| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2023/00351/И |
| Дугаар | 183/ШШ2023/01807 |
| Огноо | 2023-06-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2023/01807
2023 оны 6 сарын 02 өдөр Дугаар 183/ШШ2023/01807 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .... дүүргийн .... дугаар хороо, .... хотхон, .... дүгээр байрны .... тоот хаягт оршин суух, .... овогт Н.О /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн .... дугаар хороо,.... тоот хаягт байрлах, Ж.Г.Г ХХК /РД:..../-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ю.У,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.
Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.У нь шүүхэд Ж.Г.Г ХХК-д холбогдуулан орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Ж.Г ХХК-тай барилгад хөрөнгө оруулалт хийх тухай гэрээ байгуулсан. Миний бие тус компаниас 53.58 мкв байр худалдан авч төлбөрийг 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр бэлэн ....2,810,160 төгрөгийг Ж.Г ХХК-ний .... банкны .... тоот данс руу шилжүүлсэн. Гэтэл Ж.Г ХХК-нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг одоо хүртэл Н.О миний нэр дээр гаргаж өгөөгүй дөрвөн жил хоёр сар болж гэрээний нөхцөлөө зөрчиж өнөөг хүрч байна. Иймд миний бие тус үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. гэв.
2.Хариуцагч хариу тайлбартаа: .... хотхоны .... дугаар байрны .... давхрын .... тоот, 53.58 мкв 2 өрөө орон сууцыг 2018 оны 9 дүгээр сарын 7-ний өдөр .... тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-ний дагуу захиалгаар төлбөр тооцоог дуусгасан. Иймд Н.Оийг дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтооход татгалзах зүйлгүй. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3.Нэхэмжлэгчээс итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, .... дугаартай барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ, Ж.Г.Г ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ....дугаартай, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн .... дугаартай албан бичиг, төлбөр төлсөн баримт, барилгын план зураг, орон сууцны гэрэл зураг,
Хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, итгэмжлэл гаргаж өгсөн.
5. Шүүх Улсын бүртгэлийн ерөнхий газраас .... дүүргийн .... дугаар хороо, .... ....-р байр .... тоот хаягт орон сууцад хамаарах Ж.Г.Г болон Х.Х.Б ХХК нарын байгуулсан 20.... оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ...., 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ....дугаар барьцааны гэрээнүүдийг нотлох баримтаар гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Тус компаниас 53.58 мкв байр худалдан авч төлбөрийг 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр бэлэн ....2,810,160 төгрөгийг Ж.Г ХХК-д төлсөн. Иймд миний бие тус үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн гэж тайлбарлаж байна.
3.Хариуцагч Ж.Г.Г ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: Зохигч, 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр .... дүүргийн ....-р хороо, .... хотхоны 4 байр, .... давхрын В тоот буюу .... дугаар байрны .... .... тоот хаягт байрлалтай, 53.58 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг ....2,810,160 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцсон .... дугаартай Барилгад хөрөнгө оруулах гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч Н.О 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр ....2,810,160 төгрөгийг хариуцагчид төлжээ.
5.Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдал болон орон сууцны үнийг нэхэмжлэгч бүрэн төлсөн тухай үйл баримтад маргаангүй.
6.Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж, 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ. гэж тус тус заасан.
Иймд хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар, нэхэмжлэгч гэрээний дагуу орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан болох нотлогдож байх тул нэхэмжлэгч хариуцагчаас орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг гаргуулахаар шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шийдвэрлэв.
Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .... хотхоны .... дугаар байрнууд дуусаагүй барилгын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, банкны барьцаанд бүртгэлтэй гэж тайлбарласныг харгалзан ийнхүү нэхэмжлэгч Н.Оийн өмчлөгчөөр тогтоосон нь гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн барьцааны эрхийг хөндөхгүй болохыг дурдаж байна.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.... дугаар зүйлийн 1.....1, 1.....2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч .... овогт Н.О /РД:...../-ийг .... дүүргийн ....-р хороо, .... хотхоны .... дугаар байрны .... давхрын .... тоот хаягт байрлалтай, 53.58 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 922,001 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 922,001 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА