Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1243

 

Ж.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/01214 дугаар шийдвэртэй, Ж.Ө-ын нэхэмжлэлтэй, хариуцагч УБТЗ ХНН-д холбогдох, Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн    Б-I-368 дугаар тушаалын холбогдох хэсэг, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б-II-320 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, шинэ бүтцээр Барилга, орон сууцны албаны даргаар эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш  нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэл болон тайлбартаа: Ж.Ө-ын нэхэмжлэлтэй, УБТЗ ХНН-д холбогдох хөдөлмөрийн маргааныг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/02569 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар урьд эрхэлж байсан Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн дарга буюу одоогийн Барилгын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8 588 814 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж, Улсын Дээд шүүх 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 001/ХТ2018/00551 дугаар тогтоолоор улсын тэмдэгтийн хураамжийн хэсэгт өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээсэн. Хүчин төгөлдөр болсон шийдвэрийг хариуцагч биелүүлэхгүй байсаар 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 18/540 дугаартай албан бичиг явуулсныг 16-ны өдөр хүлээн авсан. Уг албан бичигт Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б-I-368 дугаар тушаалаар Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн даргаар ажиллуулахаар заасан байсан.

Энэ нь урьд эрхэлж байсан “Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн дарга” албан тушаал биш, түүнтэй дүйцэхгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3. мэдэгдэл хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно, 103.5. энэ хуулийн 103.4 дэх хэсэгт зааснаас бусад ажилтны урьд ажиллаж байсан ажлын байр, албан тушаал цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэх өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасныг зөрчсөн.

Шүүх Ж.Ө-ыг Барилгын хэлтсийн даргын ажилд томилсон атал уг албан тушаалд ажиллаж байгаа Н.Энхтуяаг 1-т бичиж, 2-т нь ерөнхий инженер гэж чөлөөлж байгаа хэсэг дээр бичсэн. Томилж байгаа хэсэгтээ Барилгын хэлтсийн даргын ажлыг эрхэлж байгаа Н.Энхтуяа Барилга, орон сууцны албаны дарга болчихсон, Ж.Ө-ыг Барилга, угсралт, ашиглалтын хэлтсийн дарга гээд 2-т тавьж, 3-т нь ерөнхий инженер гэсэн байгаа. Хариуцагчийн гаргасан бүтцийн өөрчлөлт хийхийн өмнөх болон дараах тушаалд Барилгын хэлтсийн дарга Замын даргатайгаа шууд харьцдаг байсан бол дараагийн Барилга, угсралт, ашиглалтын хэлтсийн дарга гэх сүүлд томилсон албан тушаал нь Барилга, орон сууцны албаны даргатай харьцдаг болсон. Үүнээс нэхэмжлэгчийн зэрэг дэв буурсан нь тодорхой харагдаж, бүтцийн өөрчлөлт хийгдэхээс өмнө хэлтсийн дарга 1-т байсан бол сүүлд 3-т буюу ерөнхий инженерийн дор орж ирсэн.

Ажил олгогч нэхэмжлэгчийг үндэслэлгүй халсныг 3 шатны шүүх тогтоосоор байхад шийдвэрийг биелүүлэхгүй 1 жил гаруй хугацаа өнгөрсний дараа ажилд томилохдоо нэхэмжлэгчийн цалин хөлсийг бууруулсан. Нэхэмжлэгч нь хариуцагчид хүсэлт гаргаж, “шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлж өгнө үү” гэснээс биш “ямар ч хамаагүй албан тушаалд томилж өгөөч, зэрэг дэв, цалинг бууруулж ажилд томилсон тохиолдолд хүлээн зөвшөөрнө” гэсэн зүйл огт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт шүүхийн шийдвэрээр нэгэнт ажилд нь тогтоогдсон этгээдийг урьд эрхэлж байсан ажилд томилно, харин ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилохоор заажээ. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас харахад нэхэмжлэгчийн албан тушаалын зэрэглэл, цалин буурсан нь тогтоогдож байгаа.

Хариуцагч тал нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрт заасан албан тушаалд эгүүлэн томилсон гэх боловч Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б-I-368 дугаар тушаалын 1 дэх хэсэгт тухайн үед ажиллаж байгаа хүмүүсийн албан тушаалыг бичиж, гэрээг дуусгавар болго гэж зааж, 2 дах хэсэгт цаашид ажиллах албан тушаалд томилсон байна. Уг тушаалаас үзэхэд Барилгын хэлтсийн зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлтөөр Барилга, орон сууцны алба болгон өөрчилсөн боловч намайг Барилга, орон сууцны албаны даргаар /урьд эрхэлж байсан Барилгын хэлтсийн даргын өөрчлөгдсөн нэр/ бус, түүний доторх нэгж болох Барилга, угсралт ашиглалтын хэлтсийн даргаар томилсон нь шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлсэн гэж үзнэ. Шинэ бүтцээр Барилга, орон сууцны алба нь шинээр барилга барьдаг болсон гэсэн нь үндэслэлгүй. Ж.Ө-ын өмнө ажиллаж байсан Барилга, угсралт, ашиглалтын хэлтэс нь барилга барьж байгуулж, угсрах чиг үүргийг хэрэгжүүлж байсан. Тэгэхээр Ж.Ө-ын хийж байгаагүй, шинэ ажил гарч ирсэн юм шиг тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Өмнөх Барилга угсралт, ашиглалтын хэлтэст ажиллаж байхдаа Сайншандад 24 айлын орон сууц, Зүүн хараад 48 айлын орон сууцны барилгыг эхлүүлж, Чойр хотын 24 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, хүлээлгэж өгсөн. Бүх өртөө зөрлөгүүдийн орон сууцны асуудлыг нэхэмжлэгч шийдэж байсан. Иймд шинэ бүтцээр байгуулагдсан Барилга орон сууцны албаны хийж байгаа ажлын хамрах хүрээ хуучин бүтцийн Барилга угсралт, ашиглалтын хэлтэстэй ижил байгаа. Ажлын нэр сольж, өөрчилж байгаад эгдүүцэж байна. Түүнээс заавал дарга болно гэх зүйл байхгүй, миний хийж байсан ажлыг үгүйсгэж ярьж болохгүй.

Иймд Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн дарга гэх нэртэй боловч өмнө эрхэлж байсан албан тушаалд бус, доод шатны албан тушаалд томилсон Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б-I-368 дугаар тушаалын холбогдох хэсэг, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б-II-320 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, шинэ бүтцээр Барилга, орон сууцны албаны даргаар эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/02569 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ж.Ө-ыг ажилд нь эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны цалин, олговор олгохыг даалгасан. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр түүнд ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 35 000 000 орчим төгрөгийг олгосон ба урьд эрхэлж байсан албан тушаал болох Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн даргаар 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б-I-368 дугаартай тушаалаар ажилд нь эгүүлэн томилсон.

Гэтэл нэхэмжлэгч ажилдаа томилогдсон тухай мэдсэн атлаа ажил тасалсан тул хүний нөөцийн албанаас утсаар болон 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 18/540 дугаар албан тоотоор ажилдаа ирж, ажил үүргээ гүйцэтгэхийг удаа дараа мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажилдаа ирээгүй. Иймээс Хөдөлмөрийн дотоод журмын 5.10, нэхэмжлэгчтэй 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцлийн 2.3 дахь хэсэгт заасан 2 буюу түүнээс дээш хоног ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэснийг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Улсын Дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гаргасан Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаарх 01 тоот зөвлөмжийн 3 дах хэсгийн 3.7-д ажил олгогч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон тохиолдолд ажилтантай дахин хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагагүй, харин гэрээний нөхцлүүдийн талаар зарим зүйлд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тухайн гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой гэж заасан байдаг. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн ажилд нь эгүүлэн тогтоосон тул дээрх зөвлөмжийн дагуу хөдөлмөрийн гэрээг дахин шинээр байгуулах үндэслэлгүй гэж үзэж байна.

Хэрэв нэхэмжлэгч нь өөр ажилд буруу томилсон гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацаанд шүүхэд гомдол гаргах боломжтой байсан. Нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Барилга угсралт, ашиглалтын хэлтэс нь бүтэц орон тооны өөрчлөлтөөр Барилга, орон сууцны албаны харьяалалд багтах болсон бөгөөд тус албаны дарга болон нэхэмжлэгчийн эгүүлэн томилогдсон Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн даргын ажлын байрны чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтууд 2 өөр буюу ажлын байранд тавигдах шаардлагын хувьд ч тэс өөр ялгаатай. Нэхэмжлэгчийн тайлбарлаж буй албан тушаал буурсан, бүтцийн өөрчлөлтөөр өмнө нь эрхэлж байсан албан тушаал одоогийн Барилга орон сууцны албатай дүйцэж байгаа гэдэг нь үндэслэлгүй.

Төмөр замын тээвэр нь орон даяар тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд шугам зам, өртөө хооронд ажиллаж байгаа ажилтнуудыг тогтвортой, тасралтгүй ажиллуулах зорилгоор Барилга, угсралт, ашиглалтын хэлтсийг татан буулгаж, шинээр Барилга, орон сууцны албыг бий болгосон. Түүнээс Барилга, угсралт, ашиглалтын хэлтэс өөрчлөгдөөд Барилга, орон сууцны алба болсон зүйл байхгүй. Өмнөх Барилга угсралт, ашиглалтын хэлтэс нь төмөр замын хэмжээнд зөвхөн шугам замын дагуух өртөөнд байгаа технологийн орон сууц буюу шугам зам дамжин ажиллаж, амьдардаг төмөр замчдын орон сууцны засвар, үйлчилгээ, арчлалт, хамгаалалтыг хариуцаж ажилладаг байсан бол одоогийн Барилга, орон сууцны алба нь төмөр замын хэмжээнд шугам зам өртөөлөх ажилчдад технологийн орон сууцыг шинээр барьж, орон сууцыг ажилчдад ашиглуулах, нийтийн аж ахуй буюу инженерийн шугам сүлжээ, халаалтын зуух, дулаан дамжуулах төв, халуун ус үйлдвэржүүлэх гэх мэт маш өргөн хүрээтэй мэргэжлийн ажиллагаа шаардсан ажлуудыг хийж гүйцэтгэхээр шинээр байгуулагдсан ба хуучин Барилгын хэлтэс нь дээрх ажлуудыг гүйцэтгэдэггүй байсан.

Нэхэмжлэгч нь ажил албан тушаалын зэрэглэл буурсан гээд байна. Зэрэг, дэв, цалин хөлс буурсан эсэх нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А439 дугаар тушаалаас харагдах бөгөөд хавсралт хэсэгт Барилгын хэлтсийг татан буулгаж, шинээр Барилга, орон сууцны албыг бий болгосон. Барилга, орон сууцны албаны доторх бүтцийн нэгжид Барилга, угсралт, ашиглалтын хэлтсийн даргын албан тушаалыг оруулсан. Өмнө нэхэмжлэгчийн ажил албан тушаалын үндсэн цалин 1 308 000 төгрөг байсан бол шинээр бий болсон Барилга, угсралт, ашиглалтын хэлтсийн даргын албан тушаалын 1 сарын үндсэн цалин 1 432 250 төгрөг. Иймд нэхэмжлэгчийн зэрэг дэв, албан тушаал, цалин хөлс буурсан асуудал байхгүй ба цалингийн тодорхойлолтоос харагдана. Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн дарга нь албаны унаагаар хангагдах нөхцөл, боломж байдаггүй. Өмнө нь ч тийм байгаагүй.

Шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлсэн гэдэг. Бид хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт дурдсан ажилд авч, энэ талаар мэдэгдээд байхад өөрөө мэдсээр байж ирээгүй, уг ажилд орохгүй гэх хандлагаар хүсэлт ирүүлсэн байсан. Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш хоногоор ажилдаа ирээгүйн улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дах хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.4. хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлийг баримтлан 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б-II-320 дугаар тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй бөгөөд хууль хэрэглээний алдаа байхгүй.

Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн хөтөлбөр 2030 хөтөлбөр хэрэгжиж, энэ хүрээнд Барилга, орон сууцны албыг шинээр байгуулж, ажлын байртай ойрхон технологийн орон сууцаар ажилтнуудыг хангахын тулд орон сууц, барилга барих тусгай чиг үүрэгтэй албыг байгуулсан. Өмнөх Барилгын хэлтэс энэ чиг үүргийг хэрэгжүүлдэггүй байсан. Барилга, орон сууцны алба байгуулагдаад 44 өртөө зөрлөгт 45 000 метр квадрат талбай бүхий орон сууцыг шинээр барьж, нийтийн аж ахуйн чиглэлээр уурын зуух, ус дулаан дамжуулах төв, цэвэрлэх байгууламж, бохирын станцын ажлуудыг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Ж.Ө-ын хүсэлт, шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилд нь эгүүлэн томилж байхад өөр албаны даргын албан тушаалд томилогдоно гэж байгаа нь ёс зүйгүй байна.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б-II-320 дугаар тушаалыг Замын нэгдүгээр орлогч дарга буюу Милостных Игорь Васеливич гарын үсэг зурж баталгаажуулсан. Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 24 дэх хэсэгт Замын орлогч дарга нь Замын даргын эзгүйд түүний үүргийг бүрэн хариуцаж биелүүлж ажиллана гэж заасан. Тухайн өдөр замын дарга албан томилолтоор гадаад улсад зорчиж байсан учир албан тушаалаа замын нэгдүгээр орлогч даргад шилжүүлсэн байсан юм.

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б-I-368 дугаар тушаалаар Барилгын хэлтсийн нэрийг өөрчлөөгүй, харин татан буулгаж Барилга, орон сууцны албыг шинээр байгуулсан. Түүнээс хуучин Барилгын хэлтэс нь нэрээ өөрчлөөд алба болсон зүйл биш. Хуучин барилгын хэлтэс 7 ажилтантай байсан бол одоо уг алба 13 ажилтантай 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Барилга, орон сууцны алба нь Төмөр замын орон сууцны бодлогод маш чухал үүрэгтэй тул мэргэжлийн хүн байх шаардлага тавигдсан нь ажлын байрны тодорхойлолтоос харагдана. Ж.Ө- нь барилгын чиглэлийн мэргэжилгүй. Тэрээр хүндэтгэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, сахилгын ноцтой зөрчлийг гаргасан учир ажлаас халсан нь үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан УБТЗ ХНН-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б-I-368 тоот тушаалын 2 дахь заалтын 2 буюу Ж.Ө-ыг Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн дарга гэх хэсэг болон 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б-II-320 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, УБТЗ ХНН-д холбогдох шинэ бүтцээр Барилга, орон сууцны албаны даргаар эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар улсын орлогоос 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/02569 дугаар шийдвэрээр “...нэхэмжлэгч Ж.Ө-ыг урьд эрхэлж байсан Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн дарга буюу одоогийн Барилгын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож...” шийдвэрлэснийг давж заалдах, хяналтын шатны шүүх хянаад хэвээр үлдээсэн. Хариуцагч уг шийдвэрийг биелүүлэхгүй байсаар 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 18/540 дугаар албан бичгээр “Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б-I-368 дугаар тушаалын дагуу Ж.Ө-ыг Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн даргаар томилсон тухай мэдэгдсэн.

Анхан шатны шүүх, одоогийн “Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн дарга” нь миний ажиллах албан тушаал биш, түүнтэй дүйцэхгүй байгааг үндэслэлтэй дүгнэж, ажилд томилсон болон халсан тушаалуудыг хүчингүй болгосон атлаа ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, 2017 онд хариуцагчаас мөн бүтцийн өөрчлөлт нэрээр нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас чөлөөлж байсныг шүүх тогтоосон бөгөөд энэ удаад өмнөхийн адил шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй 8 сар гаруй болсны эцэст дахин бүтцийн өөрчлөлт гэж зориуд албан тушаалын байдлыг дордуулж, шүүхийн шийдвэрт тусгасан нэрийг өгсөн ажил, албан тушаалд томилоод дараа нь түүнийгээ үндэслэн ажлаас халсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, шүүхийн шийдвэрт томилогдох ажлын байрыг тодорхой болгосноор хариуцагчийн дээрх хууль бус үйлдэл дахин давтагдаж, хууль зөрчих байдлыг зогсоон, бодитойгоор ажилдаа томилогдох боломж бүрдэх юм.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох 2018 оны бүтцийн өөрчлөлт хийхээс өмнөх нэхэмжлэгчийн ажиллаж байсан Барилга, угсралт, ашиглалтын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт болон Барилга, орон сууцны албаны даргын ажлын байрны тодорхойлолтоос замын даргатай шууд харьяалагдан ажилладаг байсан, шууд харьяалах ажлын байр нь барилга угсралтын ангиуд-барилга үйлдвэрлэлийн нэгдэл, мөн тэдгээрт заасан хүний нөөцийн тухайд хэрэгжүүлэх эрх хэмжээ, ажлын байрны зорилго, албан тушаалын зэрэг дэвийн мөрдөс зэргээр Ж.Ө-ын урьд эрхэлж байсан албан тушаал нь одоогийн Барилга, орон сууцны албаны даргын албан тушаал мөн болох нь тогтоогдох тул нэхэмжлэгчийн эрхийг хамгаалж, бүрэн сэргээх үүднээс шинэ бүтцээр Барилга, орон сууцны албаны даргаар эгүүлэн тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ж.Ө- нь хариуцагч УБТЗ ХНН-д холбогдуулан, тус байгууллагын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б-I-368 дугаар тушаалын өөрт холбогдох хэсэг, “Ж.Ө-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б-II-320 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, шинэ бүтцээр бий болсон Барилга, орон сууцны албаны даргаар эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ хариуцагч нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 36.2 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Улаанбаатар төмөр замын Хүний нөөцийн албаны “Бүтэц зохион байгуулалт, ажилтны тоог өөрчлөх, хэлтэс татан буулгах тухай” 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А-439 дүгээр тушаалын дагуу шинээр бий болсон Барилга, орон сууцны албаны дарга буюу урьд эрхэлж байсан ажил үүрэгтэй дүйцэхүйц албан тушаал болох Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн даргын ажилд шүүхийн шийдвэрийн дагуу тогтоож, энэ талаар түүнд мэдэгдсэн боловч ажил тасалсан зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд үндэслэн ажлаас халсан нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/02569 дугаар шийдвэрээр Ж.Ө-ыг УБТЗ ХНН-ын Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн дарга буюу одоогийн Барилгын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 588 814 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2485 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 001/ХТ2018/00551 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн байна. /хх 94-105/

 

Хариуцагч тал дээрх шийдвэрийг биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Ж.Ө- 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр “ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг даруй шийдвэрлүүлэх тухай” хүсэлтийг тухайн байгууллагад гаргаж байжээ. /хх152/ Хариуцагч тал 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Улаанбаатар төмөр замын даргын Б-I-368 дугаар тушаалаар Ж.Ө-ыг Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн даргаар 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс томилж, энэ тухай 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгчид 18/540 дугаартай “Мэдэгдэл” хүргүүлснийг, 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан үйл баримт тогтоогдов. /хх 7-8, 118/

 

Хэргийн баримтаас үзвэл, хариуцагч нь нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэр ёсоор Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн дарга буюу Барилгын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосон гэх боловч уг хэлтэс өмнө нь хариуцагч байгууллагын шууд удирдлагад үйл ажиллагаа явуулж, дарга, ерөнхий инженер, инженер эдийн засагч, их барилга, их засвар, дулаан сантехник, ашиглалт, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженер гэсэн бүрэлдэхүүнтэй, барилга ашиглалтын үйлчилгээний 1, 2, 3 дугаар анги харьяалагдах бүтэцтэй байжээ. /хх44-47/

 

Харин 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А-439 дугаар “Бүтэц зохион байгуулалт, ажилтны тоог өөрчлөх, хэлтэс татан буулгах тухай” тушаалд заагдсан Барилга орон сууцны алба нь дарга, ерөнхий инженер, инженер эдийн засагч, барилга угсралт, ашиглалтын хэлтсийн дарга гэсэн бүтэцтэй болсон ба тухайн барилга угсралт, ашиглалтын хэлтсийн даргын удирдлагад ашиглалтын инженер, дулааны сантехникийн инженер харьяалагдахаар өөрчлөгдсөн байна. /хх40-42, 48-53/

 

Дээрхээс үзвэл, ажил олгогч нь нэхэмжлэгчийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Барилгын хэлтсийн даргын ажилтай дүйцэхүйц албан тушаалд томилсон гэж үзэх үндэслэлгүй. Учир нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үеийн Барилгын хэлтсийн даргын албан тушаал нь УБТЗ-ын даргын шууд удирдлагад ажиллаж, ерөнхий инженер болон бусад албан тушаал харьяалагдаж байсныг, дээрх тушаалаар өөрчилсөн Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн дарга нь албаны дарга, ерөнхий инженерийн шууд удирдлагад харьяалагдах болсон байна. Энэ нь хариуцагч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүргээ биелүүлсэн гэж үзэхээргүй байна.

 

Иймд ажилтныг Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн даргын албан тушаалд томилсон гэх 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б-I-368 дугаар тушаалыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон гэж үзэхгүй тул уг тушаалын нэхэмжлэгч Ж.Ө-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй. Нэгэнт Ж.Ө-ыг ажилд нь эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй тохиолдолд түүнийг ажил тасалж, сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халж буй 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б-II-320 дугаар тушаал хууль бус юм. Иймд эдгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Харин, шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дээрх тушаалуудыг хүчингүй болгосон атлаа түүний үр дагаврыг шийдвэрлэхгүй орхигдуулсан байгааг зөвтгөж өөрчлөх буюу нэхэмжлэгч Ж.Ө-ын урьд эрхэлж байсан ажил албан тушаалд дүйцэх Барилга, орон сууцны албаны даргын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй. Тодруулбал, шүүхийн шийдвэрээр тогтоосон Барилгын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажлын үндсэн чиг үүрэг болон ажлын байранд хийгдвэл зохих ажлууд нь шинээр байгуулагдсан Барилга, орон сууцны албаны даргын ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын чиг үүрэг, хийх ажлын хүрээнд багтсан байна. Энэ нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, А-439 дүгээр тушаал, уг тушаалд үндэслэсэн орон тоо баталсан хавсралт, 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн даргын Ажлын байрны тодорхойлолт, Барилга, орон сууцны албаны даргын Ажлын байрны тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.  /хх23-25, 40-42, 106-113/

 

Түүнчлэн шүүхийн шийдвэрээр тогтоогдвол зохих барилгын хэлтсийн даргын албан тушаалын сарын цалин нь 1 583 800 төгрөгөөр батлагдсан байхад, хариуцагчийн томилсон барилга угсралт, ашиглалтын хэлтсийн дарга гэх албан тушаалын сарын цалин 1 432 250 төгрөгөөр тогтоогджээ. Иймд дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад УБТЗ ХНН-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б-I-368 дугаар тушаалын “...2 дах заалтын 2. Ж.Ө-ыг Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн дарга...” гэх хэсэг, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б-II-320 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Ө-ыг УБТЗ ХНН-ын Барилга, орон сууцны албаны дарга албан тушаалд тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч нь Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б-I-368 дугаар тушаалын талаарх мэдэгдлийг 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Улаанбаатар төмөр замын Нэгдүгээр орлогч даргын Б-II-320 дугаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус тус хүлээн авсан ба уг тушаалуудын талаарх гомдлоо шүүхэд 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүйг дурдах нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/01214 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан УБТЗ ХНН-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б-I-368 дугаар тушаалын 2 дах заалтын “...2. Ж.Ө-ыг Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн дарга...” гэсэн хэсэг, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б-II-320 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Ө-ыг УБТЗ ХНН-ын Барилга, орон сууцны албаны даргаар тогтоосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Ө- давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                           

                             ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                    Т.ТУЯА