Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2016/00693

 

Г.Мягмарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/00012 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 576 дугаар магадлалтай,

Г.Мягмарын нэхэмжлэлтэй

Д.Оюунтуяад холбогдох

7 550 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Одончимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Оюунтуяа нь Г.Мягмараас 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 15 000 ам.долларыг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлж, зээлсэн 15 000 ам.долларыг хүү 750 ам.долларын хамт 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн ч 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 8 200 ам доллар төлсөн. Үлдэгдэл 7 550 ам.доллар төлөх үүргээ ноцтой зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй. Зээлдүүлэгчийн зүгээс түүнийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулахыг удаа дараа шаардаж, түүнд зээлийн өр төлбөрөө төлөх нэмэлт хугацаа, боломж олгосон ч төлөөгүй. Иймд Д.Оюунтуяагаас зээлийн өр төлбөрт 7 550 ам долларыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/00012 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан, хариуцагч Д.Оюунтуяагаас 7 550 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Мягмарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233 310 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 576 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/00012 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус дүүргийн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 270 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Магадлал хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн тул гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрх зөрчигдсөн байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэсэн нь буруу. Нэхэмжлэгч нь 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчид 15 000 ам.долларыг 1 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн ч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 8 200 ам.доллар төлж, үлдэгдэл 7 550 ам.долларыг төлөх үүргээ биелүүлээгүй талаар дурдаж итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар тайлбарладаг. Гэтэл хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ бүрэн төлж барагдуулсан. Зохигчдын хооронд зээлээс хойш бичгийн гэрээтэй болон гэрээгүй хэд хэдэн удаа мөнгө зээлж, зээлдүүлж байсан гэж тайлбарлаад Г.Мягмарт одоо ямар ч төлбөр тооцоо байхгүй, түүний Төрийн банкны данс руу зээлийн төлбөрт төлөх мөнгөө бүрэн төлж барагдуулсан гэсэн тул уг браимтыг гаргуулах хүсэлтийг гаргасан ч анхан шатны шүүх хангаагүй. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу хариуцагчийг зээлийн гэрээний дагуу 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 8 200 ам.доллар төлснийг нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох үүргээ шүүхэд гаргасан тайлбараар бүрэн биелүүлсэн ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний үүрэг бүхий эрх зүйн харилцаа бий болсноос хойш 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв. Учир нь зээлдэгч дээрх гэрээний төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсан тул зээлдүүлэгч нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл амаар болон бичгээр Д.Оюунтуяад хандаж ямар нэгэн шаардлага тавьж болох нь тогтоогддог. Иймд магадлалыг хүчингүй болгон, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Г.Мягмарын гаргасан нэхэмжлэлийн хувийг шүүх хариуцагч Д.Оюунтуяад  2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гардуулсан байхад хариуцагч  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийг татгалзсан үндэслэл, нотлох баримтаа ирүүлээгүй байна.

Хариуцагч хариу тайлбар гаргаагүй учраас нэхэмжлэлийг татгалзсан эсэх, түүний гаргасан хүсэлтийг хангах эсэхийг шүүх шийдвэрлэх боломжгүй юм.

Энэ үндэслэлээр 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Төрийн банкнаас 102100184442 тоот дансны хуулга гаргуулах” тухай хариуцагчийн хүсэлтийг хангаагүй шүүхийн ажиллагааг буруутгах боломжгүй боловч хэргийн үйл баримт болон маргааны зүйлийг тодруулах шаардлагатай байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Анхан шатны шүүх эрх зөрчигдсөн этгээдийн шаардах эрх үүссэн үйл баримтыг тодруулж, дүгнэхгүйгээр 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2011 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл зээл буцааж төлсөн талаар хүсэлтэндээ дурдсан байхад зээл төлөх замаар үүргийг хүлээн зөвшөөрч байсан эсэх, улмаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан эсэх талаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь буруу.                

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 576 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяагийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 270 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.                                              

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР

                               ШҮҮГЧ                                                         П.ЗОЛЗАЯА