| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2023/01042/И |
| Дугаар | 183/ШШ2023/00730 |
| Огноо | 2023-03-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2023/00730
| 2023 оны 03 сарын 06 өдөр | Дугаар 183/ШШ2023/00730 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ******** хороо, ******** тоотод оршин суух, регистрийн дугаар********, ******** овогтой Э.Э,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ******** хороо, ******** тоотод оршин суух, регистрийн дугаар ********, ******** овогтой Н.О нарын,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Э, Н.О-д нар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З ХХК /регистрийн ******** дугаартай/ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч Э.Э, Н.О нар нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр З ХХК-тай Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ-г байгуулж, З ХХК-ийн ******** дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нөхөх олговор авах өргөдлийг шүүхээр шийдвэрлүүлэхэд тус компанийг төлөөлж ажиллахаар тохиролцсон. Нэхэмжлэгч нар нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, тусгай зөвшөөрлийн нөхөх олговрын асуудлыг 2020 оноос 2021 оны 4 сарыг хүртэлх хугацаанд захиргааны хэргийг гурван шатны шүүхээр хариуцагчид ашигтайгаар шийдвэрлүүлж өгсөн. Хариуцагч нь хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээний 3.1-т заасны дагуу үйлчилгээний хөлс 50.000.000 төгрөгийг нэхэмжлэгч нарт төлөх үүрэгтэйгээс 11.000.000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 39.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлсөнгүй. З ХХК нь гэрээнд заасан үйл ажиллагаа явуулдаг эсэх талаар ******** дүүргийн ******** хороонд хандаж үзэхэд тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Ш нь гэрээнд заасан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, З ХХК энэ хаягт үйл ажиллагаа явуулдаггүй тухай тодорхойлолтыг гаргаж өглөө. Иймд З ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч нараас тэдний иргэний үнэмлэхний хуулбар, өмгөөлөгчийн үнэмлэхний хуулбар, З ХХК-тай байгуулсан 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ-ний хуулбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ******** дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн ******** дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ******** тогтоолын хуулбарууд, ******** дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт, нэхэмжлэгч нарын эзгүйд хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Э, Н.О-д нарын иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З ХХК /регистрийн ******** дугаартай/ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгч нарын тайлбар зэргээс үзэхэд Э.Э, Н.О-д нар 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр З ХХК-тай Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ-г байгуулж, захиргааны хэргийн анхан, давах, хяналтын шатны шүүхэд тус тус тухайн компанийг төлөөлөн оролцсон болох нь тогтоогдож байна.
3. Мөн одоо З ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ж.Ш нь ******** дүүргийн ******** хороо, Р******** тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогджээ.
4. Иймд З ХХК /регистрийн ******** дугаартай/ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, түүний үйл ажиллагаа явуулж, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
6. Нэхэмжлэгч нараас өөрсдийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар тэднийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар З ХХК /регистрийн ******** дугаартай/ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар З ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, түүний үйл ажиллагаа явуулж байгаа болон оршин байгаа газар, хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийн хувийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах С.С-д даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА