Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 156/ШШ2023/00385

 

    2023       08             03                                              156/ШШ2023/00385

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 156/2023/00381/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Д.Э-ийн нэхэмжлэлтэй,  Г.М-д холбогдох, 264 мкв газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Түвшинзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хэрлэн сумын 5-р багийн иргэн Г.М-тай хуучин сүүний газрын орчим газрыг авахаар тохиролцон нотариатаар 2019 оны 01 дүгээр сарын 03-нд батлуулсан боловч уг газрыг чөлөөлүүлж, гэрчилгээг авч өгөхгүй өнөөдрийг хүрээд байна. Иймд Г.М-аас 264 мкв газрыг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг газрыг би 2006 онд иргэн Ц.Э-аас хуучнаар сүүний газрын дүнзэн байшинг худалдан авч Хэрлэн сумын Засаг даргын 2006.12.29-ний өдрийн 237 дугаартай захирамжаар 884 м.кв газрыг шилжүүлэн 60 жилийн хугацаагаар эзэмшиж авсан билээ. Ингээд уг газрыг өөрийн гэр бүлийн эзэмшил болгосны дараа сүүний газрын барилгыг 3 өрөө болгон засварлаж, улмаар Ерөөл төгс ХХК-нд хандаж музейн хашаанд байгаа дулааны худгаас дулаан авч, 40м газарт дулааны шугам татаж 2007 оноос 3 өрөө болгон түрээсэлж байсан. Ингээд өөрийн эзэмшилд байсан 884 м.кв газрын зарим хэсэг болох 620мкв газрыг иргэний хэрэгцээнд зориулан өмчлөн авах хүсэлтээ аймгийн засаг даргад гаргасны дагуу өмчлөн авсан юм. Ингээд иргэн Б.Отгонхишигтэй 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх хөрөнгө болох 3 өрөө бүхий 40,7 м.кв талбайтай дүнзэн байшин, 620м.кв хэмжээтэй иргэний өмчлөлийн 221603127 нэгж талбарын дугаартай газраа нийтэд нь 23,5 сая төгрөгөөр худалдаж улмаар газар борлуулсны татвар болох 200 000 төгрөг, мөн үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар болох 470 000 төгрөг нийт 670 000 төгрөгийг Төрийн сангийн дансанд 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр болон 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тушааж баримтжуулсан болно. Мөн үлдсэн газрыг Б.О-т шилжүүлэн өгсөн бөгөөд уг эзэмших эрхийн захирамж 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/174 тоот захирамжаар Д-н О-т "3 дугаар багийн нутаг дэвсгэр залуучуудын гудамж орон нутаг судлах музейн ард Д15А тоотод гэсэн хаягтайгаар 216 м.кв газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлэх захирамж гарсан бөгөөд Д.О нь тэр газартаа амины орон сууц барин одоог хүртэл амьдарч байна. Харин Д.Э гэдэг хүн бол намайг өөрийн эзэмшлийн сүүний газрын барилгыг 3 өрөө болгон засварлаж түрээслэдэг байхад уг байрны 1 өрөөг түрээслэж байсан хүн юм. Ингээд тухайн үед надаас Д.Э нь газрыг худалдаж авна, худалдаж авсан өртгөндөө дүнзэн байшин цавчиж өгч болно гэсэн боловч уг байшингаа цавчиж өгөөгүй. Түүний шүүхэд өгөөд байгаа "Хэрлэн сумын 3 дугаар багийн иргэн Д.Э-д /СБ55061410/ 5 дугаар багийн Г. М /СУ82041179/ өөрийн эзэмшлийн 3 дугаар багийн нутагт хуучнаар сүүний газрын орчмын 284м кв газрын гэрчилгээг гарахаар нь шилжүүлэн өгөх болно" гэсэн бичиг бол би Д.Э нь газрыг чинь авья өртгөнд нь дүнзэн байшин цавчиж өгч болно" гэсэн хоорондоо ярьж байсан ярианыхаа хүрээнд бичиж өгсөн нотариатаар батлуулаагүй бичиг байсан. Ингээд Д.Э-д би газар байшингаа зараагүй намайг тус байшин газраа өөр хүнд зарах гэхэд түрээсэлж байсан байр, газрыг суллаж өгөхгүй, удаа дараа шаардаад байхад гарахгүй ажил дээр удаа дараа ирж хэл ам, хэрүүл тэмцэл хийгээд байхаар нь түүнийг байшин газраасаа явуулах гэж нэг ёсондоо түүнийг аргацаах гэж бичиж өгсөн миний гараар бичиж өгсөн, нотариатаар батлуулаагүй бичиг байсан. Уг бичиг бол нотариатаар батлуулаагүй бичиг байсан. Ингээд шүүхэд дуудагдаж ирээд хэргийн материалаас уг бичгийг нотариатаар баталчихсан байхыг харсан. Би тухайн бичгийг нотариатаар батлуулаагүй тул уг бичгийг баталсан нотариатч О-ээс ямар учиртай намайг өөрөө батлуулаагүй байхад яагаад баталсан болохыг тодруулж асуухад "таны гарын үсгийг батлаагүй, хэрэв батлах бол 2 талыг байлцуулж байж батална. Д.Э өөрөө 2019 оны 01 дүгээр сарын 03-нд хуулбар батлуулах гэсэн юм гэж ирж батлуулсан" гэж хэлсэн. Миний хувьд уг нотариатаар баталсан асуудлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бөгөөд нотариатаар хэрвээ миний бичсэн бичгийг батлах гэж байгаа бол авч миний иргэний үнэмлэхтэй батлуулна гэж үзэж байгаа тул уг бичгийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь Г.М-д холбогдуулан 264 мкв газар чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

Нэхэмжлэгч нь хариуцагчаас хуучнаар сүүний газрын орчим 264 мкв газрыг өгнө гэсэн тул авахаар шаардсан гэж нэхэмжлэлдээ, 4 сая төгрөг газрын үнэд төлсөн гэж шүүх хуралдаан дээр тус тус тайлбарладаг, харин хариуцагч бидний хооронд ямар нэгэн худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж талууд маргаж мэтгэлцдэг.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг хариуцагчаас худалдан авч, газрын үнэд 4 сая төгрөг өгсөн гэж тайлбарлаж байх боловч мөнгө төлсөн талаар баримт ирүүлээгүй ба энэ талаар нотлоогүй байна. Мөн энэ талаар нэхэмжлэлд огт дурдалгүй шүүх хуралдаан дээр таййлбарлаж байгаагаас үзэхэд үнийг төлсөн нь эргэлзээтэй байна.

Мөн Иргэний хуулийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж, мөн хуулийн 112.1Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж тус тус хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл газар нь үл хөдлөх хөрөнгө тул хэрэв газар худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон бол талууд гэрээг бичгээр хийж, нотариатаар гэрлүүлж, улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэнээр шинэ эзэмшигчид тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрээтэй холбоотой шаардах үүснэ. Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд ямар нэгэн бичгээр хийсэн гэрээ байхгүй ба хэргийн материалын 6-р талд авагдсан хариуцагч Г.М-ын гараар бичсэн бичгийг худалдахаар тохиролцсон гэрээ, хэлцэл гэж үзэх боломжгүй байна.

Тухайлбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж зохицуулсан ба нэхэмжлэгч тал өөрийн нэхэмжлэл, түүний үндэс болж байгаа баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 112.1, 243.1-д зааснаар Г.М-аас 264 мкв газар гаргуулах тухай Д.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Х.ОТГОНЖАРГАЛ