Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/818

 

 

 

 

 

 

 

  2021             9            14                                           2021/ДШМ/818                                                  

                                          С.Э-д холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч  Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/803 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Э-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1708 01348 1429 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн С-н Э, 19.. оны .. дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт ..............тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ................../,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;

 С.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ............... тоотод оршин суух иргэн У.Н-н эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж, Сони загварын зурагт, Сони загварын зөөврийн компьютер, хаш хөөрөг, чүнчигноров хөөрөг, мөнгөн хазаар, мөнгөн баавар, мөнгөн аяга тус бүр 1 ширхэг, алтан ээмэг 2 ширхэг, монетон гинж 1 ширхэг, цагаан алтан бөгж 1 ширхэг, Сваровский ээмэг зүүлт, бэлэн 200.000 төгрөг, спорт цүнх, орны бүтээлэг 1 ширхэг зэрэг нийт 18 төрлийн 23.920.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан,

2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо............... тоотод оршин суух иргэн С.Г-н хүн байнга амьдрах зориулалт бүхий орон сууцны вакум цонхны салхивчаар хууль бусаар нэвтэрч, нөүтбүүк 2 ширхэг, таблет 1 ширхэг, мөнгөн аяга 9 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн хослол 1 хос, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн үсний даруулга 1 ширхэг, монетон хослол 1 хос, монетон бугуйвч 1 ширхэг зэрэг 5.670.000 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Э-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Э-г 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заанаар тус тогтоолоор С.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 1 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 7 жил 1 сар 26  хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 180 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар сарын 510.1 дэх хэсэгт зааснаар С.Э-с 29.790.000 төгрөгийг гаргуулж, хохирогч У.Н-т 24.120.000 төгрөг, Н.М-т 5.670.000 төгрөгийг тус тус олгож, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч С.Э тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие анхан шатны шүүхээс 8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Хохирогч У.Н мэдүүлэхдээ 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр манайд хулгай орж эд зүйл алдагдсан гэж мэдүүлсэн байдаг. Гэвч Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч Г.Чингис мэдүүлэг авахдаа 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийг 9 дүгээр сарын 5-ны өдөр гэж өөрчилсөн. Гэтэл би 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар  хорооны ............. тоотод оршин суух иргэн Н.Э-ны гэрт хулгай хийж байгаад тэр өдрөө Хан-Уул дүүргийн 2 дугаар хэлтсийн байцаагч Анар намайг 461 дүгээр хорих ангид 48 цаг хорьсон байсан. 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр шүүгдэгч С.Э-тай Налайх дүүргийн 3 дугаар хороо, .......... тоотод оршин суух Н.Э-ы гэрт хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдэж байхдаа баригдаж, мөрдөгчид дээрх эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авсан боловч хэрэгт хурааж авсан баримт байхгүй, хураалгасан талаар баримт хавсаргаагүй. Улсын Дээд шүүхийн 641 дугаартай тогтоолын 16 дугаар хуудсанд А.Н-н мэдүүлэг авагдсан. Уг мэдүүлэгт С.Э-тай хамт хулгай хийсэн гэж мэдүүлсэн. А.Н нь 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Налайх дүүрэгт автобусны буудал дээр таараад, цагдаа хараад хоёр тийшээ зугтаасан гэж худал мэдүүлсэн. Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.Н гаргасан гомдолдоо “2017 оны 9 дүгээр сарын 2-ноос 5-ны өдөр хүртэл надтай хамт хэрэг үйлдсэн” гэсэн байдаг. Иймд хэргийг зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

 Прокурор Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... С.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр “Би Налайх дүүрэгт байсан. Би 48 цаг саатуулагдсан байсан тул хулгай хийх боломжгүй байсан” гэж давж заалдах гомдолдоо дурдсан байсан. Тухайн өдөр С.Э-г 48 цаг саатуулсан эсэх талаар Налайх дүүргийн цагдаагийн албан хаагч нараас гэрчээр мэдүүлэг авсан. Гэтэл С.Э-г тухай өдрийн 17 цаг 48 минутад саатуулсан болох нь тогтоогдсон. Хохирогчоос “9 дүгээр сарын 5-ны өглөө 10 цагийн үед гэрээсээ гараад 9 дүгээр сарын 8-ны өдөр гэртээ ирсэн. Энэ хугацаанд эд зүйл алдагдсан байсан” талаар мэдүүлсэн. Хэрэгт гэрчээр Н-с мэдүүлэг авахад “Тухайн хэрэг гардаг өдөр 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр С.Э хотоос 13-14 цагийн орчим ирсэн” гэж мэдүүлдэг. Ирэхдээ хотод хулгай хийгээд ирсэн талаар мэдүүлсэн. С.Э 11-12 цагийн орчим хулгай хийсэн талаар өөрөө хэлдэг. Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байсан. Хэрэгт цугларсан нотлох баримтаар С.Э-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж тогтоосон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

С.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ........ тоотод оршин суух иргэн У.Н-н эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж, Сони загварын зурагт, Сони загварын зөөврийн компьютер, хаш хөөрөг, чүнчигноров хөөрөг, мөнгөн хазаар, мөнгөн баавар, мөнгөн аяга тус бүр 1 ширхэг, алтан ээмэг 2 ширхэг, монетон гинж 1 ширхэг, цагаан алтан бөгж 1 ширхэг, Сваровский ээмэг зүүлт, бэлэн 200.000 төгрөг, спорт цүнх, орны бүтээлэг 1 ширхэг зэрэг нийт 18 төрлийн 23.920.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан,

2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, ................тоотод оршин суух иргэн С.Г-н хүн байнга амьдрах зориулалт бүхий орон сууцны вакум цонхны салхивчаар хууль бусаар нэвтэрч, нөүтбүүк 2 ширхэг, таблет 1 ширхэг, мөнгөн аяга 9 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн хослол 1 хос, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн үсний даруулга 1 ширхэг, монетон хослол 1 хос, монетон бугуйвч 1 ширхэг зэрэг 5.670.000 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч У.Н-н “... 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр зуслангийнхаа байшиндаа иртэл байшингийн баруун хойд талын вакум цонх онгорхой байхаар нь гайхаад гэрийнхээ эд зүйлийг бүртгээд үзтэл манай гэрээс “Сони” загварын 40 инчийн зурагт, удирдлага, 19 инчийн дэлгэцтэй, саарал өнгийн “Сони” загварын зөөврийн компьютер, цагаан өнгийн дунд гарын даваа толгойтой, алтан нуухтай, мөнгөн халбагатай хаш хөөрөг, саарал өнгийн эрээн өнгийн дунд гарын чүнчигноров толгойтой, алтан нуухтай, мөнгөн халбагатай, чүнчигноров хөөрөг, мөнгөн хазаар, мөнгөн баавар 6 ширхэг, дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга 2 ширхэг, цагирган алтан ээмэг 1 хос, унжуу 1 хос алтан ээмэг, монетон гинж 1 ширхэг, цагаан алтан бөгж, мөнгөн ээмэг, кулон, гинжний хос, сваровский 1 хос ээмэг, хүзүүний зүүлт, шүр мөнгө хосолсон шигтгээтэй 1 хос ээмэг, бэлэн 200.000 төгрөг, спорт цүнх, эрээн орны бүтээлэг зэрэг эд зүйл алдагдсан. ...” /1 хх 42-43/,

 хохирогч С.Г-н “... Би 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гэртээ амарч байгаад 16 цагийн орчим ... гэрээсээ гарсан. Ажил дээрээ очоод ... 50 орчим минутын дараа гэртээ ирээд түлхүүрээрээ байшингийнхаа хаалгыг онгойлгоод ортол гэрийн эд зүйлс ундуй сундуй замбараагүй болсон байсан. ...” / 4 хх 51/,

 гэрч А.Н-н “... 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Налайх дүүргийн автобусны буудал дээр зогсож байтал 13-14 цагийн орчим санагдаж байна, С.Э ганцаараа тааралдаж, ойр зуурын юм ярьж байгаад “Улаанбаатар хотоос дөнгөж саяхан ирлээ. Цагдаа нараас зугтаагаад явж байна, хоёулаа хамт хулгай хийе” гэж хэлэхээр нь “тэгье” гэж хэлээд Налайх дүүргийн 3 дугаар хороо, ......... тоотод байрлах Э гэх айлд орж эд зүйл хулгайлаад, Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн ........ тоотод байрлах Кадербек гэх айлд орж эд зүйл хулгайлаад, гудамжинд хоёулаа алхаад явж байтал цагдаа тааралдаж дуудахаар нь хоёр тийш салж зугтаагаад цагдаа нарт баригдсан юм. Тухайн өдөр С.Э-г цагдан хорьсон. ...” /3 хх 233-234/,

гэрч Г.Л-н “...2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 16 цагийн орчим Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох “Их ам” гэх газар тус хороог хариуцсан хэсгийн байцаагч Г.Мөнх-Оргил, Э.Даваажав нарын хамт эрүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Их амны 5 дугаар гудамжинд хар цүнх үүрсэн, 20 орчим насны 2 залуу айлын хашааны завсраар хараад явж байхаар нь сэжигтэй санагдаад очоод шалгах гэхэд тухайн хоёр залуу хоёр тийш зугтаагаад явчихсан. Бид гурав араас нь хөөж байгаад нэг залууг нь бариад автал өөрийгөө Э гэж танилцуулж байсан. Нөгөө залуугийн араас явж, барьж олж ирэхэд өөрийгөө Намсрай гэж хэлсэн. ...” /3 хх 239/,

гэрч М.Ч-н “... Би 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр жижүүрийн мөрдөгчөөр үүрэг гүйцэтгэж байтал 16-17 цагийн орчим санагдаж байна. ... Хэсгийн байцаагч Г.Мөнх-Оргил, олон нийтийн цагдаа Г.Лхагва, Э.Даваажав нар нь С.Э, А.Н гэх хоёр этгээдийг барьж авчирч өгсөн юм. Тэгээд юу болсон талаар асуухад тухайн хоёр этгээдийг Их амны 5 дугаар гудамжинд айлын хашааны завсраар хараад явж байна гэж хэлэхээр нь хар цүнхийг нь шалгахад ... зөөврийн компьютер, бүс хулгайлж авчихсан гээд явж байсныг хэлтэс дээр байлгаж байгаад Нийслэлийн цагдаагийн газрын хулгайлах хэлтсийн алба хаагч нарт хүлээлгэж өгсөн. ...” /3 хх 241-242/,

гэрч Э.Даваажавын “... Би 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 16 цагийн орчим ... Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох Их амны 5 дугаар гудамжинд үүрэг гүйцэтгэж байтал 20 орчим насны 2 залуу айлын хашааны завсраар хараад явж байхаар нь очиж шалгах гэтэл уг 2 этгээд зугтаагаад явчихаар нь араас нь хөөсөн. ... би А.Н-г барьж авч хэлтэс дээр мөрдөгч М.Чинзоригт хүлээлгэж өгсөн. ...” /3 хх 244-245/ гэх мэдүүлгүүд,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл “... С.Э-н ... “эхлээд зурагт, компьютер зарсан газраа зааж өгье” гэж хэлээд урд гарч алхан Уртцагааны гудамж гэх нэршилтэй 2 давхар саарал өнгийн урт байшингийн ... дунд хэсэгт зогсоод авто зогсоол руу зааж, энд миний барьж ирсэн такси зогсож байхад явуулын танихгүй ахтай ярилцаж уулзаад миний дотор байсан зурагт, компьютерийг үзүүлж зарсан, харин дараа нь мөнгөн аяга, мөнгөн баавар, алтан ээмэгнүүд, бөгж, гинж, мөнгөн хазаар зэргийг бүгдийг нь нийлүүлээд энэ хаалга руу орж зарсан гээд ... дотогш орж зарсан газраа зааж өгч мэдэхгүй гэснийг тэмдэглэлд тусгав. ... би хөөрөгнүүдээ зарсан газраа зааж өгье гээд “Хөм” ХХК гэсэн хаягтай ногоон өнгийн модон хаалганы гадна талд очоод “энд орж хөөрөгнүүд зарсан санагдаж байна, их олон жил өнгөрсөн болохоор дотогш орж зааж өгч мэдэхгүй байна” гэж зааж хэлснийг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. ...” /3 хх 59-62/, “... Налайх дүүрэгт ирэхэд яллагдагч С.Э нь төв замаараа гэрлэн дохиотой уулзвараар баруун тийш эргэчих гэж хэлсний дагуу өгсөж байтал Нарлаг 9 гэсэн хаягтай гудамжийг зааж, урд талаас 3 дахь төмөр дааман хаалгыг зааж “энэ айлаас би хулгай хийсэн” гээд ... хашаа руу ороход ... цагаан өнгийн шавар байшин байх ба уг байшингийн баруун талын вакум цонхыг зааж “би энэ айл руу ингэж гишгээд орсон” гээд зааж үзүүлснийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. ...” /3 хх 221-222/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 34-37, 4 хх 46-50/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /1 хх 57-58, 4 хх 139-141/  зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч С.Э-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч С.Э-г хохирогч У.Н, С.Г нарын байшингийн цонхоор нэвтрэн орж эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч үлэмж хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Түүнчлэн, шүүхээс шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байхаас гадна уг ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 1 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 7 жил 1 сар 26 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Шүүгдэгч С.Э-с “...Хохирогч Н “2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр манайд хулгай орж эд зүйл алдагдсан” гэж мэдүүлсэн. Би 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Налайх дүүрэгт иргэн Н.Э-ны гэрт хулгай хийж байгаад тэр өдрөө Хан-Уул дүүргийн 2 дугаар хэлтсийн байцаагч Анар намайг 461 дүгээр хорих ангид 48 цаг хорьсон байсан. Хулгайлсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авсан боловч хэрэгт хурааж авсан баримт байхгүй, хураалгасан талаар баримт хавсаргаагүй. Иймд хэргийг зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна

Учир нь, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч У.Н нь 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ............. тоотод байрлах өөрийн зуслангийн байшингаас гарч 3 өдрийн дараа буцаж ирсэн талаарх мэдүүлгүүд хэрэгт авагджээ.

 Гэтэл шүүгдэгч С.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 12 цагийн орчим У.Н-н байшингаас эд зүйл хулгайлан авч, улмаар Налайх дүүрэгт очин А.Н-тай уулзаж, Налайх дүүргийн 3 дугаар хороо, .......... тоот, мөн дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 11-7 тоотоос эд зүйлс хулгайлаад явж байхдаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа Г.Лхагва /3 хх 239/, М.Чинзориг /3 хх 241-242/, Э.Даваажав /3 хх 244-245/ нарт баригдаж, тухайн өдрийн орой буюу 21 цагийн орчим Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч Ч.Анарын “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай” мөрдөгчийн тогтоолоор /3 хх 144-145/ баривчлагдсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэх байдал тогтоогдсонгүй.

Мөн прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Э-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч С.Э-н 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл нийт 236 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/803 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Э-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл нийт 236 /хоёр зуун гучин зургаа/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР