Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 111/ШШ2023/0004

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 104 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн өмгөөлөгч ******* нарын хоорондын “Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “*******ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах” шаардлага бүхий төрийн албаны хөдөлмөрийн маргааныг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргад холбогдуулан “Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “*******ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч *******ыг анх Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/134 дүгээр захирамжаар Галуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Харин Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг үндэслэн Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг Галуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлсөн.

2.1. Нэхэмжлэгч үүнийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгч, улмаар 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

3.  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“Бүрэнхан овгийн Ш-ийн М миний бие Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 дугаар “*******ыг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүлээн авч, эс зөвшөөрөн дараах гомдлыг гаргаж байна.

Миний бие Баянхонгор аймгийн Галуут сумын засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/134дүгээр захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон бөгөөд энэ хугацаанд төрийн албыг хоёргүй сэтгэлээр хийж байсан.

...Тухайлбал Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн ******* надад ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн бөгөөд хүсэлтийг үндэслэн Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/27 дугаар “*******ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаал гаргасан. Гэтэл тус аймгийн Галуут сумын Засаг дарга ******* нь 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Тушаал хүчингүй болгох” тухай Б/15 дугаартай захирамж гарган миний гаргасан тушаалыг хүчингүй болгосон.

Засаг дарга уг захирамжийн үндэслэх хэсгээ “Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* нь Хууль зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн *******ыг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа захирамжлалын баримт бичигт тэмдэг дарсан, сумын Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/64 дүгээр захирамжийн 2 дахь хэсгийг зөрчин тушаалын актын төсөлд санал авах хяналтын дагалдах хуудсыг нөхөн бүрдүүлсэн” гэж үзсэн. Энэ нь үндэслэлгүй байсан бөгөөд янз бүрийн байдлаар намайг хавчиж байгаад сүүлдээ ажлаас чөлөөлсөн.

Засаг дарга намайг ажлаас чөлөөлсөн захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22-т “сумын Засаг даргын орлогч, тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах”, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлага харилцан тохиролцсоны дагуу, эсхүл тухайн байгууллагын нэгж хооронд ажлын тодорхой чиглэлээр хоёр жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг нэг жил хүртэл хугацаагаар сунгаж болно.” гэх заалтыг үндэслэн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* нь өөр ажилд сэлгэн ажиллах болсон тул 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Гэвч намайг ажил үүргээ хэвийн явуулж байхад ямар байгууллагад ямар ажил хийх талаар ямар нэгэн санал гаргаагүй, надаас зөвшөөрөл аваагүй, ямар байгууллагад ажиллуулах талаар тухайн байгууллагын дарга удирдлагатай харилцан тохиролцсон эсэх нь мэдэгдэхгүй, надаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй хаана сэлгэн ажиллуулж байгаа нь тодорхойгүй үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн бөгөөд одоогоор би ажилд томилогдоогүй ажилгүй байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 34/31 дугаар тушаалаар “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам” батлагдсан бөгөөд уг журмыг хэрэгжүүлээгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах талаар дараах заалтуудыг хуульчилж өгсөн байна. Үүнд: 44.1...., 44.2, 44.3, 44.4, 44.5. 44.6, 44.7....

Гэтэл Төрийн албаны тухай хуулийг бүхэлд зөрчиж хууль бус шийдвэр гаргасан Галуут сумын Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 дугаартай “Ш. Мөнхбаатарыг ажлаас чөлөөлөх тухай” захирамж нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 34/31 дугаартай тушаал, Төрийн албаны тухай хуулийг тус тус зөрчсөн байна.

Мөн миний бие тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Тамгын газрын даргын сонгон шалгаруулалтаар нэр дэвших хүртэл хугацаанд томилогдсон бөгөөд одоогоор сонгон шалгаруулалт зарлаагүй байгаа бөгөөд томилогдсон цагаас төрийн албыг хоёргүй сэтгэлээр хийж ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагч Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Галуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан ******* нь ажлаас чөлөөлсөн сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан нэхэмжлэлтэй танилцлаа.

Галуут сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/134 дүгээр захирамжаар *******ыг Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр сонгон шалгаруулалт хүртэл хугацаанд түр томилсон. Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийн дагуу 2022 оны 3 дугаар сард Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байрны тусгай шалгалт зарлагдсан. Тус шалгалтад Галуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын орон тоонд хоёр иргэн бүртгүүлсэн боловч тодорхойгүй шалтгаанаар шалгалтад оруулаагүй болно.

******* нь ажлаас чөлөөлөхдөө хууль зөрчсөн гэсэн нэхэмжлэл гаргасан байна.

1. Тамгын газрын дотоод журам зөрчсөн, архидан согтуурсан, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг алдагдуулж, удаа дараа ажлын байраа орхиж ажил тасалсан зэрэг олон зөрчил гаргасан.

2. Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан ******* нь 2022 онд хамтран ажиллах болон үр дүнгийн гэрээ байгуулаагүй.

3. Төрийн жинхэнэ албан хаагч гэж төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгч үндсэн орон тоонд тангараг өргөж жинхлэгдсэн албан хаагчийг ойлгоно.

Энэ ажлыг түр орлон гүйцэтгэж, албан тушаалын тодорхойлолт тавигдах шаардлага хангахгүй байгаа учир төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэхгүй болно.

4. *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд Төрийн албаны зөвлөлд 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйл болон Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам”-д заасны дагуу тус зөвлөл харьяалан шийдвэрлэх боломжгүйг үүгээр уламжилж байна гэх утга бүхий 2022 оны 10 дугаар сарын 01/1932 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн байна.

Энэ нь төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэхгүй, мөн хууль зөрчөөгүй гэж үзсэн болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “*******ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2. Нэхэмжлэл үндэслэлгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. 

3. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өргөдөл, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе шатанд гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбараас үзэхэд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар шаардаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлно. Үүнд:

3.1. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22-т сумын Засаг даргын орлогч, тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах;” гэх сумын Засаг даргын бүрэн эрхийн, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлага харилцан тохиролцсоны дагуу, эсхүл тухайн байгууллагын нэгж хооронд ажлын тодорхой чиглэлээр хоёр жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг нэг жил хүртэл хугацаагаар сунгаж болно.” гэх төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулахтай холбоотой зохицуулалтуудыг тус тус үндэслэн төрийн албанаас үндэслэлгүй чөлөөлсөн. Ингэхдээ ямар байгууллагад ямар ажил хийх талаар надаас зөвшөөрөл аваагүй, тухайн байгууллагын дарга удирдлагатай тохиролцсон эсэх нь мэдэгдэхгүй, одоогоор би ажилд томилогдоогүй.

3.2. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр тушаал, Төрийн албаны тухай хуулийг зөрчиж, маргаан бүхий актыг гаргасан.

3.3. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох ажиллагааг хийгээгүй нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. 

4. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлно. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч Тамгын газрын дотоод журмыг зөрчсөн, архидан согтуурсан, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг алдагдуулсан, удаа дараа ажил тасалсан.

4.2. Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа хамтран ажиллах болон үр дүнгийн гэрээ байгуулаагүй.

4.3. Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан учир албан тушаалын тодорхойлолтод тавигдах шаардлага хангаагүй.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

5. Нэхэмжлэгч *******ыг Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “*******ыг ажилд томилох тухай” Б/134 дүгээр захирамжаар Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр томилжээ.

6. Улмаар Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “*******ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/18 дугаар захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь заалтыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн[1] байна.

7. “Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “*******ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

7.1. *******ын түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан албан тушаал буюу сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д “...сум, дүүргийн ...Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал” гэж зааснаар төрийн захиргааны албан тушаалд хамаарах бөгөөд уг албан тушаалд мөн хуулийн 27 дугаар зүйл, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам, загвар батлах тухай” 14 дүгээр тогтоол /Энэ тогтоолыг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, загвар батлах тухай” 25 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/-ыг хангасан иргэнийг томилох зохицуулалттай атал үүнийг зөрчиж, томилогдсон байх тул нэхэмжлэгчид хамгаалагдвал зохих эрх хуулийн дагуу үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх үндэслэлийг Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болохоор хуульчилсан. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч ******* Галуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохоосоо өмнө тус газарт биш Баянхонгор сумын номгон 1 дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байсан нь шүүх хуралдааны явцад мэдүүлсэн[2] тайлбараар нотлогдож байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. гэж заасны дагуу түүний зөрчигдсөн гэх эрхийг шүүхээс сэргээх хууль зүйн боломжгүй юм.

7.2. Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэгт дурдсан нэхэмжлэгчийг Тамгын газрын дотоод журмыг зөрчсөн, архидан согтуурсан, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг алдагдуулсан, удаа дараа ажил тасалсан зэрэг нь төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохоос биш төрийн албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөхтэй холбоогүй байх тул эдгээр зөрчил гэх үйл баримтыг шүүх дүгнээгүй болно.

7.3. Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, 27 дугаар зүйлд заасан сонсгох ажиллагааг явуулаагүй, *******ыг хуулийн буруу зүйл, заалтыг үндэслэн Галуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлсөн зэрэг нь хууль бус хэдий ч маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй, хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх сэргэхээгүй байна.

8. “Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

8.1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө.”, Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2.е-д “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө.” гэж зааснаас үзвэл хууль бусаар халагдсан, улмаар албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг олгож, түүнд ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлүүлж шийдвэрлэдэг. Нэхэмжлэгч *******ыг төрийн албанаас хууль бусаар халаагүй, шүүхээс түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоогоогүй тул нэхэмжлэлийн энэ шаардлага мөн үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын “Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “*******ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан  авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ч.ОЮУНСАЙХАН