Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2023/00627

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2023/00627

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, 1 дүгээр хороо, ******** байрлах, улсын бүртгэлийн ********, регистрийн ******** дугаартай, Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ******** хороо, ******** тоотод оршин суух, регистрийн дугаар ********, ******** овогтой Д.Э,

Хариуцагч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ******** хороо, ******** тоотод оршин суух, регистрийн дугаар ********, ******** овогтой Т.У нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 457.477.965,89 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Д.Э-ын өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Д.Э, Т.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 457.477.965,89 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Иргэн Д.Э, Т.У нар Г ХХК-тай 2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ******** дугаартай зээлийн гэрээ байгуулж, 470.400.000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ******** дугаартай Ипотекийн гэрээ байгуулж, Д.Э, Т.У, Э.А нарын өмчлөлийн, Нийслэлийн ******** дүүргийн ******** хороо, ******** тоотод байрлах, 147 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар зээлийн гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийхгүй, зөрчил гаргасан ба банкнаас удаа дараа зээл төлөх мэдэгдлийг өгсөн боловч үр дүнд хүрээгүй. Иймд Г ХХК-иас ******** тоот зээлийн гэрээг цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд хариуцагч нараас зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 376.320.000 төгрөг, хүү 81.157.767,13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 198,76 төгрөг, нийт 457.477.965,89 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах, мөн үүргийн гүйцэтгэлийг Д.Э, Т.У, Э.А нарын өмчлөлийн, Нийслэлийн ******** дүүргийн ******** хороо, З******** тоотод байрлах, 147 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Д.Э-ын өмгөөлөгч Б.С шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Э нь Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд эхнэр Т.У-тай хамтран амьдрахгүй байгаа болно. Мөн Т.У нь өөрөө тухайн зээлийн гэрээний үүргийг дангаар хариуцан төлөхөө илэрхийлсэн байдаг ба тэдний хооронд 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн ******** дүгээр Өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээ байгуулж, өөрт ногдох хэсгээ эхнэр, охиндоо бэлэглэсэн байна. Иймд хариуцагч Д.Э нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Т.У шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй болно.

 

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 2.515.539,83 төгрөг төлсөн баримт, Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус банкны Гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ******** дүгээр Эрх олгох тухай тушаалын хуулбар, Г ХХК-иас Б.А-д олгосон итгэмжлэл, талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн ******** дугаар Орон сууцны зээлийн гэрээ-ний хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ******** дугаар Ипотекийн гэрээ-ний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүү тооцооллын хүснэгт, Г ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн ******** дугаар мэдэгдэл, шуудангийн магадлагаа, тэмдэглэл, мөн банкны 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ******** дүгээр мэдэгдэл, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, Г ХХК-иас Б.Э-д олгосон итгэмжлэл зэргийг ирүүлсэн.

 

5. Хариуцагч Д.Э-ын өмгөөлөгч Б.С-той байгуулсан 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ-г ирүүлсэн.

 

6. Хариуцагч Т.У-аас 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Д.Э-ын Г ХХК-д гаргасан хүсэлтийн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ******** дугаар Итгэмжлэл-ийн хуулбар, Д.Э-ын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, Д.Э, Т.У, Э.А-г төлөөлж Т.У нарын хооронд 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан ******** дүгээр Өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээ-ний хуулбар, гэрээ байгуулсан талуудын иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй хэмээн шүүх үзэв.

2. Нэхэмжлэгч Г ХХК болон хариуцагч Д.Э, Т.У нар 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ******** тоот Зээлийн гэрээ-г байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр Д.Э, Т.У нар банкнаас 470.400.000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар авсан байна.

Мөн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ******** дугаартай Ипотекийн гэрээ-ний дагуу Д.Э, Т.У, Э.А нарын өмчлөлийн, Нийслэлийн ******** дүүргийн ******** хороо, ******** тоотод байрлах, 147 м.кв талбай бүхий 3 өрөө, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.

3. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2035 оны 2 дугаар сарын 28-ны өдөр дуусах боловч зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас гэрээний үүрэг шаардах эрхтэй.

Түүнчлэн барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн, хүчин төгөлдөр байгааг дурдах нь зүйтэй байна.

4. Хариуцагч Д.Э нь Т.У-тай хамтран амьдрахгүй байгаа бөгөөд өөрт ногдох өмчлөлийн зүйлээ түүнд бэлэглэсэн тул зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үндэслэлгүй хэмээн маргах боловч зээлийн гэрээний 2.12-т Энэхүү гэрээний зээлдэгч нь 2 ба түүнээс дээш иргэн байгаа тохиолдолд тэдгээрийг хуульд заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчид тооцох ба үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн аль ч зээлдэгчээс банк шаардах эрхтэй байна гэж заажээ.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн зүйлийн 242.3Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж, мөн зүйлийн 242.11Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж тус тус заасантай тухайн гэрээ нийцэж байх бөгөөд Г ХХК нь 2 хариуцагчаас хувь тэнцүүлэн зээлийн гэрээний үүрэг шаардсаныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Нөгөө талаар, хариуцагч Т.У-аас 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ******** дугаар Итгэмжлэл-ийн хуулбар, Д.Э, Т.У, Э.А-г төлөөлж Т.У нарын хооронд 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан ******** дүгээр Өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээ-ний хуулбарыг ирүүлсэн байх боловч энэ нь хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Нөгөө талаар, тухайн бэлэглэлийн гэрээний харилцаа нь зөвхөн тухайн иргэдийн хооронд хийгдсэн гэрээний харилцаа учир Г ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээтэй хамааралгүй болно.

 

Хариуцагч Т.У нь 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийг хувийг гардан авч танилцсан боловч уг хугацаанаас хойш хариу тайлбараа бичгээр ирүүлээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцлоо.

 

Түүнчлэн хариуцагч Т.У-д 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Т.У-ын эзгүйд хэргийг, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хянан шийдвэрлэв.

 

5. Талууд зээлийн хүүг жилийн 20,4 хувиар тогтоосон байх боловч зээлийн гэрээний 3.2.1-д хөнгөлөлттэй нөхцөл буюу жилийн 12 хувийн хүүтэй байхаар тохиролцсон, мөн нэхэмжлэгчийн ирүүлсэн хүү тооцооллын баримтаас харахад хүүг жилийн 12 хувиар тооцон нэхэмжилсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

6. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.Э, Т.У нараас зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 376.320.000 төгрөг, хүү 81.157.767,13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 198,76 төгрөг, нийт 457.477.965,89 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож шийдвэрлэв.

 

7. Мөн Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар хариуцагч нар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд иргэн Д.Э, Т.У, Э.А нарын өмчлөлийн, Нийслэлийн ******** дүүргийн ******** хороо, ******** тоотод байрлах, 147 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.515.539,83 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э, Т.У нараас 2.515.539,83 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.Э, Т.У нараас зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 376.320.000 төгрөг, хүү 81.157.767,13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 198,76 төгрөг, нийт 457.477.965,89 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар хариуцагч нар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд иргэн Д.Э, Т.У, Э.А нарын өмчлөлийн, Нийслэлийн ******** дүүргийн ******** хороо, ******** тоотод байрлах, 147 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.515.539,83 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э, Т.У нараас 2.515.539,83 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА