| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 195/2025/2217/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2559 |
| Огноо | 2025-11-14 |
| Зүйл хэсэг | 13.14.1, |
| Улсын яллагч | С.Батгэрэл |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2559
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,
улсын яллагч С.Батгэрэл, /СХД/
шүүгдэгч ******, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******** оны 03 дугаар сарын 28-ны өдөр ********** төрсөн, 4*******3 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, **********, ам бүл 5, нөхөр хүүхдийн хамт ********** хороо ********** хэсэг гудамжны ****** тоотод оршин суух хаягтай боловч ********* дүүргийн ********** дугаар хороо *********** дугаар гудамж ********* тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ****** овогт ******гийн ****** /РД:**********/,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ****** нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...****** гэх хүүхэн манай нөхөртэй явалдаад олон жил болж байна. Би ямар жоохон охин байгаа биш гэр бүлээ салгах, 3 хүүхдээ өнчрүүлэх талаар бодохгүй шүү дээ. Түүнчлэн би ****** гэх хүнтэй утсаар холбогдоод “...чи яагаад ингээд байдаг юм бэ? эсвэл манай нөхөр чамтай сууна гээд байдаг юм уу?...” гэж асуухад тэр надад “...би дахиж ингэхгүй, манай гэрийнхэн надад хэлсэн, би одоо ойлгосон, чи манай хүү рүү бас хэлсэн юм байна, хүү маань уурлаад над руу ярьсан, одоо би дахиж ингэхгүй, чи тайван бай...” гээд өөрөө хэргээ хүлээж ярьчхаад дараа нь намайг цагдаад өгсөн байсан. Би анх ******гийн нөхөрт энэ талаар хэлж байсан юм. Гэтэл ****** над руу “...би чамайг харах хараагүй, хэлэх хэлгүй болгоно, чамайг хэвтүүлээд өгье, адал явдал өрнүүлээд өгье...” гэсэн агуулга бүхий мессеж бичсэн байсан. Үүнээс хойш 04 дүгээр сарын сүүлээр би гэнэт цус алдаад хагалгаанд орсон. Энэ хүн өөрөө л намайг фейсбүүк-д пост оруулах хэмжээнд хүргэсэн. Мөн ****** надад “...амьдаараа хаягдах ямар байна, наад хүнээ хурдан явуул, хүнд хүн илүүдэхгүй...” гэж хэлсэн” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Гэм буруугийн талаар
Улсын яллагч нь “...шүүгдэгч ******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төрд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч ******ийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ: “...Миний үйлчлүүлэгч хүн гүтгэсэн асуудал байхгүй, хохирогч нь олон жил ******ийн нөхөртэй харилцаатай байсан нь түүний мэдүүлэгт дурдагдсан байдаг. Яагаад тэр эмэгтэй ******ийн нөхөртэй Баянчандмань явж амраад байгаа, яагаад шөнийн цагаар утсаар яриад холбогдоод байдаг юм. Энэ байдлаас болж аргагүй эрхэнд зар дээр тавьсан байдаг тул ******ийг цагаатгах байр сууринаас оролцож байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ******т холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд:
Шүүгдэгч ****** нь 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ******* дүүргийн ****** дугаар хороо ******** дугаар гудамж ******** тоот гэртээ байхдаа өөрийн “****** ******” гэсэн фейсбүүк хаягаас ****** ХХК-ны зарын фейсбүүк групп, ****** зарын нэгдсэн групп, ****** сумын зарын группэд иргэн ******гийн зургийг тавьж “Ичиж амьдар...айлын амьдрал самарсан авгай дураараа я...” гэсэн бичвэртэй мэдээллийг цахим орчинд байршуулан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйл баримт нь:
1. Гэмт хэрэг зөрчлийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...****** аймгийн ***** дугаар баг ******** тоот хаягт оршин суудаг ******ы ******гээс бичгээр гаргасан “****** ****** гэх фейсбүүк хаягаас миний нэр төрд халдсан худал мэдээллийг ****** ХХК-ны фейсбүүк зарын группт байршуулсан байна” гэх (хавтаст хэргийн 10-11 дэх тал)
2. Хохирогч ******: “...2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс авхуулан ****** овогтой ****** нь нөхөр ****** гэх хүнтэй хардан цахим буюу фейсбүүк хаягаар удаа дараа “цайрсан авгай, янхан” гэх мэт хүний хэлж болох бүх муухай үгсээр доромжилж ****** зарын 2 группэд, ****** зарын нэгдсэн 3 группэд, ****** сумын зарын групп, миний мэдэж байгаагаар 6 зарын группт намайг тавьсан байсан. Тийм учраас нэр төрөө цэвэрлүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би тухайн ****** гэх хүний нөхөр болох ****** гэх хүнийг танина, ****** ХХК-д ажиллаж байхдаа танилууд болсон. Надад ямар нэгэн дотно харилцаанд орсон зүйл байхгүй.. Би сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй. ****** нь ****** гэх хүнтэй уулзаж учраад байна гэж бодоод хардаад байдаг юм шиг байсан. Хоорондоо маргалдахаараа миний нэрийг оролцуулаад байдаг юм шиг байна лээ. Би гомдолтой байна хуулийн дагуу хэргийг шийдүүлмээр байна” гэх (хавтаст хэргийн 15-16 дахь тал),
3. Гэрч ******: “...Би 2014 онд байх ******ХХК-д ажиллаж байхдаа ******тэй танилцаж байсан. Хааяа нэг залгаж ярьдаг найз нөхдийн холбоотой хүмүүс байгаа юм. Сүүлийн үед манай эхнэр ****** ******тэй хардаад байдаг болсон. Тэгээд ****** нь ******тэй холбоотой мэдээллийг фейсбүүкт оруулах үедээ Улаанбаатар хот *** дүүрэг ********* дугаар хороо ******** тоот хаягт өөрийн гэртээ байхдаа фейсбүүкт оруулсан байсан. Би ******тэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж байгаагүй, манай эхнэр ****** намайг хий хардаад байдаг юм. Би ******тэй найз нөхдийн холбоотойгоор хааяа утсаар ярьдаг юм. ****** ****** гэх фейсбүүк хаягтай бөгөөд уг хаягаараа фейсбүүкт мэдээлэл оруулсан байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
4. Шүүгдэгч ******ийн: “...Миний бие ******** дүүргийн **** дугаар хороо ********** дугаар гудамжны ********* тоотод гэр бүлийн хамт оршин суудаг. Манай нөхөр ****** нь 2023 оноос эхэлж ******н туслан гүйцэтгэх компанид жолоочоор ажиллаж эхэлсэн бөгөөд одоог хүртэл ажиллаж байгаа. Ажиллаж байх хугацаандаа манай нөхөр ****** нь тэнд хамт ажилладаг ****** гэх эмэгтэйтэй танил болсон байсныг би тухайн үедээ мэддэг болсон. Түүнээс хойш би ер нь хараад байхад үе үе хоорондоо утсаар яриад утсаар яриад харилцаад байдаг байж магадгүй юм байна гэж боддог байсан. Тэгээд өмнө жил буюу 2024 оны 12 дугаар сард гэртээ байж байх үедээ нөхрийн хуучин ашиглаж байсан гар утсыг манай хүүхэд ашиглахаар болоод би утсыг нь үзээд байж байтал манай нөхөр ****** болон тэнд хамт ажилладаг гэх ****** гэх хүнтэй хоорондоо олон удаа утсаар ярьсан байхаар нь би нөхөртөө уурлаад “чи одоо хүртэл энэ авгайтайгаа харьцдаг юм байна” гэсэн ярианаас болоод нөхөр бид хоёр маргалдсан. Тэр уурандаа би тэр авгай руу залгаад “ чи нас намбандаа байхгүй ямар учиртай юм бэ, би чамайг ажлынхан, нутаг усныханд чинь харуулаад өгье” гэж хэлээд би өөрийн ашигладаг ****** ****** гэх фейсбүүк хаягаасаа ******ажилчдын зарын групп болон ****** аймгийн нэгдсэн групп, Ханхонгор сумын нэгдсэн групп зэрэгт “ нас намбаандаа байж чадахгүй бол одоо яаая гэхэв дээ, айл айл гэр үймүүлсэн янхан авгай” гэсэн утга бүхий тэр хүний зурагтай постуудыг оруулсан. Постууд оруулсны дараа над руу манай нөхөр залгаад “чи зүгээр байгаа хүний мэдээллийг орууллаа” гэсэн утгатай юм яриад уурласан. Тэгээд би удахгүй тэр постуудыг нь устгасан. Урьд өмнө нэг удаа бас фейсбүүк дээр тавьж байсан. Энэ асуудлаас болоод манай гэр бүлийн харилцаа муудаж тогтворгүй, хэрүүлтэй болсон. Би өөрийн нөхөр ******г ****** гэх хүнтэй хардаж маргалдсаны улмаас уурандаа тухайн постуудыг өөрийн ****** ****** гэх фейсбүүк хаягаасаа оруулсан. Одоо тухайн хаягийн ашиглаж байгаа. Одоо постууд байхгүй, тухайн үедээ устгасан. Би бол нүдээрээ үзэж хараагүй. Гэхдээ ер нь хоорондоо утсаар байнгын холбоотой байдаг гэдгийг би харж байсан. ...Энэ ****** гэх хүн намайг олон жил доромжилж манай нөхөртэй явалдсан манай гэр бүлийг салгах хэмжээнд хүргэсэн, хамгийн сүүлд 2025 оны 12 дугаар сарын 29-ны өдөр фейсбүүк дээр нь зураг нь байхаар нь би зургийг нь авч байгаад ******н ажилчдын зарын групп дээр манай нөхөртэй явалдаад байгаа янхан авгай гэх зэргээр бичээд пост оруулчихсан юм” гэх (хавтаст хэргийн 25-26, 34-35 дахь тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт “...итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” гэж иргэний ёсчлон биелүүлэх үндсэн үүргийг тодорхойлсон.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилжээ.
Хүний нэр төр гэдэг нь тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг,
Хүний алдар хүнд гэдэг нь бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг,
Илт худал мэдээлэл гэдэг нь бодит байдалтай огт нийцэхгүй мэдээллийг,
Олон нийтэд тараасан гэж илт худал мэдээллийг нэг буюу түүнээс олон хүнд түгээсэн байхыг тус тус ойлгоно.
Эндээс үзвэл, Худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон агуулгатай бус харин илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйлдлийг ойлговол зохино.
Хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгч ****** нь өөрийн ****** ****** гэсэн нэртэй фейсбүүк хаягаас ****** зарын 2 группэд, ****** зарын нэгдсэн групп, ****** сумын зарын группэд тухайн газарт ажилладаг иргэн ******гийн зургийг тавьж “Ичиж амьдар...айлын амьдрал самарсан авгай дураараа я... байна” гэсэн бичвэртэй мэдээллийг цахим орчинд байршуулан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон, мөн шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн мэдүүлэгт үйлдлээ хүлээн зөвшөөрсөн зэрэг нотлох баримттай байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь ямар нэгэн баримтгүйгээр, өөрийн таамаглалд үндэслэн өөрийн нөхөр ******тай хохирогч ******г дотно харилцаа холбоотой байж болзошгүй хэмээн үзэж, улмаар хохирогчийн ажлын газрын болон амьдардаг газрын цахим группэд түүний талаар илт худал мэдээлэл оруулснаар хүний нэр төрд халдсан үйлдэл хийснээр тухайн гэмт хэрэг төгссөн байна.
Шүүгдэгч ******ийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний нэр төрд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хэдийгээр шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь “тухайн хүний нэр төрд халдсан зүйл байхгүй, тухайн явдал үнэн бодитой” гэж мэтгэлцсэн боловч тэдгээрийн гаргаж тайлбарлаж буй үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй тул шүүгдэгч ******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, түүнийг цагаатгаж шийдвэрлэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хохирол төлбөрийн тухайд:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч ****** нь гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал) гаргасан байх тул шүүгдэгч ******ийг хохирогч ******д төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...шүүгдэгч ******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэх” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч ******ийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нь “...миний үйлчлүүлэгч ажилд ороод удаагүй байгаа. Тэрээр бага насны хүүхдээ асардаг зэрэг байдлыг харгалзан 450 нэгжээр торгох ялыг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, тус үйлдлийн улмаас хохирогчид учирсан хор уршгийн шинж, түүний хувийн байдал /...ажил хөдөлмөр эрхэлдэг, бага насны хүүхдүүдтэй/ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин, орлогын хэмжээг харгалзан 5 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч ****** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгч ******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овогт ******гийн ******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний нэр төрд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******т 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******т оногдуулсан торгох ялыг 5 (таван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ