2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2602

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам

            улсын яллагч Б.Одонтуяа, /ТПГ/

            шүүгдэгч ****** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос ****** овогт ******гийн ******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2503010281104 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 10 дугаар сарын 29-ний өдөр *********төрсөн, ****** настай, эмэгтэй, тусгай дүнд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт *******дүүргийн ******** хороо ******** тоотод оршин суудаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ****** овогт ******гийн ******, /РД: *****/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ****** нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийтийн замд 2025 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Toyota prius маркийн ******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 10.9. Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Toyota harrier маркийн ******улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч ******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, ******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ****** шүүхийн хэлэлцүүлэгт: “...тухайн өдөр би гэрээс гараад усанд явж байсан. Тэгээд зүүн тийш буцаж эргэх хөдөлгөөн хийх гэж байхад цаанаас 30-40 км -н цаана 1 машин ирж байхаар нь амжчих байх гээд эргэтэл уг машинтай мөргөлдчихсөн юм. Би буруугаа ойлгож байгаа” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас: “...шүүгдэгч ******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “...тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч ******: “...гэм буруу дээрээ маргахгүй хохирогч нарт нийт 15.544.500 төгрөг төлсөн байгаа” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч ****** нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийтийн замд 2025 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Toyota prius маркийн ******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд чигээрээ зорчиж явсан Toyota harrier маркийн ******улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тавьж өгөлгүйгээр зүүн гар тийш буюу буцаж эргэх үйлдэл хийснээс үүдэн мөргөлдөж зорчигч ******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй ******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт нь:

 

1. Гэмт хэргийн талаар дуудлага мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...Toyota prius маркийн ******улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Toyota harrier маркийн ******улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Toyota harrier маркийн ******улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигчдын эрүүл мэндэд хохирол учирсан...” (хавтаст хэргийн 4-5 дахь тал)

 

2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, согтуурал шалгасан баримт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-11 дэх тал),

 

3. Насанд хүрээгүй хохирогч ******ын хууль ёсны төлөөлөгч ******ийн: “...Би 2025 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Өлзийт хороололд байрлах зуслангаас гараад Био комбинат орохоор аав ******, ээж ******, төрсөн дүү ******, өөрийн хоёр хүүхэд ******, ****** нарын хамт аав ******гийн эзэмшлийн автомашинтай явж байсан. Тухайн үед дүү ****** автомашин жолоодоод урд зорчигчийн суудал дээр ээж суугаад, хойд суудал дээр хамгийн баруун талд аав, зүүн талд охин, би, хүү суугаад зорчиж явсан. Тэгээд Өлзийтийн замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байсан. Тэгэхэд урдуур нэг машин эргэх болсон ба зам дээр чигээрээ явж байх үед зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Тухайн үед тэр газарт явж байсан түргэн тусламжийн машин ирж манай хоёр хүүхдэд үзлэг хийж ГССҮТ-д үзүүлээд ил харагдах шарх сорвигүй байна гэж хэлээд явсан. Одоо охины биеийн байдал хэвийн, харин хүүгийн толгой өвдөх зовуурьтай, миний бие мөн хааяа толгой өвдөөд байна. Ослын улмаас ******ын биед дух хэсэгт хөхөрсөн цууралттай хохирол учирсан, ******н биед баруун хөл гуяны хойд хэсэгт зөөлөн эдийн гэмтэлтэй, осолд орсны дараа тухайн өдрөө 5-6 удаа бөөлжсөн. ******ын цаашид гарах эмчилгээний зардлыг болон сэтгэцэд учирсан зардлыг нэхэмжилнэ…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18, 20 дахь тал),

 

4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ЕГ0725/10676 хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ: “...******ын дух ясны шугаман хугарал, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 66-67 дахь тал),

 

5. Хохирогч ******гийн: “...Би 2025 оны 08 сарын 16-ны өдөр өөрийн хүүхдүүдийн хамт 14 цагийн орчимд Био комбинат орохоор явах замд Өлзийтийн замд 5 эрдэнэ дэлгүүрийн урд талын уулзвар дээр явж байх үед зам тээврийн осол гарсан. Тэгээд тэнд явж байсан түргэн тусламжийн машин явж таараад бид нарыг үзэж үзлэг хийгээд ГССҮТ-д очиж үзүүл гэж хэлээд явсан. Тэгээд манай хүүхэд ирээд бид нарыг аваад эмнэлэг орж үзүүлсэн. Би тухайн үед хамгаалах бүс зүүсэн байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),

 

6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ЕГ0725/10673 хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ: “...******гийн баруун, зүүн хацар ясны сэртэн, баруун хацрын гадна ханын хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 79-80 дахь тал),

 

7. Иргэний нэхэмжлэгч Л.******ийн: “...Би 2025 оны 08-р сарын 16-ны өдөр өөрийн төрсөн аав ******гийн эзэмшлийн Totoya harrier маркийн ******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод аав ******, эгч ******, ээж ******, эгчийн хүүхэд ******, ****** нарын хамтаар Өлзийт хороололд байрлах зуслангаас гараад Био комбинат орохоор явах замд Өлзийтийн зам дээр 5 эрдэнэ дэлгүүрийн урд талын замд явж байх үед гэнэт хар өнгийн Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл эсрэг урсгалаас шууд урдуур дараад ороод ирсэн, тэгээд тухайн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Тэгээд би зорчих хэсгийн баруун гар талын хашлага мөргөж зорчих хэсэг дээр бүтэн эргэж зогссон ба зорчигчдоо гаргаад цагдаагийн байгууллага болон түргэн тусламжид дуудлага өгсөн. Тэнд ойрхон явж байсан түргэн тусламж зорчигчдыг үзээд ГССҮТ-д зураг авхуул гэж хэлээд явсан. Би өөрийн төрсөн ах болох ******ыг дуудаад ах ирээд зорчигчдыг аваад ГССҮТ-рүү аваад явсан. Би ослын газарт үлдэж цагдаа нартай хамт хэмжилт хийсэн. Миний биед ямар нэгэн гэмтэлгүй, миний тээврийн хэрэгсэлд жолоочийн эсрэг буюу зүүн урд талын буфер эвдэрсэн баруун хойд талын хаалга гажсан, баруун хойд талын хонго хэсэгт хонхойж орсон. Би жолоо барьж явсан, хамгаалах бүс зүүсэн байсан. Би 40-50 км/ц хурдтай явж байсан.Тухайн ослын улмаас машинд учирсан хохирол болох 10.297.500 төгрөг нэхэмжлэх хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38, 40 дахь тал),

8. “Онцгой үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 250817001 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт: “...Totoya harrier маркийн ******улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон дүн 10.297.500 төгрөг” гэх (хавтаст хэргийн 97-101 дэх тал),

 

9. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Дэмбэрэлийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0001348 дугаартай магадалгаа: “... Toyota Prius маркийн ******улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ****** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3.3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 10.9. Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Toyota harrier маркийн ******улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ****** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэх (хавтаст хэргийн 114-115 дахь тал),

 

10. Шүүгдэгч ******ийн: “...Би тухайн өдрийн 15 цаг өнгөрч байх үед өөрийн эзэмшлийн Toyota Prius маркийн ******улсын дугаартай автомашинаа жолоодоод ус авахаар Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Өлзийтийн замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээ замаар явж байсан, ингээд замаас туслах зам руу гарахаар зүүн тийш эргэх үйлдэл хийх үедээ эсрэг урсгалд явсан автомашинтай мөргөлдөж осол гарсан. Би эсрэг урсгалд автомашин ирж байгааг харсан бөгөөд зайтай явж байгаа харагдахаар нь амжина гэж бодоод зүүн тийш эргэх үйлдэл хийхэд л мөргөлдсөн. Би 2023 онд жолооч болсон, В ангилалтай жолоодох эрх хүчинтэй байгаа. Автомашины хөдөлгөөн сийрэг, цаг агаар хэвийн таатай үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Би хохирогч нарт автомашины 10.297.500 төгрөг, мөн хохирогч нарын эрүүл мэндтэй холбоотой 2.265.000 төгрөг өгсөн байгаа. Одоо 2 хүүхдийн хамт амьдардаг, тэтгэвэрт эрхэлсэн ажилгүй. Би болсон явдалд харамсаж байна, өөрийн буруутай үйлдлийг ойлгож байгаа надад нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 129 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэв.

 

Хэргийн үйл баримтаас харвал, осол гарсан тухайн зам нь асфальт, шулуун тэгш, хуурай, суурингийн доторх үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэгтэй, тогтуун, 2 эгнээ, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байсан нь хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэл бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэгт тусгагдсан.

Шүүгдэгч ****** нь тухайн өдөр Toyota prius маркийн ******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийтийн замд туслах зам руу орохоор зүүн гар тийш эргэх үйлдэл хийх үедээ ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй чигээрээ явж байсан Totoya harrier маркийн ******улсын дугаартай тээврийн хэрэгслийг ирж буйг харсан мөртлөө амжина гэж буруу тооцоолон эргэх үйлдэл хийснээс үүдэн мөргөлдөж, улмаар зорчигч ******гийн биед хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй хохирогч ******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаас гадна бусдын эзэмшлийн Totoya harrier маркийн ******улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хор уршиг учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Шүүгдэгч ******ийн дээрх үйлдэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 10.9. Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөн шинжтэй.

Энэ бүгдээс үзвэл, шүүгдэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн дээрх холбогдох заалтыг зөрчсөн үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан байх тул тухайн гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болсон болно.

Иймд шүүгдэгч ******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “...тээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

            “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

            1. Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч ******ын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч ******гийн биед хүндэвтэр хохирол тус тус учирсан байх боловч тэдгээр нь эмчилгээний зардал нэхэмжилсэн баримтыг гаргаж өгөөгүй байна.  

            Иргэний нэхэмжлэгч н.******гийн эзэмшлийн Totoya harrier маркийн ******улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 10.297.500 төгрөгийн хохирол учирсан болох нь “Онцгой үнэлгээ” ХХК-ний 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 250817001 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон ба шүүгдэгч нь 10.297.500 төгрөгийг төлсөн болох нь Төрийн Банкны 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн харилцах дансны харилцагчийн хуулгаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 96-101, 133 дахь тал),

            Мөн шүүгдэгч ****** нь хохирогч нарын эмчилгээнд зориулж 5.265.000 төгрөг шилжүүлсэн нь мөн дансны хуулгаар тогтоогдсон. (хавтаст хэргийн 133 дахь тал, шүүх хуралдаан тэмдэглэл)

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****** нь насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан зардлыг шүүгдэгчээс нэхэмжлэхээс татгалзсан болохыг тэмдэглэв.

Иймд шүүгдэгч ****** нь энэ тогтоолоор хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй байх бөгөөд харин хохирогч, хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар шүүгдэгч ******ээс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

2. Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гантуяагийн: “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан ба дээрх хэрэгт иргэний нэхэмжлэгч ****** нь 470.425 төгрөг, ****** нь 195.260 төгрөг, ****** нь 124.000 төгрөг, ****** нь 124.000 төгрөг, хохирогч ****** нь 144.000 төгрөг буюу нийт 1.057.685 төгрөгийг зарцуулсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч ******ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт зэрэг авагджээ. (хавтаст хэргийн 47-52, 53-55 дахь тал)

Шүүгдэгч ****** нь шүүхийн хэлэлцүүлгийн үеэр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан 1.057.685 төгрөгийг төлж барагдуулсан байх тул тэрээр Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй болно.

 

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч ****** нь: “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогч нарт хохирол төлж барагдуулсан, одоо надад гомдол саналгүй гэж хэлсэн, надад ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч ******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.

Иймд тус шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үүнээс үүдэн гарах эрсдэлийг тооцоолоогүй нь нийгмийн аюулын шинжийг ихэсгэсэн, хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн байдал, шүүгдэгч нь хохирлыг төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал /... өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, 2 хүүхдийн хамт амьдардаг/ зэргийг тус тус харгалзаж шүүхээс шүүгдэгч ******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 6 (зургаан) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ****** нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч ******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ****** овогт ******гийн ******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан Тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 6 (зургаан) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Насанд хүрээгүй хохирогч ******ын хууль ёсны төлөөлөгч ******, хохирогч ****** нар нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ******ээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АЛТАНЦЭЦЭГ