| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2022/04494/И |
| Дугаар | 183/ШШ2023/00782 |
| Огноо | 2023-03-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2023/00782
2023 оны 03 сарын 10 өдөр Дугаар 183/ШШ2023/00782 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн .... хороо, ..../ хд, .. байр, .... тоот хаягт оршин суух, .... овогт М.Н /РД:........../,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн .... хороо, ..../ хд, .. байр, .... тоот хаягт оршин суух, .... овогт М.Г /РД:..../ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн .... хороо, ..../ хд, .. байр, .... тоот хаягт оршин суух, Донхор овогт А.С /РД:......./,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн .... хороо, ..../ хд, .. байр, .... тоот хаягт оршин суух, .... овогт Д.М /РД:...../ нарт холбогдох,
Хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, нэхэмжлэгч нарыг хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд нэмж бүртгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, хариуцагч А.С, Д.М, шүүх хуралдааны нарийн бичиг Б.Золзая нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч М.Н нар нь хариуцагч Д.М, А.С нарт холбогдуулан хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, нэхэмжлэгч нарыг хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд нэмж бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Бидний аав Д.М ээж А.С нар нь 1997 онд гэр бүл болж 1999 онд эрх бүхий байгууллагад гэрлэлтээ батлуулж 4 хүүхдийн бидний аав, ээж болсон. Бид аав ээжийг гэр бүл болсноос хойш ам бүл зургуулаа маргаан бүхий 5 өрөө хувийн сууцанд 2011 оноос эхлэн одоог хүртэл амьдарч харъяа хороондоо хүн, амын өрхийн бүртгэлд бүртгэгдсэн байдаг. М.Н би 2017 оны 9 дүгээр сард Англи улсын Хартфордшайре хотод М.Г нь 2019 оны 9 дүгээр сард Унгар улсын Будапешт хотод 3-р дамжаанд, дүү М.У нь одоо 9 дүгээр ангид бага дүү М.Б нь 4 дүгээр ангид сурч байна. Манай аав, ээж хоёр үр хүүхдүүд биднийгээ гэр бүлийн гишүүд гэдэгтэй мэдээж маргахгүй боловч зөвхөн өөрсдийгөө гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч болох хувийн сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд 2011 онд бүртгүүлсэн байдаг. Аавын төрсөн эгчийнх нь компани 2015 оноос ..... гэдэг компанитай уул уурхайн чиглэлээр хамтран ажиллаж байхад ..... ХХК нь Хөгжпийн банкнаас олон тэрбум төгрөгийн зээл авч, зээлийнхээ барьцаанд аавын эгч Д.Оийн бүх хөрөнгийг мөн манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг насанд хүрсэн гэр бүлийн гишүүн М.Н надаас ямар ч зөвшөөрөл авалгүй, үр хүүхдүүд бидний өмчлөх эрхийг зөрчиж хэнд ч мэдэгдэхгүйгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байх бөгөөд зээлдэгч ..... ХХК нь Хөгжпийн банкнаас авсан зээлээсээ нэгч төгрөг төлөөгүйн улмаас 3-н шатны шүүхийн шийдвэр гарч бидний барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гүйцэтгэх хуудас бичигдээд манай байр битүүмжлэгдсэн тухай дундын өмчөө хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн бусад гишүүд болох үр хүүхдүүд бид 2022 оны 09 дүгээр сарын 28-нд бусад -амаатан садангуудаасаа мэдлээ. Дээрх 5-н өрөө бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь манай гэр бүлийн 6-н гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө бөгөөд уг хөрөнгийг гишүүн тус бүр адил тэгш эрхтэйгээр эзэмшиж, ашиглан захиран зарцуулах эрхтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тухайн хөрөнгийн өмчлөгчөөр аав, ээж маань улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаагаас үл хамаарч үр хүүхдүүдийнх нь ирээдүйн амьдралын баталгаа болсон дундын өмчлөлийн хөрөнгийг бид ч бас хамтран өмчлөх эрхтэй юм. Иймд гэр бүлийн бусад гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн өмчлөх эрхийг зөрчиж байгаа үйлдлийг таслан зогсоож, хамтран өмчлөх эрхээ сэргээлгэх зорилгоор Хариуцагч нарын өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн ... хороо, ..../, .... байрны 2-р давхрын .... тоот хаягт байрлах 208,4м2 талбайтай, улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэгдсэн, ... дугаарын гэрчилгээтэй хувийн сууц нь гэр бүлийн бусад гишүүд болох М.Н, М.Г, М.У, М.Б нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох. 1999 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн М.Н /........../, 2001 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн М.Г /..../, 2008 оны 08 дугаар сарын 04-ны өдөр төрсөн М.У /..../, 2013 оны 07 дугаар сарын 09-ны өдөр төрсөн М.Б /...../ нарыг маргаан бүхий дээрх 5 өрөө хувийн сууцны хамтран өмчлөгчөөр Улсын бүртгэлд нэмж бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг Итгэмжпэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж байна. гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Би тус хэрэгт 2022 оны 10 дугаар сараас эхлэн оролцож байгаа. Нэхэмжлэгч нар болох М.Н, М.Г нар бөгөөд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө буюу хариуцагч нарын өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн .... хороо, үйлдвэр ... .... байрны 2 давхрын 2-02 тоот хаягт байрлах 5 өрөө, 208,4 м.кв талбайтай хувийн орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул нэр бүхий М.Н, М.Г, М.У, М.Б нарын ч бас хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох хэмээн нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагыг гаргасан байгаа. Хоёрдугаар шаардлага нь маргаж байгаа хувийн сууцны хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд нэмж бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах гэсэн шаардлагыг гаргасан. Үндэслэл нь юу гэвэл 2 хариуцагч нь нэр бүхий 4 хүүхдийн эцэг, эх бөгөөд тэд 1997 онд гэр бүл болж, 1999 онд гэрлэлтээ батлуулж 4 хүүхдийн ээж аав болсон байдаг. Эцэг эх болж ам бүл 6 болсноос хойш 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа нь хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэх, хорооны хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр зэргээр нотлогддог. Нэхэмжлэгч нар нь 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох тус орон сууцыг барьцаанд авагдсан талаар олж мэдсэн. Энэ барьцаанд тавьсан асуудал нь 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр юм. Гэтэл М.Н нь 2017 оны 6 дугаар сард насанд хүрч иргэний үнэмлэх аван насан хүрсэн гэр бүлийн гишүүн болсон бөгөөд түүнээс зөвшөөрөл авалгүйгээр хариуцагч нар нь өөрсдийнх нь нэр дээр бүртгэлтэй гэдэг утгаараа тус орон сууцыг н.С гэдэг хүнд итгэмжлэл хийж өгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаанд тавихыг зөвшөөрсөн байсан байна. Үүнийг тухайн үед мэдээж хэрэг мэдсэн бол тус барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай асуудал яригдаж болох байсан бөгөөд тухайн үед мэдэж чадаагүй учраас Иргэний хуулийн 124, 126 дугаар зүйлүүдэд зааснаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандсан байгаа. Энэ нь Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад зааснаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгө нь эцэг эх, хүүхдүүдийн хэний нэр дээр өмчлөлд бүртгэлтэй байхаас үл шалтгаалан энэ бол гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байна гэсэн заалт байдаг. Тиймээс нэхэмжлэгч нар нь гэр бүлийн бусад гишүүдийн зөвшөөрлийг авалгүйгээр хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг банкны барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэлийг бусдад өгснөөрөө тэдний эрх ашгийг хохироож байгаа юм гэж маргаж байгаа. Гуравдагч этгээд болох банктай холбоотой асуудал яригдаж болох боловч энэ асуудалд нэн түрүүнд тус эд хөрөнгийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хамтран өмчлөгч мөн болохыг тогтоолгох, мөн хариуцагч нар хариуцагч нарыг гэр бүлийн гишүүд мөн учраас тус эд хөрөнгийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа учраас үүнийгээ батлуулчхаад үүний дараа барьцааны гэрээний хүчин төгөлдөр бусад тооцох эсэх асуудлаар шаардах эрхээ эдэлнэ. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэсний дараа бид банкийг хариуцагчаар татаж барьцааны гэрээг хүчин төгөлдөр мөн эсэх асуудлаар маргаан үүсэх учраас өнөөдрийн байдлаар тус хэрэгт банкны эрх ашиг яригдахаасаа илүүтэйгээр гэр бүлийн бусад гишүүдийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэж заасан байх тул нэхэмжлэгч нар нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг тогтоолгосноор барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэх, цаашлаад хүчин төгөлдөр байлаа гэхэд цаашид шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахад хариуцагч нар нь өөрсдөдөө ногдох хувиараа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг төлөх гэсэн асуудал яригдана. Харин гэр бүлийн 4 гишүүн болох хүүхдүүд гудамжинд гарах ёсгүй учраас бид шүүхэд хандаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Энэ хооронд маргаан бүхий байрыг 2023 оны 3 дугаар 17-ны өдөр албадан дуудлага худалдаагаар орох гэж байгааг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр мэдсэн. Барьцааны гэрээнд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй гэж бичсэн байсан бөгөөд зээл олгохдоо энэ талаар судлах ёстой байсан. Тухайн барьцааны хөрөнгө болох орон сууцанд хүүхдүүд бүгд амьдарч байсан атал тухайн байранд огт очиж үзэж шалгаагүй байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.
Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид 1997 онд гэр бүл болж 4 хүүхэд гаргасан. Манай ам бүл бүгдээрээ бид хоёрын өмчлөлд бүртгэлтэй байсан 5 өрөө хувийн сууцны 2011 оноос хойш амьдарч байгаа. Хүү, охиноо гадаадад суралцахаар явж байхад нь бид 2017 оны 7 дугаар сард нийт 6 сарын хугацаатай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд гэр бүлийнхээ дундын өмчлөлийн эд хөрөнгөө насанд хүрсэн гэр бүийн бусад гишүүдийн зөвшөөрлийг авалгүй, тэдэнд мэдэгдэхгүйгээр энгийн ажлын газрын ажилтан н.С гэдэг хүнд банкны барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэл хийж өгч байсан. н.Сд өгсөн бидний итгэмжлэлийг үндэслэн Хөгжлийн банк нь Сонго улд компанид зээл олгосон. Хөгжлийн банкинд 6 сарын хугацаатай барьцаалагдсан гэдгийг хожим мэдсэн. Гэтэл банк зээлийн гэрээний хугацааг дахин сунгахдаа 12 жилээр эд хөрөнгөө барьцаалсан барьцаалуулагч бидэнд зээлийн гэрээний хугацаа сунгаж байгаа талаараа огт мэдэгдээгүй. Мөн зээл авсан ..... компани нь авсан зээлээ огт төлөөгүй байсан учраас шүүхээс шийдвэр гарч бидний гэр бүлийн дундын өмч маань шийдвэр гүйцэтгэлийн газарт битүүмжлэгдэн хуурагдаж үнэлэгдээд өнөөдрийн байдлаар дуудлага худалдаагаар зарагдахад хүрсэн байгаа. Нэхэмжлэгч нарын хариуцагч болох М.М, А.С бидний өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн .... хороо, ..../ хд, .. байр, .... тоот хаягт байрлах 208.4 мкв талбайтай улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэгдсэн ... дугаартай гэрчилгээтэй хувийн сууц нь гэр бүлийн бусад гишүүд болох нь М.Н, М.Г, М.У, М.Б нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох. Мөн 1999 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн М.Н /РД:........../, 2001 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн М.Г /..../, 2008 оны 08 дугаар сарын 04-ны өдөр төрсөн М. У /..../, 2013 оны 07 дугаар сарын 09-ны өдөр төрсөн М.Б /...../ нарыг Хан-Уул дүүргийн .... хороо, ..../ хд, .. байр, .... тоот хаягт байрлах 208.4 мкв талбайтай улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэгдсэн ... дугаартай гэрчилгээтэй 5 өрөө хувийн сууцны хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд нэмж бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
Хариуцагч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. н.С гэдэг хүн бид хоёртой зөвхөн итгэмжлэл л хийлгэсэн байдаг. Гэтэл 6 сарын дараагаас банк орж ирсэн байсныг ч бид мэдээгүй. Энэ асуудал бүр өөр тийш эргээд явчихсан байсан бөгөөд түүнийг нь бид шүүх хуралдаан зарлагдахад л анх мэдсэн. Манай гэрт банкны хүмүүс ч ирээгүй, огт энэ талаар мэдэх боломжтой үйл явдал болоогүй бөгөөд бид зөвхөн итгэмжлэл л хийж өгсөн байдаг. Анх бидэнд хэлэхдээ 6 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэх зорилготой хэмээн итгэмжлэл хийлгэж авсан байдаг. Гэтэл энэ нь 2 жил болоод бүр банканд барьцаалагдаад гуравдагч этгээдээр шүүхэд дуудагдсан асуудал үүссэн байдаг. Итгэмжлэл хийж өгснөөс болоод энэ бүх асуудал үүссэн бөгөөд барьцааны гэрээний талаар мэдээгүй, банкнаас ч хүмүүс ирж уулзаагүй байдаг. гэжээ.
Хариуцагч А.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг мөн адил хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-04/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх-06/, гадаад паспортын хуулбар /хх-07/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх-8,9/, М.Гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-10/, М.Нийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-11/, М.Гийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-12/, М.Уийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-13/, М.Бийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-14/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-15/, М.Нийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-16/, М.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-17/, Д.Мийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-18/, А.Сэлэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-19/, ..... Их Сургуулийн оюутны тодорхойлолт /хх-20,21/, Элсэлтийн тодорхойлолт /хх-22,23/, Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Монгол-Орос хамтарсан дунд сургуулийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн тодорхойлолт /хх-24/, ...... ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн тодорхойлолт /хх-25/, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-26/, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны тодорхойлолт /хх-27/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 22261136 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-28/, Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр /хх-30/, Ү2206010228 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-31/, Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-32/, хүсэлт /хх-33/,
Хариуцагч нараас иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн.
Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн .... хорооны ...., ... байрны 2-р давхрын .... тоот хаягт байрлах 208,2 мкв талбайтай, улсын бүртгэлийн ..... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагааг гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ НЬ
Нэхэмжлэгч М.Н, М.Г нар нь хариуцагч А.С, Д.М нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн ... хороо, Үйлдвэр, :::-р байрны 2-р давхрын .... тоот хаягт байрлах 208,4 мкв талбайтай, улсын бүртгэлийн ....., ... дугаарын гэрчилгээтэй хувийн сууцыг гэр бүлийн бусад гишүүд болох М.Н, М.Г, М.У, М.Б нарын хамтран өмчлөх дундын өд хөрөнгө болохыг тогтоолгох, М.Н, М.Г, М.У, М.Б нарыг тус орон сууцны хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд нэмж бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Бидний ээж аав Д.М, А.С нар нь 1997 онд гэр бүл болж 1999 онд эрх бүхий байгууллагад гэрлэлтээ батлуулсан. Бид 6 маргаан бүхий 5 өрөө орон сууцанд 2011 оноос эхлэн одоог хүртэл амьдарч харьяа хороондоо хүн, амын өрхийн бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Тус орон сууцыг Хөгжлийн банкны зээлийн барьцаанд насанд хүрсэн этгээд М.Н надаас зөвшөөрөл авалгүй, үр хүүхдүүд бидний өмчлөх эрхийг зөрчиж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан. Дээрх 5 өрөө бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь манай гэр бүлийн 6-н гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө бөгөөд уг хөрөнгийг гишүүн тус бүр адил тэгш эрхтэйгээр эзэмшиж, ашиглан захиран зарцуулах эрхтэй гэж үзэж байна. Иймд тус орон сууцыг М.Н, М.Г, М.У, М.Б нарын хамтран өмчлөх дундын өд хөрөнгө болохыг тогтоож, хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд нэмж бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч А.С, Д.М нар хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. гэжээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч А.С, Д.М нар нь 1997 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэр бүл болсон бөгөөд тэдний дундаас 1999 оны 06 дугаар сарын 22-ны өдөр М.Н, 2001 оны 07 дугаар сарын 23-ны өдөр М.Г, 2008 оны 08 дугаар сарын 04-ний өдөр охин М.У, 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүү М.Б нар төрсөн болох нь гэрлэлийн лавлагаа болон төрсний гэрчилгээ, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
2011 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Бэлэглэлийн гэрээгээр Хан-Уул дүүргийн ... хороо, Үйлдвэр, :::-р байрны 2-р давхрын .... тоот хаягт байрлах 208,4 мкв талбайтай, улсын бүртгэлийн ..... дугаартай орон сууцыг А.С, Д.М нар нь Д.Цэцэнбилгээс шилжүүлэн авчээ.
А.С, Д.М, М.Н, М.Г, М.У, М.Б нар Хан-Уул дүүргийн ... хороо, Үйлдвэр, :::-р байрны 2-р давхрын .... тоот хаягт оршин суудаг байна.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-дэх хэсэгт Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн. гэж, 126 дугаар зүйлийн 126.2. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараахь хөрөнгө хамаарна: 126.2.4.гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө; гэж заасан.
Хан-Уул дүүргийн ... хороо, Үйлдвэр, :::-р байрны 2-р давхрын .... тоот хаягт байрлах 208,4 мкв талбайтай, улсын бүртгэлийн ..... дугаартай орон сууц нь гэрлэгчид гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон болох нь 2011 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Бэлэглэлийн гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байх тул тус орон сууц А.С, Д.М нарын нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэр бүлийн гишүүд болох А.С, Д.М, М.Н, М.Г, М.У, М.Б нарын дундын хөрөнгө мөн гэж үзэх үндэслэлтэй.
М.У, М.Б нар нь Иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар тэдний хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг М.Н, М.Г нар төлөөлөх эрхтэй гэж үзэв.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн ... хороо, Үйлдвэр, :::-р байрны 2-р давхрын .... тоот хаягт байрлах 208,4 мкв талбайтай, улсын бүртгэлийн ..... дугаартай, ... дугаарын гэрчилгээтэй орон сууцыг А.С, Д.М, М.Н, М.Г, М.У, М.Б нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болохыг тогтоож, М.Н, М.Г, М.У, М.Б нарыг тус орон сууцны хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд нэмж бүртгүүлэхийг даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин зохигч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч А.С, Д.М нар тус орон сууцыг Хөгжлийн банкинд барьцаанд тавьсан талаар мэдүүлж байх ба хэрэгт авагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-26/, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2150 дугаартай ... Монгол улсын хөгжлийн банк ХХК-тай байгуулсан 2017 оны барьцааны гэрээ бүртгэлтэй байна. гэх агуулгатай албан бичгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй., 153.2.Барьцааны эрх үүссэнээр тухайн этгээд үүргийн гүйцэтгэлийг шаардах давуу эрх эдэлнэ. гэж заасан байх тул М.Н, М.Г, М.У, М.Б нарыг өмчлөгчөөр тогтоох нь Монгол улсын хөгжлийн банкинд барьцаалсан барьцааны эрхэд нөлөөлөхгүй болохыг дурдах дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Н, М.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн ... хороо, Үйлдвэр, :::-р байрны 2-р давхрын .... тоот хаягт байрлах 208,4 мкв талбайтай, улсын бүртгэлийн ..... дугаартай, ... дугаарын гэрчилгээтэй орон сууцыг А.С, Д.М, М.Н, М.Г, М.У, М.Б нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоож, М.Н, М.Г, М.У, М.Б нарыг тус орон сууцны хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд нэмж бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгасугай.
2.Хан-Уул дүүргийн ... хороо, Үйлдвэр, :::-р байрны 2-р давхрын .... тоот хаягт байрлах 208,4 мкв талбайтай, улсын бүртгэлийн ..... дугаартай, ... дугаарын гэрчилгээтэй орон сууцыг А.С, Д.М, М.Н, М.Г, М.У, М.Б нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоож, улсын бүртгэлд нэмж бүртгэх нь тус орон сууцанд бүртгэгдсэн барьцааны эрхэд саад болохгүйг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА