж тэдгээрийг 3 жилийн хугацаагаар хянан харгалзах,

Шүүгдэгч Н.Ганбат, А.Тулгабаатар нарын тус бүрт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, тэдгээрийг 2 жилийн хугацаагаар хянан харгалзах, тэдгээрт хяналт тавихыг Баянгол, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

10. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                        ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ