Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 110/ШШ2023/0021

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: С.Н, Х.Г, К.Е, Т.К, Т.С, Х.С, Ж.Б,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч С.А,

              Гуравдагч этгээд: М.А нарын хоорондын  хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Т.К, Х.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, нэхэмжлэгч Ж.Б, Т.С, Х.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М, нэхэмжлэгчдийн  өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч С.А, гуравдагч этгээд М.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.Сьезд, нарийн бичгийн даргаар М.Ердос нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

              1. Нэхэмжлэгч нар нь Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн  этгээдийн улсын бүртгэгч С.А холбогдуулан “Р” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн даргыг өөрчилсөн бүртгэлийг бүртгэхээс татгалзсан Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч С.А 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ........  дугаар шийдвэрийг  хүчингүй болгож, “Р” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн даргыг өөрчилсөн бүртгэлийг бүртгэхийг улсын бүртгэгчид даалгах” -аар маргасан байна.

2. Нэхэмжлэгчид нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч С.А 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ..... дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргад гомдлоо гаргасан бөгөөд гомдлыг хангахаас татгалзсан хариуг Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01/301 дугаар албан бичгээр авч, урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан, нэхэмжлэгчид  нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан .

            3. Нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

3.1. “р" бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хуралдаанаар "Р" ӨЭМТөвийн дарга М.А удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзээд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, их эмч С.Н “Р” ӨЭМТөвийн даргаар томилсон юм. Холбогдох шийдвэрийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр холбогдох бүрдүүлбэрийг хавсаргаж батлагдсан маягтын дагуу өргөдлөө 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гаргасан. Гэтэл улсын бүртгэгчээс мөн өдөрт нь “улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, тэмдэг дутуу” гэсэн үндэслэлээр бүртгэл хийхээс татгалзсан. Бид Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан бүрдүүлэх материал яагаад хуулбарыг хавсаргаж байгаа талаар Улсын бүртгэгчид тайлбарлан хэлсэн юм. 

3.2. Төвийн даргаар ажиллаж байсан М.А нь нөхөрлөлийн гэрчилгээ болон тэмдгийг хүлээлгэж өгөхөөс татгалзаж, төвийн даргаас чөлөөлөгдсөний дараа Улаанбаатар хотод явчихсан байсан тул бидэнд нөхөрлөлийн гэрчилгээ болон тэмдгийг хүлээлгэж өгөөгүй байсан. Энэхүү асуудлаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.20, Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлд зааснаар Улсын бүртгэлийн хэлтэст хандаж, улсын бүртгэлийн хяналтын байцаагчаар хуулийн этгээдийн гэрчилгээ, тэмдгийг хэрэглэх, хадгалах журам зөрчигдсөн талаарх болон нөхөрлөлийн үйл ажиллагаанд саад учруулж, үүнээс болж хуулийн этгээдийн бүртгэлээ хийж чадахгүй байгаа талаарх гомдлоо гаргасан.

Улсын бүртгэлийн газраас бидний гаргасан гомдлыг шалгахаас татгалзсан тул тухайн гомдлоо аймгийн Цагдаагийн газарт гаргасан. Харин Улсын бүртгэлийн газар нь хуульд заасан харьяаллын дагуу гомдлыг хүлээн авч шалгахгүй байгаа талаарх гомдлоо Хүний эрхийн үндэсний комисст тус тус гаргасан. Нэгэнт Улсын бүртгэлийн хэлтэс нь өөрөө Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэмдэг, гэрчилгээний хэрэглээнд хяналт тавих үүрэг хүлээдэг бөгөөд энэ талаар нөхөрлөлийн гишүүдээс гомдол гаргасан учраас энэхүү нөхцөл байдлаа тайлбарлан хэлж, хуулийн дагуу Улсын бүртгэлийн хэлтэс гэрчилгээг өөрөө хууль бусаар эзэмшиж байгаа этгээдээс гаргуулах авч бүртэл хийх боломжтой талаар дурдаж, өргөдөлд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хавсаргасан билээ.

Улсын бүртгэлийн хэлтэс нь хуульд заасан үүргээ өөрсдөө биелүүлэхгүй байж бидэнд улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь авчрахыг шаардсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

3.3. Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д  “Удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүнийг удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзвэл гишүүд түүнийг уг үүргээс чөлөөлж болно”,  31 дүгээр зүйлийн 1-т “Нөхөрлөлийн эрх барих байгууллага нь бүх гишүүдийн хурал байна”, 2-т “Бүх гишүүдийн хуралд нөхөрлөлийн нийт гишүүдийн дийлэнх олонх нь оролцсоноор тухайн хурал хүчинтэйд тооцогдох бөгөөд хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ”, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/212 дугаар тушаалын хавсралтаар баталсан Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3.2-т “Төвийн удирдлага нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралд байна”, 3.3.3-т “Хурлын шийдвэр нь хурлын хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд гишүүдийн олонх нь дэмжиж гаргасан, бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулж, шийдвэртэй холбоотой хариуцлагыг хамтран хариуцна”, 3.3.5-д “Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаас тус төвийн удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүнийг томилж, чөлөөлнө” гэж тус тус зааснаар Эрүүл мэндийн төв, нөхөрлөлийн удирдлага нь бүх гишүүдийн хурал байх бөгөөд гаргасан шийдвэрээ гарын үсэг зурж баталгаажуулдаг байхаар заасан.

3.4. Мөн бүртгэл хийлгэхээс татгалзсан үндэслэлийн нэг болох тэмдэг байхгүй гэсэн нь хууль бус шаардлага гэж үзэж байна. Бүрдүүлэх материалын дотор тэмдэг шаардаагүй болно. Харин Улсын бүртгэлийн газраас манай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны шийдвэрийг баталгаажуулсан хурлын тэмдэглэлийг хуулийн этгээдийн тэмдэг дарагдаагүй тул хүчингүй мэтээр тайлбарлаж, холбогдох бүртгэл хийхээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй.

3.5. Хуульд нийцсэн хуулийн этгээдийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзаж байгаагаас болж манай нөхөрлөл цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй байдалд хүрч байна.

Учир нь,  нөхөрлөлийн даргыг бодит байдал дээр сольж, шинээр дарга томилсон боловч хуулийн этгээдийн бүртгэлд энэхүү өөрчлөлтийг бүртгүүлж чадахгүй байна. Нөхөрлөлийн дарга солигдсон тул М.Аын гарын үсгээр ямар нэгэн гүйлгээ хийх, үйл ажиллагаа явуулж болохгүй талаар Төрийн сан болон Даатгал, харилцах банкнуудад бичиг хүргүүлсэн.

Цаашид тус нөхөрлөл үйл ажиллагааг явуулах ямар ч боломжгүй болсноос гадна манай нөхөрлөлийн хариуцдаг Өлгий сумын 1, 8 дугаар багийн иргэд эрүүл мэндийн анхан шатны тусламж авч чадахгүй нөхцөл байдалд хүрч байна. Улсын бүртгэлийн хэлтэс болон улсын бүртгэгчийн гаргасан нэг хүний эрх ашгийн төлөөх хууль бус шийдвэрээс болж маш олон хүний эрх ашиг хохирохоор байгааг анхааран үзэхийг хүсэж байна гэжээ.

4. Нэхэмжлэгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1. Миний бие Анагаах ухааны их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Түүнээс гадна төрийн удирдлагын академийг төгссөн. Одоо эрүү мэндийн удирдлагаар магистрын зэрэгт суралцаж байна. Би өрхийн эмнэлгийн дарга хийхэд боловсролоор гологдохгүй. Мөн нөхөрлөлийн ирцийг 100 хувь бүрдүүлж хуралдаан хийсэн. Уг хурлаар М.Аыг өрхийн төвийн даргаас чөлөөлж, олонхын саналаар намайг тус өрхийн төвийн даргаар томилсон. Би нөхөрлөлийн даргыг өөрчлөх хүсэлтийг улсын бүртгэлийн хэлтэст гаргасан боловч намайг хууль бусаар бүртгэхээс татгалзсан.  Бидний хийсэн хуралдаан хүчин төгөлдөр болох нь 3 шатны шүүхээс тогтоогдсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэрчилгээг хавсаргахаар зохицуулсан. Гэхдээ нэмэлт бүртгэх үйл ажиллагаанд үүнийг заавал шаардах ёсгүй. Мөн УБ-03 маягтын дагуу өргөдлөө гаргах ёстой гэж мэдүүлдэг. Гэхдээ бид нарын зүгээс УБ-03 маягтын дагуу өргөдлөө гаргасныг нэхэмжлэл дээр хавсаргасан болно. Хариуцагч “... тамга, тэмдгийг үрэгдүүлсэн, гээсэн тохиолдолд бид нарын зүгээс оролцоно. Түүнээс биш манай байгууллагын зүгээс байгууллагын дотоод асуудалд хөндлөнгөөр оролцох боломжгүй” гэсэн.

5.2. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолын хавсралтад зааснаар тамга, тэмдэг баталгаажуулах тэмдэг гэх зэрэг зүйлд Улсын бүртгэлийн байгууллага хяналтаа тавих эрхтэй байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд улсын бүртгэгчийн эрх, үүргийг тодорхой заагаад өгсөн. Мөн зүйлийн 19 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “ улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох” гэж заасан. Гэвч улсын бүртгэгчийн зүгээс уг үүргээ биелүүлээгүй.

5.3. Мөн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт “тухайн улсын бүртгэлтэй холбоотой албан бичиг, өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тэмдэглэлийг эх нотлох баримт болгон авч улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган баяжилт, бүртгэл хийх”  гэж заасан. Мөн хуулийн 19.4.11 дэх хэсэгт “өөрийн бүртгэсэн улсын бүртгэлийн хувийн хэргийн эх нотлох баримт бичгийн бүрдэл болон түүний үнэн зөвийг хариуцна” хэмээн заасан. Улсын бүртгэгчийн зүгээс дээрх ажиллагааг хийгээгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

6.  Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

6.1. Нөхөрлөлийн тухай хуульд нөхөрлөлд өөрчлөлт орсон тохиолдолд 15 хоногийн дотор зайлшгүй бүртгүүлсэн байх ёстой. Гэхдээ өнөөдрийн байдлаар уг  нөхөрлөлийн өөрчлөлтийг бүртгэх ёстой байтал 1 жилийн хугацаанд өөрчлөлт нь бүртгэгдээгүй. Өөрчлөлтийг бүртгээгүйгээс болж нөхөрлөлийн үйл ажиллагааг гацаасан. Нэхэмжлэгчдийн зүгээс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст  хандаж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийг шинэ удирдлага нь бүрдүүлж өгсөн.  Бүх гишүүдийн хуралдаанаас заавал тогтоол гарах албагүй. Хэрвээ тогтоол гарсан тохиолдолд заавал тэмдэг дарах албагүй.

6.2.  Нөхөрлөлийн тухай хуульд бүх гишүүдийн хуралдаанаас гарсан шийдвэр нь  тэмдэглэл хэлбэртэй байна гэж заасан. Харин тэмдэглэл дээр гишүүд гарын үсэг зурахыг шаардсан болохоос тамга, тэмдэг дарахыг шаардаагүй.  Тухайн хуралдаанаас гарсан тэмдэглэл дээр оролцсон бүх хүн гарын үсгээ зурсан. Үүнээс илүү  ямар нотлох баримт хэрэгтэй. Хуулийн этгээдийн улсын  бүртгэлийн  тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрт заавал тогтоол гарахыг шаардаагүй. Бүх гишүүд нь  сайн дурын үндсэн дээр гарын үсгээ зураад, бүрдүүлэх ёстой баримт, бичгүүдийг  бүрдүүлсэн байхад бүртгэхээс татгалзсан хариуцагчийн үйлдэл буруу юм. Гэрчилгээ, тамга, тэмдэг бүгд улсын бүртгэлийн газрын өмч буюу төрийн өмч, улсын бүртгэлийн хяналтад байдаг. Харин түүнийг байгууллага, хувь хүн түр эзэмшиж, ашигладаг.  Өөрсдийн өмчийг яагаад иргэнээс шаардаж байгаа. Нэхэмжлэгчид нь өөрт нь байгаа бүх нотлох баримтыг гаргаж өгсөн.

6.3.  Гуравдагч этгээдийн зүгээс тамга, тэмдэг, гэрчилгээг өгөхгүй байхад хариуцагч байгууллага  шаардаж авах эрх бий. Үүнийг хуулиар үүрэг болгосон байхад үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс шаардсан бүх зүйлийг хийсэн. Үүнээс илүү одоо яах ёстой. Нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргах ёстой бүх газар гаргасан. Өөрийн зүгээс хийх ёстой бүх үйл ажиллагааг хийсэн. Бүртгэлийн үйл ажиллагаа явагдаагүйгээс  болж 1 жилийн хугацаанд нөхөрлөлийн  хуралдаан огт хийгдээгүй.

6.4. Хариуцагчийн зүгээс Нөхөрлөлийн тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж байна. Үүнд: “Татан буулгах комисс томилсноор тухайн нөхөрлөлийн удирдлагын бүрэн эрх дуусгавар болж, татан буулгах комисст шилжинэ” гэж заасан. Одоогийн байдлаар тухайн нөхөрлөлийн дарга нь нэхэмжлэгч С.Н юм. Гэхдээ үүнийг улсын бүртгэлийн бүртгэгч нь бүртгэхгүйгээс болж дарга бус хүн нь тухайн нөхөрлөлийн тамга, тэмдгийг хууль бусаар ашиглан өөртөө байлгаж байдаг. Уг явдлууд нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Бүгд хуулийн дагуу байх ёстой. Хариуцагчийн зүгээс М.Ат шаардлага тавьж, хууль бусаар ашиглаж, өөртөө байлгаж байгаа тамга, тэмдэг, гэрчилгээг авах үүрэгтэй. Учир нь, тамга, тэмдэг, гэрчилгээ нь М.Аын өмч биш, улсын бүртгэлийн газрын өмч юм.

6.5. Хариуцагч бүртгэл хийхэд хуульд харшлах зүйл  байхгүй. Гурван шатны шүүхийн шийдвэрээр нөхөрлөлийн дарга томилсон хуралдааны шийдвэрийг хүчинтэй гэж үзсэн байхад  бүртгэхгүй байгаа нь өөрөө ойлгомжгүй. Үүний цаана ашиг сонирхлын зөрчил байгаа нь илт харагдаж байна. Шүүхээс үүнийг таслан зогсоож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

 

7.  Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

7.1. “Р” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл буюу өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг өөрчилсөн талаарх нэмэлт өөрчлөлтийн бүртгэл хийлгэхээр нөхөрлөлийн гишүүн С.Н нь 2022 оны 02 дугаар сарын  23-ны өдөр холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өгөхдөө Хуулийн этгээдийн улсын  бүртгэлийн  тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан бичиг баримтын бүрдлийг дутуу авч ирсэн буюу улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувийг хавсаргаагүй, хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл УБ-03 маягтад нөхөрлөлийн тэмдэг дарагдаагүй тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.4.3-т заасны дагуу улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах шийдвэр гаргасан болно.

7.2. Учир нь, улсын бүртгэлийн гэрчилгээний ар талд нэмэлт өөрчлөлтийн бүртгэл хийгдэх бөгөөд түүнийг хуулбарлан авч цахимжуулж холбогдох бусад бүрдүүлбэрийн хамт хувийн хэрэгт хавсаргахаар Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын бүртгэл хөтлөх журмын 2.1.11-т заасан байдаг. Мөн журмын 3.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ журмын Долоо, Найм, Ес; Аравт заасан улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг эрх бүхий этгээдийн тамга, тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан байна” гэж заасан тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан болно.

7.3. Нэхэмжлэгч нарын бүрдүүлсэн баримтад улсын гэрчилгээний хуулбар байсан ч эх хувь нь байгаагүй. Улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь байхыг зайлшгүй шаарддаг. Гэрчилгээний эх хувь байхгүй бол бид бүртгэх ямар ч боломжгүй. Мөн өргөдлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын холбогдох тушаалаар баталсан маягтын дагуу гаргах ёстой.

7.4. Хүсэлт гаргагч тал Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын холбогдох тушаалаар баталсан маягтын дагуу гаргаагүй. Тийм учраас хүсэлт гаргагчийг бүртгэхээс татгалзсан. Нөхөрлөлийг хүчээр байгуулаагүй болох нь тодорхой. Тэд нарын сайн дурын үндсэн дээр нөхөрлөл байгуулагдсан. Тэгэхээр нөхөрлөлийн байгууллагын дотоод үйл ажиллагаанд улсын бүртгэлийн байгууллагын зүгээс оролцож нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар М.Ааас нөхөрлөлийн гэрчилгээний эх хувийг шаардах ямар ч эрх байхгүй. 

7.5. Мөн тамга, тэмдгийн хувьд хэлэх юм бол ямар нэгэн байгууллага тамга, тэмдгээ үрэгдүүлж, алга болгосон тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагад хандах ёстой. Энэ нөхөрлөлийн хувьд тамга, тэмдгээ алга болгосон үрэгдүүлсэн асуудал гаргаагүй учраас тэр асуудлаар манай байгууллага оролцох ёсгүй. Тэр талаарх гомдлоо цагдаагийн байгууллагад хандан авах боломжтой байсан.

Иймд Улсын бүртгэлийн байгууллагын хуулийн этгээдийг бүртгэх улсын бүртгэгчийн тухайн өдөр нөхөрлөлийн мэдээллийн өөрчлөлтийг  бүртгээгүй нь  хуульд нийцсэн, үндэслэлтэй гэв.

 

8. Гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

8.1. М.А би тус “Р” эмнэлгийн төвийн даргаар 2018 онд томилогдон одоо хүртэл үр бүтээлтэй ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд ажлын хариуцлага алдаж, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Сүүлийн жилүүдэд тус аймагт гарсан ковид-19 өвчинтэй тэмцэх ажилд өдөр шөнөгүй ажиллаж ирлээ. М.А би уг албан тушаалд хугацаагүй томилогдсон юм. Хөдөлмөрийн гэрээ буюу гурван талт гэрээг жил бүр 50-иас дээш хувиар дүгнүүлж ирсэн. Иймд намайг тус төвийн даргаас гэнэт надад мэдэгдэлгүйгээр чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Урьд тус төвийн даргаар С.Н нь ажиллаж байсан боловч хамт олны хурлаар түүнийг ажлаас чөлөөлж байсан түүх бий.

Иймд С.Н нь тус төвийн даргын албан тушаалыг хаших ёсгүй гэж үзэж байна.

8.2. Харин С.Н нарын хийсэн хуралдаан нь хууль ёсны бус,  намайг зөрчил гаргаагүй байхад тус төвийн даргын ажлаас зайлуулах утгатай зохион байгуулалттай хийгдсэн хуйвалдааны шинж чанартай хуралдаан байсан. С.Н нар нь анхнаасаа хууль бус хуралдаан хийсэн тул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс тэдний хууль бус ажиллагааг бүртгэхгүй байгаа нь зөв гэж үзэж байна. Уг хуралдаанд намайг биечлэн оролцуулаагүй, надаас ямар нэгэн тайлбар аваагүй, тайлбар гаргах боломжоор хангаагүй юм.

8.3. Нөгөө талаас С.Н нь тус төвийн даргын албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангахгүй байгаа тухай аймгийн Эрүүл мэндийн газрын даргаас аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст албан тоот байсныг дурдах нь зүйтэй байна.

8.4. Нэн түрүүнд хэлэхэд С.Нийн өөрийгөө танилцуулахдаа “би “Р” өрхийн төвийн дарга” хэмээн танилцууллаа. Уг үйлдэл нь ёс зүйн хувьд таарамжгүй асуудал.

Учир нь,  одоогийн байдлаар даргын ажлаа  хүлээж аваагүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 02 дугаар сард болсон хуралдаан хуульд нийцсэн гэж байгаа боловч хэрэв тухайн хуралдаан хуульд нийцсэн бол ажлаа хүлээн авах ёстой. Одоогийн байдлаар  хэн нэгэнд ажил хүлээлгэж өгсөн, хүлээлгэж авсан зүйл байхгүй.  Ажил хүлээлцэх талаар ямар нэгэн тогтоол, акт гараагүй. Би Улаанбаатар хот руу төвийн өрхүүдийн даргын зөвлөгөөнд оролцохоор явахад, С.Н намайг тамга, тэмдэг авч зугтсан мэтээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг. Гэхдээ үүний цагдаагийн байгууллагаас болон улсын бүртгэлийн байгууллагын зөрчлийн хэргийг шалгалт А.Е гэх хүн шалгаж тогтооход тамга, тэмдэг авч зугтаасан зүйл байхгүй болохыг тогтоосон. Нэхэмжлэгч С.Нийг хувьд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ажлаас халагдсан.

8.4. Тийм учраас манай өрхийн эмнэлэгт ямар ч хамааралгүй хүн юм. Мөн өрхийн эмнэлгийн даргын шаардлагыг хангахгүй. Яагаад гэвэл, мэргэжлийн хувьд хуульд заасан шаардлагыг хангахгүй. Дээрээс нь уг нөхөрлөлийн даргад тавигдах шаардлагыг хангахгүй байгаа хүн яаж хэдэн мянган хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд байгаа байгууллагыг удирдаад авч явдаг вэ. Мөн нөхөрлөлийн тухай хуулийн 22.2 дахь хэсэгт заасан шаардлага болох нөхөрлөлийн гишүүн нөхөрлөлийн үйл ажиллагаанд биеэр оролцох ёстой шаардлагыг ч хангахгүй. Тухайн байгууллагаас сахилгын шийтгэл авч халагдсан хүнийг шууд удирдах албан тушаалаар нь томилох нь хуульд харш гэж үзээд байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс нөхөрлөлийн үйл ажиллагаанд доголдол үүсгэж, саад учруулсан гэж хэлсэн. Гэхдээ нөхөрлөлийн үйл ажиллагаа одоогийн байдлаар хэвийн явагдаж байгаа болно.

8.5. Гурван талт гэрээгээр манай өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг дүгнэсэн гэрээ байна. Үүнд “Р” өрхийн эмнэлгийн үйл ажиллагаа 80 хувьтай,  үйл ажиллагаа  “сайн” явуулж байгаа гэсэн үнэлгээ тогтоосон. Нөхөрлөлийн гэрээнд байгаа Х.Г, Т.Г нэхэмжлэгч болох С.Н, К.Е, Х.С гэх нэр бүхий 5 хүн нөхөрлөлийн үйл ажиллагаанд биечлэн оролцохгүй байгааг  дурдах нь зүйтэй гэв.

 

9.  Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

9.1. Нөхөрлөл өөрөө нэг талаас нь төрийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлдэг. Нөгөө талаас нь хувьцаа эзэмшсэн хүмүүсийн бүрдүүлбэрээс бүрдсэн  бүтэцтэй байгууллага. “Р” өрхийн эмнэлгийн гэрчилгээнд өнөөдрийн байдлаар удирдлагад М.Аын нэр бүртгэлтэй. Тийм учраас М.А ажлаа хийгээд байгаа. М.Аын зүгээс Улсын бүртгэлийн газарт С.Нийг “битгий бүртгэ” гэх мэтээр нөлөөлөх боломжгүй.

9.2. Хариуцагч талын зүгээс С.Нийг ямар учраас бүртгээгүйг өөрөө тодорхой хэлсэн. Мөн нэхэмжлэгч нарт хүргүүлсэн татгалзсан мэдэгдэлд ч дурдсан. Хэрвээ улсын бүртгэгчийн зүгээс гэрчилгээний эх хувь нь байхгүй үед бүртгэвэл  өөрөө албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогдоно. Улсын бүртгэгч хуулийн дагуу ажиллах ёстой. Түүнийг С.Нийг бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

9.3. Нэхэмжлэгчид нь  М.Ааас тамга, тэмдгийг иргэний хэргийн шүүхэд хандаж, албадан гаргуулах ёстой байсан. Мөн тамга тэмдгийг авч зугтаасан гэж нэхэмжлэгчийн зүгээс цагдаагийн байгууллагад хандсаны  дагуу шалгагдахад гэмт хэргийн шинжгүй гэж шийдсэн.  Тийм учраас одоо шүүхээс улсын бүртгэгчид шууд бүртгэхийг даалгах боломжгүй.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Тус шүүхэд “Р”  бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүд С.Н, Х.Г, К.Е, Т.Күлшай, Т.С, Х.С, Ж.Б нараас Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч С.Ад холбогдуулан ““Р” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн даргыг өөрчилсөн бүртгэлийг бүртгэхээс татгалзсан Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч С.Аы 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ,,,,, дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Р” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн даргыг өөрчилсөн бүртгэлийг бүртгэхийг улсын бүртгэгчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч К.Е нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа бичгээр илэрхийлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. С.Н нарын 6 хүн нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... нөхөрлөлийн бүх гишүүдийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаас нөхөрлөлийн даргаар С.Нийг томилсон шийдвэрийг үндэслэж “Р” нөхөрлөлийн хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулж бүртгүүлэх хүсэлтийг хариуцагчид гаргасан боловч хариуцагч нь  “баримт бичгийн бүрдэл дутуу” үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн, дутуу гэж үзсэн нөхөрлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувийг  болон нөхөрлөлийн  тэмдгийг өмнөх дарга М.А хүлээлгэж өгөхөөс татгалзсан тул улсын бүртгэгч өөрөө холбогдох этгээдээс гаргуулан авч бүртгэх үүрэгтэй” гэж марган тайлбарлажээ.

4. Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ “... Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан бичиг баримтыг бүрдүүлээгүй бол хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т зааснаар бүртгэхээс татгалзана, гэрчилгээний эх хувийг болон нөхөрлөлийн тэмдгийг өмнөх дарга нь хүлээлгэж өгөөгүй нь байгууллагын дотоод асуудал, хоорондоо тохиролцсоны үндсэн дээр баримт бичгээ бүрэн өгөх ёстой” гэж тайлбарласан.

5. Гуравдагч этгээд нь “... намайг нөхөрлөлийн даргын албан тушаалаас чөлөөлсөн хуралдаан нь хууль бус болсон, шинээр томилогдсон дарга С.Нийн мэргэжил нь  ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг хангахгүй байгаа, мөн хуралдаанаас хойш надаас ажил хүлээж аваагүй тул гэрчилгээ болон тэмдгийг өгөөгүй болно” гэж тайлбарлажээ.

6. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, “Р” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааныг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зарлан хуралдуулж, нөхөрлөлийн буюу өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилох асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар нэхэмжлэгч С.Нийг томилсон байх ба нөхөрлөлийн гишүүд нь нөхөрлөлийн дарга өөрчлөгдсөн мэдээллийг бүртгүүлэхээр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст  Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2021 оны А/55 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан УБ-03 маягтаар өргөдөл гаргаж, уг өргөдөлтэй цуг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр хуралдааны тогтоол, тэмдэглэл, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувийг хавсаргаж хүргүүлсэн,  улсын бүртгэгчээс өргөдөл болон хавсаргасан баримтуудыг хянаад, маргаан бүхий 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ,,,,,, дугаартай шийдвэрээр “... улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, тэмдэг дутуу” үндэслэлээр бүртгэхээс татгалзсан үйл баримтууд тогтоогдож байна.

  7. Мөн бүх гишүүдийн  хуралдааны тогтоолыг хүчингүй болгуулахаар гуравдагч этгээд М.А нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан, анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2022/00859 дугаартай шийдвэрээр “гомдлын шаардлага  гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн энэхүү шийдвэрийг гуравдагч этгээд давж заалдсанаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2023/00002 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, “ХЯНАВАЛ” хэсгийн 16-д тухайн хуралдаантай холбоотой, тодруулбал, нэхэмжлэгчийг төвийн даргын албан тушаалд томилсон үйл ажиллагааг хууль бус гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар дүгнэсэн, гуравдагч этгээдээс магадлалыг эс зөвшөөрч гаргасан  гомдлыг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 001/ШХТ2023/00238 дугаартай тогтоолоор хяналтын гомдлыг  хэлэлцүүлэхээс татгалзаж шүүхийн шийдвэр, магадлал  хуулийн хүчин төгөлдөр болсон.

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн  34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул гуравдагч этгээдийн маргаж буй үндэслэл болох “... хуралдаан хууль бус болсон, нэхэмжлэгчийн мэргэжил нь төвийн даргын мэргэжлийн шаардлагатай нийцэхгүй” гэх үндэслэлүүдийн талаар тус захиргааны хэргийн шүүх нь дахин дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй байна.

9. Тус шүүх  нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд цугларсан бичмэл нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарыг үнэлж дүгнээд, хариуцагчийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн  мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан шийдвэр болон бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйн улмаас тухайн нөхөрлөлийн  мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзлээ.

                10. Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна” гэж заасан,  хуулийн энэ заалтаар  “Р” өрхийн эрүүл мэндийн төв нь нөхөрлөл хэлбэрээр байгуулагдсан, хуульд заасан дээрх үндсэн чиг үүргийг гүйцэтгэдэг, сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна.

11. Эрүүл мэндийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/212 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 1.2-т “Төв нь үйл ажиллагаандаа Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлэг тусламж үйлчилгээний тухай хууль, Нөхөрлөлийн тухай хууль болон тэдгээрийн холбогдох бусад хууль тогтоомж, “Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны стандарт” болон энэхүү дүрмийг мөрдлөг болгон ажиллана” гэж тус тус заажээ.

12. Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гишүүн бүр нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхтэй” гэсний дагуу “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн  гишүүд нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хуралдаанаас гарсан шийдвэрийг үндэслэн хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг  эрх бүхий байгууллагад гаргах эрхтэй байна.

13. Хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах өргөдлийг гаргахад хавсаргах баримт бичгийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1,  Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/208 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам”-ын 8.3-т тус тус  нарийвчлан заасан байх ба “Р” өрхийн эрүүл мэндийн гишүүд нь нөхөрлөлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр УБ-03 маягтын дагуу гаргасан өргөдөлд хуульд болон журамд заасан  баримт, бичгүүдийг  бүрэн хавсаргасан гэж үзлээ.

14. Тодруулбал, “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн мэдээллийн  өөрчлөлтийг бүртгүүлэхийг хүссэн   өргөдөлд гишүүд нь гарын үсэг зурж баталгаажуулсан, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар  хувийг   өгсөн, харин  хариуцагчийн тайлбарлаж буй УБ-3 маягтаар гаргасан “Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл”-д нөхөрлөлийн  тэмдэг дарагдаагүй, улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувийг ирүүлээгүй зэрэг  үндэслэл нь тухайн  баримт бичгүүдэд тавигдах “хэлбэрийн шаардлага” бөгөөд уг шаардлагыг хангаагүйг “баримт бичгийг дутуу бүрдүүлсэн” гэж үзэх боломжгүй юм.

15. “Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам”-ын 8.3.4-т “хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, удирдах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөл, эрх бүхий этгээдийг бүртгүүлэх тохиолдолд тэдгээрийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл”, “Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 3.3.2-т “Төвийн удирдлага нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал байна”, 3.3.3-т “Хурлын шийдвэр тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд гишүүдийн олонхи дэмжиж гаргасан, бүх гишүүд нь гарын үсэг зурж баталгаажуулж, шийдвэртэй холбогдон үүсэх хариуцлагыг хамтран хариуцна”  гэж тус тус заасан.

16. Нэхэмжлэгчдээс гаргаж өгсөн хуралдааны тэмдэглэл, шийдвэр, бүртгэлийн байгууллагад гаргасан өргөдөлд нөхөрлөлийн олонхи гишүүд нь  гарын үсэг зурж баталгаажуулсан нь дээрх журмын болон дүрмийн заалтуудтай нийцсэн, харин дээрх баримт бичгүүдэд тэмдэг дарагдаагүй, гэрчилгээний эх хувийг хавсаргаагүй үйл баримтад  нэхэмжлэгчдийг  “өөрсдөд нь байгаа баримт бичгийг бүрэн  гаргаж өгөөгүй” гэж үзэн буруутгах үндэслэлгүй байна.

17. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар 18.2-т заасан “Өргөдөл гаргагч нь энэ хуулийн 18.1.1, 18.1.2-т заасан улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгасны дараа улсын бүртгэлд бүртгүүлэхээр дахин хүсэлт гаргаж болно” гэж заасан, хуулийн энэ заалт нь энэ тохиолдолд хэрэгжих боломжгүй нөхцөл байдал бий болсон, өөрөөр хэлбэл  нэхэмжлэгчдээс үл хамаарах шалтгаан буюу нөхөрлөлийн тэмдгийг болон улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувийг хүлээлгэн өгөхөөс татгалзсан гуравдагч этгээдийн  үйлдэлтэй холбоотой  гэж үзлээ.

18. Харин хариуцагчаас “... улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувьд   тухайн өөрчлөлтийг  тэмдэглэх шаардлагатай” гэж тайлбарласан нь үндэслэлтэй боловч энэ тохиолдолд   улсын бүртгэгч нь өргөдлийг хүлээн авч “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын өөрчлөлтийг бүртгэсний  дараа    Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-т заасан “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох”, Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам”-ын 2.1.3-т заасан “улсын бүртгэгч шаардлагатай тохиолдолд өргөдөл, баримт бичгийн үнэн зөвийг нотлох баримтыг холбогдох иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах” эрх, үүргийн хүрээнд холбогдох этгээдээс гэрчилгээний эх хувийг гаргуулан авч хуулийн этгээдийн мэдээллийн өөрчлөлтийг тэмдэглэх бүрэн боломжтой байна.

19. Хариуцагчийн татгалзалд заасан үндэслэлүүд нь  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн  19.4.3-т заасан “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т заасан “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу” үндэслэлд хамаарахгүй тул  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.4.2-т зааснаар  “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах” эрхийн хүрээнд улсын бүртгэгч нь  бүртгэх шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ.

20. Иймд дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны акт болох хариуцагчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 220223040 дугаар шийдвэрийг  хууль бус гэж үзэн хүчингүй болгож, “Р” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн даргыг өөрчилсөн бүртгэлийг бүртгэхийг  хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.4, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч К.Е “Р” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн даргыг өөрчилсөн бүртгэлийг бүртгэхээс татгалзсан Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч С.Аы 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ,,,,, дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, түүнийг хүчингүй болгож, “Р” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн даргыг өөрчилсөн бүртгэлийг бүртгэхийг улсын бүртгэгчид даалгах” шаардлага шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж,  К.Е нэхэмжлэлтэй, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчид  холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн  19.4.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Н, Х.Г,  Т.К, Т.С, Х.С, Ж.Б нараас Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч С.Ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Р” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн даргыг өөрчилсөн бүртгэлийг бүртгэхээс татгалзсан Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч С.Аы 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ,,,,, дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Р” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн даргыг өөрчилсөн бүртгэлийг бүртгэхийг улсын бүртгэгч С.Ад даалгасугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай. 

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                             З.ГҮЛБАРША