| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2025/00108/И |
| Дугаар | 321/ШШ2025/00147 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 321/ШШ2025/00147
2025 03 26 321/ШШ2025/00147
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, Центрум төвийн 2 давхарт байрлах Начин заан финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 7 дугаар гудамж, 26 тоотод оршин суух, Боржигон овогт Чулуунбатын Алтаншагайд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,435,403 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Начин заан финанс ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Алтаншагай нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ2057001383 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж тус гэрээгээр 1,999,900 төгрөгийн зээлийг сарын 3,3 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн ба 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээний үүрэг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс зөрчигдсөн байна. Иймд Ч.Алтаншагайгаас үндсэн зээл 1,796,806 төгрөг, зээлийн хүү 1,429,625 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 203,973 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 3,435,403 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Алтаншагай нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Начин заан финанс ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа 3,435,403 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Начин заан финанс ББСБ ХХК нь хариуцагч Ч.Алтаншагайд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,435,403 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Алтаншагай нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч С.Алтаншагай нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,916 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Алтаншагайгаас 34,958 төгрөгийг, улсын орлогоос 34,958 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Начин заан финанс ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758 .1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Начин заан финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Алтаншагайд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,435,403 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Начин заан финанс ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,916 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Алтаншагайгаас 34,958 төгрөгийг, улсын орлогоос 34,958 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ч.Алтаншагай нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА