Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 118/2017/0008/з |
Дугаар | 221/МА2017/0415 |
Огноо | 2017-06-13 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2017/0415
Т.Мөнхтөрийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баасанжаргал нарыг оролцуулан хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Т.Мөнхтөр болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баасанжаргал нарын гаргасан давж заалдах гомдлоор, Т.Мөнхтөрийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 54 дүгээр зүйлийн 54.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Мөнхтөрийн “Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Мөнхтөрийн Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/40 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
3 дахь заалтаар: Нэхэмжлэгч Т.Мөнхтөрийн ээлжийн амралтын нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Т.Мөнхтөр давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч: Тогтохбат овогтой Мөнхтөр миний бие хариуцагч Завхан аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд :
• Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.
• 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/40 дугаартай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилуулах.
• 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах.
• Ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг даалгуулах.
Гэтэл Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх иргэн миний нэхэмжлэлийг хэлэлцээд 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийн талаар:
Хариуцагч Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 тоот тушаал, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/40 дугаартай тушаалууд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч миний Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон хөдөлмөрлөх, цалин хөлс авах, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох зэрэг эрхийг хөндсөн, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан шинжээрээ сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актад хамаарч байгаа юм.
Хариуцагч дээр дурдсан хоёр захиргааны акт болох тушаалуудынхаа хууль зүйн үндэслэлийг үндэстэй гэж шүүхэд тайлбар гаргаж маргажээ. Гэтэл дээрх 2 тушаал нь дараах хууль зүйн үндэслэлээр хууль бус болох нь нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Нэхэмжлэгч миний бие нь төрийн жинхэнэ албан хаагч байсан ба Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу төрийн жинхэнэ албан хаагчын мэргэшсэн шалгалтад тэнцэж, Завхан аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар “Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтэн” хэмээх албан тушаалд томилогдсон. Энэ тушаалаас хойш миний албан тушаал эрхлэхийг түр түдгэлзүүлснээс өөрөөр төрийн жинхэнэ албанаас халах, хөдөлмөрийн харилцааг ямар хэлбэрээр дуусгавар болгосон шинжтэй эрхийн акт огт гараагүй болох нь хэрэгт байгаа бүхий л баримтаар тогтоогддог.
Энэ 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс хойш ажлаас халагдах буюу 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч миний ажил албан тушаал нь тухайн хэлтэстээ өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтэн болж өөрчлөгдсөн нь миний тайлбар болон гэрчийн мэдүүлэг ажлын төлөвлөгөө, үр дүнгийн гэрээ, хариуцагчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 дугаартай тушаал зэргээр тус тус нотлогдож байна.
Завхан аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс нь 2016 оны сонгуулийн үр дүнгээр Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж өөрчлөгдсөн нь нийтэд илэрхий баримт тул маргах зүйлгүй. Харин хэдийгээр ингэж өөрчлөгдсөн ч гэсэн нийгэмд үйлчлэх үйл ажиллагааны хэмжээ хязгаар, үйл ажиллагааны хүрээний хувьд хуульд заасан төрийн албаны чиг үүрэг нь хэвээрээ ба нэхэмжлэгч миний хийж байсан. Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтэн гэх албан тушаалын хийж гүйцэтгэх ажил нь ч хэвээрээ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан бүтэц орон тооны хүрээнд тус тус хадгалагдсан болох нь бүрэн нотлогдож байна.
Төрийн албан хаагчын тангараг өргөсөн, жинхэнэ албан хаагчийг өөр ажил албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тохиолдолд түүний өөрийнх нь хүсэл зоригийг харгалзан түүний өөрийнх нь зөвшөөрлөөр шийдвэрлэх нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдсан хэм хэмжээ юм.
Гэтэл байгууллагын бүтэц, орон тоо нь өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр бүтэц, орон тоо нь хэвээр хадгалагдаж байгаа, хуулиар хүлээсэн үүргээ хэвийн үргэлжлүүлж байгаа ажилтныг ямарч шалтгаангүйгээр төрийн өөр албан тушаалд томилсон, томилохдоо түр томилсон нь төрийн жинхэнэ албан хаагч, нэхэмжлэгч миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн, эрх зүйн байдлыг минь дордуулсан хууль бус тушаал юм.
Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагчийг түр томилох тухай зохицуулалт Монгол Улсын хууль тогтоомжид байхгүйн дээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэггтзаасныг ноцтой зөрчсөнөөрөө хууль бус гэж үзнэ.
Төрийн жинхэнэ албан хаагчийг дээр дурдсан хууль бусаар ажлыг нь өөрчилж, түр томилчхоод тухайн ажил албан тушаалд нь огт хамааралгүй сургалтуудад суу гэж албадаж, түүнийг нь биелүүлээгүйн төлөө Төрийн албанд эргэж 1 жил орох эрхгүйгээр халсан.
• 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/40 дугаартай тушаалынхаа хууль зүйн үндэслэлийн талаар хариуцагч тайлбарлахдаа “Т.Мөнхтөр нь харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлээгүй, ажлын байрны үндсэн чиг үүргээ биелүүлээгүй” гэж үндэслэл гаргадаг бөгөөд ямар дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэр вэ? гэдгийг тайлбарлаж, түүнийгээ нотлохдоо 2 удаагийн сургалтад суугаагүй гэж ээ.
• Энд дурдагдаад байгаа 2 удаагийн сургалтын нэг нь Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Монголын хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн” гээд ТББ хамтран зохион байгуулсан Аймаг, дүүргийн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийг чадваржуулахаар хөтөлбөртэй сургалт юм байна.
Энэхүү сургалтын хөтөлбөр хэрэгт авагдсан байх ба уг хөтөлбөр болон Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1-4/788 дугаартай албан бичиг, “Монголын хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн” ТББ-ын 2016 оны 09 сарын 23-ны өдрийн 12 дугаартай албан бичиг зэргээс үзвэл тус сургалт нь Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийг чадваржуулах зорилготой байх бөгөөд Хөдөлмөр, нийгмийн халамжийн байгууллага 1 төлөөлөл л тухайн хорооны гишүүн байхаар байна. Завхан аймгаас сургалтад хамрагдах иргэдийн нэрсийн жагсаалт гэх хэрэгт авагдсан баримтаас үзвэл тухайн сургалтад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 4 хүний нэр бичигджээ.
Түүний дотор байгууллагын удирдлагууд орсон байгааг хэлэх нь зүйтэй. Нэхэмжлэгч миний аймгийн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүнээр сонгосон, томилсон, батламжилсан ямар нэгэн шийдвэр байхгүй, ажил албан тушаалын хувьд хүүхдийн эрхийн хууль зүйн хороог хариуцан ажиллах хууль зүйн боломжгүй болох нь нотлогдож байна. Дараагийн сургалт нь Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 3/621 дугаартай албан бичгээр ирүүлсэн сургалт байжээ.
Уг албан бичгээс үзвэл уг сургалтад хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан нэг мэргэжилтэн оролцохоор байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 6/20 тушаалын 2 дахь заалтаас үзвэл тус газрын хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал хариуцсан ажилтан нь Нацагдоржийн Энхтуяа гэдэг хүн байхаар байна. Энэхүү тушаалын 3 дахь заалтад дурдагдсанаар миний бие тус газрын Нийгмийн халамжийн хэлтэст харьяалагдахаар байна.
Эдгээрээс бусдаар нэхэмжлэгч миний ажил албан тушаалын хувьд хэн гэдэг дээд шатны албан тушаалтан нь хуульд нийцсэн ямар шийдвэр гаргаж, түүнийг нь нэхэмжлэгч миний бие ямар байдлаар биелүүлээгүй болох нь нотлогдоогүй байна.
Иймд эл байдлуудад хууль зүйн дүгнэлт хийвэл 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 6/40 дугаартай тушаал нь хуульд нийцээгүй ба Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ 2 буюу түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн байхыг ажил олгогч өөрөө нотлох үүрэгтэй юм. Дээрх байдлаа нотлох зорилгоор шүүхэд ирүүлсэн 2 удаагийн сургалтууд нь нэхэмжлэгч миний албан үүрэгтэй огт холбоогүй болох нь нэхэмжлэгч миний дээр бичсэн нотолгоогоор тус тус тогтоогдоно.
Нэгэнт хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагууд нь бүрэн хэмжээгээр хангагдаж шийдвэрлэгдэх хууль зүйн үндэслэлтэй гэж нэхэмжлэгч миний бие үзэж байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баасанжаргал давж заалдах гомдолдоо: “Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 27 дугаартай шийдвэртэй, Тогтохбатын Мөнхтөрийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр анхан шатны шүүх хуралдаанд цахим хэлбэрээр оролцож, анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байгаа тул энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:
Нэхэмжлэгч шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
• Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
• 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/40 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах,
• 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойших ажилгүй байсан цалинг гаргуулах,
• Ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг даалгуулах.
Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийн талаар:
Хариуцагч Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 тоот тушаал, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/40 дугаартай тушаалууд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Т.Мөнхтөрийн Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон хөдөлмөрлөх, цалин хөлс авах, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох зэрэг эрхийг нь хөндсөн, хууль ёсны ашиг сонирхлыг нь хязгаарласан шинжээрээ “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт”-д хамаарч байгаа юм.
Хариуцагч дээр дурдсан 2 захиргааны акт болох тушаалуудынхаа хууль зүйн үндэслэлийг үндэстэй гэж шүүхэд тайлбар гаргаж маргажээ.
Гэтэл дээрх 2 тушаал нь дараах хууль зүйн үндэслэлээр хууль бус болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна.
• Нэхэмжлэгч Т.Мөнхтөр нь төрийн жинхэнэ албан хаагч байсан ба Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшсэн шалгалтад тэнцэж, Завхан аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар “Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтэн” хэмээх албан тушаалд томилогджээ. Энэ тушаалаас хойш нэхэмжлэгчийг албан тушаал эрхлэхийг түр түдгэлзүүлснээс өөрөөр төрийн жинхэнэ албанаас халах, хөдөлмөрийн харилцааг ямарваа хэлбэрээр дуусгавар болгосон шинжтэй эрхийн акт огт гараагүй болох нь хэрэгт байгаа бүхий л баримтаар тогтоогддог.
Энэ 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс хойш ажлаас халагдах буюу 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд Т.Мөнхтөрийн ажил, албан тушаал нь тухайн хэлтэстээ Өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтэн болж өөрчлөгдсөн нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, Т.Мөнхтөрийн ажлын төлөвлөгөө, үр дүнгийн гэрээ, хариуцагчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 дугаартай тушаал зэргээр тус тус нотлогдож байна.
Завхан аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс нь 2016 оны сонгуулийн үр дүнгээр Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж өөрчлөгдсөн нь нийтэд илэрхий баримт тул маргах зүйлгүй.
Харин хэдийгээр ингэж өөрчлөгдсөн ч гэсэн нийгэмд үйлчлэх үйл ажиллагааны хэмжээ хязгаар, үйл ажиллагааны хүрээний хувьд хуульд заасан төрийн албаны чиг үүрэг нь хэвээрээ ба нэхэмжлэгч Т.Мөнхтөрийн хийж байсан Өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтэн гэх албан тушаалын хийж гүйцэтгэх ажил нь ч хэвээрээ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан бүтэц, орон тооны хүрээнд хэвээр тус тус хадгалагдсан болох нь тус тус бүрэн нотлогдож байна.
Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн, жинхэнэ албан хаагчийг өөр ажил албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тохиолдолд түүний өөрийнх нь хүсэл зоригийг харгалзан түүний өөрийнх нь зөвшөөрлөөр шийдвэрлэх нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдсан хэм хэмжээ юм. Гэтэл байгууллагын бүтэц, орон тоо нь өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр бүтэц, орон тоо нь хэвээр хадгалагдаж байгаа, хуулиар хүлээсэн үүргээ хэвийн үргэлжлүүлж байгаа ажилтныг ямар ч шалтгаангүйгээр төрийн өөр албан тушаалд томилсон, томилохдоо түр томилсон нь төрийн жинхэнэ албан хаагч Т.Мөнхтөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн, эрх зүйн байдлыг нь дордуулсан хууль бус тушаал юм.
Өөрөөр хэлбэл, төрийн жинхэнэ албан хаагчийг түр томилох тухай зохицуулалт Монгол Улсын хууль тогтоомжид байхгүйн дээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөнөөрөө хууль бус гэж үзнэ. Гэтэл Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх байдлыг шийдвэрлэхэд Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг хангаагүй гэж үзэж байна.
Төрийн жинхэнэ албан хаагчийг дээр дурдсан хууль бусаар ажлыг нь өөрчилж, түр томилчхоод тухайн ажил албан тушаалд нь огт хамааралгүй сургалтуудад суу гэж албадаж, түүнийг нь биелүүлээгүйн төлөө төрийн албанд эргэж 1 жил орох эрхгүйгээр халсан маш ноцтой зөрчлийг хариуцагч гаргасан ба үүнийг нь хуулиар, шүүхээр хамгаалуулахаар шүүхэд хандахад шүүх нь нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгох замаар хариуцагчийн хууль бус үйлдлийг хаацайлсантай хэзээ ч эвлэрэх боломжгүй тул энэхүү давж заалдах гомдлыг гаргах үндэслэл болж байна.
• 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/40 дугаартай тушаалынхаа хууль зүйн үндэслэлийн талаар хариуцагч тайлбарлахдаа “Т.Мөнхтөр нь харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлээгүй, ажлын байрны үндсэн чиг үүргээ биелүүлээгүй” гэж үндэслэл гаргадаг бөгөөд ямар дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэр вэ? гэдгийг тайлбарлаж. түүнийгээ нотлохдоо 2 удаагийн сургалтад суугаагүй гэж тайлбарладаг.
Энд дурдагдаад байгаа 2 удаагийн сургалтын нэг нь Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Монголын хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн” ТББ-тай хамтран зохион байгуулсан “Аймаг, дүүргийн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийг чадваржуулахаар хөтөлбөртэй сургалт” юм байна. Энэхүү сургалтын хөтөлбөр хэрэгт авагдсан байх ба уг хөтөлбөр болон Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1-4/788 дугаартай албан бичиг, “Монголын хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн” ТББ-ын 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 12 дугаартай албан бичиг зэргээс үзвэл тус сургалт нь хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийг чадваржуулах зорилготой байх бөгөөд Хөдөлмөр, нийгмийн халамжийн байгууллага 1 төлөөлөл л тухайн хорооны гишүүн байхаар байна. Завхан аймгаас сургалтад хамрагдах иргэдийн нэрсийн жагсаалт гэх хэрэгт авагдсан баримтаас үзэхэд тухайн сургалтад ХХҮГ-аас 4 хүний нэр бичигджээ. Түүний дотор байгууллагын удирдлагууд орсон байгааг хэлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Т.Мөнхтөрийг аймгийн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүнээр сонгосон, томилсон, батламжилсан ямар нэгэн шийдвэргүй, ажил албан тушаалын хувьд хүүхдийн эрхийн хууль зүйн хороог хариуцан ажиллах хууль зүйн боломжгүй болох нь нотлогдож байна.
Дараагийн сургалт нь Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 3/621 дугаартай албан бичгээр ирүүлсэн сургалт байжээ. Уг албан бичгээс нь үзвэл уг сургалтад хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал хариуцсан 1 мэргэжилтэн оролцохоор байна. ХХҮГ-ын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 тушаалын 2 дахь заалтаас үзвэл тус газрын хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал хариуцсан ажилтан нь Нацагдоржийн Энхтуяа гэдэг хүн байхаар байна. Энэхүү тушаалын 3 дахь заалтад дурдагдсанаар Т.Мөнхтөр нь тус газрын Нийгмийн халамжийн хэлтэст харьяалагдахаар байна.
Гэтэл энэ 2 сургалтыг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д заасан дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэр гэж үзээд ажлаас халахдаа үндэслэл болгосон гэж хариуцагч тал удаа дараа тайлбарлаад байхад анхан шатны шүүх авч хэлэлцээгүй байж, хуулийн дагуу ажлаа хэвийн хийгээд явж байсан төрийн жинхэнэ албан хаагчийг хуулийн дагуу бүтэц орон тоо нь өөрчлөгдсөн ч гэсэн түүний чиг үүргийнх нь орон тоо хэвээр хадгалагдсаар байхад хүчээр өөр орон тоон дээр түр томилсон тушаалыг биелүүлээгүй нь үргэлжилсэн үйлдэлтэй сахилгын зөрчил гэж дүгнээд байгааг ойлгох боломжгүй, эс зөвшөөрөх шийдвэр гэж үзэх үндэслэл болж байна.
Эдгээрээс бусдаар Т.Мөнхтөрийг ажил албан тушаалын хувьд хэн гэдэг дээд шатны нь албан тушаалтан хуульд нийцсэн ямар шийдвэр гаргаж, түүнийг нь Т.Мөнхтөр ямар байдлаар биелүүлээгүй болох нь нотлогдоогүй байна.
Иймд эл байдлуудад хууль зүйн дүгнэлт хийвэл 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/40 дугаартай тушаал нь хуульд нийцээгүй ба төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ 2 буюу түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн байхыг ажил олгогч өөрөө нотлох үүрэгтэй юм.
Дээрх байдлаа нотлох зорилгоор шүүхэд ирүүлсэн 2 удаагийн сургалтууд нь Т.Мөнхтөрийн албан үүрэгтэй нь холбоогүй болох нь өмгөөлөгч миний дээр бичсэн нотолгоогоор тус тус тогтоогдоно. Нэгэнт хууль бус захиргааны акт болох нь тогтоогдсоор байтал нэхэмжлэлийн шаардлагуудыг нэг хэсгийг нь хууль буруу тайлбарлан хэрэглэх замаар хүлээж авахаас татгалзаж, нэг хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 27 дугаартай шийдвэрийг өөрчлөлт оруулах замаар зөвтгөж. нэхэмжлэгчийн эрхийг хамгаалж өгөхийг эрхэм давж заалдах шатны шүүхийн мэргэн, шударга шүүгчид та бүхнээс хүсч байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 тушаалын 1 дэх заалтаар аймгийн Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн бүтэц орон тоо өөрчлөгдөж байгаатай холбогдуулан нэр бүхий 32 албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 3 дахь заалтаар Нийгмийн халамжийн хэлтсийн Өрхийн хөгжил, хөтөлбөрүүдийн биелэлт хариуцсан мэргэжилтнээр Т.Мөнхтөрийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл түр томилсон байх бөгөөд үүний дараа Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар “Т.Мөнхтөрийг харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэр болон ажлын байрны үндсэн чиг үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халжээ.
Нэхэмжлэгч Т.Мөнхтөр “Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/40 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлж, бичилт хийлгэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан байх бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “...сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хэдийд ч гомдлоо гаргаж болно” гэж тайлбарлан маргаж, давж заалдах гомдолдоо “...Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг хангаагүй” гэжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” гэж заасан.
Уг хуулийн зүйл, заалтаас үзэхэд, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтан өөрөө эсхүл дээд шатны захиргааны байгууллага урьдчилан шийдвэрлэх журмаар хянаж, шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалт бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаатай хамааралгүй юм. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гээд мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.3-д “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан байна.
Анхан шатны шүүх “...гэрчийн мэдүүлгүүдээр Т.Мөнхтөр нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг мэдсэн, түүнд танилцуулсан гэж үзэх үндэслэлтэй, нэхэмжлэгч урьдчилсан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй гэж дүгнээд нэхэмжлэлийн “маргаан бүхий Б/20 дугаар тушаалын Т.Мөнхтөрд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн зөв байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “...Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д заасан дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэр гэж үзээд ажлаас халахдаа үндэслэл болгосон гэж хариуцагч тал удаа дараа тайлбарлаад байхад анхан шатны шүүх авч хэлэлцээгүй... түр томилсон тушаалыг биелүүлээгүй нь үргэлжилсэн үйлдэлтэй сахилгын зөрчил гэж дүгнээд байгааг ойлгох боломжгүй, эс зөвшөөрөх шийдвэр гэж үзэх үндэслэл болж байна. ...Б/40 дугаартай тушаал нь хуульд нийцээгүй, төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн... хуулиар хүлээсэн үүргээ 2 буюу түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн байхыг ажил олгогч өөрөө нотлох үүрэгтэй” гэжээ.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гээд 26.1.1-д “сануулах”, 26.1.2-т “албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”, 26.1.3-д “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”, 26.2-т “Энэ зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч өмнө нь Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, ажилдаа хариуцлагагүй хандсан тул Завхан аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар албан тушаалын цалинг 2 сарын хугацаанд 15 хувиар буруулах сахилгын шийтгэл авч байжээ.
Үүний дараа 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан сургалтад оролцохыг түүнд мэдэгдсэн боловч тус сургалтуудад суугаагүй болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Т.Мөнхтөр ямар сургалтад суух эсэхээ өөрөө тодорхойлж, өөрт таалагдсан сургалтад оролцох эрхтэй гэж үзсэн нь буруу юм.
Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч нь дараахь нийтлэг үүрэг хүлээнэ” гээд 13.1.4-д “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх аливаа нэг сургалтад оролцуулах нь тухайн байгууллагын дотогшоо чиглэсэн үйл ажиллагаа бөгөөд тухайн сургалтад оролцсоноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тухайн сургалтуудад оролцох ёстой байсан эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагагүй.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасан. Нэхэмжлэгч сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад давтан зөрчил гаргаж, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд Нийгмийн халамжийн хэлтсийн Өрхийн хөгжил, хөтөлбөрүүдийн биелэлт хариуцсан мэргэжилтний ажлыг хийж гүйцэтгээгүй, үргэлжилсэн үйлдэлтэй зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Т.Мөнхтөр нь тухайн томилогдсон албан тушаалын үүргээ гүйцэтгэж байх явцдаа нэхэмжлэл гаргаж, эрхээ хамгаалуулах, сэргээн тогтоолгох боломжтой байхад 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ажил үүргээ гүйцэтгээгүй нь буруу юм.
Мөн нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ихэсгэж, багасгаагүй бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, багасгаж, өөрчлөөгүй болохоо илэрхийлсэн. Харин нэмэлт тайлбар гаргах шатанд ээлжийн амралтын олговор авах хүсэлт байгаа тухайгаа илэрхийлснийг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн гэж үзэх боломжгүй.
Гэтэл анхан шатны шүүх хуулийн дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн гэж үзээд “ээлжийн амралтын нөхөн олговор гаргуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу тул шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг орууллаа.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтын дугаарыг 3, 5 дахь заалтын дугаарыг 4 болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР