| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 312/2025/0383/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/446 |
| Огноо | 2025-09-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/446
2025 09 29 2025/ШЦТ/446
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Н.Д,
шүүгдэгч Л.О нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Л.О-д холбогдох эрүүгийн 2525000000475 дугаартай хэргийг тус шүүх 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “****** *******” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ***** аймаг ********** сум ** дугаар баг * дугаар байр * дүгээр орц ** тоотод оршин суух, урьд;
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/256 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг бүрэн эдэлж дуусгасан,
Ш овогт Л-ийн О /РД; *********/,
Шүүгдэгч Л.О нь;
2025 оны 6 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө 02.00 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг “Цацал төв”-ийн зочид буудлын 206 тоот өрөөнд хохирогч Ө.Э-гийн “үнэнийг чинь хэлнэ шүү” гэсэн үгэнд уурлан нүүрэн тус газарт нь цохиж, түүний эрүүл мэндэд “нэг шүдний хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн бугалганд цус хуралт, цээжинд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Л.О “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хавтаст хэрэгт цуглуулсан;
хохирогч Ө.Э-гийн “...2025 оны 6 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө 01.00 цагийн орчим...найз охин Х залгахаар нь утсаа аваад ярьсан, “чи кола ундаа аваад “Цацал төв”-ийн зочид буудлын 206 тоот өрөөнд хүрээд ирээрэй, О, С бид гурав байна” гэхээр би “Баян” худалдааны төвийн “CU”-с кола ундаа аваад тэр гурав дээр очсон. ...О намайг “архи уух уу” гэхээр би “архи ууж чаддаггүй” гэсэн, надад пиво аяганд хийж өгөхөөр нь амсаад буцаагаад өгсөн. Х, О нар хоорондоо хувийн чанартай юм яриад байхаар би Од “үнэнийг чинь хэлнэ шүү” гэж хэлсэн, намайг орон дээр сууж байхад суудлаасаа босож ирээд хацарт нэг удаа алгадсан, орон дээр унаад буцаад босож иртэл нүүрэн тус газар нэг удаа цохиж орны хажууд газар унагасан, миний дээрээс цээж болон гуя, хөл, нүүр, толгой хэсэг рүү маш олон өшиглөж, дэвсэж байхад найз охин Х “чи одоо яагаад байгаа юм, эмэгтэй хүн зодоод байх юм” гэж хэлээд бид хоёрын дундуур орж салгатал Хын нүүрэн тус газар нэг удаа цохиход Х “цагдаа дуудна шүү” гэж хэлсэн, ... Миний хамар мурийсан, хоёр нүд хөхөрсөн, хамар хавдсан, надаас их цус гарч тогтохгүй байсан, мөн миний үүдэн шүд тал хэсэг нь хугарч гэмтсэн, толгой хэд, хэдэн газар хавдсан, гар хөхөрсөн. ...сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учирсан зүйл байхгүй, эмчилгээ 200.000 төгрөг, гол босгох 50.000 төгрөг, бүрээс 800.000 төгрөг, үүдэн шүдний эмчилгээний зардал болох 1.050.000 төгрөг өгсөн, чих хамар хоолойн үзлэг, компьютерт томограф үзлэг нийлээд 170.000 төгрөг барагдуулсан, хамрын таславчийн муруйлт хугарлын төгс хагалгаанд орох учир хохирлоо нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дэх тал/,
гэрч Б.Х-ын “...найз залуу О нь Э бид хоёрын дунд яс хаях гээд бид хоёрыг “муу п***а” гэх мэтээр доромжлоод байхаар нь Э “чи одоо юу гээд байгаа юм, чиний үнэнийг чинь хэлж чадна шүү” гэж хэлсэн чинь Э-г орон дээр сууж байхад очоод зүүн талын хацар хэсэгт нь алгадахад орон дээр унасан, мөн миний нүүрэн тус газар цохиж унагасан, ...Э-гийн дээрээс нэлээн олон удаа дэвсээд байхаар нь би “хөөе гичий минь боль” гэж хэлээд О-г татаад “цагдаа дуудлаа шүү” гэж хэлсэн чинь миний баруун талын хацар хэсэгт нэг удаа цохисон, тэгээд буудлаас гараад зугтсан, удалгүй цагдаагийн байгууллагын хүмүүс ирсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-34 дэх тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ОРХ0725/731 дугаартай; “...Ө.Э-гийн биед нэг шүдний хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн бугалганд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
иргэн Б.Х-ын “...2025 оны 6 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө найз залуу Л.О намайг болон манай найз Эг зодож, эрүүл мэндэд хохирол учруулсан.” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 07.03 цагт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,
Б.Хын гомдол /хавтаст хэргийн 8, 9 дэх тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг “Цацал төв”-ийн зочид буудлын 206 тоот өрөөнд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10, 11 дэх тал/,
хохирогч Ө.Э-гийн хохирол нэхэмжилсэн баримтууд, 1.998.100 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл /хавтаст хэргийн 48, 84, 85-87 дахь тал/,
Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга С.Өлзийбатын 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1/1684 дугаартай, “...3.000.000 төгрөгийн торгох ялаас 2.000.000 төгрөг төлсөн, өнөөдрийн байдлаар 1.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.” гэсэн утга бүхий албан бичиг,
шүүгдэгч Л.О 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр торгох ялын үлдэгдэл 1.000.000 төгрөгийг төлснийг нотлох банкны баримт,
шүүгдэгч Л.О-н;
иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 62 дахь тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 63 дахь тал/,
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 65 дахь тал/,
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/256 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 67-76 дахь тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч, гэрч нараас болон Л.О-гаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Л.О нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч Ө.Э-гийн “...О-д “үнэнийг чинь хэлнэ шүү” гэж хэлсэн, намайг орон дээр сууж байхад суудлаасаа босож ирээд хацарт нэг удаа алгадсан, орон дээр унаад буцаад босож иртэл нүүрэн тус газар нэг удаа цохиж орны хажууд газар унагасан, миний дээрээс цээж болон гуя, хөл, нүүр, толгой хэсэг рүү маш олон өшиглөж, дэвсэж байхад найз охин Х “чи одоо яагаад байгаа юм, эмэгтэй хүн зодоод байх юм” гэж хэлээд бид хоёрын дундуур орж салгатал Х-ын нүүрэн тус газар нэг удаа цохиход Х “цагдаа дуудна шүү” гэж хэлсэн, ... Миний хамар муруйсан, хоёр нүд хөхөрсөн, хамар хавдсан, надаас их цус гарч тогтохгүй байсан, мөн миний үүдэн шүд тал хэсэг нь хугарч гэмтсэн, толгой хэд, хэдэн газар хавдсан, гар хөхөрсөн.” гэх,
гэрч Б.Х-ын “...найз залуу О нь Э бид хоёрын дунд яс хаях гээд бид хоёрыг “муу п***а” гэх мэтээр доромжлоод байхаар нь Э “чи одоо юу гээд байгаа юм, чиний үнэнийг чинь хэлж чадна шүү” гэж хэлсэн чинь Эг орон дээр сууж байхад очоод зүүн талын хацар хэсэгт нь алгадахад орон дээр унасан, мөн миний нүүрэн тус газар цохиж унагасан, ...Э-гийн дээрээс нэлээн олон удаа дэвсээд байхаар нь би “хөөе гичий минь боль” гэж хэлээд О-г татаад “цагдаа дуудлаа шүү” гэж хэлсэн чинь миний баруун талын хацар хэсэгт нэг удаа цохисон.” гэх мэдүүлгүүд,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ОРХ0725/731 дугаартай, “...Ө.Э-гийн биед нэг шүдний хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн бугалганд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт, иргэн Б.Хын “...2025 оны 6 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө найз залуу Л.О намайг болон манай найз Э-г зодож, эрүүл мэндэд хохирол учруулсан.” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний гомдол, Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг “Цацал төв”-ийн зочид буудлын 206 тоот өрөөнд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” байдаг.
Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус харин зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.
Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд,
шүүгдэгч Л.О нь 2025 оны 6 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө 02.00 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг “Цацал төв”-ийн зочид буудлын 206 тоот өрөөнд хохирогч Ө.Э-гийн “үнэнийг чинь хэлнэ шүү” гэсэн үгэнд уурлан нүүрэн тус газарт нь цохиж, түүний эрүүл мэндэд “нэг шүдний хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн бугалганд цус хуралт, цээжинд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт цуглуулсан баримтуудаар тогтоогдсон,
түүний хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд шүүгдэгч Л.О-н үйлдэл энэ гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,
хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Л.О-н “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Л.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх шүүгдэгч Л.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан, “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг анхааруулав.
Шүүгдэгч Л.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Хохирогч Ө.Э нь хохирол, төлбөртэй холбоотойгоор 416.000 төгрөгийн баримт гаргаж хэрэгт хавсаргуулж, шүүгдэгч Л.О 2.000.000 төгрөг төлсөн байх бөгөөд хохирогч нь “...цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.” гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүх түүний хамрын таславчийн муруйлт хугарлыг эмчлүүлэхтэй холбоотой зардлын баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Хэрэгт хураасан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж,
шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Од авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш овогт Л-ийн Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-г нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.О шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгчид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Хэрэгт хураасан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
хохирогч нь гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э