| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2022/04789/И |
| Дугаар | 183/ШШ2023/00469 |
| Огноо | 2023-02-06 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2023/00469
| 2023 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 183/ШШ2023/00469 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******** дүүргийн, ******** хороо, ******** тоот хаягт оршин суух, регистрийн дугаар ********, ******** овогтой Н.Э-д холбогдох,
40 тоннын чингэлэг гаргуулж, түрээсийн төлбөрт 5.050.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Н.Э-д холбогдуулан 40 тоннын чингэлэг гаргуулж, түрээсийн төлбөрт 5.050.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие Шинэ яармаг төсөлд барилгын ажил гүйцэтгэж байсан А ХХК-ийн инженер ажилтай Н.Э-тэй 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн******** кодтой, усан цэнхэр өнгийн, 40 тоннын багтаамжтай чингэлгийг оффиссын зориулалтаар ашиглуулахаар хүлээлгэн өгсөн ба Н.Э-ээс түрээсийн гэрээний төлбөрт 1.350.000 төгрөг болон дэнчин 450.000 төгрөгийг тус тус хүлээн авсан. Дараагийн төлбөрийн хугацаа 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байсан боловч өгөөгүй ба Удахгүй өгнө гэдэг. Шинэ яармаг хотхоноос чингэлгээ авахаар очиход Шүүхийн шийдвэрийн дагуу л гаргана гэж хэлээд өгөхгүй байгаа. Н.Э-ээс 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 300.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 500.000 төгрөгийг тус тус хүлээн авсан. Одоо 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаарх үлдэгдэл түрээсийн төлбөр болох 5.050.000 төгрөгийг гаргуулж, мөн 40 тоннын чингэлгээ биет байдлаар гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч Н.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие А ХХК-ийн хяналтын инженерээр ажилладаг байх хугацаандаа тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Б-ийн зөвшөөрөлтэйгээр 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр иргэн Б.Б-тэй түрээсийн гэрээ байгуулж, түүний чингэлгийг сарын 450.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, уг чингэлгийг хүлээн авсан. Тухайн гэрээ байгуулах үедээ 1.800.000 төгрөгийг төлсөн, дараа нь 800.000 төгрөгийг төлсөн байдаг. Мөн нэхэмжлэгчийг чингэлгээ очоод авч болно гэж хэлсэн. Манай барилгын ажил 2021 оны 9 дүгээр сарын эхний цас орсноор зогссон бөгөөд тухайн чингэлгийг нь 5, 5 сараар л ажиллуулж, ашигласан. Бусад хугацаанд дулаалга байхгүй, цонхгүй байсан тул 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд ашиглаагүй. А ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг Шинэ яармаг төсөл хэрэгжүүлэгч нь тооцоо хийж, өгөөгүй байгаа. Б.Б-д манай компанийн гүйцэтгэх захирал Ц.Б чингэлгээ авч болно гэдгийг хэлсэн боловч тэрээр шүүхэд хандаж байж авна гээд аваагүй байсан. Тухайн чингэлэгт гадна цонхны усны хамгаалалт, хаалганы бариул, цоожийг сольж хийсэн. Мөн ачилт буулгалтын зардал гээд нийт 800.000 орчим төгрөгийн зардал гарсан. Миний бие Б.Б-д ямар нэгэн өр төлбөргүй ба 2021 оны 9 дүгээр сараас хойш эрүүл мэндийн асуудал гарч, байнга эмчилгээ сувилгаа хийлгэж байгаа. Шинэ яармаг төслийн хүмүүс ямар учир хүний өмчлөлийн хөрөнгийг өгөхгүй байгааг ойлгохгүй байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 178.700 төгрөг төлсөн баримт, Б.Б, Н.Э нарын хооронд 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ******** дугаартай Түрээсийн гэрээ, чингэлгийн зураг, Б.Б болон Н.Э нарын иргэний үнэмлэхний хуулбар, Б.Б-ийн Х ХХК дахь дансны хуулга, Н.Э-тэй харилцаж байсан мессэжний хуулбар, Б.Б-ээс Э.Б-д олгосон итгэмжлэл, өмгөөлөгч С.Я-г оролцуулах тухай хүсэлт, түрээсийн төлбөрийн тооцоолол, 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр чингэлэг хүлээлцсэн акт зэргийг ирүүлсэн.
4. Хариуцагчаас бэлэн мөнгөний зарлагын баримтууд, ажлын явцын хугацаа алдсан акт, түрээсийн гэрээ, А ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ******** тоот шийдвэрийн хуулбар, гэрээний гүйцэтгэл гэх баримт зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Б.Б болон хариуцагч Н.Э нарын хооронд 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ******** дугаар бүхий Түрээсийн гэрээ байгуулагдсан байх ба гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн ******** кодтой, усан цэнхэр өнгийн, 40 тоннын багтаамжтай, оффиссын зориулалттай чингэлгийг 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 24 сарын хугацаатай, сарын 450.000 төгрөгөөр төлбөрийг тогтоож, эхний 3 сарын төлбөр 1.350.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлөх, үлдэх төлбөрийг 6, 6 болон 3 сарын хугацаанд хуваан төлөхөөр тус тус тохиролцжээ.
Мөн талуудын гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн дансны хуулга зэргээр 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Н.Э-ээс Б.Б-д эхний 3 сарын түрээсийн төлбөр болон дэнчингийн төлбөрт нийт 1.800.000 төгрөгийг төлж, мөн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 300.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 500.000 төгрөгийг тус тус төлсөн талаар талууд маргаагүй.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэг шаардах эрхтэй байна.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр акт үйлдэж, дээрх чингэлгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, нэхэмжлэлийн нэг шаардлагыг хариуцагч биелүүлсэн тул үлдэх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4. Хариуцагч Н.Э нь түрээсийн төлбөрийн хувьд дараах агуулгаар маргасан ба үндэслэл тус бүрт дараах дүгнэлтийг хийв. Үүнд:
4.1. Чингэлгийг би өөртөө авч ашиглаагүй, А ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б уг төлбөрийг хариуцах ёстой гэх боловч түрээсийн гэрээг иргэн Н.Э нь Б.Б-тэй байгуулсан, тухайн гэрээний дагуу үүрэг хүлээсэн этгээд нь хариуцагч өөрөө тул А ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, мөн тухайн компаниас төлбөр гаргуулахаар шийдвэрлэх үндэслэлгүй болно.
4.2. Чингэлгийг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд ашиглаагүй гэж тайлбар гаргасан боловч талууд гэрээндээ тухайн чингэлгийг 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 24 сарын хугацаатай ашиглахаар тусгасан бөгөөд барилгын ажлын онцлогоос шалтгаалах буюу өвлийн цагт ашиглагдаагүй хугацааг түрээсийн төлбөрөөс хасаж тооцохоор тохиролцоогүй, энэ талаар гэрээнд тусгаагүй байна.
Харин ч төлбөрийн нөхцөлийг тохирохдоо 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 6 сарын төлбөр 2.700.000 төгрөг, ... 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 3 сарын түрээсийн төлбөр 1.350.000 төгрөг тус тус төлөхөөр тусгаснаас үзэхэд дээрх чингэлгийг хүйтний улиралд ашигласан эсэхээс үл хамааран түрээсийн төлбөрийг тогтмол төлөхөөр тохиролцжээ.
4.3. Чингэлэгт хаалганы бариул, цонхны хаалт, борооны дусаал гоожиж байсан зэргийг тус тус засварлахад зардал гарсан гэжээ. Уг засварын зардалтай холбоотой бэлэн мөнгөний зарлагын баримтыг хариуцагч ирүүлсэн боловч тухайн баримт нь зөвхөн А ХХК-ийн тамга бүхий баримт байх бөгөөд хүлээн авсан хүний гарын үсэг зурагдаагүй. Мөн хариуцагч энэхүү зардлыг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх энэхүү үйл баримтад дүгнэлт хийх шаардлагагүй байна.
4.4. Миний бие Б.Б-д төлөх төлбөр байхгүй гэж дурдсан байх боловч тэрээр Б.Б-д гэрээний хугацаанд нийт 2.600.000 төгрөг төлснийгөө хүлээн зөвшөөрсөн, мөн 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд чингэлгийг ашигласан үйл баримт тогтоогдсон тул түүнийг түрээсийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түрээсийн төлбөрийн тооцоог гаргаж ирүүлсэн бөгөөд үүнээс харахад чингэлгийг 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх 17 сарын хугацаанд ашигласнаар тооцож, нийт төлбөл зохих төлбөр 7.650.000 төгрөг, үүнээс төлсөн 2.600.000 төгрөгийг хасаж, үлдэх 5.050.000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаагаа тодруулсан тул шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв.
5. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Н.Э-с түрээсийн гэрээний үүрэгт 5.050.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгохоор шийдвэрлэлээ.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Э-с 178.700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Н.Э-с түрээсийн гэрээний үүрэгт 5.050.000 /таван сая тавин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Э-с 178.700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА