| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 307/2025/0600/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/609 |
| Огноо | 2025-11-25 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ч.Мя |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/609
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0600/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.........
Шүүгдэгч Н.............түүний өмгөөлөгч Ц....... нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ........ холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2518000000681 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...........1993 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Дархан-уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, аврагч гал сөнөөгч мэргэжилтэй, Стронгер ХХК-д менежер ажилтай, ам бүл-3, ээж, охины хамт Дархан-уул аймгийн .............д оршин суух хаягтай,
Урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 05 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.2, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 481 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар тус тус ял шийтгүүлж байсан.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Н......... нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.........нь 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаатай хасуулсан үедээ 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14-р багийн нутаг дэвсгэрт байрлах Парк таун хотхоны хажуугийн асфальтан зам дээр цагаан өнгийн .......... улсын дугаартай Toyota pruis 30 загварын тээврийн хэрэгслийг жолоодож согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Иймд шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна.” гэв.
Шүүгдэгч Н............ түүний өмгөөлөгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Э.........холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Н............ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах Парк таун хотхоны хажуугийн засмал зам дээр цагаан өнгийн 8633 ДАР улсын дугаартай Toyota pruis-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:
Гэрч Ю.......... мөрдөн байцаалтад 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “...Би тус өдөр Дархан сумын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэж байсан юм. Ингээд би Дархан сум 14 дүгээр баг Парк тауны хотхоны урд зам дээр хяналт шалгалт хийгээд зогсож байтал баян бридж хотхоноос цагаан өнгийн суудлын T/Prius-30 загварын тээврийн хэрэгсэл их эвгүй эргээд гараад ирэхээр нь зогс гэсэн дохио өгөхөд ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Би тухайн тээврийн хэрэгсэл дээр очиж шалгахад жолооч нь эрэгтэй хүн байсан. Бичиг баримтаа шалгуулна уу гэхэд би эрхээ хасуулчихсан гэж байсан. Тэгэхээр нь би за та юутай ч буугаад ирээч таниас архи согтууруулах ундааны зүйл үнэртээд байна шалгаадхая гэж хэлсэн. Тэгээд согтуурал хэмжих багажаар тухайн жолоочийг үлээлгэж шалгах гэтэл драйгер багаж үлээхээс татгалзаад байсан. Би та яагаад татгалзаж байгаа юм бэ гэхэд угаасаа би согтуу байна. Миний буруу гэдгээ хэлж байсан. Би тухайн хүний регистрийн дугаараар шалгаж үзэхэд Нэргүй овогтой ........гэх хүн байсан ба Дархан-Уул аймагт шүүхээр 2025 оны 03 дугаар сарын 24-нд орж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),
..............2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр сэжигтнээр, 10 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 14 цагийн үед өөрийн 2 найз болох ........нарын хамт автовокзалын орчим 8633 ДАХ улсын дугаартай Toyota Prius-30 загварын тээврийн хэрэгсэл дотор 2 шил архи уусан. Тэгээд ууж дуусаад дахиж нэг шилийг ууя гээд би машин бариад Парк Таун хотхоны CU дэлгүүр лүү хөдөлсөн. Ингээд СU дэлгүүрийн урд ирж байхад цагдаагийн алба хаагч тэнд байж таараад намайг зогсоож шалгасан. Тэгээд тэр цагдаа танаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байна гээд тандагч багаж үлээлгэж шалгасан юм. Тэгээд тэр багаж сигнал өгөхөд надаас юу хэрэглэсэн талаар асуухаар нь сая найзуудтайгаа архи уусан юмаа гэж хэлсэн. Дараа нь бичиг баримтаа шалгуулна уу гэхээр нь би надад жолооны үнэмлэх байхгүй. Би эрхээ хасуулсан гээд тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ гаргаж өгсөн. Дараа нь тэр цагдаа пост руугаа дагуулж ирээд намайг драйгер гэдэг багажаар үлээлгэж шалгана гэхээр нь би үлээж шалгуулаагүй. Яагаад шалгуулаагүй гэхээр угаасаа ойлгомжтой согтуу байсан. Шалгуулах шаардлагагүй гэж үзсэн юмаа. Авто тээврээс Парк Таун хотхон хүртэл машин барьсан6..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23, 27 дахь тал),
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ЗШ/538 дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 58-60 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг”,
“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг”,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг”,
“Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно гэж тус тус тайлбарлажээ.
Шүүгдэгч Н..........нь Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ЗШ/538 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаандаа 8633 ДАР улсын дугаартай Toyota pruis 30 загварын тээврийн хэрэгсэл маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.
Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч Н.*******ын согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч ..........тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Шүүгдэгч Н........... үйлдлийн улмаас бусдад хохирол учраагүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н........... гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршиг байхгүй, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлсэн зэргийн харгалзан үзэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж хуульчилсан. Хувийн байдлынх нь тухайд ээж, охины хамт амьдардаг. Яг сайхан хөдөлмөрлөх насан дээрээ явж байна. Стронгер гэх компанид гэрээгээр ажиллахын зэрэгцээ хувиараа бараа борлуулан орлого олдог. Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эрүүгийн хариуцлага нь дуусгавар болсон. Сэтгэл зүйн таагүй байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон гэдгээ илэрхийлдэг. Дээрх байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч Н..........нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Н.......... эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүхээс шүүгдэгч Н............. ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16 дугаар багийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглохоор тогтоож, ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н..........нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ...........г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н........... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16 дугаар багийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н............шүүхээс оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н............. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ............авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР