Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2021/ДШМ/776

 

 

 

 

 

 

   2021             8             31                                          2021/ДШМ/776

                                                       

 

Б.Б, Б.Б, Э.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Лхагвасүрэн,

хохирогч Д.А,

шүүгдэгч Б.Б, Б.Б, Э.Э нарын өмгөөлөгч Х.Ургаа, Ө.Амарбаясгалан,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 2021/ШЗ/972 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гантогтохын гаргасан давж заалдах гомдлоор Б.Б, Б.Б, Э.Э нарт холбогдох 1802000990056 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Б овгийн Бгийн Б, 1988 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Сүн далай” ХХК-д гэрээ хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт -, ял шийтгэлгүй, /РД:-/;

            2. Б овгийн Б Б, 1987 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт - бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            3. Б овгийн Эын Э, 1987 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Алтанбат өрлөг” ХХК-нд ерөнхий менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэ толгой 39 дүгээр гудамжны 99 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            1. Шүүгдэгч Б.Б нь Э.Этай бүлэглэн 2017 оны 03 дугаар сард Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах 209 м.кв талбай бүхий газрыг, мөн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороололд байрлах 540 м.кв талбай бүхий газрыг, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн зусланд байрлах 38.000 м.кв талбай бүхий газруудыг иргэн Н.Мгийн эзэмшил, өмчлөлд шилжүүлж өгнө гэж өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн, хуурамч бичиг баримт ашиглан хуурч, бусдыг төөрөгдөлд оруулах замаар Н.М, Д.А нараас 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Н.Отгонцэцэгийн 5991021038 дугаарын дансаар 18.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Э.Эгийн ХХБ-ны 459025815 дугаарын дансаар 66.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Цамбагарав төвийн орчимд 20.000.000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр өөрийн эзэмшлийн 5011384704 дугаарын дансаар 50.000.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сард Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улсын Их дэлгүүрийн урд 13.000.000 төгрөгийг бэлнээр, нийт 167.000.000 төгрөгийг арилжааны банкны дансаар болон бэлнээр залилан авч, их хэмжээний хохирол учруулсан,

            шүүгдэгч Б.Бтай бүлэглэн “Баян айраг Эксплорэйшн” ХХК-ийн албан бичиг, тамга тэмдэг, хувьцаа эзэмшигч нарын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, хуурамч бичиг баримтыг ашиглан тус компанийн 5004020528 дугаарын Америк долларын данснаас шууд зарлага гаргах васко төхөөрөмж /интернэт банкны гүйлгээний код/-ийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкны Андууд тооцооны төвөөс гаргуулан авч, улмаар “Баян айраг Эксплорэйшн” ХХК-ийн дээрх данснаас 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 18.000 ам.доллар, 2020 оны 02 дугаарсарын 14-ний өдөр 18.100 ам.доллар, нийт 99.275.000 төгрөгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан,

            ганцаараа 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Баян айраг Эксплорэйшн” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны 5004020528 дугаартай дансанд интернэт банк нээж, васко төхөөрөмж захиалах, уг үйлчилгээг авах эрхийг Б.Бд олгох тухай Хаан банканд хандсан албан бичгийг буюу эрх олгосон баримт бичгийг үйлдэх зорилгоор тус хуулийн этгээдийн захирал, хамтран эзэмшигч нарын гарын үсэг, албан бланк, тамга тэмдэг зэргийг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг,

            2. шүүгдэгч Э.Э нь Б.Бийг 2017 оны 03 дугаар сард Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах 209 м.кв талбай бүхий газрыг, мөн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороололд байрлах 540 м.кв талбай бүхий газрыг, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн зусланд байрлах 38.000 м.кв талбай бүхий газруудыг иргэн Н.Мгийн эзэмшил, өмчлөлд шилжүүлж өгнө гэж өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн, хуурамч бичиг баримт ашиглан хуурч, бусдыг төөрөгдөлд оруулах замаар Н.М, Д.А нараас 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Н.Отгонцэцэгийн 5991021038 дугаарын дансаар 18.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Э.Эгийн ХХБ-ны 459025815 дугаарын дансаар 66.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, “Цамбагарав” төвийн орчимд 20.000.000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр өөрийн эзэмшлийн 5011384704 дугаарын дансаар 50.000.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сард Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улсын Их дэлгүүрийн урд 13.000.000 төгрөгийг бэлнээр, нийт 167.000.000 төгрөгийг арилжааны банкны дансаар болон бэлнээр залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд өөрийн танил С.Гаар дамжуулан хуурамч бичиг баримт бүрдүүлэх боломжийг бүрдүүлсэн, ХХБ-ны 459025815 дугаарын дансаар 66.000.000 төгрөгийг авч Б.Бид шилжүүлсэн зэргээр бусдыг санаатай гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэмт хэргийг,

            3. шүүгдэгч Б.Б нь Б.Бийг “Баян айраг Эксплорэйшн” ХХК-ийн албан бичиг, тамга тэмдэг, хувьцаа эзэмшигч нарын гарын үсгийг хуурамчаар үйлдэж. хуурамч бичиг баримтыг ашиглан тус компанийн 5004020528 дугаарын ам.долларын данснаас шууд зарлага гаргах васко төхөөрөмж /интернэт банкны гүйлгээний код/-ийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны Андууд тооцооны төвөөс гаргуулан авч, улмаар “Баян айраг Эксплорэйшн” ХХК-ийн дээрх данснаас 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 18.000 ам.доллар, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 18.100 америк доллар, нийт 99.275.000 төгрөг буюу их хэмжээний мөнгийг хууль бусаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдэхэд хуурамч албан бичгийг Хаан банкны салбарт биеэр хүргэж өгөх, холбогдох баримт бичгийг бүрдүүлэх, өөрийн танил Ш.Чинбатын дүү Хаан банкны салбарт теллер ажилтай Г.Бээр дамжуулан тус хуулийн этгээдийн эзэмшлийн данс, эзэмшигч нарын мэдээлэл зэргийг олж авч, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Баттулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Э.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Нэр бүхий шүүгдэгч нарын гэмт хэрэгт дахин холбогдсон гэх нөхцөл байдал нь хэргийг энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад заасан “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэсэн үндэслэлд хамаарч байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв. Үүнд:

2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б коронавирус халдвар авсан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх шалтгаанаар ирээгүй, түүний өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, нэр бүхий шүүгдэгч нарын урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн. Харин 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б, Б.Б, Э.Э нар ирэхдээ “өөр эрүүгийн хэрэгт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 145-я, 146-я, 148-я дугаар шүүгчийн захирамжаар цагдан хорьсон байна. Иймд шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн гэмт хэрэгт холбогдсон байх тул тэдний дээрх үйлдлийг Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэгтгэн шалгах шаардлагатай байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Б, Б.Б, Э.Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэг төрлийн гэмт хэрэгт дахин холбогдсон байх тул тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр холбогдох хэргийг нэгтгэж, нэг яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. ...” гэсэн үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б. Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

Б.Баттулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

Э.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802000990056 дугаартай хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэхээр тус прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

            Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх, Эрүүгийн 1802000990056 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хуулийн гучин дөрөв, гучин тавдугаар бүлэгт заасан шүүх хуралдааны ерөнхий нөхцөл болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргаж байна. Яллагдагч нарын холбогдох хэрэгт прокуророос 2021 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд тус шүүхээс шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 373 захирамжаар хэргийн харьяаллын дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, яллагдагч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг товлож, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр яллагдагч нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэхдээ мөн зүйлийн 12 дэх хэсэгт зааснаар яллагдагч нарын өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэхээр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн. Ийнхүү яллагдагч нарыг шүүх шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гучин дөрөв, гучин тавдугаар бүлэгт заасны дагуу анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх байсан. Гэтэл шүүх хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхгүйгээр шууд захирамжаар прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гучин дөрөвдүгээр бүлэг, гучин тавдугаар бүлэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Мөн шүүгдэгч нар нь гэмт хэрэгт дахин холбогдсон гэх боловч шүүхээс энэ талаар нотлох баримт хэрэгт хавсаргагдаагүй байхад шүүх албан бичиг явуулж тодруулга авсан гэж тайлбарлах боловч уг захирамжийг нотлох баримт болгож түүнийг үндэслэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ” гэж тус тус заасныг зөрчсөн. Гэтэл шүүгдэгч нар нь дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь энэхүү хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, шинээр үйлдсэн гэмт хэрэгт шүүгдэгч нарыг яллагдагчаар татсан тогтоолын хуулбар байхгүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар буцаасан нь үндэслэлгүй байна.

            Шүүх, нотлох баримт бүрдүүлсэн гэж үзэж байгаа үндэслэлийн хувьд, 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар улсын яллагч шинээр томилогдсон хэргийн материалтай танилцах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан. Гэтэл шүүхээс хэргийн оролцогч хүсэлт гаргаагүй байхад шүүхээс 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдөр “2/529 дугаартай шүүгчийн захирамжийг гаргуулан авах тухай” албан тоот хүргүүлсэн нь шүүх нотлох баримтыг өөрийн санаачлагаар цуцлуулсан гэж үзэхээр байна. Уг албан бичгийн дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 571 дугаартай албан бичгээр тус шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “145-я Б овогт Бгийн Б”, “146-я Б овогт Б Бд”, “148-я Б овогт Эын Э” нарт “холбогдох яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” захирамжуудыг ирүүлсэн бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн шүүгчийн 2021/ШЗ/972 дугаартай захирамжид “...Харин 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр товлосон шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б, Б.Багтулга, Э.Э нар ирэхдээ “өөр эрүүгийн хэрэгт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 145-я, 146-я, 148-я дугаар шүүгчийн захирамжаар цагдан хорьсон байна. Иймд шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн гэмт хэрэгт холбогдсон байх тул тэдний үйлдлийг Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэгтгэн шалгах шаардлагатай байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн журмаар авсан яллагдагч нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай захирамжийг үндэслэж байгаа нь шүүх нотлох баримт цуглуулсан, баримтыг үндэслэж хэргийг буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иймд тус шүүгчийн захирамж нь процесс хуулийн ноцтой зөрчсөн байгаа нь шүүхийн шийдзэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 2021/ШЗ/972 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.

            Хохирогч Д.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүх гаргах тайлбаргүй” гэв.

            Шүүгдэгч Б.Б, Б.Б, Э.Э нарын өмгөөлөгч Х.Ургаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг прокурорт буцаасан захирамж үндэслэлтэй гэж үзэж байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Б, Б.Б, Э.Э нарын өмгөөлөгч Ө.Амарбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Х.Ургаатай санал нэг байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор Г.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд хэргийг хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байсан, шүүх өөрөө нотлох баримтыг бүрдүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн. Тухайн хэрэгт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 145-я, 146-я, 148-я дугаар шүүгчийн захирамж авагдсан байдаг. Үндсэн хэрэг 2007 оноос хойш шалгагдаж прокуророос 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэргийн шүүх хуралдаан удаа дараа хойшилсны улмаас 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр дахин гэмт хэрэг үйлдэгдсэн. Улмаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас яллагдагчаар татаж, цагдан хорьсон. Гэвч тухайн хэрэг шүүхийн шатанд маш их удсан бөгөөд энэ хугацаанд шүүхээр шийдвэрлэгдсэн байх бүрэн боломжтой байсан. Үүнээс болж шинээр илэрсэн нөхцөл байдал бий болсон. Иймд прокурорын зүгээс тухайн хэргийг хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байх тул давж заалдах гомдол үндэслэлтэй.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Баттулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Э.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, Б.Б, Э.Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэг төрлийн гэмт хэрэгт дахин холбогдсон байх тул тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр холбогдох хэргийг нэгтгэж, нэг яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэж тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3, 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЗ/148-я, 2021/ШЗ/146-я, 2021/ШЗ/145-я дугаартай яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж /10хх 53-58/-аар тус тус цагдан хоригдсон болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна.” гэж, 2 дахь хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно.”, 5 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээ ижил эрүүгийн хэргийг нэгтгэх бол эхэлж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт нэгтгэнэ.” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ижил төрлийн гэмт хэргийг эрх зүйн байдлыг дээрдүүлэн нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн дээрх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгүүлэх шаардлагатай тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гантогтохын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 2021/ШЗ/972 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гантогтохын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ