Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2023/00659

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2023/00659

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .... дүүрэг, . дүгээр хороо, ...... төв байр, С....... хаягт байрлах, Г.Б ХХК /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .. дугаар хороо, .. тоотод оршин суух, Б.Б /РД:...../-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 21,903,734 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.Б ХХК нь Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,903,734 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Г.Бтай .... дугаартай кредит картын гэрээ байгуулж, 6,800,000 төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3,5 хувь бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй тус тус зээл авсан. Зээлдэгч Б.Б нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөөгүй 41 сарын хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 7,094,200 төгрөг, хүүгийн төлбөрт 8,859,582 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэн төлбөрт 2,932,790 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсэн төлбөр 3,017,160 төгрөгийн төлбөрийг одоог хүртэл төлөөгүй байх тул Б.Бэс зээлийн гэрээний үүрэгт нийт 21,903,734 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, захирлын тушаал, кредит картын гэрээ, зээлийн картын тооцооллын хүснэгт, мэдэгдэл хүргүүлсэн баримт, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэр, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэргийг хэрэгсэхгүй болсон шүүгчийн захирамж зэргийг ирүүлжээ. /хх3-15/,

ҮНДЭСЛЭХ НЬ

Нэхэмжлэгч Г.Б ХХК нь хариуцагч Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,903,734 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх, хариуцагчид мөн өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т заасныг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 15-ний өдөр хуульд зааснаар мэдэгдэж, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зуруулж, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагаврыг тайлбарласан хэдий ч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн. Үүнд Б.Б нь Г.Бтай 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ120940538 дугаартай кредит картын гэрээ байгуулан 6,800,000 төгрөгийг сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү 2,0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь байхаар 24 сарын хугацаатай зээл авсан. Хариуцагч нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөөгүй 41 сар хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлд 21,903,733.39 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэлийг ямар үндэслэлээр эс зөвшөөрч байгаа талаарх тайлбарыг шүүхэд гаргаагүй, шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид түүний хүсэлтээр бүрдүүлсэн баримттай танилцах эрхээр хангасан боловч тэрээр эрхээ хэрэгжүүлээгүй, тэрээр шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхээ мөн хэрэгжүүлээгүй болно.

 4. Хэрэгт авагдсан баримтаар, Голомт ХХК болон Б.Б нар нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр .... тоот кредит картын гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь 6,800,000 хүртэл төгрөгийг бэлнээр сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү 2,0 хувийн хүүтэйгээр зээл авах эрх үүсжээ. Мөн тус гэрээнд зээлийн эрх хэтрүүлсэн тохиолдолд хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хүү 1 хувь, гэрээний хугацаа 24 сар байхаар тусгажээ.

Хариуцагч Б.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 05 дугаар сарын 14-ны хооронд бэлнээр 4,708,000 төгрөг, бэлэн бусаар 2,356,200 төгрөг зээлсэн бөгөөд зээлийн төлбөрөөс эргэн төлөлт хийгээгүй байна.  

5. Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн, гарын үсэг тамга, тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээнд хамаарч байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй талаар, хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 452 дугаар зүйлийн 452.1-т тус тус зээлдүүлэгчээс олгох зээл хүүтэй байж болохоор, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүг талууд гэрээгээр тохиролцож болохоор, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байхаар тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн .... тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдөөгүй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 7. Хэрэгт авагдсан зээл, хүүгийн тооцоолол гэх баримтаас үзэхэд зээлдэгч Б.Б нь зээл, түүний хүүг сар бүр буцаан төлөх үүргээ огт биелүүлээгүй байх ба зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 7,094,200 төгрөг, зээлийн хүүд 8,859,582 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5,949,950 төгрөг, нийт 21,903,733 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн тооцоолол үндэслэлтэй байх тул хариуцагч Б.Бэс 21,903,733 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Бэс зээлийн гэрээний үүрэгт 21,903,733 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,469 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бэс улсын тэмдэгтийн хураамжид 267,469 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б ХХК-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.ГОНЧИГСУМЛАА