Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 209

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

Улсын яллагч Л.Соёмбо,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Батжаргал,

Шүүгдэгч Н.Баяр, түүний өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг /0446/, Г.Дашдэмбэрэл /0308/ нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Галдан овогт Намжилдоржийн Баярт холбогдох эрүүгийн 201626022304 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1981 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх, эрэгтэй, 36 настай, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Тэди” төв дээр гар утас засварладаг ажилтай гэх, ам бүл 5, хүүхдүүдийн хамтаар Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 11-05 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Галдан овогт Намжилдоржийн Баяр /РД:НЭ81051011/.

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Н.Баяр нь 2015 оны 8 дугаар сарын 15, 2015 оны 8 дугаар сарын 28, 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11-05 тоот гэртээ эхнэр Н.Баярмааг удаа дараа байнга зодож, хацрыг нь түлэх, хөнгөн гэмтэл учруулах зэргээр тарчлаасан гэмт хэрэг холбогджээ.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Баяр мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд болсон асуудлын талаар тодорхой ярьсан тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Баяржаргал мэдүүлэхдээ: “2016 оны 9 дүгээр сарын 09-ны шөнийн 3 цагийн үед талийгаач над руу утсаар яриад толгой их өвдөөд байна. Эмчилгээ хийхгүй байна таньдаг эмч байна уу гэсэн. Өмнө нь талийгаачийн үеэл дүү Болормаа руу утсаар яриад зураг авахуулах гэж утсаар ярьсан байсан. Тухайн үед гэмтэлд байна гээд нэг их юм яриагүй байсан. Би тухайн үед хүнд гэж ойлгоогүй бөгөөд одоо шөнө тул хүн амьтан утсаа авахгүй маргааш очъё гэж хэлсэн. Тэгээд би буцаад залгахад аваад байж байгаарай гээд тасалсан. Тэгээд өглөө нь очиход ухаан алдсан сэхээнд орчихсон байсан. Тэр надтай яриад салгах үед бие нь муудсан юм шиг байна лээ. Тухайн үед сэхээнд ороход нүүр ам нь хавдсан, түлэгдчихсэн аймаар болчихсон байсан. Гадаа нь Баярын дүү нар нь байсан ба гадуур яваад зодуулсан гэж хэлсэн. Эмч нар нь найдваргүй шүү гэж хэлсэн. Би Баяраад хүүхдүүдийг нь уулзуул гэж хэлээд хүүхдүүдийг нь уулзуулсан. Талийгаач даралт ихэсдэг, бөөр өвддөг гэдгийг мэднэ. Тэгээд маргааш өдөр нь нас барсан. Тухайн үед эгч нартайгаа нийлж болсон асуудлыг худал ярьж байсан юм билээ.

Ер нь Баяр согтуу үедээ их догшин ширүүн болдог ба эрүүл үедээ зүгээр байдаг юм билээ. Ээж минь бурхан болохдоо надад Баярмаа Баяртай суулаа. Энэ залуу их хэцүү залуу гэж хэлж байсан. Өмнө нь Баяр хордлогод орж байсан ба би 7 дугаар төвд хүргэж өгч байсан. Ах дүү нар нь согтуу үед нь зугатаадаг байсан юм байна гэж дүгнэж байна. Ээжийн минь 90 насны ойд том эгч нь ирсэн ба агсам тавиад бөөн юм болж байсан. Архинаас болж байнга асуудал болдог. Талийгаач өмөөрөх хамгаалах хүнгүй болохоор ингэж дээрэлхдэг юм.

Би маш их гомдолтой ба 4 өнчин хүүхэд үлдлээ. Баярын 2 хүүхдийг ах дүү нар нь өсгөөд өгөх байх. Баярмаагийн 2 хүү нь миний асрамжид үлдсэн. Тэр 2 хүүхэд сэтгэл санааны их хямралд байгаа. 2 хүүхдийн сургалтын төлбөр болох 30.0 сая төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

Хохирогч Н.Баярмаагаас тайлбар авсан тэмдэглэл: “...Би 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр багын найз Алтанчимэг Япон улсаас ирсэн гээд найз нарын хамт найз Золоогинд очоод бид нар виски, пиво уугаад цагийг нь мэдэхгүй байна шөнө байх гэртээ харьсан. Тэгэхэд нөхөр маань гэрийнхээ тэр хавиар архи уусан юм шиг байна лээ гэртээ согтуу байсан. Ингээд бид 2 маргалдаад би нөхөртөө зодуулсан. Юунаас болж маргалдсан, яаж зодуулсанаа сайн санахгүй байгаа. Ямар ч байсан зэвсэг ямар нэг зүйл хэрэглээгүй гараараа зодсон. Тэгээд би гэртээ бие өвдөж байж байгаад өчигдөр гэмтлийн эмнэлэгт ирж үзүүлсэн. Нөхөр өөрийгөө зодсоныг хэлж болохгүй ингэж хэл гэснээр нь би худлаа хэлсэн юм. Би гэртээ зодуулсан. Манай нөхөр Баяраа намайг олон удаа зодож байсан Баянгол дүүргийн цагдаа болон хорооны цагдаад шалгуулж нөхөр Намжилдорж овогтой Баяр нь арга хэмжээ авагдаж байсан.

Миний нүүр хавдаж халцарсан, толгой байнга өвдөөд байгаа, яг юу гэмтсэнээ өөрөө мэдэхгүй байна..” гэжээ. /1хав 39-40/

 

Гэрч Г.Мөнх-Орших мэдүүлэхдээ: “...Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны 2 давхарын 5 тоотод амьдардаг Н.Баярмаа, Н.Баяраа нартай зарын дагуу холбогдож тэдний хажуу өрөөнд сарын 200,000 төгрөгөөр намайг амьдруулахаар болсон байсан. ...2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр буюу өнгөрдөг лхагва гарагийн өдөр би хичээлээ 15 цагт тараад сургууль дээрээ байж байгаад 17 цаг өнгөрөөгөөд гэртээ очоод хаалга тогшсон чинь хаалгаа онгойлгохгүй байсан ба эмэгтэй хүн өвдөөд байна шдээ гээд боолгож байгаа юм шиг сонин дугараад байсан ба хаалгаа ерөөсөө онгойлгохгүй байсан. ..тэгэхээр нь би доошоо шатаар буугаад өөрийн ах Өлзий-Орших руу яриад энэ их муухай айл байна би байраа сольмоор байна нөхөр нь эхнэрээ зодоод байх шиг байна өөр л байранд ормоор байна гэж хэлсэн. .тэгээд би ойролцоогоор 20 минутын дараа дахиад дээшээ шатаар гараад гадаа хаалгыг нь дахиад тогшсон чинь эхнэр нь бололтой эмэгтэй хүн хэн бэ гэсэн. Тэгэхээр нь би хажуу өрөөнд чинь суудаг хүүхэд нь байна гэж хэлсэн. Тэгтэл хаалгаа онгойлгоогүй ба эмэгтэй хүн үхлээ шдээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би дахиад хаалгыг нь тогшоод би хажуу өрөөг чинь түрээслэдэг хүүхэд байнаа гэсэн чинь Баярмаа хаалгаа онгойлгосон ба энэ үед Баярмаагийн үс нь арзайчихсан, дээд, доод уруул нь хавдчихсан үс нь задгай нүүрнийхэн хажуу талаар унжуулчихсан байсан. ...Баярмааг хэн зодохыг би хараагүй ба хаалгыг би 2 удаа тогшиход эмэгтэй хүн эхлээд боолгож байгаа юм шиг дугараад, өвдөж байна гээд байсан ба дараа нь дахиад эмэгтэй хүн үхлээ шдээ гээд байсан. Тэгээд би гэрт ороход гэрт нь Баярмаа, Баяр нар гэртээ байсан ба өөр хүн байгаагүй. Тэр үед Баярмаа хаалгаа онгойлгох үед үс нь сэгсийчихсэн, уруул нь хавдчихсан байдалтай байсан..” гэжээ. /1хав 56-58, 59-60/

 

Насанд хүрээгүй гэрч Б.Санчир мэдүүлэхдээ: “...2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө би өөрийн төрсөн эцэг Сүх-Очиртой уулзаж аавтайгаа аавынхаа найзын гэрт хоноод 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн өглөө 07 цаг 30 минутын үед би гэртээ орж ирэхэд манай ээж Баярмаа гэрийнхээ том өрөөний орон дээр хамтран амьдрагч Баяраагийн хамт хэвтэж байсан ба Баяраа ах бага зэрэг халамцуухан хэвтэж байсан ба манай ээжийн зүүн талын хацар нь нилээн том хавдчихсан, дээд талын уруул нь нэлэнхүйдээ хавдчихсан их л зовиуртай байнгын ёолсон байдалтай хэвтэж байсан. Харин Баяраа ахын биед ил харагдах бэртэл гэмтэл байгаагүй. Баяраа ах надад энэ үед “ээж чинь шөнө хүнд зодуулчихсан орж ирсэн” гэж хэлсэн. Хэзээ, хаана, хэнд, яагаад зодуулсан талаар надад хэлээгүй. Би юу ч дуугараагүй хичээлдээ явах гээд л цүнхээ аваад л гэрээсээ гарсан. Тэгээд би хичээлдээ яваад 14 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай ээж Баярмаа орон дээрээ ёолоод хэвтээд байсан ба орныхоо хажууд талд газарт хивсэн дээр ногоон шар өнгөөр бөөлжсөн байсан ба би эмнэлгийн түргэн тусламж дуудчихаад гараад сагс тоглож байтал манай ээж, Баяраа ах хоёр эмнэлэг явлаа гээд явсан. Энэ өдрөө орой 22 цагийн үед гэртээ орж ирэхэд манай гэрт хэн ч байгаагүй. ...2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Баяраа ах гэрт орж ирээд намайг сэрээгээд “ээж чинь гэмтлийн эмнэлэгт хэвтчихлээ, тархинд цус хуралдсан байна” гэж хэлээд гэрээс ээжийн хувцас хунарыг аваад гарсан 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр би гэмтлийн эмнэлэг дээр очиж ээжийгээ харахад ямар ч ухаангүй хэвтэж байсан. ..Баяраа ах архи уухаараа шалтгаангүйгээр агсам тавьж Багана ах, ээж, бид гурвыг үе үе гараараа бас хөлөөрөө өшиглөж зоддог болсон. Багана ах, ээж бид гурав Баяраа ахаас айдаг байсан. Баяраа ах ихэвчлэн ээжийн толгой нүүр рүү нь л гараараа цохиж зоддог, Багана ах бид хоёрын аль таарсан газар нь цохьдог байсан. Ер нь л ээж Баяраа ах хоёр архинд дуртай байсан. ..архи уухаараа байнга муудалцаад зодолдоод байдаг болохоор нь Багана ах бид хоёр гэрээсээ гараад явчихдаг.

2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр манай ээж Баярмаагийн биед ямар нэг ил харагдах бэртэл, гэмтэл, шарх сорви байгаагүй ээ, биеийн байдал нь сайн байсан. Заримдаа манай ээж Баярмаагийн даралт нь л ихэсдэг байсан. Өөр зовиур байдаггүй.

2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр би өглөө 07 цаг өнгөрч байхад хичээлдээ яваад хичээлээ тараад гэртээ ирэхэд гэрт хүн байгаагүй шиг санаж байна. Тэгээд би гэртээ цүнхээ тавьчихаад гараад тэр чигтээ гэртээ ирээгүй. 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Баяраа ах хэнтэй хаана архи уусан талаар мэдэхгүй байна. 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Баяраа ах согтуу байсан болохоор манай ээж гэртээ хоноогүй юм. Ээж энэ шөнө Хандсүрэн гэх найзындаа хоносон байсан. Бид 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр би Хандсүрэн эгчийн гэрт очиж ээжтэй уулзахад Хандсүрэн эгч ээж хоёр согтуу байсан ба найзуудтайгаа шөнөжингөө архи уусан гэж хэлж байсан. Би бодохдоо Баяраа ах ээжийг гэртээ хоноогүй гээд зодчихсон юм байна гэж бодсон...” гэжээ. /1 хав 61-63, 64-65/

 

Насанд хүрээгүй гэрч Б.Багана мэдүүлэхдээ: “…2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 04 цагт гэртээ ирэхэд манай ээж Баярмаа бусдад зодуулсан байдалтай 2 хацар нь нилээн хавдаад хөхөрчихсөн баруун нүдний доор баруун хацар дээр түлэгдсэн юм шиг арьс нь халцарсан байсан. Ээж их зовиуртай хүнтэй дуугарах ч сөхөөгүй байсан ба Баяраа ах, болон манай 2 дүү болох Намуунцэцэг, Тэнгис нар гал тогооны өрөөнд унтаж байсан. ...2016 оны 9 дүгээр сарын 08-ны өглөө сэрэхэд манай ээжийн биеийн байдал нь нилээн тааруу ёолчихсон, хий огиод бөөлжөөд хоол цай идэж уухгүй байхаар нь үдээс хойш 13 цагийн үед Баяраа ах ээж хоёр эмнэлэгт үзүүлнэ гэж гараад 21 цагийн үед Баяраа ах гэрт ганцаараа ирээд “ээж чинь эмнэлэгт хэвтсэн томографи зураг авахуулсан чинь тархиндаа цус хурсан байна, чи ээждээ аяга таваг ор хөнжлийн даавуу дөхүүлж өг” гэж хэлэхээр нь би ээжрүүгээ очиход бие нь арай тайвширсан байсан ба надаас хоол авчирсан уу гэж асууж байсан. Баяраа ах л ээжийг зодчихсон юм байх гэж дотроо бодсон.. ” гэжээ. /1хав 66-68,69-70/

 

Гэрч Т.Алтанчимэг мэдүүлэхдээ: “..2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр манай найз Оюунболд надруу утсаар залгаж Баярмаа тал цус харваад гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа гэнээ. Найзуудаасаа эмчилгээний зардал хүссэн байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тал цус харвасан хүн яахаараа гэмтлийн эмнэлэгт хэвтдэг билээ гэж бодоод найз Жавхлангийн хамтаар гэмтлийн эмнэлэгт очиход Тархи нугасны тасагт нь хэвтэн эмчлүүлж байсан. Тэгээд Баярмаатай уузахад цус харваагүй хүнд зодуулсан нь илт байсан. Тэгэхээр нь яасан юу болсон юм бэ? гэж асуухад нөхөр Баяраа намайг архи ууж гадуур явлаа гээд намайг зодсон юм гэж Жавхаа бид 2-т хэлсэн. Тухайн үед баруун хацар хэсэгт нь түлэгдээд тав тогтсон мөн баруун нүдний зовхи нь хөхөрсөн байсан. Тэгээд бие чинь яаж байна гэж асуухад миний толгой их өвдөж байна. Зүүгээр л шивээд байгаа юм шиг өвдөөд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би толгойг нь барьж үзэхэд толгойн нь нилэнхүйдээ хавдсан байсан. ...Баяраа их дээрэнгүй зэрлэг хүн байдаг. Манай найз Баярмааг урд өмнө зөндөө олон удаа цохиж зодож байсныг нь би мэднэ. Манай найз Баярмаа нөхөр Баяраагаас салах юмсан л гэж хэлдэг байсан...” гэжээ. /1хав 71/

 

Гэрч Б.Оюунболд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ 2 хүүхэд, бэр Ган-Эрдэнэ, найз Жавхлан нарын хамт байхад найз Хандсүрэн, Баярмаа нар 19 цагийн үед ирсэн. Бид нар жоохон юм ярьж сууж байсан чинь гаднаас Золзаяа ирээд бид нар Золзаяагийн найз залуугийн гэрт нь очихоор болоод Жавхлан, Хандсүрэн, Баярмаа, Золзаяа нартай хамт бүгдээрээ гарсан. Тэгэхэд үүдэнд найз Алтанчимэг тааралдаад бид 6 хамтдаа Золзаяагийн найз залуугийн гэрлүү очсон. Бид нар Золзаяагийн найз залуугийнд очоод Алтанчимэг Япон улсаас авч ирсэн 1 шил вискигээ задлаад гаднаас хэдэн шил пиво авч ирсэнийгээ ууцгаагаад юм яриад сууцгааж байсан чинь шөнө 02 цагийн үед надруу гэрээс залгаад хүүхэд уйлаад байна гэхээр нь би түрүүлж ганцаараа явсан, нөгөө хэд юм яриад үлдсэн. Тэгээд 2 хоногийн дараа буюу 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагийн үед байх цагийг нь сайн санахгүй байна Баярмаа танихгүй хүний буюу өөрөө хэлэхдээ нөхрийн дүүгийн утсаар ярьж байна имрайны зураг авахуулах гэсэн чинь 210.000 төгрөг дутаад байна, мөнгө өгөөч гэхээр нь би чи яачихсан юм бэ гэсэн чинь нөхөр Баяраад зодуулчихаад Гэмтлийн эмнэлэгт ирчихсэн байна гэсэн. Тэгэхээр нь би тухайн үедээ худлаа хэлж мөнгө авах гэж байна гэж бодоод найз Алтанчимэг, Жавхлан нар луу утсаар залгаад Баярмаа мөнгө хэрэгтэй байна гэнээ, Гэмтлийн эмнэлэгт байна гэж байна бүгдээрээ мөнгө цуглуулж өгөе чи юу ч гэсэн Гэмтлийн эмнэлэгт очоод үзээдэх гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Алтанчимэг надруу утсаар залгаад Жавхлан бид 2 гэмтлийн эмнэлэгт ирчихсэн байна Баярмаатай уулзлаа нөхөртөө зодуулчихсан гэж байна, нөхөр нь ч гэсэн байна, сая Баярмаа надад 100.000 төгрөг өгөөд мөнгө нэмээд авахуулсан имрагын зураг аваад ир гэсэн чинь нөхрийнхөн дүү нь бид нарыг загнаад би өөрөө бэрээ эмчилнэ, хувийн эмнэлгээр авч явна гээд нөгөө мөнгийг нь авчихлаа. Тэгэхээр нь бид 2 гараад ирлээ гэж утсаар яриад өнгөрсөн. Тэгээд би Баярмаа руу утсаар залгаад ярьсан чинь Баярмаа Алтанчимэг мөнгө өгөлгүй гарчихлаа гэхээр нь би бид нар чамайг 4 сартай хүүхдээ авахуулахад чинь мөнгө өгөе гэсэн болохоос ямар нөхөртөө зодуулсанд чинь эмчилгээний мөнгийг өгч чадахгүй, нөхрөөрөө гаргуул гэсэн чинь Баярмаа утсаа тасалчихсан. Тэгээд тэрнээс хойш холбоогүй байж байсан чинь өнөөдөр буюу 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр найз Хандсүрэн утсаар залгаад Баярмаагийн асуудлаар Баянгол дүүргийн цагдаагаас дуудаж байна хүрээд ир гэхээр нь ирж уулзахад Баярмааг нас барсан гэж мэдсэн.

Талийгаач 2016 оны 8 дугаар сарын сүүлээр өөрийгөө жирэмсэн болчихсон одоо 4 хүүхэдтэй юм чинь надад дахин хүүхэд гаргах хэцүү байна, дээр нь Баяраа байнга зоддог, согтуу байдаг болохоор дахин хүүхэд гаргахад хүндрэлтэй байна хүүхдээ авахуулахад их мөнгөний хэрэг байна. Тийм болохоор найзууд минь мөнгөний туслалцаа үзүүлээч гэж ярьж байсан. Тэгээд бид нар мөнгө цуглуулж өгөе гэж бодож байсан юм. Тэгээд 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр уулзахдаа 4 сартай жирэмсэн гэдгээ гаргаж үзүүлсэн.

Талийгаач хамгийн сүүлд 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр манай гэрт Хандсүрэнтэй орж ирэхдээ эрүүл саруул байсан. Тэгэхдээ нөхөр Баяраа нь сүүлийн 3 хоног архи ууж согтуу байгаа. Тэгээд агсан тавиад хэцүү байна, миний толгой хагарлаа гэж ярьж байсан. Тэрнээс өмнө ер нь удаа дараа талийгаач нөхөртөө агсан тавиулж өөрийгөө болон том хүү Баганаа нарыг зодчихсон гэж ярьдаг байсан.

 2016 оны цагаан сарын дараахан бага охиноо дагуулчихсан манайд жоохон архи үнэртүүлчихсэн ирэхдээ нөхөртөө зодуулчихсан гээд нилээн орой нүд, ам нь хөхөрчихсөн зочид буудлын мөнгө аваад явж байсан...” гэжээ. /1 хав 72-74/

 

Гэрч Ц.Хандсүрэн мэдүүлэхдээ: “..Талийгаач Н.Баярмаатай 7-р ангиасаа хойш найзалж нөхөрлөж байна. 2016 оны 9 дүгээр сарын 05-нд орой 18 цаг өнгөрч байхад талийгаач Н.Баярмаа хүү Санчирын хамт манай гэрт ирсэн нөхөр Баяраа 3 хоног архи уугаад агсан согтуу тавиад байхлаар нь зугтаагаад гараад ирлээ гэсэн. Тэгээд бид хоёр орцонд юм яриад зогсож байхад Санчир гадагш гарчихаад ирье гээд миний утасны дугаарыг аваад тань руу залгая гээд гараад явсан. Талийгаач Н.Баярмаа бид найз Оюунболдынх руу очье гэхээр нь би нөхрөөсөө орж хэлээд зөвшөөрөл авчихаад Оюунболдын гэрт 19 цаг 40 минутын үед очсон. Гэрт нь найз Оюунболд, Жавхаа гэж найзтай хамт байсан. Тэгээд бид юм яриад сууж байтал найз Золоо ирсэн. Тэгээд 23 цагийн үед гадаа Алтанчимэг ирчихлээр нь бид Оюунболдын гэрээс гараад замдаа Баянгол дэлгүүр лүү Оюунболд, Золоо хоёр ороод нийслэл нэртэй 3-н сав том пиво авч Энхбаярын гудамжинд байдаг нийтийн байранд байдаг Золоогийн найзын гэрт орж авсан пивонуудаа уугаад ахин нэмж 3 сав том нийслэл пиво авч уусан. Мөн 1 шил виски уусан. 02 цагийн үед Оюунболдын хүүхэд нь уйлаад байна гээд яваад өгсөн. Би нилээн согтоод унтаад өгсөн. Өглөө 07 цаг өнгөрч байхад талийгаач Н.Баярмаа намайг сэрээсэн. Тэр үед Алтанчимэг, Жавхаа хоёр миний хажууд унтаж байсан. Талийгаач Н Баярмаа бид хоёр 08 цаг болж байхад тэр айлаас гарч яваад манайд очсон. Гэрт аав Цэдэв, манай хоёр банди нар байсан нөхөр ажилдаа явчихсан байсан юм. Аав зуслан явлаа гээд гарч явсаны дараа талийгаач Н.Баярмаа бид хоёр лаазтай сэнгүр пиво аваад ууж байхад гэрийн хаалга дуугарсан. Тэгээд би хэн бэ гэхэд Баяраа байна гэсэн. Тэгэхлээр нь цаашаа талийгаач Н.Баярмаа дээр очоод Баяраа гадаа ирчихсэн байна гэхэд талийгаач Н.Баярмаа намайг энд байхгүй мэдэхгүй гэж хэл би Баяраатай уулзмааргүй байна гэсэн. Тэгэхлээр нь би хаалгаа онгойлгоод хартал Баяраа талийгаачтай уулзсан уу хаана байна гэж надаас асуухаар нь мэдэхгүй би уулзаагүй гэсэн. Тэгтэл Баяраа согтуу 2 бага хүүхдээ дагуулчихсан намайг гэрээсээ гараад ир гээд байсан. Тэгэхлээр нь би хүүхэдтэйгээ байна гарч чадахгүй гээд хаалгаа хаасан. Тэгээд пиво ууж байгаад миний утсаар Баяраа луу би цагаан утсаар ярьж байна хүүхдээ сургуульд нь явуулаач би очиж чадахгүй очихоор чи зодож нүдээд янз бүр болдог биз дээ гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Баяраа миний утас руу залгаад дуудлага орж ирэхлээр нь би авсан. Тэгээд “байна уу” гэхэд талийгаач Н.Баярмаагийн хүү Санчир “Хандаа эгчээ та хаана байгаа юм” гэхлээр “тийм хүн байдаггүй чи юу яриад байгаа юм бэ” гээд утсаа тасалсан юм. Баяраа миний утсыг мэддэггүй юм аа. Тэгээд ахиад миний утас руу Баяраа дахин залгахаар нь би утсаа автал “Ханзагаа би чамайг ална шүү Баярмаа хаана байна” гэхлээр нь “сая орж ирээд миний утсаар яриад гараад явсан” гэж хэлсэн. Баяраа намайг “амьдралгүй болгоно чиний амьдралаар тоглоно” гээд заналхийлсэн. Тэгэхлээр нь би чамайг би хорооны цагдаад орж хэлнэ дандаа ингэдэг чи гэж би хэрүүл хийсэн. Тэгээд би талийгаач Баярмаад чи одоо гэртээ харь танай Баяраа чинь янз бүр бол ядаргаатай юм гэж хэлсэн. Тэгтэл хүү Санчир нь гэрт орж ирсэн. Тэгэхээр би чи яагаад эргээд миний утас руу залгаж байгаа юм Баяраа чинь янз бүр болно шүү гээд Санчирыг би загнасан. Санчир уурлаад гараад явсан. Би дахин Баярмааг гэр лүүгээ харь гэсэн. Талийгаач би явлаа гээд гараад явсан юм. Үүний дараа хүү Санчир нь ээжийгээ асуухаар нь гэр лүүгээ явсан гэж хэлсэн. Тэрнээс хойш уулзаагүй байж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 09-нд Оюунболд өдөр 12 цагийн үед над руу залгаад бид өмнө мөнгө цуглуулж талийгаач Н.Баярмаагийн обортанд оруулж хүүхдийг нь авахуулна гэж ярьж нэг хүнээс 50.000 төгрөг цуглуулж өгнө гэж ярьж тохирсон байсан. Талийгаач Н.Баярмаа гэмтлийн эмнэлэгт харваад хэвтэж байна, томографийн зураг авахуулах гэсэн юм гэхээр нь би орой мөнгийг нь өгье одоо гэртээ байхгүй байна гэж хэлсэн. Орой нь Оюунболдтой ярихад Гэмтлийн эмнэлэг дээр Алтанчимэг, Жавхаа хоёр очсон байна лээ нүүр нь уруулынхаа хэсгээр түлэгдсэн байна гэнээ, чамайг хэн ийм болгосон юм гэж асуухад Баяраа намайг зодсон. Харин гэмтлийн цагдаад найздаа зодуулсан гэж хэлсэн байна лээ.

Алтанчимэг уурлаад Баяраагийн зодсон зодуурыг бид нар эмчлэх ёстой юм уу гээд Оюунболдод уурлаад мөнгөө өгөөгүй гараад ирсэн байсан. Тэгээд дараа нь мөнгөө өгье гэж ярьж тохирсон юм. 2016 оны 9 дүгээр сарын 09-ны орой Санчиртай фейсбүүкээр захиа бичээд ээж чинь гайгүй юу гэхэд ээж гэрт байнаа ээж таныг хүрч ирээд эмнэлэгт хүргээд өгчих гэнээ Баяраа хаачсан юм бэ гэхэд цагдаа аваад явсан гэсэн би гарч чадахгүй нээ хүүхэдтэйгээ байна гэсэн...” гэжээ. /1 хав 75-77, 78-81/

 

Гэрч С.Жавхлан мэдүүлэхдээ: “...2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр … 20 цагийн үед … талийгаач Н.Баярмаа, Хандсүрэн хоёр орж ирсэн өдөр Оюунболд, Золзаяа, Алтанчимэг бид 4 уулзана гэж тохирсон байсан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад Золоо ажлаа тараад ирсэн. Тэгээд гэрээс нь гартал Алтанчимэг орцны үүдэнд тааралдан хаачихаа яриад Золоогийн гэрт очихоор болоод замдаа дэлгүүр лүү Оюунболд, Золоо хоёр ороод нийслэл нэртэй 3-н том савтай том пиво авч Энхбаярын гудамжинд байдаг нийтийн байранд байдаг Золоогийн найз залуугийнд орж авсан пивонуудаа уугаад ахин нэмж 3 сав том нийслэл пиво авч уусан. Мөн Алтанчимэг 1 шил виски авчирсан түүнийг нь уусан. Оюунболдын хүүхэд нь уйлаад байна гээд яваад өгсөн бид нилээн согтоод унтаад өгсөн.

Тэгтэл 2016 оны 9 дүгээр сарын 09-нд над руу Оюунболд залгаад талийгаач Н.Баярмааг гэмтлийн эмнэлэгт хэвтэж байна нөгөө цуглуулах мөнгөө цуглуулаад өгөөч гэж ярьсан 1 дэх өдөр зүгээр байсан хүн яахлаараа өвддөг юм нөгөө Баяраа нь зодоо биз обортанд оруулж хүүхдийг нь авахуулна гэж яриад нэг хүнээс 50,000 төгрөг цуглуулж өгнө гэж ярьж тохирсон байсан. Тэгээд Алтанчимэг бид хоёр 2016 оны 9 дүгээр сарын 09-ны 17 цагийн үед Гэмтлийн эмнэлэг дээр талийгаач Н.Баярмаа дээр уулзах гээд очиход үүдэнд оруулахгүй болохоор нөхөр зоддог юмаа бидэнд юмаа хэлэх гээд байна бид найз нар нь юмаа, ороод уулзая гэсэн. Тэгээд бид хоёр гутлаа тайлаад орж уулзахад талийгаач Н.Баярмаа нөхөртөө зодуулсан гэдгээ хэлсэн. Тэгээд бид хоёр эмнэлэгийн цагдаа нарт яагаад найз нартаа зодуулсан гэж худлаа ярьсан юм бэ гэхэд Баярааг шоронд хийгээд бага хоёр хүүхдийг асрамжийн газар өгчихнө би тэгээд яах байсан юм бэ гэсэн.

Талийгаач Н.Баярмаагийн өрөөсөн хацар нь түлэгдсэн нүд нь хөхөрчихсөн хөнжилдөө ороод хэвтсэн байсан. Тэгээд бага эмчтэй нь уулзахад яг юу нь гэмтсэнийг асуухад шинжилгээний хариуг нь харж байгаад болно 320.000 төгрөгөөр авдаг шинжилгээг 160,000 төгрөгөөр авч өгсөн хариу нь арай гараагүй байгаа гэсэн. Тэгтэл Баяраагийн дүү гэх эмэгтэй Баяраатай цуг ирчихсэн эмнэлгийг нь солино, би өөрийнхөө хэвтдэг хувийн эмнэлэгтээ аваачиж хэвтүүлнэ гээд хувцсыг нь өмсүүлж байсан.

Тэгээд машиндаа суугаад тамхилж байхад Алтанчимэгийн утас руу талийгаач Н.Баярмаа өөрөө залгаад “Баярааг зодсон гэдгийг эмч нартаа хэлчихлээ, та хоёр эргээд ороод ирэх үү” гэхээр нь “та хоёрын гэр бүлийн асуудал шүү дээ өөрсдөө зохицуул” гэж хэлээд явсан юм. Тэгээд өнөөдөр нас барсан гэдгийг нь Оюунболдоос сонсоод ирж мэдүүлэг өгч байна...” гэжээ. /1 хав 82-84/

 

Гэрч Ц.Золзаяа мэдүүлэхдээ: “...2016 оны 9 дүгээр сарын 4-нд манай Алтанчимэг Япон улсаас ирсэн. Тэгээд Оюунболд, Жавхлан, Алтанчимэг бид 2016 оны 9 дүгээр сарын 5-ны орой ажлаа дуусгаад уулзая гэж тохирсон. Тэгээд би орой ажлаа тараад 22 цаг өнгөрөөгөөд Оюунболдын гэрт очсон. Тэгтэл талийгаач Баярмаа, Хандсүрэн Оюунболд, Жавхлан нар байсан. Тэгээд Алтанчимэг ирж байгаа гээд гэрээс нь гарч яваад гадаа Алтанчимэгтэй тааралдсан машиндаа суухаа манайх руу очсон Алтанчимэг 1 шил виски авчирсан. Түүнийг нь уусан дэлгүүрээс пиво авч уусан талийгаач жаахан асуудалтай түүнийгээ ярих гэж ирсэн тэгээд 4 сартай жирэмсэн авахуулах гэсээр байгаад мөнгөгүй болохоор өдий хүрлээ гэж хэлэхээр нь бид ярилцаад мөнгө өгөхөөр болсон. Шөнө Оюунболд явсан, бусад нь үлдээд тэндээ хоносон. Би өглөө эрт ажилтай болохоор 7 цаг өнгөрөөгөөд явсан юм. Түүнээс хойш талийгаач Баярмаа нас барсаныг ч гэсэн мэдээгүй байж байгаад өчигдөр мэдээд ирж мэдүүлэг өгч байна. Бид нар хоорондоо маргалдаж зодолдоогүй...” гэжээ. /1хав 85-86,87-89, 2хав 18-19/

 

Гэрч Д.Жаргалсайхан мэдүүлэхдээ: “...Нэг хацартаа түлэгдсэн сорвитой эмэгтэй орж ирж толгойгоо бариулсан бөгөөд нөхөртэйгээ хамт явж байсан. Манайд орж ирэхдээ маск зүүсэн орж ирсэн. Мөн намайг шарх цэвэрлэж өгөөч гэхээр нь хартал хацар нь шархлаад шүүс гарсан, арьс нь зулгарч зарим газраа бөөгнөрсөн байсан. Түүнээс нь харахад түлэгдсэн шарх гэж мэдэгдэж байсан. Уг шарханд нь бужигнасан хог наалдсан байсан. Нөхөр нь  гэх залуу цэвэрлэх шингэн авна гээд гарсан бөгөөд гарахаасаа өмнө “манай эхнэр найз нартайгаа архи уугаад, халуун цайнд түлэгдсэн” гээд байсан. Бас нөхөр нь эхнэртээ “чи хэн хэнтэй архи ууснаа хэлээч” гэхэд эхнэр нь “тиймээ тийм” гэсэн. Тэгээд нөхрийг нь эмийн сан явах хооронд би эмэгтэйд ингэтлээ архи уугаад гэхэд эмэгтэй “…наадах чинь өөрөө зодоод ийм болгочихсон юм, намайг эмнэлэг явах гэхээр цагдаад барьж өгөх гээд байна уу гээд дагаад яваад байгаа юм…” гэж ярьсан. ...эмэгтэй нөхрийнхөө хажууд бол юм ярихгүй байсан. …тэр эмэгтэйн нүүр хавдсан, хацартаа түлэгдсэн шархтай байсан. Толгойд нь массаж хийхэд битүү хавантай байхаар нь би “толгойгоо сайн үзүүл, нарийн шинжилгээ хийлгэ ингэж явж болохгүй” гэж хэлсэн...” гэжээ. /1хав 112-114/

 

Шинжээч эмч Г.Энхбаатар мэдүүлэхдээ: “...тархины судасны цүлхэн нь судасны хананы дутуу хөгжлийн улмаас судас аль нэг хэсэгтээ гадагшаа цүлхийсэн байхыг хэлдэг тархины судасны өвчин юм. Судасны цүлхэн задарч хагарах нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Хамгийн их буюу 50-60%-ийг эзэлдэг гол шалтгаан нь даралт ихсэх /огцом/ байнгын өндөр даралттай байх, биеийн хүчний ачааллууд тухайлбал хүнд юм өргөх, хэвлийн дотоод даралт ихсэх, сэтгэл санааны хүчтэй цочрол зэрэг байдаг. Хэвлийн дотоод даралт ихсэх гэдэгт хүндээр өтгөнөөр бие засах ордог бөгөөд эмнэлэгт хандсан тохиолдлуудын ихэнх нь ийм шалтгаантай байдаг. Цүлхэн хагарах үед шинж тэмдэг шууд илэрнэ. Энэ шинж тэмдэгт дараах шинж тэмдгүүд хамаарна. Үүнд: -Толгой гэнэт хүчтэй өвдөж нүд гэрэл гялбана /гэрлээс айх/ -байнгын дотор муухайрч хүчтэй огьж бөөлжинө, ухаан алдана, - мөчдийн талаас хөл гарт саа саажилт үүснэ. –ярьж чадахаа болино. –биеийн бүх хэсэг, эсвэл аль нэг мөчдийн хэсэгт таталт өгдөг. Талийгаач Баярмаагийн хувьд анх эмнэлэгт хэвтэх үедээ даралт өндөртэй 130/80 байсан. 3 дахь хоног дээрээ 190/110 хүрсэн байсан. Сэхээнд орох үедээ таталт өгсөн байдалтай, ухаангүй биеийн байдал маш хүнд болсон байсан. Тэгэхээр энэ үед 3 дахь хоног дээр цүлхэнг хагарсан гэж үзэх үндэслэлтэй байна.

ГССҮТ хэвтэх үедээ авахуулсан КТГ-н зургийн талаар өвчний түүхэнд тэмдэглэсэн байсан. өвчний түүхэнд тархины суурин хэсэгт цус харвалттай, 2 хажуугийн ховдлын урд хэсэгт буюу тархины эд дотроо тархины эдийн няцрал болон хавангаар хүрээлэгдсэн цус хуралттай гэж тэмдэглэсэн байсан. 2016.9.08-ны өдрийн КТГ-н зураг юм. 2016.9.9-ны өдөр MRI шинжилгээгээр уг оношийг тодруулахад баруун зүүн духны дэлбэнгийн суурийн хэсэгт тархины эдийн доторх цус хуралттай, уг цус хуралттай холбоотой тархины суурин хэсэгт цус харвалттай, дээрх цус хуралтууд баруун талдаа илүү, мөн баруун гүрээний дотор талын артерын судасны тархины дунд артерын судастай нийлэх мушгирсэн хэсэгт буюу тархины суурийн судсанд цүлхэнт өөрчлөлт байгаа нь оношлогдсон, тархины няцрал MRI шинжилгээгээр ч задлан шинжилгээгээр ч тогтоогдогүй. Мөн толгойн хуйх, гавлын ясанд гэмтэл тогтоогдоогүй. Талийгаач Баярмаагийн хувьд тархины суурийн судасны цүлхэн ГССҮТ-д хэвтэх үед нь бага хэмжээний язрал урагдал өгч, тархины суурин хэсэгт цус харвалттай байсан байна. /2016.9.08-ны КТГ-р/ өвчний түүх дээр 2016.9.10-ны өдрийн 04 цаг 55 минутанд коридорт явж байхдаа унаж таталт өгч ухаангүй болж сэхээнд орсон байна. Энэ үед тархины суурийн суурийн судасны цүлхэн бүрэн хагарсан байх боломжтой байна. Яагаад гэвэл сэхээнд орсны дараа КТГ-ын зураг давтан авахад тархины суурин хэсгийн цус хуралтууд эрс нэмэгдэж, тархины ховдлын хэсэг рүү холбогдсон байх ба тархины 2 хажуу ховдлын хооронд цус хуралт шинээр үүссэн гэсэн хариу гарсан байсан. Мөн энэ үеэс хойш тархины суурийн судасны цүлхэн хагарах үед илэрдэг шинжүүд буюу таталт өгөх, ухаангүй болох шинжүүд илэрсэн байна. Онолоор бол 15-20 хувьд нь тархины суурийн судасны цүлхэнийг давтан хагарах эхний 2-14 хоногт тохиолддог гэж үздэг. Тархины суурийн судасны цүлхэн хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй, ихэвчлэн төрөлхийн шалтгаантай байдаг. Энэ цүлхэн хагараагүй үедээ хүнд ямар нэг зовиур өгөхгүй, ихэвчлэн тохиолдолын журмаар оношлогддог. Мөн талийгаач нь жирэмсэн /17-16 долоо хоног/ байсан, жирэмсний хяналтанд ороогүй байсан. Жирэмсэний үед ихэвчлэн даралт ихсэх тохиолдол байдаг боловч талийгаач хяналтанд ороогүй учраас үүнийг тогтоох боломжгүй.

Гэмтлийн гаралтай хагарах тохиолдол байж болно. Гэхдээ талийгаач Баярмаагийн хувьд тархины суурийн судасны цүлхэн гэмтлийн гаралтай хагарсан гэх шинж тэмдгүүд тогтоогдохгүй байна. Яагаад гэвэл тархины няцрал тогтоогдоогүй, хуйх болон гавлын ясанд гэмтэл тогтоогдоогүй. Мөн гэмтлийн улмаас хагарсан бол тэр дороо ухаангүй болох, таталт өгөх, улмаар нас барах зэрэг шинжүүд илрэх байсан. Өөрөөр хэлбэл 3 хоног үйлдэл хөдөлгөөн хийж явах боломжгүй байх ба 2016.9.10-ны өдөр гэнэт унаж таталт өгч, ухаангүй болж сэхээнд орсон байна. Тухайн үед даралт 190/110 болж огцом ихэссэн байна. Давтан авсан КТГ-ын зургаар тархинд цус хуралт шинжээр үүссэн, урьдны цус хуралт эрс нэмэгдсэн байсан зэрэг нь давтан цус харвалт өгснийг харуулж байна...” гэжээ. /1хав 120-125/

 

Шинжээч эмч Т.Сэлэнгэ мэдүүлэхдээ: “…ер нь тархины суурийн судасны цүлхэн бол төрөлхийн өвчин, судасны хананы дутуу хөгжлийн улмаас судасны хана аль нэг хэсэгт цүлхийхийг хэлдэг, ямар нэг зовиургүй өвчин учраас тохиолдлоор оношлогддог. Өөрөө хэлбэл өөр бусад шалтгаанаар үзлэг шинжилгээ хийлгэхэд л оношлогддог өвчин. Талийгаач Н.Баярмаагийн хувьд судасны цүлхэн хагарсан нь гэмтлийн гаралтай болох нь тогтоогдоогүй. Хэрэв гэмтлийн гаралтай байсан бол тархины эд няцрах шинж тэмдэг илэрдэг. Мөн гавлын яс хугарах, хуйханд цус хурах гэмтэл үүсэх байсан. МRI шинжилгээ задлан шинжилгээгээр эдгээр гэмтлүүд тогтоогдоогүй. Мөн дахин дүгнэлт гаргах үед 2016.9.08-ны КТГ-н зургийг Чулуунсүх эмч дахин уншихад тархины эдийн няцрал байгаагүй. Талийгаач Н.Баярмаагийн хувьд өвчний улмаас даралт нь ихсэж тархины суурийн судасны цүлхэн задарсан гэж үзэх үндэслэлтэй байна. Даралт ихсэх нь ихэвчлэн өвчнөөс шалтгаалдаг. Сэтгэл санааны байдал нь цусны даралт ихсэхэд гол шалтгаан болохгүй. Мөн талийгаачийн хувьд 16-17 хоногтой жирэмсэн, жирэмсний хяналтанд ороогүй байсан. Жирэмслэлтийн үед даралт ихсэх тохиолдол ч байдаг...” гэжээ. /2хав 30-31/

 

Шинжээч эмч М.Энхбаяр мэдүүлэхдээ: “..Тархины суурийн судасны цүлхэн нь цусны даралт ихсэх өвчинтэй холбоотой. Цусны даралт ихсэх нь бөөрний, зүрхний, судасны өөрийн эмгэгээс болдог. Мөн архи согтууруулах ундаа хэрэглэх нь даралт ихсэхэд нөлөөлнө.

Сэтгэл санааны дарамт, тогтворгүй байдал нь цусны даралт ихсэхэд нөлөөлөх хүчин зүйл байх боломжтой боловч цусны даралт ихсэх гол шалтгаан нь өвчин юм. Тархины суурийн судасны цүлхэн нь судасны хананы дутуу хөгжил өвчин юм. Талийгаач Баярмаагийн хувьд эд, эсийн шинжилгээгээр бөөрний зарим нэг түүдгэнцэрийн судсан багц хатангаршиж үгүй болсон нь тогтоогдсон байна. Үүнээс харахад талийгаач нь бөөрний өвчнөөс шалтгаалсан даралт ихсэх өвчтэй байсан гэж үзэх үндэслэлтэй, энэ нь бөөрний өвчний шалгаантай даралт ихсэх өвчний нэг шинж юм...” гэжээ. /2 хав 32-33/

 

Шинжээч эмч Ч.Эрдэмболор мэдүүлэхдээ: “…тархины судасны цүлхэн нь судасны хананы булчингийн төрөлхийн дутуу хөгжлийн улмаас цусны урсгалын судасны хананд үзүүлэх даралтын улмаас гадагш цүлхийж гардаг өвчин юм. Энэ цүлхэн нь цусны даралт нэмэгдэх үед хагарч хүндрэл өгч үхэлд хүргэдэг. Энэ өвчин удаан хугацаанд үүсдэг архаг өвчин бөгөөд гэмтлээс болж үүсэхгүй. Даралт ихсэх өвчин нь мөн архаг явцтай байдаг. Талийгаачид 2016.9.08-нд ГССҮТ-д хэвтэх үедээ тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалттай тархины эдэд цусан хураа үүссэн байх ба 2016.9.09-ний өдрийн МRI шинжилгээгээр дээрх судасны гаж хөгжил буюу цүлхэн оношлогдсон байх ба 2016.9.10-ны өдрийн 04 цаг 55 минутад цусны даралт ихсэж, уналт таталт өгч ухаангүй болсон, давтан хийлгэсэн КТГ-н шинжилгээгээр тархины цус харвалтууд нь улам нэмэгджээ. Эдгээрээс үзэхэд анх эмнэлэгт хэвтэхээс өмнө судасны цүлхэн бага хэмжээний язрал өгч харин дараа нь 2016.9.10-ны өдөр бүрэн хагарсан байх боломжтой байна.

Сэтгэл санааны хямрал цусны даралт ихсэхэд нөлөөлж болно. Гэхдээ талийгаач Н.Баярмаагийн хувьд сэтгэл санааны хямрал нь цусны даралт ихсэхэд нөлөөлж энэ нь судасны цүлхэнд хагарахад шууд нөлөөлсөн гэдгийг тогтоох боломжгүй...” гэжээ. /2 хав 34-36/

 

Гэрч Ч.Эрдэмбаяр мэдүүлэхдээ: “...гэртээ нөхөртөө зодуулсан гэж ярьсан. Манай нөхөр согтуу байхдаа …гадуур явж байгаад гэртээ оройтоод орсон чинь хардаад зодсон гэсэн. Яг яаж зодсоныг тодорхой ярихгүй байсан. Өөрөө ч нөхөр ч согтуу байсан, цуг архи уугаагүй, тус тусдаа архи уусан гэж байсан. Маргааш нь шартаад толгой өвдөөд байгаа юм байна гэж бодоод өдөржингөө хэвтэж байгаад толгой тархи өвдөөд байхаар нь орой гэмтлийн эмнэлэг дээр зураг авахуулах гэсэн мөнгө байгаагүй учраас буцсан. Тэр өдрийнхөө маргааш нь зургаа авахуулаад эмнэлэгт хэвтсэн гэж байсан. Мөн нөхөр нь үг зааж өгч, Баянзүрх дүүрэгт зодуулсан гэж хэлүүлсэн гэж байсан...” гэжээ. /2 хав 37-39/

 

Гэрч Х.Батхишиг мэдүүлэхдээ: “…Н.Баяр нь байнга архидан согтуурч эхнэр хүүхдүүдэдээ агсам тавьж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. Талийгаач Баярмаа ч өөрөө архи уудаг байсан, заримдаа нүд, нүүр ам нь хөхөрсөн байхаар нь асуухаар унасан, юм мөргөсөн гэж ярьдаг байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж шалгуулдаггүй байсан. Лавлагаанаас харахад эхнэр хүүхдээ зодсон байна, Н.Баяр ер нь архи уухаараа эхнэр хүүхдэдээ агсам тавьж, зодож цохиж, хүчирхийлэл үйлддэг байсан...” гэжээ. /2 хав 40/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1682 дугаар дүгнэлтэд: “1.Талийгаач Н.Баярмаагийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр 2 нүдний зовхи, дух, зүүн шанаа, дээд, доод уруул, хүзүү, баруун шилбэний цус хуралт, баруун хацрын 2-3-А зэргийн түлэгдэл гэмтэл тогтоогдлоо. 2. Хоёр нүдний зовхи, дух, зүүн шанаа, дээд уруул, хүзүү, баруун шилбэний цус хуралт нь мохо зүйлийн үйлчлэлээр, баруун хацрын 2-3-А зэргийн түлэгдэлт нь өндөр хэмийн хэсэг газрын үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Талийгаач нь тархины баруун талын суурийн судас буюу тархины дунд артерийн судас, гүрээний дотор артерийн судасны нийлэх хэсгийн судасны цүлхэн задарч тархины 2 тал бөмбөлгийн хажуу ховдлын урд хэсгийн тархины эдийн гүн дэх цус хуралт, тархины суурийн хэсэг, баруун чамархайн дэлбэнгийн суурин хэсгийг хамарсан аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, тархины 2 хажуу ховдол, 3-р ховдол дахь цус харвалтын улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх, судасны хурц дутагдалд орж нас баржээ. 4.Эмнэлэгт эрчимт эмчилгээ хийгдсэн тул цусанд спиртийн зүйл тодорхойлох боломжгүй. 5.АВО системээр А 2-р бүлгийн цустай байна. 6.Талийгаач нь тархины суурийн судасны цүлхэн, зүрхний булчингийн голомтот сорвижилт, өөхлөлт, элэгний архаг үрэвсэл, нойр булчирхайн хатуурал, архаг өвчтэй байжээ. 7.Талийгаач нь 16-17 долоо хоногтой жирэмсэн байсан ба ургийн өсөлт хэвийн байжээ” гэжээ. /1 хав 119/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 7960 дугаар дүгнэлтэд: “1. Цэнхэр өнгийн цэцэгний зурагтай дэвсгэр даавуу, улаан өнгийн бундан хэлбэрийн оруулгатай цэнхэр өнгийн дэрний уутан дээр цус илэрсэн бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй. 2. Цэнхэр өнгийн цэцэгний зурагтай дэвсгэр даавуун дээрх цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна. 3. Улаан өнгийн бундан хэлбэрийн оруулгатай цэнхэр өнгийн дэрний уутан дээрх цусны бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй байна. 4. Юүдэнтэй, цахилгаантай саарал өнгийн цамц, цэнхэр өнгийн дженсэн өмд, шар өнгийн даавуун өмд, хар өнгийн лидрин материалтай богино курик, юүдэнтэй цахилгаантай ягаан өнгийн цамц, Н.Баярмаагийн баруун зүүн гарын гэх 10 ширхэг хумсан дээр биологийн гаралтай ул мөр илрээгүй” гэжээ. /1 хав 127/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 5601 дугаартай дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд уранхай, цоорхой гарсан байна. Ягаан цамцанд гарсан 15х14мм, 13мм хэмжээтэй уранхайнууд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан ханзарсан уранхайнууд, Ягаан цамцанд гарсан 9мм хэмжээтэй уранхай нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан уранхай, Хөх алаг уутанд гарсан 4х2мм, 5х2мм, 6х7мм хэмжээтэй цоорхойнууд нь дулааны үйлчлэлээр тус тус гарсан түлсэн цоорхойнууд байна. Бусад хувцас уранхайгүй” гэжээ. /1 хав 129-132/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1265 дугаартай дүгнэлтэд: “1. Н.Баяр нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. Н.Баяр нь хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ. /2 хав 22-23/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 93 дугаар дүгнэлтэд: 1. Талийгаач Н.Баярмаагийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр 2 нүдний зовхи, дух, зүүн шанаа, дээд, доод уруул, хүзүү, баруун шилбэний цус хуралт, баруун хацрын 2-3-А зэргийн түлэгдэл гэмтэл тогтоогдлоо. Хоёр нүдний зовхи, дух, зүүн, шанаа, дээд, доод уруул, хүзүү, баруун шилбэний цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, баруун хацрын 2-3-А зэргийн түлэгдэлт нь өндөр хэмийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 2. Талийгаач нь тархины баруун талын суурийн судас буюу тархины дунд артерийн судас, гүрээний дото артерийн судасны нийлэх хэсгийн судасны цүлхэн өвчтэй байсан байна. Энэ өвчин нь тараагуур судасны ханын гөлгөр булчингийн дутуу хөгжил, цусны даралт ихсэх өвчний улмаас гадагш цүлхийдэг архаг өвчин юм. Талийгаачид 2016.9.08-нд ГССҮТ-д хэвтэх үедээ тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалттай, тархины эдэд цусан хураа үүссэн байх ба 2016.9.09-ний өдрийн МRI шинжилгээгээр дээрх судасны гаж хөгжил буюу цүлхэн оношлогдсон байх ба 2016.9.10-ны өдрийн 04 цаг 55 минутад цусны даралт ихсэж, уналт таталт өгч ухаангүй болсон давтан хийлгэсэн КТГ-н шинжилгээгээр тархины цус харвалтууд нь улам нэмэгджээ. Эдгээрээс үзэхэд анх эмнэлэгт хэвтэхээс өмнө судасны цүлхэнд бага хэмжээний язрал өгч харин дараа нь 2016.9.10-ны өдөр бүрэн хагарсан байх боломжтой байна. Судасны цүлхэн нь цусны даралт ихсэх, биеийн хүчний ачаалал зэрэг цусны даралт огцом нэмэгдсэн үед хагардаг ба тухайн тохиолдолд гэмтлийн улмаас хагарсан, язарсан байх боломжгүй байна. Удаа дараа гэмтэл авах нь цүлхэн томрох, хагарахад нөлөөлөхгүй. 3. ГССҮТ-д тархины хүнд зэргийн няцрал, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, эдийн доторх цусан хураа, 16-17 хоногтой жирэмсэн, нүүрний ЗАБ зэргийн түлэгдэлт, зүүн нүд орчмын зөөлөн эдийн няцрал гэсэн оногтой анх хэвтсэн байна. 2016.9.08-ны гавал тархины КТГ, 2016.9.09-ний гавал тархины МRI шинжилгээ болон задлан шинжилгээгээр хуйх болон гавлын ясанд гэмтэлгүй, тархины эдэд няцрал гэмтэл тогтоогдохгүй байгаа учир цохилтын улмаас үүсээгүй болно. 4. Талийгаач нь тархины баруун талын суурийн судас буюу тархины дунд артерийн судас, гүрээний дотор артерийн судасны нийлэх хэсгийн судасны цүлхэн задарч тархины 2 тал бөмбөлгийн хажуу ховдлын урд хэсгийн тархины эдийн гүн дэх цус хуралт, тархины суурийн хэсэг, баруун чамрхайн дэлбэнгийн суурин хэсгийг хамарсан аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, тархины 2 хажуу ховдол, 3-р ховдол дах цус харвалтын улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх, судасны хурц дутагдалд орж нас баржээ. 5. Талийгаач нь 16-17 долоо хоногтой жирэмсэн байсан ба ургийн өсөлт хэвийн байжээ. 6. Урьд гаргасан шинжээчийн №1682 тоот дүгнэлт үндэслэлтэй байна” гэжээ. /2 хав 26-29/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 579 дугаартай дүгнэлтэнд: 1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016.10.05-ны өдрийн 1682, 2017.01.07-ны өдрийн 93 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 2.2016.9.11-ний өдрийн ГССҮТ-н тусгаарлах өрөөнд хийгдсэн цогцост үзлэг хийгдэх үед авсан фото зураг /ХХМ-н 20 тоот хуудас/, самбайгаар бэхлэсэн, шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийх үед авагдсан гэрэл зураг /ХХМ-н 248 тоот хуудас/ зэрэгт баруун эгэмний доор дугариг хэлбэрийн 0,5 см голчтой шарх байна. Энэ шарх нь эгэмний доорхи венийн судсанд хаймсуур тавих ажилбарын үед /ГССҮТ-н 24216 тоот өвчний түүх, эгэмний доорхи венд сельдингерийн аргаар гуурс тавьсан тухай бичлэг/ үүссэн байна. Иймд эмнэлгийн мэс засал гардан үйлдэлтэй холбоотой гэмтэл гэмтлийн зэрэг тогтоохгүй. 2016.9.08-ны “Бриллианс” эмнэлгийн ГТКТГ-н зураг уншсэн бичлэгт “хамрын 2 хажуу хана зөрүүтэй хугаралтай” гэсэн байх ба ГССҮТ-н КТГ-н зураг болон соронзон үелзүүрт Томограмм зургийн шинжилгээнүүдээр уг гэмтэл батлагдаагүй бөгөөд уг зургуудийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүрс оношлогооны эмчээр хянуулахад хамар ясанд хугаралгүй байсан байна. 3.Боолтын үед хүзүүний гүрээний артери, вен дарагдаж тархинд очих цус багасдаг тул тахины судасны цүлхэн хагарах боломжгүй гэжээ. /2 хав 107-110/

 

Хэрэг учрал болсон гэх газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 6-14,15-18/,

Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хав 19,20-21/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 хав 24-25/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хав 29-32/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хав 164, 168/,

Өвчний түүх /1 хав 199-213/,

Захиргааны шийтгэл ногдуулах тухай /2 хав 2/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Н.Баяр нь 2015 оны 8 дугаар сарын 15, 2015 оны 8 дугаар сарын 28, 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11-05 тоот гэртээ эхнэр Н.Баярмааг удаа дараа байнга зодож, хацрыг нь түлэх, хөнгөн гэмтэл учруулах зэргээр тарчлаасан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Баярмаа /1хав 39-40/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Баяржаргал /1 хав 52-54,55 хуу, 2 хав 16-17/, гэрч Г.Мөнх-Орших /1хав 56-58, 59-60/, насанд хүрээгүй гэрч Б.Санчир /1хав 61-63,64-65/, насанд хүрээгүй гэрч Б.Багана /1хав 66-68,69-70/, гэрч Т.Алтанчимэг /1хав 71/, Б.Оюунболд /1хав 72-74/, Ц.Хандсүрэн /1хав 75-77,78-81/, С.Жавхлан /1 хав 82-84/, Ц.Золзаяа /1хав 85-86,87-89/, Г.Алтанцэцэг /1хав 90-92/, М.Алтанзул /1хав 93/, Д.Мөнхбаяр /1хав 94-95/, Ш.Рэгзэдмаа /1хав 96/, Ц.Одгэрэл /1 хав 97-98/, Ц.Амаржаргал /1хав 99-100/, Ж.Эрдэнэтуяа /1 хав 101/, Б.Батжаргал /1хав 102/, Н.Наранцэцэг /1 хав 103/, А.Манлайбаатар /1хав 104/, А.Бадамжав /1хав 105/, Б.Түмэнжаргал /1хав 106-107/, Н.Хангай /1хав 108-109/, Н.Нарантуяа /1хав 110-111/, Д.Жаргалсайхан /1хав 112-114/, шинжээч эмч Г.Энхбаатар /1хав 120-125/, Ц.Золзаяа /2хав 18-19/, Шинжээч эмч Т.Сэлэнгэ /2хав 30-31/, М.Энхбаяр  /2хав 32-33/,Ч.Эрдэмболор /2хав 34-36/, гэрч Ч.Эрдэмбаяр /2хав 37-39/, гэрч Х.Батхишиг /2хав 40/ нарын мэдүүлгүүдээр нотлогджээ.

Дээрх шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1682 /1 хав 119/, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 7960 дугаартай дүгнэлт /1 хав 127/, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 5601 /1хав 129-132/, 2017 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 93 дугаартай дүгнэлт /2хав 26-29/, 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 579 /2 хав 107-110/ дугаартай дүгнэлтүүд, Шүүх сэтгэц эмгэг судлалын 1265 дугаартай дүгнэлт /2 хав 22-23/, хэрэг учрал болсон гэх газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 6-14,15-18/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 19, 20-21/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 хав 24-25/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хав 29-32/, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хав 164, 168/, өвчний түүх /1 хав 199-213/, Захиргааны шийтгэл ногдуулах тухай шийтгэвэр /2 хав 2/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “…хохирогчийг 3 буюу түүнээс дээш удаа зодоогүй тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэх хүсэлт гаргасан боловч Цагдаагийн ерөнхий газрын гомдол мэдээлэл, бүртгэлийн санд авагдсан баримтаар шүүгдэгч нь ар гэртээ агсам тавьж шүүхээр арга хэмжээ авагдаж байжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д “байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн нь энэ хуулийн 96, 98 дугаар зүйлд заасан хор уршиг учруулаагүй бол…” гэж заасан ба байнга зодох гэдэгт хохирогчийг 3 ба түүнээс дээш удаа эрх чөлөөнд нь халдсан байхаар ойлгох хэдий ч зарим тодорхой нөхцөлд нэг удаагийн хүч хэрэглэсэн, хохирогчийн бие организмд идэвхтэй, үргэлжилсэн нөлөөллөөр бие махбодь болон сэтгэцэд нөлөөлж өвдөлт шаналал учруулсан нь уг гэмт хэргийн тарчлаах гэсэн ойлголтод хамруулж үзэхээр байна.

 

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр 16-17 долоо хоногтой жирэмсэн хохирогч Н.Баярмаагийн “…2 нүдний зовхи, дух, зүүн шанаа, дээд, доод уруул, хүзүү, баруун шилбэний цус хуралт, баруун хацрын 2-3-А зэргийн түлэгдэл гэмтэл” тус тус учирсан нь түүнд зовж зүдрэхээр байдал бий болсон нь гэрч Г.Мөнх-Орших /1хав 56-58, 59-60/, насанд хүрээгүй гэрч Б.Санчир /1хав 61-63,64-65/ нарын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Баярыг бусдыг тарчлаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Баяр нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо. 

 

Шүүгдэгч Н.Баярын цагдан хоригдсон 95 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох, тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хувцасыг устгах, дүрс бичлэг болон плаш дискийг хэрэгт хавсаргах, шүүгдэгч Н.Баяр нь баримтаар бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдлаа.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Батжаргал “хохирогч Н.Баярмаагийн том хоёр хүүхдийн цаашдын ирээдүйд зориулж 30.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх боловч түүний нэхэмжлэл нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг хангахгүй орхих, нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтов.

 

Хохирогч Н.Баярмаа нь гэмтэл согог судлалын төвд эмчлэгдэж байгаад нас барсан ба хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн шүүгдэгч Н.Баяр нь насанд хүрээгүй дөрвөн хүүхэдтэй, ганц бие эцэг тул түүнд ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

                   

1. Галдан овогт Намжилдоржийн Баярыг бусдыг байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Галдан овогт Намжилдоржийн Баярыг 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баярт оногдуулсан 01 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Н.Баярын цагдан хоригдсон 95 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3, 88.1.7-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ANGTE гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг СД, ягаан өнгийн плаш 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргах,

Ягаан өнгийн малгайтай нимгэн цамц, богино шар бэлтгэлийн өмд, саарал малгайтай цамц, хөх жинсэн өмд, цэнхэр өнгийн зүрхтэй дэрний уут, цэцгэн хээтэй хөх саарал орны даавуу, хар куртик, хохирогчийн баруун, зүүн гарны хуруунуудаас авсан 10 ширхэг хумсны дээж, Компьютер томографийн зураг зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Шүүгдэгч Н.Баяр баримтаар бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 30.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.2-д зааснаар шүүгдэгч Н.Баярт оногдуулсан 01 жил 01 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж түүнд хяналт тавихыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

9. Шүүгдэгч Н.Баярын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

            11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Баярын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ