Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2021/ДШМ/768

 

                                                      Д.М, Л.Э  нарт

                               холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Баянмөнх,

шүүгдэгч, хохирогч Д.М-н өмгөөлөгч Ч.Өнөржаргал,

шүүгдэгч, хохирогч Л.Э-н өмгөөлөгч Э.Одгэрэл,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 2021/ШЦТ/379 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.М-н өмгөөлөгч Ч.Өнөржаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.М, Л.Э  нарт холбогдох 2005 00926 0856 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. М овгийн Д-н М, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, механикийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдүүдийн хамт ......................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............../;

2. Б овогт Л-н Э, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ......... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............./

Д.М нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар дунд сургуулийн гадна автомашины зам хааж тавьсны улмаас үүссэн маргааны үед иргэн Л.Э-н нүүрэнд толгойгоороо мөргөж биед нь баруун нүдний ухархайн доод хана, гадна ханын хугарал, тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Л.Э нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар дунд сургуулийн гадна автомашины зам хааж тавьсны улмаас үүсэн маргааны үед иргэн Д.М-н ..-.. УБХ улсын дугаартай “Toyota aqua” загварын автомашины цонх руу чулуу шидэж урд салхины шилийг хагалж, баруун хойд үндсэн крило, баруун хойд хаалга, зүүн урд хаалга, зүүн хойд хаалгыг цохиж гэмтээсний улмаас 410.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Л.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  М овогт Д-н М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Б овогт Л-н Э-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М-д 750 нэгжтэй тэнцэх хэмжээний 750.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар Л.Э-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.М, Л.Э  нарт оногдуулсан торгох ялуудыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.М, Л.Э  нар нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.М-с 2.110.724 төгрөг гаргуулж хохирогч Л.Э-т, шүүгдэгч Л.Э-с 695.000 төгрөг гаргуулж хохирогч Д.М-д тус тус олгож, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

    Шүүгдэгч Д.М-н өмгөөлөгч Ч.Өнөржаргал гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг гарсан гэх нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй нь Д.М, Л.Э  нарт холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг бүрдүүлсэн.

     Өмгөөлөгч Ч.Өнөржаргал миний бие 2020 оны 3 дугаар сард Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд 140-147 дахь талд авагдсан бичгийн нотлох баримтыг шүүхэд бүрдүүлэн өгсөн бөгөөд уг шүүх хуралдаанаар уг хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан.

       Гэтэл мөрдөн шалгах, хянах ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллагууд нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар 5 гэрчийг асуух байсан боловч Даваахүү гэх иргэнийг гэрчээр мэдүүлэг авах ажиллагааг хийхгүйгээр шүүхэд хэргийг шилжүүлсэн.

       Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд Н.Даваахүү гэх иргэнийг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргасан боловч уг хуралдаанаар анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд  харин 2 холбогдогчийн үйлдэл холбогдлын хэрэгт цугларан нотлох баримтын хүрээнд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

      Харин өмгөөлөгчийн хувьд тухайн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд миний үйлчлүүлэгч Д.М-н үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвтгөж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн аваагүй болно.

        Иймээс өмгөөлөгч миний бие нь 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн шүүх хуралдаанд Н.Д-г гэрчээр асуулгах ажиллагаа хийлгэх нь холбогдогч Д.М, Л.Э  нарын үйлдэл нь үнэхээр гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан эсэх, аргагүй хамгаалалтын шинжтэй нөхцөл байдал болсон эсэхийг тодруулахад ач холбогдол бүхий байдлыг тогтоох боломж байсан эсэхийг үгүйсгэхгүй юм.

              Энэхүү мөрдөн шалгах ажиллагааг хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан зарчимд нийцэх билээ.

            Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим болох хэргийн бодит байдлыг олж тогтоох зарчмын хүрээнд 1 дүгээр хавтаст хэргийн 146 дугаар талд гаргаж өгсөн баримтад авагдсан Н.Даваахүүг гэрчээр асууж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч, хохирогч Л.Э-н өмгөөлөгч Э.Одгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцож эхэлснээсээ хойш өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, аргагүй хамгаалалт байсан мэтээр тайлбарлаж, өөрт нь хохирол учирсан талаар тайлбар өгсөн. Энэ хэргийн талаар гэрч нар хангалттай мэдүүлэг өгсөн. Д.М автомашинаа унаад цаашаа явсан гэсэн байдаг. Автомашинаа унаад цаашаа явж байгаа хүний араас чулуу шидэхэд урд шил нь хагарсан гэж байгаа нь ойлгомжгүй. Д.М-с “Л.Э-тай заамдалцаад байж байхад, автомашины гупер луу нь өшиглөөд, гупер нь хагарсан” гэж мэдүүлсэн. Гэтэл “Итгэлт инвестмент” ХХК-ийн дүгнэлтэд “гупер, кирло, 3 хаалга хонхойсон” гэсэн байдаг. Заамдалцсан байх үедээ хүн өшиглөх, өшиглөснөөр будаг халцрах боломжтой эсэх эргэлзээтэй асуудлууд байдаг. Л.Э болон түүний эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй, эхнэр нь уушгины хүнд өвчтэй учраас гэр бүлээ эрсдэлд оруулахгүйн тулд шүүхээр явахаас татгалзаж, давж заалдах гомдол гаргаагүй, маргааныг дуусгавар болгохыг хүссэн. Д.М-н өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй үзэж байна. ...” гэв.

 

            Прокурор Т.Баянмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Д.М-н  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчийн мэдүүлэг болон анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Хэрэгт цугларсан нотлох баримтын үндэслэн Д.М-н гэм буруу эсэхийг шүүхээр зайлшгүй тогтоох шаардлагатай гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс Д.М-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Д.М нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар дунд сургуулийн гадна автомашины зам хааж тавьсны улмаас үүссэн маргааны үед иргэн Л.Э-н нүүрэнд толгойгоороо мөргөж биед нь баруун нүдний ухархайн доод хана, гадна ханын хугарал, тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Л.Э нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар дунд сургуулийн гадна автомашины зам хааж тавьсны улмаас үүсэн маргааны үед иргэн Д.М-н ..-.. УБХ улсын дугаартай “Toyota aqua” загварын автомашины цонх руу чулуу шидэж урд салхины шилийг хагалж, баруун хойд үндсэн крило, баруун хойд хаалга, зүүн урд хаалга, зүүн хойд хаалгыг цохиж гэмтээсний улмаас 410.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Д.М-н хохирогчоор өгсөн “... Намайг сургууль руу ороод 5 минут болж байхад манай аав Даваасүрэн нь машинаа холдуул гээд залгаад байна гэхээр нь А-ыг хувцаслаад 10 минут болоод аваад гараад ирэхэд нэг залуу юу ч хэлэлгүй ирээд миний цээж хэсэг рүү цохисон. ... Тухайн үл таних залуу намайг машиндаа суухад миний машины шил рүү цохиод байсан. Намайг машинтайгаа зугтаахад миний араас чулуу шидээд миний тээврийн хэрэгслийн урд талын шилийг цуулсан. ...” /1 хх 190-191/,

Л.Э-н хохирогчоор өгсөн “...Машин дээрээ ирэхэд миний машиныг ..-.. УБХ улсын дугаартай автомашин хаагаад зогссон байсан. Тэгээд жолооч руу нь залгаад би өөрөө ярьж чадахгүй тул охин А-р яриултал “одоо очлоо” гэж хэлсэн. Тэгээд удаад байхаар нь дахиад охиноороо нөгөө утас руу залгуулж яриултал миний машиныг аваад явж гэж хэлсэн. ... Тэр залуу намайг шоолж инээгээд байсан. Тэгэхээр нь би тэр залуугийн зүүр мөр лүү  нь түлхсэн чинь нөгөө залуу цамцаа тайлаад бид хоёр заамдалцаад зогсож байгаад арай цохичихгүй байх гэж бодтол шууд баруун нүд, хацар орчим мөргөсөн. ...” /1 хх 29-31/,

насанд хүрээгүй гэрч Э.А-н “... Тэгээд манай аав машин таглаж тавьсан жолооч ах хоёр бие биенээ заамдсан. ... би машиндаа ороод сууж байтал манай аавыг тэр ах цохих шиг болсон. ...” /1 хх 32-33/

гэрч Л.Д-н “... Над руу тэр жаахан охин юу гэж залгаад байгаа нь мэдэгдэхгүй дахин залгаад яриад байсан. Тухай үед М миний машиныг унаад сургуулиас  хүүхэд авах гээд явсан байсан. Тэр охиныг над руу залгаад байхаар нь би М руу залгаж машин гарна гээд байна гэж хэлэх гэсэн боловч утсаа аваагүй. ...” /1 хх 38/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Л.Э-н биед баруун нүдний ухархайн доод хана, гадна ханын хугарал, тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэх 12378 дугаартай дүгнэлт /1 хх 43/

“Лазер мед” эмнэлгийн компьютерт томографийн шинжилгээ /1 хх 44/, Гэрэгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан /1 хх 148-149, 201-203/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан, анхан шатны шүүх шүүгдэгч Д.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч Л.Э-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Түүнчлэн, шүүхээс шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Л.Э-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэрэгт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ... гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Д.М-н өмгөөлөгч Ч.Өнөржаргалаас “... хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох Н.Даваанямыг гэрчээр асууж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байхаас гадна шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан гэрч нарын болон өөрсдийнх нь хохирогчоор өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Өмгөөлөгч Ч.Өнөржаргалын гомдолд дурдсан Н.Даваахүү гэгчээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг хийснээр гэмт хэрэг гарсан нөхцөл байдал өөрчлөгдөх, мөн шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсэхгүй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Харин давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан бөгөөд Л.Э, Д.М нарын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Шүүгдэгч Л.Э, Д.М нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрч, учруулсан хохирлоо тус бүрдээ нөхөн төлөхөө илэрхийлсэн тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялыг тус тус өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 2021/ШЦТ/379 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Л.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.М-н өмгөөлөгч Ч.Өнөржаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МӨНХӨӨ  

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР