Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2023/02363

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 7 дугаар хороо тоотод оршин суух Б овогт Б О

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо тоотод оршин суух И овогт Б Ч

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 30 дугаар хороо тоотод оршин суух Д овогт Д Ц

 

7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Б.О, Б.Ч, хариуцагчийн төлөөлөгч Б.Х.  

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнгөнсаран.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.О, Б.Чнар нь хариуцагч Д.Цд холбогдуулан 7,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Б.Чийн дансаар дамжуулан Д.Цд 10,000,000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дуудлага худалдаагаар орон сууц авахад шаардлагатай гэсний дагуу шилжүүлсэн. Энэ мөнгийг зээлийн гэрээгээр, алданги төлөхөөр тохирч Б.Чоор дамжуулан Д.Цтай зээлийн гэрээ байгуулсан. 

 

1.2. Энэ мөнгийг өгөхгүй 2 жил болсон ба удаа дараа шаардаж 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр н.Мгэж хүний дансаар 8,000,000 төгрөг шилжүүлсэн. Энэ хугацаанд алдангийг тооцож нийт 15,000,000 төгрөг төлөхөөс 8,000,000 төгрөгийг хасаж, үлдсэн 7,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Б.О нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хямдхан орон сууц авахаар 10,000,000 төгрөг шилжүүлсэн ба зээлийн гэрээ байгуулагдаагүй. Энэ мөнгийг шилжүүлсэн баталгаа болгож Б.Чтой зээлийн гэрээ байгуулсан.

 

2.2. Дээрх мөнгийг н.Мхэрэглэсэн учраас 8,000,000 төгрөгийг н.Мөгсөн. Иймд үлдсэн 2,000,000 төгрөгийг алдангийн хамт төлөхөд татгалзахгүй гэжээ. 

 

3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ, Б.Оы Хаан банкны депозит дансны хуулга, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 28ё2-3/12 дугаартай албан тоот, Б.Чийн Хаан банкны депозит дансны хуулга зэргийг гаргаж өгсөн байна.  /ХХ-ийн 4-6, 8, 32 дугаар тал/

 

4. Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Намайг хөдөө явж байх үед Д.Ц нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албадан дуудлага худалдаанаас орон сууц авах боломж гарсан 10,000,000 төгрөг шаардлагатай гэсний дагуу Б.Чоор дамжуулан шилжүүлсэн. Энэ мөнгийг зээлийн гэрээгээр төлөхөөр тохирч, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Б.Чтой зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч нь мөнгийг буцааж өгөлгүй 2 жил болсон бөгөөд 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр н.Мгэдэг данснаас 8,000,000 төгрөг шилжүүлсэн. Энэ хүртэл алдангийг 5,000,000 төгрөгөөр тооцож, төлсөн 8,000,000 төгрөгийг хасаж үлдсэн 7,000,000 төгрөгийг шаардаж байна.     

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Б.Чтой зээлийн гэрээ байгуулсан, энэ бол зээлийн гэрээ биш бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээрээс хямдхан орон сууц авах зорилготой шилжүүлсэн мөнгө юм. Энэ мөнгийг н.Мхэрэглэсэн учраас 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн, үлдсэн 2,000,000 төгрөгийг, энэ мөнгөнөөс тооцох алдангийн хамт төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Б.Ч, Д.Ц нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ хэрэгт авагдсан байх ба уг гэрээгээр Д.Ц нь 10,000,000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 25 хоногийн хугацаагаар зээлэхээр тохирсон агуулга бүхий нөхцөлийг заажээ. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний агуулгаар байгуулагдсан боловч Б.Ч, Д.Ц нарын хооронд ямар нэг эрх зүйн харилцаа үүсээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Харин Д.Ц нь Б.Оаас 10,000,000 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зохион байгуулдаг албадан дуудлага худалдааны ажиллагаанд оролцож, Б.Од орон сууц худалдан авах зориулалтаар ашиглах зорилгоор авсан, уг ажиллагаагаар орон сууц худалдан аваагүй болох нь тэдний хэн алиных нь тайлбараар тогтоогдож байна. Энэхүү зорилго биелэгдээгүй нөхцөлд хариуцагч Д.Ц нь 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Од буцаан өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргийг биелүүлэх баталгаа болгон 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Б.Оыг төлөөлж Б.Чтой зээлийн гэрээг байгуулжээ.

 

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно”, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт “Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл Б.О нь Д.Цтай байгуулах гэрээг төлөөлөгч буюу Б.Чоор дамжуулан хийж болох бөгөөд ийнхүү байгуулсан гэрээний дагуу үүсэх эрх, үүрэг, үр дагавар нь төлөөлүүлэгч буюу Б.Од бий болохыг хуулиар зохицуулсан байна. Иймд Б.Ч, Д.Ц нарын хооронд эрх зүйн үр дагавар гаргахад чиглэсэн хүсэл зориг илэрхийлэгдээгүй буюу гэрээний харилцаа үүсээгүй ба тэдний хооронд байгуулсан гэрээний эрх, үүрэг нь Б.Од бий болно.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар Б.О, Д.Ц нарын хооронд үүргийн харилцаа үүссэн бөгөөд энэхүү үүргийн харилцаанаас үүссэн шаардах эрхийг зээлийн гэрээгээр тодорхойлсон нь хууль зөрчихгүй. Иймд нэхэмжлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үүсэх үүргийг биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Дээрх гэрээний үүргээс хариуцагч нь 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр н.Мөнхжаргалаар дамжуулан 8,000,000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ асуудлаар маргаагүй байна. Иймд Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно.” гэж зааснаар нэхэмжлэгчийг үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан гэж үзнэ.

 

Хариуцагч гэрээгээр тохирсон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон байх ба энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна. Иймд нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй. Хариуцагч нь 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд үүрэг гүйцэтгэх хугацааг 166 хоногоор хэтрүүлсэн, энэ хугацаанд төлөх алданги /10,000,000 х 0.5% = 50,000 х 166 хоног = 8,300,000 төгрөг/ нь үндсэн үүргийн 50 хувиас хэтэрсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг 5,000,000 төгрөгөөр тооцно. Иймд нэхэмжлэгч нь алдангийг 5,000,000 төгрөгөөр тооцож, нийт гүйцэтгэх үүрэг 15,000,000 төгрөгөөс төлсөн 8,000,000 төгрөгийг хасаж 7,000,000 төгрөг шаардсан нь үндэслэлтэй байна. 

 

 Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 7,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д Ц 7,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б Од олгож, хариуцагч Д.Цд холбогдох нэхэмжлэгч Б Ч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Ц-с улсын тэмдэгтийн хураамжид  126,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Од олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ГАНДИЙМАА