Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2021/ДШМ/777

 

 

 

П.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Нямсүрэн,

шүүгдэгч П.Б,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/282 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Нямсүрэнгийн бичсэн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 21 дугаартай эсэргүүцлээр П.Бт холбогдох 2011018490278 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Пийн Б, 1991 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт - оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч П.Б нь facebook орчинд “их дээд сургуулийн диплом гаргана” гэсэн зарыг цахим орчин ашиглан тавьж, улмаар Э.Уд “нягтлан бодогч мэргэжлийн диплом гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулах үйлдлээр Э.Э, Э.У нарыг залилж, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 3.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: П.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Пийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Пийн Бийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бт оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж шийдвэрлэжээ.

            Прокурор А.Нямсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх торгох ял оногдуулахдаа уг ялыг 1 сарын дотор төлүүлэхээр хугацаа тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан “Шийтгүүлсэн этгээд тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Өөрөөр хэлбэл, шүүх торгууль төлөх хугацааг хуульд зааснаас багаар тогтоосон байх тул 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/282 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Шүүгдэгч П.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, шүүгдэгч П.Б нь facebook орчинд “их дээд сургуулийн диплом гаргана” гэсэн зарыг цахим орчин ашиглан тавьж, улмаар Э.Уд “нягтлан бодогч мэргэжлийн диплом гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулах үйлдлээр Э.Э, Э.У нарыг залилж, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 3.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

хохирогч Э.Эын “...Манай эхнэр сайн мэдэж байгаа. Тэгээд 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр эхнэрийн хамт Улаанбаатар хотод ирээд Б гэх хүнтэй уулзаад тохироод “боломжоороо ямар ч хамаагүй их, дээд сургуулийн нягтлан бодогчийн мэргэжлийн диплом гаргаад өг” гэж хэлсэн. Ингээд хоорондоо ярьж тохироод нотариат орж гэрээ байгуулсан. 3 сарын дараа холбогдоход “арай болоогүй байна, бүтэхгүй бол мөнгийг чинь буцааж өгнө” гэж байсан. ...Эхнэр бид хоёр хоорондоо ярьж байгаад 3.000.000 төгрөг өгсөн. ...” /хх 10/

гэрч Э.Угийн “..2020 оны 6 дугаар сард байх “их дээд сургуулийн диплом гаргана” гэсэн зар фейсбүүкээс олж харсан. Тэгээд холбогдоод Улаанбаатар хотод уулзахаар болсон. ...Ингээд 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод Эын хамт ирээд Зоос гоёлын тэнд Б гэх хүнтэй уулзаад “нягтлан бодогч мэргэжлээр диплом гаргуулаад өгөөч” гэхэд “танил хүмүүсээс асууна, хувийн сургуулийнх байж болно биз дээ” гэхээр нь “болно” гэж ярьж тохирсон. ...ингээд “Зоос гоёл” дэлгүүр дотор байдаг нотариат орж 3.000.000 сая төгрөгийг 3 сарын хугацаатай зээлүүлэх гэрээ хийсэн. Хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алдангитай гэрээ байгуулаад Бийн өгсөн 5111393249 дугаарын данс руу би өөрийн интернэт банкаар 3.000.000 төгрөг шилжүүлсэн юм. ...” /хх 19-20/,

П.Бийн яллагдагчаар өгсөн “...би У гэх хүнтэй фейсбүүкээр холбогдоод “Их, дээд сургуулийн нягтлан бодогчийн диплом гаргаж өгөх үү, өгнө” гэж хоорондоо харилцан тохирсон дараа нь У болон хамт явж байсан эрэгтэйтэй Улаанбаатар шилэн банкны урд уулзсан. Ямар ч хамаагүй сургуулийн нягтлан бодогч мэргэжлээр төгссөн дипломыг хүнээс асууж байгаад аль болох бүтээх талаас нь хөөцөлдөж өгье гээд хоорондоо нотариат орж гэрээ байгуулсан, бүтээж өгч чадахгүй бол урьдчилгаа 3.000.000 төгрөгийг буцааж өгнө гэж гэрээ байгуулсан тэгээд ажлыг бүтээж өгч чадаагүй юм. ...Шалгагдаж байхдаа хохирлын 3.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байгаа, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлгүүд /хх97-98/,

П.Б болон Э.У нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 40-44/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд П.Б нь гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч П.Б өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг амлан Их, дээд сургуулийн нягтлан бодогчийн диплом гаргаж өөгнө” гэж хуурч, бодит байдлыг нуун дарагдуулах замаар төөрөгдүүлж Э.Эоос 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Прокурор А.Нямсүрэн “...шүүгдэгчид оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг 1 сарын дотор төлөх хугацаа тогтоосон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.”, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж тус тус заасан байхад анхан шатны шүүх ялтны эрх зүйн байдлыг хуульд зааснаас дордуулж, торгох ял биелүүлэх хугацааг 1 сар гэж багасгаж тогтоосон нь буруу байна.

Хэдийгээр прокурор А.Нямсүрэнгийн бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй боловч шүүгдэгч П.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлд хамаарагдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийн хүрээнд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах ач холбогдолгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурор А.Нямсүрэнгийн бичсэн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 21 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/282 дугаартай шийтгэх тогтоолоор П.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

2. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/282 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор А.Нямсүрэнгийн бичсэн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 21 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                                                М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ