Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 110/ШШ2023/0020

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн 

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза би А.Б нэхэмжлэлтэй, тус аймгийн Буянт сумын Засаг даргад холбогдох “Буянт сумын 3 дугаар багийн “Бөхөний Урамт” нэртэй газраас өвөлжөөний  зориулалтаар 700 м2 газрыг А.Б өв залгамжлан үргэлжлүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргаж, тус газрыг эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгохыг Буянт сумын Засаг даргад даалгах”  тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хариуцагч Буянт сумын Засаг даргаас нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаар дараах тайлбарыг гаргажээ. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч А.Б урьд миний нэр дээр эхийнхээ эзэмшиж байсан уг газрыг эзэмшүүлж өгөхийг хүсэж өргөдөл ирүүлж байсан. Иргэн А.Б эх иргэн С.К Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар баг буюу Өмнөгол багийн “Бөхөний Урамт” хэмээх 0,07 га газрыг Буянт сумын Засаг даргын 1997 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шийдвэрээр  60 жилийн хугацаатай эзэмшүүлэн Буянт сумын газрын даамлаас 313 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Уг газрыг А.Б ээж С.К нь зохих журмын дагуу 10 жилийн турш эзэмшин ашиглаж байгаад 2007 онд тэрээр өвчний учир нас баржээ. Уг газар нь одоо эзэнгүй байгаа, хэн нэгэн этгээдээс эзэмшилдээ авах тухай хүсэлт гаргаагүй, хөрш зэргэлдээ амьдарч буй малчид уг өвөлжөөг иргэн А.Б эзэмшүүлэхийг зөвшөөрсөн. Уг газрыг эзэмшүүлсэн сумын Засаг даргын захирамж гараагүй нь иргэний буруу биш гэж ойлгож байна.

1.2. Иймд С.К төрсөн хүүхэд А.Б нь Иргэний хуулийн 520, 531 дүгээр зүйлүүдэд зааснаар уг газрыг өвлөх эрхийн дагуу хууль ёсоор үргэлжлүүлэн эзэмших эрхтэй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгч А.Б тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа тул уг захиргааны хэргийг хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үндэслэлээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье  гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчээс  тус шүүхэд “Буянт сумын 3 дугаар багийн “Бөхөний Урамт” нэртэй газраас өвөлжөөний  зориулалтаар 700 м2 газрыг өөрт нь өв залгамжлан үргэлжлүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргаж, тус газрыг эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгохыг тус сумын Засаг даргад даалгах”  шаардлагатай нэхэмжлэлийг гаргасан.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

            3. Хариуцагч Буянт сумын Засаг дараас тус сумын 3 дугаар багийн “Бөхөний Урамт” нэртэй газраас маргаан бүхий  700 м2 газрыг нэхэмжлэгч А.Б өвөлжөөний  зориулалтаар өв залгамжлан үргэлжлүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргаж, тус газрыг эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгохыг зөвшөөрч, энэ талаарх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухайгаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байна.

            4. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно.” гэж заасан бөгөөд хариуцагчаас “...Уг газрыг А.Б ээж С.К нь зохих журмын дагуу 10 жилийн турш эзэмшин ашиглаж байгаад 2007 онд тэрээр өвчний учир нас барсан, газар нь одоогоор эзэнгүй, нэхэмжлэгч А.Б өөр бусад иргэнээс тус газрыг эзэмшүүлэх тухай хүсэлт гаргаж байгаагүй, А.Б нь тус газрыг хуульд зааснаар өвлөх эрхийн дагуу үргэлжлүүлэн эзэмших эрхтэй.” гэх тайлбарыг шүүхэд гаргасан байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь  хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзээд  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Буянт сумын 3 дугаар багийн “Бөхөний Урамт” нэртэй газраас А.Б өвөлжөөний  зориулалтаар 700 м2 газрыг өв залгамжлан үргэлжлүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргаж, тус газрыг эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгохыг тус сумын Засаг даргад  даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь  хүлээн зөвшөөрснийг баталж, А.Б нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1, 69  дүгээр зүйлийн 69.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд   шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

                                            ШҮҮГЧ                                         М.РИЗА