Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 106

 

“Ж Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:      Д.Мөнхтуяа

Шүүгчид:                    Г.Банзрагч

                                   Б.Мөнхтуяа

                                   П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:           Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “Ж Х” ХХК-д холбогдох, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А-277 дугаар тушаалын “Ү О С” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0750 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2018/0017 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, өмгөөлөгч Г.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, өмгөөлөгч Э.У, Т.У нар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.У нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0750 дугаар шийдвэрээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.3, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж Х” ХХК-ийн гаргасан “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “Ж Х” ХХК-д холбогдох, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А-277 дугаар тушаалын “Ү О С” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0017 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0750 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт “...Гэтэл хариуцагчаас “Ж Х” ХХК-ийн газрын төлбөр төлсөн эсэхийг судалж тооцоо нийлж, акт үйлдээгүй, гэрээ байгуулснаас хойш газрын төлбөрийг төлсөн байтал газрын төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлгүй байна....” гэж дүгнэсэн. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4-т зааснаар Татварын алба иргэн, аж ахуйн нэгжтэй тооцоо нийлсэн акт үйлдэх үүрэгтэй бөгөөд хариуцагч байгууллага дээрх чиг үүргийг хэрэгжүүлдэггүй билээ. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д “сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж заасан ба шүүх энэ чиг үүргийг хариуцагч биелүүлээгүй, чиг үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн хуулийг буруу тайлбарлан дүгнэсэн байна. Мөн хэсэгт “...гэрээг дүгнээгүй...” гэжээ. Гэтэл гэрээ дүгнэх эрх нь Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон иргэн, аж ахуйн нэгж байгууллагын гэрээгээр хүлээсэн үүрэг байдаг тул гэрээ дүгнээгүй асуудлыг дээрх байгууллагуудын дан ганц үүрэг мэтээр дүгнэн, холбогдох нотлох баримтыг гаргуулалгүйгээр шийдвэрлэсэн болох нь үндэслэх хэсгээс харагддаг.

4. Түүнчлэн нэхэмжлэгч тал гэрээний 4.12-т заасан газар ашиглах гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын тайланг дараа оны 1 дүгээр сарын 20-ны дотор ирүүлж гэрээг дүгнүүлэх үүрэгтэйгээс гадна Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “...газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж заасныг зөрчиж, гэрээг нэг ч удаа дүгнүүлээгүй байхад анхан шатны шүүх дээрх зохицуулалтыг хариуцагч талын хүлээх үүрэг мэт тайлбарлан өрөөсгөл дүгнэсэн учраас хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

5. Гэрээний 2.5-д газар ашиглах хугацааг “2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр” гэж заасан ба Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “...газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” гэж заасны дагуу гэрээгээр хүлээсэн газар ашиглах хугацаанд газрын төлбөрийг төлөх үүрэг үүснэ гэж үзэж байна. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т “газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж зааснаас биш гэрээ байгуулснаас хойш газрын төлбөрийг төлнө гэсэн зохицуулалт байхгүй байхад шүүх гэрээ байгуулсан 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс газрын төлбөр төлөх эрх үүснэ гэж дүгнэсэн.

6. Гэрээний 4.3-т “...газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутам алданги төлөх”-өөр заасан. Гэрээний 2.4-т заасан тэнцүү хэмжээгээр буюу 3.465,000 төгрөгийг улирал бүрийн эхний сарын 24-ний дотор төлөх, мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д заасан “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх” зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Мөн газрын төлбөр төлөлт дутуу байхад анхан шатны шүүх үүнийг авч үзэж тогтоогоогүй.

7. Энэ хэргийг өмнө нь хянан хэлэлцсэн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 132 дугаар тогтоолд” газрыг ашиглаагүй үйл баримттай холбогдуулан хэрэгт хангалттай нотлох баримт цуглаагүй тул эцэслэн дүгнэлт хийх боломжгүй, нэмэлт нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай” гэж дүгнэн хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан байхад анхан шатны шүүх дахин хэргийг авч хэлэлцэхдээ Улсын Дээд шүүхийн тогтоолд дурдсан нотлох баримтыг цуглуулаагүй атлаа зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь “хэргийг нотлох баримтад үндэслэн шүүгч дотоод итгэл үнэмшлээр дүгнэнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. ...Мөн Улсын Дээд шүүхийн хуралдааны дээрх тогтоолд “нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас ямар шийдвэр гарсан, барилгын үйл ажиллагааг зогсоосон эсэх, үүнээс шалтгаалан нэхэмжлэгчид ямар үр дагавар учирсан, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсан хугацаа маргааны үйл баримтад хамааралтай эсэх талаар тодруулах шаардлагатай” гэснийг гүйцэтгээгүй.

8. Нэхэмжлэгч тал тухайн газар дээр “м” гэдэг төсөл батлуулсан гэх боловч төсөл байхгүй, хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байхад шүүх төсөл байгаа мэтээр дүгнэж шийдвэрлэсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5-д заасан “аялал жуулчлалын зориулалтаас өөр зориулалтаар үйл ажиллагаа явуулах”, 39 дүгээр зүйлийн 2-т “энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулах”, 33 дугаар зүйлийн 1-д “дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасныг зөрчин орон сууцны зориулалтаар “таун хаус” барьж байгаа нь хууль, журам, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, газрын зориулалтыг өөрчилсөн байдаг. Түүнчлэн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, барилга барих эксиз зураг төслийг Ерөнхий төлөвлөгөөний газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулаагүй, анх газар ашиглах зөвшөөрөл хүсэхдээ Богдхан уулын хамгаалалтын захиргааны саналыг гаргуулалгүйгээр Газар ашиглах тушаал гаргуулсан зэрэг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 34 дүгээр зүйлийн 2, 35 дугаар зүйлийн 2.1, 37 дугаар зүйл, 39 дүгээр зүйлийн 2, 41 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байсныг шүүх дүгнээгүй.

9. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр цуцалсан нь үндэслэлгүй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор зохицуулсан байна” гэжээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 1-д “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж зохицуулсны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Газрын тухай хуулийн 40.1.5 дахь заалтыг үндэслэн тушаал гаргах бүрэн эрхтэй байна.

10. “Ж Х” ХХК-ийн газар эзэмших эрх цуцлагдаагүй байхад “Ү О С” ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг хүлээн авч, газар ашиглуулах шийдвэр  гаргасан гэжээ. Гэтэл ямар ч хуульд газар ашиглах хүсэлт гаргах цаг хугацааг зааж өгдөггүй бөгөөд тухайн хуулийн этгээд хэзээ хүсэлт гаргасан нь хэрэгт ач холбогдолгүй байхад энэ үндэслэлээр “Ү О С” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалаар “Ж Х” ХХК-ийн тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрх дуусгавар болсон тул хууль, журмын дагуу хүсэлтээ гаргасан компанид газар ашиглах эрхийг сайдын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А-277 дугаар тушаалаар “Ү О С” ХХК-д олгосон захиргааны актыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

11. Дээрх үндэслэлүүдээс харахад нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй, нэхэмжлэгч өөрөө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь батлагддаг бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд захиргааны акт гаргахдаа холбогдох хуулийг зөрчөөгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

12. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т “газар ашиглах гэрээнд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг тусгана” гэжээ. Нэхэмжлэгчийн байгуулсан гурвалсан гэрээнд зааснаар газар ашиглагч нь төлбөрийг 2011/135 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т зааснаар тэнцүү хэмжээгээр буюу 3.465,000 төгрөгийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газраа ашигласан эсэхээс үл шалтгаалан газрын төлбөрийг бүрэн төлөх үүрэг хүлээсэн байна. Нэхэмжлэгч нь 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай гурвалсан гэрээ байгуулсан байх бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу газрын төлбөрөө төлсөн эсэх талаарх эрх бүхий байгууллагаас явуулсан хяналт шалгалтаар 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 13.860,000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 6.930,000 төгрөг нийт 20.790,000 төгрөгийг төлсөн байсан. Энэ үед нэхэмжлэгч газрын төлбөрийг зохих ёсоор гэрээнд заасны дагуу бүрэн төлөөгүй байсан учраас газар ашиглах гэрээ цуцлагдах аж ахуй нэгж байгууллагын жагсаалтад орсноор 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаал гарсан нь хууль зүйн үндэслэлтэй юм.

13. Нэхэмжлэгч компани зураг төслөө батлуулахаар 2013 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 03 тоот албан бичгээр нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хандсан гэх боловч нэхэмжлэгчийн батлуулах гээд байсан зураг нь ямар зураг байсан нь тодорхойгүй, энэ талаарх бичгийн баримт хэрэгт байдаггүй. Мөн нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтнүүдтэй удаа, дараа уулзаж барилгын ажлаа эрхлэх хүсэлтээ илэрхийлсэн гэх боловч ямар барилга эхлүүлэх гээд байсан талаарх баримтууд хэрэгт авагдаагүй. Шүүхээс энэ талаар холбогдох газруудаас тодруулаагүй, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын бичиг баримтад үзлэг хийгээгүй атлаа зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчид ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

14. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны 08 дугаар тогтоол, мөн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 227 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоол, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 02-02/2193 тоот мэдэгдэл зэрэгт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын зориулалтын асуудлыг шийдвэрлэтэл мөн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдах хүртэл барилгын зураг батлахгүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгохгүй, барилга барих ажлыг түтгэлзүүлэх тухай албан бичиг явуулсан нь нэхэмжлэгчийн ашиглахаар гэрээ байгуулсан газраас өөр байршилд байгаа, маргааны үйл баримтад хамааралгүй байгаа юм. Зайсан толгойн орчимд гэх байршил нь нэхэмжлэгчид олгогдсон талбайд хамаарахгүй ба дээрх тогтоол, шийдвэрүүд нь нэхэмжлэгчийн газраа зориулалтын дагуу ашиглахад саад болсон гэх нөхцөл байдал нотлогдоогүй.

15. Анхан шатны шүүхээс “Ж Х” ХХК-ийн ашиглаж байсан газарт дээрх албан тоотод заасан газар нь хамааралгүй, харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй байсан талбайн байршил нь дээрх албан бичигт дурдсан “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл болон улсын комисс ажиллуулахыг” хориглосон газарт хамаарч байгаа гэсэн. Ашиглах боломжгүй газарт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газар хамаарч байсан ба нэхэмжлэгчийн газар нь Зайсан толгой, Зайсангийн ам орчимд биш, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд хамаарал бүхий газар ба мөн газрын зориулалт нь гэрчилгээ, тушаалд тодорхой тусгагдсан газар байсан. “Ж Х” ХХК нь газар ашиглах тухай гэрээ байгуулснаас хойш өөрөөс нь үл хамаарах шалтгааны улмаас газраа ашиглах боломжгүй байсан, газраа 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж шат шатны шүүхээс дүгнэсэн боловч ямар зураг төслийн дагуу, ямар ажил эхлүүлэх гээд байсан тухай баримт хэрэгт огт байдаггүй юм. Нэхэмжлэгч харин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа ашиглаагүй шалтгаанаа үгүйсгэх зорилгоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд барилгын үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан гэх мэдээллийг овжноор ашиглан шүүхэд түүнийгээ үндэслэн тайлбар гаргасан.

16. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан мэдэгдэх үүргээ хариуцагч биелүүлээгүй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь буруу юм. Учир нь, “Ж Х” ХХК нь газар ашиглах эрхээ цуцлагдсаныг мэдээд дахин шинээр газар ашиглуулах хүсэлт гаргасныг Байгаль орчин, аялал жуулчлалын яам шийдвэрлэж 4.6 га дахин олгосон хэдий ч энэхүү газрыг нэхэмжлэгчийн ашиглах гэж байсан газраас илэрхий дордуулсан тухай нотлох баримт байхгүй, ашиглах боломжгүй гэсэн ямар нэгэн шинжээчийн дүгнэлт гараагүй ба нэхэмжлэгч шүүхэд маргаан үүсгэснээр 3.5 га дээр нэмэх нь 4.6 га, нийт 8.1 га газар ашиглах эрхтэй болсонд шүүх анхаарлаа хандуулаагүйд гомдолтой байна.

17. Улсын Дээд шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахдаа газар ашиглах гэрээг дүгнэсэн эсэх, газар ашиглах гэрээний болзол нөхцөлийг нэхэмжлэгч хэрхэн зөрчсөн зэргийг нотлох нь зүйд нийцэх талаар дурдсан байхад анхан шатны шүүхээс Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, түүнийг нь давж заалдах шатны шүүхээс тогтоолд заасан ажиллагаа бүрэн хийгдсэн гэж ташаа дүгнэж байгаа нь хэргийг дахин хэлэлцүүлэх хууль зүйн үндэслэлийг бий болгож байна. Анхан шатны шүүхээс Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан нотлох баримтыг цуглуулахаар холбогдох байгууллагуудаас шаардсан атлаа баримтуудын хариуг албан ёсоор ирээгүй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлэн дутуу баримтад үндэслэн хэргийн үйл баримтад дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

18. Анхан болон давж заалдах шатны шүүхээс манай компани тухайн маргаан бүхий газарт 2 тэрбум гаруй төгрөгийн бодит хөрөнгө оруулалт хийсэн үйл баримтад огт дүгнэлт хийгээгүй, ач холбогдол өгөөгүйд гомдолтой байна. Иймд хэрэгт ач холбогдол бүхий дээрх баримтуудыг бүрэн гүйцэд цуглуулсны дараа мөн манай компани маргаан бүхий газарт олон тэрбум төгрөгийн бодитой хөрөнгө оруулалт хийсэн эсэхийг үзлэгээр тогтоож, шинжээчийн дүгнэлт гаргуулах буюу хэргийг дахин хэлэлцүүлэх шинэ нөхцөл байдал тогтоогдож байгааг үндэслэн анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

19. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2010-2013 онд газар ашиглах эрхээ огт хэрэгжүүлээгүй, түүнийг ашиглахын тулд чухам юу хийсэн, энэ хугацаан дээр дүгнэлт хийгээгүйн дээр давж заалдах шатны шүүх “нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 02-02/2193 дугаар албан бичгээр Богдхан дархан цаазат газрын зориулалтын асуудлыг шийдвэрлэтэл барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл болон улсын комисс ажиллуулахгүй байх талаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас ямар шийдвэр гарсан, барилгын үйл ажиллагааг зогсоосон эсэх, үүнээс шалтгаалан нэхэмжлэгчид ямар үр дагавар учирсан талаар тодруулахад...” гээд нэхэмжлэгчийн бичгээр нотлоогүй амаар гаргасан тайлбарт үндэслэн дүгнэлт хийсэн байна. Энэ талаар өмнө гарсан Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан нотлох баримт цуглуулах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй.

20. Магадлалд “...хариуцагч маргаан бүхий шийдвэрийг 2015 онд гаргахдаа газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээр гаргасан энэ хугацаа нь 2013 онд гурвалсан гэрээ байгуулсан үеэс 2015 онд газар ашиглах зөвшөөрөл цуцлах хүртэлх хугацаа хамаарна” гэж дүгнэсэн нь шүүх маргаан бүхий шийдвэрийг хэт нэг талыг барьж тайлбарласан. Тэгвэл 2010-2013 оны хооронд нэхэмжлэгч газраа ашиглаагүй гурвалсан гэрээг тухайн харилцааг тусгайлан зохицуулсан журамд нийцүүлэн эрх нээгдсэнээс 6 сарын хугацаанд байгуулаагүй нь нэхэмжлэгчид өнгөрсөн 4 жилийн хугацаанд үнэхээр уг газрыг зориулалтын дагуу ашиглах хүсэл зориг байсан уу гэдэг асуудал үүснэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч маргаан бүхий газрыг хэзээнээс ашиглах байсан, яагаад заавал 2013 онд гурвалсан гэрээ хийсэн, тухайн газарт яагаад юу ч хийгээгүй, яг хэзээ холбогдох захиргааны байгууллагад хүсэлт гаргасан, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн эрх ашиг хэрхэн хөндөгдсөн болон энэ асуудалд гомдол гаргасан эсэх, хэрэв гомдол гаргаагүй бол яагаад эрх цуцалсан шийдвэр гарсны дараа маргаад байгаа зэргийг шүүх шалгаагүй, хэрэгт цугласан нотлох баримтыг эргэлзээгүй үнэн зөв талаас нь дүгнээгүй.

21. “Ж Х” ХХК нь 2014 онд төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, энэ талаар 2013 онд байгуулсан гурвалсан гэрээн дээр төлбөр төлөх үүргийг тодорхой хугацаатай хүлээсэн байдаг бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог ч хариуцагч байгууллагаас холбогдох баримт шаардан гаргуулах шүүхийн ажиллагаа биелэгдээгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

22. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

23. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /тухайн үеийн нэрээр/ 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалаар нэр бүхий газар ашиглагчдын газар ашиглах эрхийг хүчингүй болсонд тооцож, тэдгээртэй байгуулсан гэрээг цуцлахаар шийдвэрлэсний дотор “үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр хугацаанд нь төлөөгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Ж Х” ХХК-ийн “Арцатын задгай” нэртэй газрын 3.5 га газар ашиглах эрхийг хүчингүй болгосон, мөн сайдын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А-277 дугаар тушаалаар уг газрыг гуравдагч этгээд “Ү О С” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс “...хууль бусаар цуцалсан, дахин хуваарилж ...эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэх үндэслэлээр дээрх актуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

24. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч нь “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” нь түүний газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл боловч нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан хариуцагчийн шийдвэр дээрх үндэслэлийг тогтоолгүй гаргасан, хуулийг зөв хэрэгжүүлээгүй, газар ашиглагчийн эрхийг хангаагүйгээс эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөв дүгнэжээ.

25. Нэхэмжлэгч “Ж Х” ХХК-д Богдхан уулын дархан цаазат, тусгай хамгаалалттай газрын “Арцатын ам” нэртэй газрын 35000 м.кв талбайг ашиглуулах тухай Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, “Ж Х” ХХК-ийн захирал нарын 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 2011/135 дугаар гэрээнд нэг жилд төлбөл зохих газрын төлбөрийн 13,860,000 төгрөгийг тэнцүү хувааж, улирал бүрийн эхний сарын 25-ны дотор Хан-Уул дүүргийн Газрын албаны дансанд төлөхөөр заасан ба нэхэмжлэгч нь газрын төлбөрт 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 13,860,000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 6,930,000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 13,860,000 төгрөг тус тус төлсөн нь төлбөрийн баримт, Улаанбаатар хотын банк, Хан-Уул дүүргийн Газрын албаны тодорхойлолтоор тогтоогдсон байна.

26. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т “газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж заасан, “газар ашиглах гэрээ”-нд төлбөр төлөх хугацааг үүнээс өөрөөр заагаагүй, нэхэмжлэгч нь газар ашиглах гэрээ байгуулснаас хойш газар ашиглах эрхийг цуцлах хүртэлх хугацаанд газрын төлбөрөө дээрх байдлаар төлсөн нь тогтоогдсоноос үзэхэд нэхэмжлэгчийг гэрээний дагуух газрын төлбөрийг бүрэн төлөөгүй гэж үзэх үндэсгүй, хариуцагч болон гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан “газрын төлбөрийг зохих ёсоор гэрээнд заасны дагуу бүрэн төлөөгүй, ...газрын төлбөр дутуу байхад авч үзээгүй” гэх гомдлуудыг хүлээн авах боломжгүй.

27. Түүнчлэн, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 37 дугаар зүйлийн 2-т “Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараах зүйлийг тусгана; ...2/ газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа” гэж зааснаас үзэхэд, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч этгээдийн төлөх газрын төлбөрийн хэмжээ, хугацааг “газар ашиглах гэрээ”-ээр тодорхойлсон, үүнийг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл, газар ашиглах гэрээний үүрэгтэй холбоотой байна.

28. Мөн, нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А-328 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат, тусгай хамгаалалттай газрын “Арцатын задгай” нэртэй газарт 3.5 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхтэй болсноос хойш 2,6 жилийн дараа газар ашиглах гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгчийг Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.4-т заасан “...гэрчилгээ олгогдсон өдрөөс хойш 3 сарын дотор ...гэрээ байгуулах” гэснийг зөрчсөн гэж үзээгүй, “газар ашиглах эрхтэй болсон хугацаанаас тооцож газрын төлбөрийг төлөх ёстой” гэж буруутгаагүй, үүнийг маргаан бүхий захиргааны актын үндэслэл болгоогүй учир 2 шатны шүүх нэхэмжлэгчийн гэрээ байгуулсан хугацаанаас хойш төлсөн газрын төлбөрийн баримтуудад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасанд нийцжээ.

29. Харин, гэрээнд заасан газар ашиглах 5 жилийн хугацааны буюу нэхэмжлэгчийн газар ашигласан хугацааны газрын төлбөрийг нэхэмжлэгчээс шаардан төлүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.

30. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” 02-02/2193 дугаартай албан бичгээр нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын зориулалтын асуудлыг шийдвэрлэтэл барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх болон улсын комисс ажиллуулахгүй байх”-ыг мэдэгдсэн, үүний улмаас газраа бодит байдлаар ашиглах боломжгүй нөхцөл байдлыг үүссэн гэх нэхэмжлэгчийн тайлбар, шалтгааныг хариуцагч шийдвэр гаргахдаа нягтлаагүй, шалгаагүй, өөрөөр хэлбэл, газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо энэ үндэслэлийг огт тогтоогоогүй байна.

31. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол ...эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан ...этгээдэд мэдэгдэнэ”, 40.3-т “эрхийн гэрчилгээ эзэмшигч ...этгээд нь ...шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасан, 2 шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудад тулгуурлан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх байдлыг хариуцагч шалган тогтоогоогүй, газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэрээ нэхэмжлэгчид мэдэгдээгүй, нэхэмжлэгчийн уг шийдвэрт гомдол гаргах эрхийг хангаагүй зэрэг нь тогтоогдсон талаар дүгнэсэн, давж заалдах шатны шүүх “газраа 2 жил дараалан ашиглаж чадаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан” гэх нэхэмжлэгчийн тайлбарын үндэслэл болж буй баримтыг маргааны үйл баримтад хамааралтай талаас нь үнэлсэн зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасныг зөрчөөгүй байна.

32. Иймээс, хариуцагчийн болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “нотлох баримт дутуу цуглуулсан, ач холбогдолтой баримтад дүгнэлт өгөөгүй, нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв талаас нь дүгнээгүй” гэх агуулгатай гомдлыг хүлээн авах боломжгүй.

33. Түүнчлэн, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхтэй байх хугацаанд гуравдагч этгээд “Ү О С” ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг хүлээн авч, улмаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэрээс 20 орчим хоногийн дараа уг газрыг гуравдагч этгээдэд ашиглуулахаар шийдвэрлэснээс үзвэл, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон маргаан бүхий захиргааны акт зорилгодоо нийцэхгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

34. Эдгээр үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-гийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, өмгөөлөгч Э.У нарын шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгах тухай хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0750 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2018/0017 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, гуравдагч этгээдээс төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ