Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/416

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо,

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.С- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.С-д холбогдох эрүүгийн 2538000000505 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.С-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С- нь 2025 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Хөвсгөл аймгийн ... сумын төв 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг иргэн Н.С-гийн эзэмшлийн ... нэртэй хүнс барааны дэлгүүрийн вакум цонхыг хагалж, хууль бусаар нэвтэрч 750,500 төгрөгийн үнэлгээ бүхий архи, пиво, тамхи зэрэг эд зүйлс, бэлэн 700,000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч нийт 1,450,500 төгрөгийн шууд хохирол, 62,400 төгрөгийн хор уршиг учруулсан, 2025 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ... сумын төвд байрлах иргэн Х.Г- гийн эзэмшлийн ... нэртэй хүнс, барааны дэлгүүрийн модон хаалганы нугасыг эвдлэн хууль бусаар нэвтэрч 260,500 төгрөгийн үнэ бүхий архи, тамхи, хүнсний эд зүйлс, бэлэн 900,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч өмчлөх эрхэд нь нийт 1,160,500        төгрөгийн шууд хохирол, 10,000 төгрөг хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.С- нь 2025 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Хөвсгөл аймгийн ... сумын төв 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг иргэн Н.С-гийн эзэмшлийн ... нэртэй хүнс барааны дэлгүүрийн вакум цонхыг хагалж, хууль бусаар нэвтэрч 750,500 төгрөгийн үнэлгээ бүхий архи, пиво, тамхи зэрэг эд зүйлс, бэлэн 700,000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч нийт 1,450,500 төгрөгийн шууд хохирол, 62,400 төгрөгийн хор уршиг учруулсан, 2025 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ... сумын төвд байрлах иргэн Х.Г- гийн эзэмшлийн ... нэртэй хүнс, барааны дэлгүүрийн модон хаалганы нугасыг эвдлэн хууль бусаар нэвтэрч 260,500 төгрөгийн үнэ бүхий архи, тамхи, хүнсний эд зүйлс, бэлэн 900,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч өмчлөх эрхэд нь нийт 1,160,500        төгрөгийн шууд хохирол, 10,000 төгрөг хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Н.С-гийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 4 тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-8 тал/, хохирогч Н.С-гийн мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-20 тал/, шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 525-914256 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-25 тал/, хохирогч Х.Г- гийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 62 тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 63-65 тал/, хохирогч Х.Г- гийн мэдүүлэг /хх-ийн 69-70 тал/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 75-76, 95 тал/, шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 914255 дугаартай дүгнэлт /хх-ийн 79-80 тал/ гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3, 60 тал/ зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.С- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Н.С-гийн эд хөрөнгөнд 1,450,500 төгрөгийн шууд хохирол, 62,400 төгрөгийн хор уршиг, хохирогч Х.Г- гийн эд хөрөнгөнд 1,160,500 төгрөгийн шууд хохирол, 10,000 төгрөг хор уршиг учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон ба шүүгдэгч Б.С- нь хохирогч нарт учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлсөн болох нь эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20, 95 тал/, хохирол төлсөн талаарх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 118 тал/, дипозет дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 120 тал/ зэргээр тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг хохирогч Н.С-, Х.Г-  нарт төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн зорчих эрхийг хязгаарлах ялын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг батлах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Б.С- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн Си ди 2 ширхэгийг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дүгээр хэсэг, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.С-г 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Б.С- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн Си ди 2 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР