Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 156/ШШ2023/00278

 

 

 

 

  2023        06             21                                           156/ШШ2023/00278

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

156/2023/00243

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: И н ХХК,

Хариуцагч: Б Х Х нөхөрлөл,

Нэхэмжлэлийн шаардлага: 10 945 711 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Х.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хишигбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч И н ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б нь манай И н ХХК-тай 2022 оны 08 сарын 21-ний өдрөөс газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж ирсэн бөгөөд 2022 оны 10,11 сард авсан шатахууны 7 279 141 төгрөг, алданги 3 648 570 төгрөг, нийт 10 945 711 төгрөгийн төлбөр тооцоог хийлгүй компаний үйл ажиллагаанд хохирол учруулж өнөөдрийг хүрч байгаа билээ. Иймд Г.Б-ээр гэрээний 2.4, 2.5 заалтын шаардлагыг хангуулж, манай компаний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч Г.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б миний бие нь И н ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нь үндсэн мөнгө болох 7,297,141 төгрөг болон алданги 1,824,285 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Алдангаас үлдэх 1,824,285 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б би 9,121,426 төгрөгийг 2023 оны 8 сарын 15-ны дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.  

3. Нэхэмжлэгч талаас дараах бичгийн нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: И Н ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 2-р тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 3-р тал/, Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрэний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5-6-р тал/, И н ХХК-ийн зээлийн бүртгэл 2022 он /хх-ийн7-8-р тал/ зэрэг баримтуудыг ирүүлжээ.

4. Хариуцагчаас хариу тайлбарыг бичгээр /хм-ийн 19-р тал/-г ирүүлсэн болно. 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И н ХХК нь хариуцагч Б Х Х нөхөрлөлд холбогдуулан 10 945 711 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаад нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1. Нэхэмжлэгч И Н ХХК, хариуцагч Б Х Х нөхөрлөл нарын хооронд 2022 оны 08 сарын 21-ний өдөр Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулагджээ. Гэрээгээр захиалагч Б Х Х нөхөрлөл, гүйцэтгэгч  И Н ХХК нар нь Иргэний хуулийн 234-261 дүгээр зүйл болон бусад хууль тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхээр, хугацаандаа төлбөр хийгээгүй бол хоног тутам 0,5 хувийн алдангийг худалдагч талд төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна.

Хариуцагч тал нь И н ХХК-иас 7 297 141 төгрөгийн үнэ бүхий түлш, бусад материал зэргийг зээлээр худалдан авсан ба энэ талаар буюу өгсөн авсан болон үнийн дүн дээр хариуцагч маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг. Харин хариуцагч нь алдангаас 50 хувь буюу 1 824 285 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

Талуудын хооронд 2022 оны 08 сарын 21-ний өдөр байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 2.4-т Бүтээгдэхүүний төлбөрийн нөхцөл нь талууд сар бүрийн 25-30-ны дотор төлбөрийг бүрэн төлнө гэж, мөн гэрээний 2.5-д Хугацаандаа төлбөр хийгээгүй бол хоног тутам 0,5 хувийн алданги худалдагч талд төлнө гэж харилцан тохиролцсон ба хариуцагч нь 2022 оны 10 сарын 21-ны өдрөөс 2022 оны 11 сарын 18-ны хооронд нийт 9 удаа 7 297 141 төгрөгийн түлш, материал худалдан авсан байна. Үүний үнийг хамгийн сүүлд худалдан авсан сарын буюу 2022 оны 11 сарын 25-30-ны өдөр төлөхөөр байжээ.

Гэтэл хариуцагч төлбөрөө хугацаандаа төлөөгүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс нэхэмжлэгч алданги тооцоход 6 сарын хугацаа хэтэрсэн байх ба хоногт 36486 төгрөгийн алдангийг нэхэмжлэгчид өдөр бүр төлөхөөр ба 36 486х180=6 567 426 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 7 297 141 төгрөгийн 50 хувь болох 3 648 570 төгрөгийг алдангид нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 10 945 711 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлнэ гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлнэ гэж тус тус хуульчилсан ба нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 081 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 190 081 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Б Х Х нөхөрлөлөөс 10 945 711 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И Н ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянашийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 081 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 190 081 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Х.ОТГОНЖАРГАЛ