Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/02277

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 7 дугаар хороо тоотод оршин суух Б овогт М А

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 8 дугаар хороо “Н Г Г” ХХК

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 8 дугаар хороо  тоотод оршин суух Бат-Очирын Э

 

2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Автозогсоол захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээ”-г цуцалж, уг гэрээний төлбөрт төлсөн 16,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ө, хариуцагчийн төлөөлөгч Б.Д

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Анударь

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Б.Э, “Н г г” ХХК-д холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Автозогсоол захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээ”-г цуцалж, уг гэрээний төлбөрт төлсөн 16,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Н г г” ХХК-тай байгуулсан  худалдах, худалдан авах гэрээгээр Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо * давхарт байршилтай 24 тоот автозогсоолыг авч, эзэмшиж байсан ба гэрээний үнэ болох 16,000,000 төгрөгийг тус компанийн захирал Б.Эын дансанд шилжүүлсэн.  

 

1.2. Маргаан бүхий автозогсоолыг “Н Г Г” ХХКнь “А и ц” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ажил хийж гүйцэтгэсний төлбөрт авсан гэдэг бөгөөд 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “А и ц” ХХК-тай “Дулаан зогсоолын захиалгын гэрээ”-г байгуулсан.  

 

1.3. Дээрх гэрээний дагуу 24 тоот автозогсоолыг ашиглаж байтал 2022 оны 8 дугаар сард тухайн автозогсоолын эзэн гэх хүн гарч ирснээр “Н г г” ХХК-ийн өмчлөлд анхнаасаа шилжээгүй, надад шилжүүлэх боломжгүй гэдгийг мэдсэн. Иймд 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Автозогсоол захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээ”-г цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 16,000,000 төгрөгийг хариуцагч “Н” ХХК болон Б.Э нараас гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

2. Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

2.1. 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “А и ц” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний ажлын хөлсөнд Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо Аанд байршилтай Х-2 хотхоны 6 дугаар блокийн зоорийн давхарт 2 ширхэг автомашины зогсоол авахаар болсон.

 

2.2. Дээрх гэрээний дагуу авах 24 тоот зогсоолыг “А и ц” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн албан бичиг болон 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан гэрээг үндэслэн М.Ад худалдсан.

 

2.3. Тухайн автомашины зогсоол манайхаас хамаарахгүй шалтгаанаар өөр эзэнтэй болсны хариуцлагыг хүлээх үндэслэлгүй бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагч тал буюу “А и ц” ХХК шилжүүлэх үүрэгтэй, энэ асуудлаар “А и ц” ХХК нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.   

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд:  иргэний үнэмлэхний хуулбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Дулаан зогсоолын захиалгын гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Автозогсоол захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн орон сууц захиалгаар барих гэрээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 6/1255 дугаартай албан тоот зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /ХХ-5-6, 14, 20-22, 65 дугаар тал/

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: “Н г г” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Н г г” ХХК-ийн дүрэм, “А и ц” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1/50 дугаартай албан тоот, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Автозогсоол захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн орон сууц захиалгаар барих гэрээ, 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.  /ХХ-23-29, 31-35 дугаар тал/

 

5. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо А-д байршилтай Х-2 хотхоны 1551 дугаар байрны зоорины давхарт байрлах 24 тоот автомашины зогсоолын хувийн хэрэг, зэргийг шүүх нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /ХХ-ийн 74-95 дугаар тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд:  2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Н г г” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 24 тоот автозогсоолыг худалдан авч ашиглаж байсан ба 2022 оны 8 дугаар сард улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн эзэн гарч ирсэн. Тухайн зогсоолыг “Н Г Г” ХХКнь “А и ц” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу авсан гэдэг бөгөөд 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “А и ц” ХХК-тай “Дулаан зогсоолын захиалгын гэрээ”-г байгуулж байсан. 2022 оны 8 дугаар сард автозогсоолын эзэн гэх хүн гарч ирснээр “Н г г” ХХК-ийн өмчлөлд анхнаасаа шилжээгүй, надад шилжүүлэх боломжгүй гэдгийг мэдсэн. Иймд 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Автозогсоол захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээ”-г цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 16,000,000 төгрөгийг хариуцагч “Н” ХХК болон Б.Э нараас гаргуулахаар шаардаж байна.

 

3. Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч тайлбар гаргасан байна. Үүнд: Маргаан бүхий автозогсоолыг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “А и ц” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу авахаар болсон бөгөөд тус компанийн зөвшөөрөл болон ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн М.Ад худалдаж, зогсоолын үнэ 16,000,000 төгрөгийг хүлээн авсан. Уг автомашины зогсоол манайхаас хамаарахгүй шалтгаанаар өөр эзэнтэй болсны хариуцлагыг хүлээх үндэслэлгүй, өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагч тал “А и ц” ХХК гаргаж өгөх үүрэгтэй байсан, энэ асуудлаар “А и ц” ХХК нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.  

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч М.А нь “Н г г” ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Автозогсоол захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээ” нэртэй гэрээг бичгээр байгуулсан байх ба уг гэрээгээр “Н Г Г” ХХКнь Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо А-нд байршилтай Х-2 хотхоны 1 дүгээр ээлжийн 6 дугаар блокийн зоорийн давхарт байршилтай нэг автомашины зогсоолыг 2021 оны 5 дугаар сард багтаан хүлээлгэн өгөх, М.А нь автозогсоолын үнэ 16,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээжээ. Дээрх гэрээний агуулга, нөхцөл, талуудын хүлээсэн үүргээс үзвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Энэхүү гэрээний худалдагчийн үндсэн үүрэг нь худалдаж буй эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч нь үнийг төлөх явдал юм. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар хөдлөх эд хөрөнгийн хувьд худалдагч нь тухайн хөрөнгийг өөрийн эзэмшлээс гаргаж, худалдан авагчид бодит эзэмшлийг шилжүүлэн өгснөөр өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж үздэг. Харин үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хувьд худалдагч нь эд хөрөнгийг худалдан авагчийн бодит эзэмшилд шилжүүлэхээс гадна өмчлөл шилжүүлэх үүргийг хүлээж байдаг. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь улсын бүртгэлд үндэслэдэг тул зөвхөн эзэмшил шилжүүлэх нь хангалтгүй бөгөөд хуульд заасан журмын дагуу худалдан авагчийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх үүргийг хүлээнэ. Энэ үүргийг хариуцагч хүлээгээгүй, нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг “А и ц” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн албан бичиг, уг компанитай 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-г үндэслэн байгуулсан ба манайхаас автозогсоол захиалгаар бариулах гэрээний эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, маргаж байгаа автозогсоолын өмчлөх эрхийг “А и ц” ХХК шилжүүлэх үүрэгтэй гэж хариуцагч маргажээ.

 

“Н Г Г” ХХКнь “А и ц” ХХК-ийн захиалгаар Х-2 хотхоны 6 дугаар блокийн зоорьтой 10 давхар барилгын полконы шилэн фасад, металь хаалт хийх ажлыг гүйцэтгэж, ажлын хөлсөнд тус хотхоноос 2 ширхэг автозогсоол болон орон сууц авахаар тохирсон гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Мөн хариуцагч талын нотлох баримтаар гаргаж өгсөн “А и ц” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/50 дугаартай албан бичигт “...танай компанитай хийсэн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн ажлын хөлсний бартерт өгсөн ХУД-ийн 4 дүгээр хороо Аанд баригдаж буй Х-2 хотхоны 6 дугаар блокийн нэг ширхэг дулаан зогсоолыг зарж борлуулж болно” гэжээ. Тухайн баримтуудаас үзвэл хариуцагч нь “А и ц” ХХК-иас авахаар тохирсон автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлж аваагүй байхдаа уг компанийн зөвшөөрлийг үндэслэн маргаан бүхий автозогсоолыг нэхэмжлэгчид худалдсан үйл баримт тогтоогдож байна. Иймд дээрх баримтуудаар өмчлөх эрх бүхий этгээдээс автозогсоолыг худалдахыг зөвшөөрсөн байх ба энэ нь Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ.” гэж заасантай нийцжээ. Иймд “Н г г” ХХК, М.А  нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд талууд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл хариуцагч “Н Г Г” ХХКнь худалдагчийн үүргийг буюу автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөх эсвэл улсын бүртгэлд бүртгүүлэх үүргийг хүлээнэ.

 

Маргаан бүхий автозогсоолын өмчлөх эрх 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Б.Бат-Эрдэнэ, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ц.Болдбаатарын өмчлөлд шилжиж нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хариуцагч биелүүлэх боломжгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдов. Иймд Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхтэй байна. Гэрээнээс татгалзахын үр дагавар нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7 дахь хэсэгт зааснаар гэрээний талууд өгсөн, авснаа харилцан буцаах үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй боловч автозогсоолын өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжээгүй тул харилцан буцаах үүргийг хэрэгжүүлэх боломжгүй. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч нь автозогсоолын төлбөрт төлсөн үнийг хохиролд тооцон шаардах эрхтэй.

 

Талууд гэрээний төлбөрийг “Н г г” ХХК-ийн захирал Б.Эын “Хаан банк” ХХК дахь дансанд шилжүүлэхээр тохирч, уг тохиролцооны дагуу автозогсоолын үнэ 16,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Энэхүү тохиролцоо Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасанд нийцжээ. Иймд хариуцагч “Н Г Г” ХХК-ийг үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан гэж үзэх бөгөөд ийнхүү хүлээн авсан 16,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. Аливаа гэрээ нь талуудын харилцан нийцсэн хүсэл зоригийн үндсэн дээр байгууллагддаг бөгөөд гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцоо хийгдээгүй бол тухайн гэрээний үнийг хүлээн авсан этгээд гэрээний оролцогч болох үндэслэлгүй юм. Иймд хариуцагч Б.Э нь 16,000,000 төгрөгийг хүлээн авснаар худалдах, худалдан авах гэрээний тал болохгүй тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

Нэхэмжлэгч нь “А и ц” ХХК-тай 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “Дулаан зогсоолын захиалгын гэрээ” гэсэн нэртэй гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр гүйцэтгэгч буюу “А и ц” ХХК нь Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо Аанд баригдаж буй Х-2 хотхоны 1 дүгээр ээлжийн 6 дугаар блокийн 24 тоот зогсоолыг 2021 оны 1 дүгээр улиралд багтаан дуусгавар болгох, зогсоолын төлбөрийг 100 хувь бартерын нөхцөлөөр төлсөн болохыг дурдаж, “Н г г” ХХК-ийн зогсоолын бартерын эрх шилжүүлсэн болно гэсэн агуулгатай  байна. Гэрээ нь эрх зүйн ямар нэг үр дагавар гаргахад чиглэсэн хүсэл зоригийн илэрхийллийг агуулж байдаг бөгөөд хоёр болон түүнээс дээш этгээдийн харилцан нийцсэн хүсэл зоригийн илэрхийлэл болж, хэн алиныхаа өмнө харилцан хамааралтай үүргийг хүлээж байдаг. Иймд 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн “Дулаан зогсоолын захиалгын гэрээ”-гээр М.А, “А и ц” ХХК нь харилцан бие биенийхээ өмнө үүрэг хүлээгээгүй байх бөгөөд “Н г г” ХХК-ийн авах автозогсоолын өмчлөх эрхийг М.А шилжүүлэн авах эрхтэй болохыг тодорхойлсон баримт гэж үзэхээр байна. Иймд дээрх гэрээ гэж нэрлэсэн баримтаар маргаан бүхий автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг “А и ц” ХХК-ийг хүлээсэн гэж үзэхгүйг дурдах нь зүйтэй.   

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь “А и ц” ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан ба түүнд холбогдох шаардлагаасаа татгалзсан тул “А и ц” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н г г” ХХК-иас 16,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мягмаржавын Ад олгож, хариуцагч Б-ын Эд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснааар нэхэмжлэгч М.А нь хариуцагч “А и ц” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,150 төгрөгөөс 237,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Н г г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 237,950 төгрөг, улсын орлогоос илүү төлсөн 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Ад олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ГАНДИЙМАА