Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/02282

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо “Э ж ж э” ХХК

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 8 дугаар хороо “Р х м м” ХХК

 

53,658,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.А, хариуцагчийн төлөөлөгч Г.Х, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Өлзий

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Э ж ж э” ХХК нь хариуцагч “Р х м м” ХХК-д холбогдуулан 53,658,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “Р х м м” ХХК-иас 3 өөр төрлийн паркетан шалыг 1 м.кв-ыг 198,000 төгрөгөөр тооцож, 271 м.кв канад модон шалыг 53,657,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Уг гэрээний дагуу төлбөрийг төлж, паркетан шалыг хүлээн авсан. 

 

1.2. Дээрх паркетан шалны үндсэн хэв загвар, чанар байдал алдагдсаны улмаас угсрахад шал хооронд завсар гарч, түвшний зөрүү үүсэж хөдөлгөөн ихтэй, угсрах боломжгүй буюу зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан. Иймд хариуцагч нь доголдлыг нуун дарагдуулж худалдсан байх тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, гэрээний төлбөрт төлсөн 53,658,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.  

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч талаас удаа дараа үзэж, судалсаны эцэст манай компанийн Канад улсаас импортолдог цэвэр модон шалыг авахаар тохирч, 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр паркетан шалыг хүлээн авсан. Нэхэмжлэгч талаас 2022 оны 9 дүгээр сарыг хүртэлх хугацаанд барааны чанарын доголдлын талаар мэдэгдэж байгаагүй. 

 

2.2. Харин нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлж байгаа Хан төгөл хотхоны захиалагч гэх хүн утсаар ярьж шалны өнгө арай бараан байна, суурилуулж чадахгүй байна, “Э ж ж э” ХХК-ийн захиалсан шал хилээр ороод ирсэн, шалыг буцаая гэж утсаар ярьсан. Иймд нэхэмжлэгч нь өөрсдийн хийсэн буруу сонголтоо манай бүтээгдэхүүнийг чанарын шаардлага хангаагүй мэтээр өөрсдийн хийсэн дүгнэлтээр буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

 

2.3. “Э ж ж э” ХХК нь 5 сар хагасын хугацаанд буцаалт хийх талаар мэдэгдэж байгаагүй бөгөөд шүүхээс мэдэгдэл ирсэний дараа манайхаас шалыг хадгалж байгаа газар дээр нь очиж үзэхэд зоорийн давхарт хадгалж, сав баглаа боодол бүрэн задарсан, хөгцөрсөн байдалтай байсан.

 

2.4. Мөн худалдан авагч нь бараа бүтээгдэхүүнээ шалгаж авах, доголдлын талаар нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд:  “Э ж ж э” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл тохирлын тайлан, төлбөрийн даалгавар, нэхэмжлэх, зарлагын баримт, 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Д.Б гаргасан тайлбар, М.О бакалаврын диплом, Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн сорилт, шинжилгээний дүн зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.  /ХХ-ийн 5-14, 59-63, 156-158  дүгээр тал/

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: “Р х м м” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрэл зургууд, Канад цэвэр модон шалны танилцуулга, Канад Улсын хоолны хүнсний хяналтын агентлагийн тодорхойлолт, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /ХХ-ийн 18, 93-105, 113, 120,   дугаар тал/

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс дараах нотлох баримтуудыг цуглуулсан байна. Үүнд: М.Ос гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, туршилтын тэмдэглэл /ХХ-ийн 83-85, 166-167 дугаар тал/

 

6. Хариуцагчийн хүсэлтээр шүүхээс дараах нотлох баримтуудыг цуглуулсан байна. Үүнд: нэхэмжлэгч “Э ж ж э” ХХК-ийн паркетан шалыг хадгалж буй агуулах /зоорийн давхар/-д үзлэг хийсэн тэмдэглэл, Ц.Б, Ц.Б нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл  /ХХ-ийн 139-155, 168-172, 178-184 дугаар тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагчаас 3 өөр төрлийн паркетан шалыг 1 м.кв-ыг 198,000 төгрөгөөр тооцож нийт 271 м.кв хэмжээтэй паркетан шалыг 53,658,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Уг гэрээний дагуу үнийг төлж, паркетан шалыг хүлээн авсан. Гэвч паркетан шалны үндсэн хэв загвар, чанар байдал алдагсанаас шалыг угсрахад завсар гарч, түвшний зөрүү үүсэж хөдөлгөөн ихтэй, угсрах боломжгүй доголдолтой эд хөрөнгө болох нь тогтоогдсон. Иймд хариуцагч нь эд хөрөнгийн доголдлыг нуун дарагдуулж худалдсан байх тул хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, паркетан шалны үнэ болох 53,658,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.  

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Нэхэмжлэгч нь 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр паркетан шалыг хүлээн авсан ба 2022 оны 9 дүгээр сарыг хүртэлх хугацаанд бараа чанарын доголдолтойгоос буцаах талаар мэдэгдэж байгаагүй. Худалдан авагч нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага бөгөөд бараа бүтээгдэхүүнээ шалгаж авах, эд хөрөнгийн доголдлын талаар нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч “Э ж ж э” ХХК  нь хариуцагч “Р х м м” ХХК-иас 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 1м2 нь 198,000 төгрөгийн үнэ бүхий 271м2 паркетан шалыг 53,658,000 төгрөгөөр худалдан авсан болох нь талуудын тайлбар, төлбөрийн нэхэмжлэх болон төлбөрийн даалгаврын баримтаар тогтоогдов. Энэхүү гэрээний нөхцөл, талуудын эрх үүргээс үзвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. Дээрх гэрээний дагуу хариуцагч нь 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлж, нэхэмжлэгч нь 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төлбөр төлөх үүргээ биелүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ асуудлаар талууд маргаагүй.  

 

Худалдах, худалдан авах гэрээний худалдагчийн гол үүрэг нь биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх юм. Уг үүргээ худалдагч зохих ёсоор биелүүлээгүй бол худалдан авагч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй. Нэхэмжлэгч нь худалдагчийг биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх гэрээний гол  үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу нийлүүлсэн паркетан шал нь чанар байдлаа алдсанаас шалтгаалан хэв гажилт буюу сэнсрэлт үүссэнээс шал хооронд завсар гарч, түвшний зөрүү үүсэж хөдөлгөөн ихтэй, угсрах боломжгүй буюу зориулалтын дагуу ашиглах боломжгүй, энэхүү доголдлын талаар нуун дарагдуулсан үндэслэлээр гэрээнээс татгалзаж, гэрээний үнийг буцаан шаарджээ. Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэх нөхцөлд тухайн эд хөрөнгийг шилжүүлэн өгөх үед доголдол бий болсон байхыг шаардана. Өөрөөр хэлбэл худалдан авагчид эд хөрөнгө шилжсэний дараа эд хөрөнгийг доголдолгүй байлгах үүргийг худалдагч хүлээхгүй. Иймд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 255.1.2 дахь хэсэгт худалдан авагчийн эд хөрөнгийг шалган авах үүргийг зохицуулсан ба энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор шаардлага гаргах эрхээ алдах болохыг заасан.

 

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” гэдэгт мэдэх боломжтой илт доголдолтой хөрөнгийг хүлээн авсан хэт хайхрамжгүй байсны хариуцлагыг худалдан авагч хүлээхээр зохицуулжээ. Энэхүү зохицуулалт талуудын маргаанд хамааралгүй байна.

 

Харин Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2 дахь хэсэгт “аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй” гэж заасан ба энэхүү үүрэг нэхэмжлэгчид хамааралтай гэж үзнэ. Тодруулбал, нэхэмжлэгч нь бөөний худалдаа болон барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг, барилгын салбарт 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон. Иймд дээрх үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн эсэх нь хариуцагчийн эсрэг шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой эсэхийг тогтооход ач холбогдолтой. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “паркетан шалыг хариуцагчаас хүлээн авсан асуудлаар маргахгүй, харин барааг манай ажилчид очиж аваагүй” гэжээ. Үүнээс үзвэл Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж зааснаар хариуцагч нь      нэхэмжлэгчийн заасан этгээдэд эд хөрөнгийг хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн байх ба харин нэхэмжлэгчийг эд хөрөнгийг нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Учир нь: Үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгч эсвэл түүний заасан этгээдэд үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгснөөр үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх бөгөөд энэхүү үүргийг хариуцагч биелүүлж нэхэмжлэгчийн заасан этгээдэд эд хөрөнгийг хүлээлгэн өгснөөр Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагчид эрсдэл шилжинэ. Ийнхүү эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр тухайн үед байсан эд хөрөнгийн доголдол, эд хөрөнгө устаж, гэмтэх эрсдэл, тээвэрлэлт, хадгалалтаас үүсэх эрсдэлтэй холбоотой үр дагаврууд худалдан авагчид шилжинэ гэж ойлгоно. Иймд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч этгээдийн хувьд худалдан авч буй эд хөрөнгийг хүлээн авахдаа ердийн худалдан авагчаас илүү анхааралтай, хариуцлагатай байх үүрэг хүлээсэн ба уг үүргээ биелүүлээгүйн үр дагаврыг өөрөө хүлээнэ. Харин худалдан авагч шалган авах үүргээ биелүүлээгүй хэдий боловч худалдагчийн эсрэг шаардлага гаргах эрхээ алдаагүй гэж үзэх нөхцөлийг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2 дахь хэсэгт “Худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол энэ хуулийн 255.1 хамаарахгүй” гэж тодорхойлсон байна. Иймд хариуцагчийг эд хөрөнгийг шилжүүлэх үед “паркетан шалны чанар байдал алдагдаж хэв гажилт үүссэн, сэнсэрсэн” гэж нэхэмжлэгчийн тодорхойлсон доголдол байсан, үүнийг хариуцагч мэдэж байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байх учиртай.

 

Нэхэмжлэгч нь паркетан шалыг доголдолтой болохыг нотлосон гэж “Үл тохирлын тайлан” нэртэй баримтыг гаргаж өгсөн ба уг тайланг нэхэмжлэгч “Э ж ж э” ХХК-ийн чанарын ахлах менежер гэх Д.Б бэлтгэсэн гэжээ. Уг тайланд “шалны уртын дагуу хэв гажилт үүссэн, үүний шалтгаан нь хадгалах байрны нөхцөл алдагдсан, адилхан кодтой бүтээгдэхүүний өргөний хэмжээ өөр өөр байна, ийм байгаа нь зааг үүсэж завсраар нь ус орох магадлал өндөр байна, шалыг угсрах үед хоёр модон шалны хооронд зааг гарч, түвшний зөрүү үүсэж байгаа нь илт харагдаж байна, технологийн заавар, зөвлөгөө, мэдээлэл буруу өгсөнөөс үүдэн модон материалтай гадаргууд тухайн шалыг зориулалтын багаж хэрэгсэл ашиглан буудаж тогтоож шахдаг шалыг бетон гадаргууд шалыг нааж хийж болно гэж зарсан нь бодит байдал дээр боломжгүй гэдэг нь нотлогдсон” гэжээ. Паркетан шалыг MNS 3027:81 Зүймэл шал техникийн шаардлагын 5.7-д “Хэсэг тус бүрийг хэлбэр, хэмжээ, үүлдрээр нь ялгаж чийг авахааргүй вандан тавиур дээр хурааж хадгална, Хадгалах байрны агаарын харьцангуй чийглэг 60 хувиас ихгүй байна” гэж заасан стандартын дагуу хадгална, харин хариуцагч дулаалгагүй контейнерт хадгалж байсан, ийнхүү хадгалах байрны нөхцөл алдагдаж паркетан шаланд хэв гажилт үүссэн гэж дүгнэсэн байна. Энэхүү дүгнэлтийг хийхдээ шинжлэх ухаан, техникийн ямар арга, хэрэгслийг үндэслэсэн болох нь тодорхойгүй байх бөгөөд MNS 3027:81 Зүймэл шал техникийн шаардлага гэсэн стандартад заасан шаардлагыг, паркетан шалыг хадгалж байсан гэх контейнертэй харьцуулан өөрийн итгэл үнэмшлээр дүгнэсэн гэж үзэхээр байна. Мөн паркетан шалыг хүлээж авснаас нэхэмжлэл гаргах хүртэл 4 сар 27 хоног, тайлан гаргасан /тайлангийн хугацаа эргэлзээтэй/ гэх хүртэл 1 сар 16 хоногийн хугацаанд нэхэмжлэгчийн хадгалалтад байсан бөгөөд энэ хугацаанд шаардлага ханган хадгалсан эсэх, нэхэмжлэгчийн хадгалалтаас доголдол үүсээгүй гэж үзэх баримтыг нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй болно. Дээрх баримтаар хариуцагчийн хадгалалтын нөхцөлөөс шалтгаалан паркетан шалны доголдол бий болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор хариуцагчийн эсрэг шаардлага гаргах эрхээ нэхэмжлэгч алдсан байна. Иймд нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах эрхээ алдсанаар түүний үр дагавар болох өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үүргийг биелүүлэхийг шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Худалдагч эд хөрөнгийн доголдлын талаар нуун дарагдуулсан нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй бөгөөд харин худалдан авагч нь худалдагчийн эсрэг шаардлага гаргах үндэслэл болохыг дурдах нь зүйтэй. 

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан байна. Хэдийгээр хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргасан боловч нэхэмжлэгч нь хариуцагчийн эсрэг шаардлага гаргах эрхээ алдсан тул нэхэмжлэгчийн тодорхойлсон доголдол нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 251.2 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн биет байдлын доголдол мөн эсэхийг шалгах шаардлагагүй юм. Иймд нэхэмжлэгч талын хүсэлтээр хийгдсэн туршилтын ажиллагаагаар тогтоогдсон гэх доголдол, энэхүү доголдлын талаар мэдүүлсэн гэрч М.Одонтунгалагийн мэдүүлгээр авагдсан мэдээлэл нь хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралгүй. Өөрөөр хэлбэл паркетан шалны доголдлыг /хэв гажилт буюу сэнсэрсэн/ үүсгэсэн гэх шалтгаан нөхцөл тогтоогдоогүй буюу хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Хариуцагч талын хүсэлтээр Ц.Б, Ц.Б нараас гэрчийн мэдүүлэг авсан ба тэдний мэдүүлэгт “паркетан шалыг хэн, хэзээ сонгож худалдан авахаар болсон, хэрхэн, хэнд хүлээлгэн өгсөн” талаарх мэдээлэл авагдсан байна. Энэ асуудлаар талуудын хооронд маргаан гаргаагүй, маргааны зүйлд хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Р х м м” ХХК-д холбогдох 53,658,000 төгрөг гаргуулах тухай “Э ж ж э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 426,240 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ГАНДИЙМАА