| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 316/2025/0197/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/219 |
| Огноо | 2025-10-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Содномиший |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Энэрэл хөтөлж,
улсын яллагч Б.*******,
шүүгдэгч ******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 316/2025/0197/Э индекстэй хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт Э.ийг “машин эвдэллээ” гэх шалтгаанаар гараараа цохиж, хутгаар зүссэний улмаас биед зүүн бугалга, зүүн шуунд шарх, зүүн шуунд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.*****нь 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт Э.ийг “машин эвдэллээ” гэх шалтгаанаар гараараа цохиж, хутгаар зүссэний улмаас биед зүүн бугалга, зүүн шуунд шарх, зүүн шуунд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Э.А***** гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А***** мэдүүлэгтээ: “...2025 оны 06 дугаар сарын дундуур найзуудтайгаа архи ууж байгаад эмэгтэй найз ийн гарыг зүссэн нь үнэн, нэг сэргээд харсан гарыг нь зүссэн байсан, өглөө нь эмнэлэг ороод гарыг нь үзүүлсэн. Буруу зүйл хийснээ ухаарч ойлгож байна. тэй танилцаад 2 жил болж байсан, яваандаа болж бүтэх болов уу? гэж бодоод уулздаг байсан. Болсон явдлыг нэг сайн санахгүй байна. Хоорондоо муудалцаж үзээгүй, машины гупер салгасан болохоор муудалцсан. Машины хайрцаг дотор байсан хутга байсан юм. Хутга барьсан байхдаа өөрийнхөө гарыг зүссэн байсан тул эмнэлэгт үзүүлсэн. 400-500,000 төгрөг эмчилгээнд нь зарцуулсан. Машины эвдрэлд 650,000 төгрөгийг найз д төлсөн. Хохирогч Э.ийн биед гэмтэл учирсантай холбоотойгоор 2 удаагийн үйлчилгээгээр нийт 97,650 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ хийгдсэн, төлбөрийг 6, 7 сард төлсөн” гэжээ[1],
2.Хохирогч Э. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Э.А***** хамтран амьдраад 2 жил орчим болж байна, дундаасаа хүүхэдгүй. Бид хоёр нэг нэгэн дээрээ ирж очиж байдаг юм. Би 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн ******* суманд өөрийнхөө машинтайгаа ирсэн. Тэгээд би ******* суманд ирээд Э.А*** хөдөө гэрт нь хоносон. 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр А***бид хоёр гэртээ байж байхад найзууд нь болох , гээд найзууд нь ирчихээд буцаад яваад өгсөн, тэгтэл А***хоёулаа пиво уучихъя гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би гайгүй байх гэж бодоод сумын төв рүү ороод , , ******* нартаа хамт архи уусан. Тэгээд байж байгаад нөгөөхөө уучихаад халчихсан, малын ажил хийх цаг болсон болохоор , түүний эхнэрийг аваад , А****, бид 5 хөдөө гэр рүү очоод малын ажлаа хийгээд бид 5 сумын төв рүү ороод 2.5литрийн 3 савтай пиво авч гийн гэрт нь уусан. Тэр үед нилээн орой болоод харанхуй болсон байсан би А**** хандаад “явъя” гэхэд явахгүй байхаар нь А*** машиныг жолоодоод хөдөө гэр рүү явсан боловч гэрээ олоогүй зам дээр эргээд буцаад явж байхад А***, , гурав цэнхэр өнгийн портер уначихсан замд таарсан. Тэгэхээр нь би буцаж эргээд зогссон тэр үед машинаасаа буугаад бие засах гээд явж байсан тэр үед А*** над дээр ирж уулзаад “яагаад зугтаагаад байгаа юм” гэж уурлаад буцаад нөгөө Портер луугаа явахаар нь би А*** айгаад “архи уусан үедээ янз янзын авир гаргаад байдаг” болохоор нь би машинтайгаа зугтаагаад хөдөө гэрийн зүг рүү явсан тэр үед араас А*** портерыг нь жолоодоод яваад байсан болохоор нь би зогсоогүй явж байгаад замын хажуу талын хонхор хэсэг рүү ороод зогссон чинь араас А**** машинаас бууж ирээд “хаалгаа онгойлго” гээд уурлаад чулуу бариад цонх цохиод байхаар нь би айгаад ухарсан чинь явж байхаар нь би сумын төвийн гэр рүү очъё гэж бодоод чигээрээ явчихсан юм. Тэгтэл араас А*** дахиад нөгөө портероо унаж ирээд хойноос мөргөөд яваад байсан, би замын хажуу руу ороод зогсоход хажуу талаас ирээд мөргөсөн би дахиад урагшаагаа хөдлөөд яваад өгсөн сүүлд араас ирээд мөргөөд тэгээд дугуй хагараад явж болохооргүй болсон. Тэр үед А**** ирээд жолоочийн эсрэг талын хаалганы цонх нь хагарсан болохоор тэр цонхоор орж ирээд хажууд ирээд суучихсан тэгээд “чи миний машиныг яахаараа ийм болгодог юм чамаас болоод ийм болчихлоо” гээд аймаар уурлаад намайг гараараа 1 удаа цохисон, хаанаас юм мэдэхгүй урд нь мах идэх гэж худалдаж авсан хутгаа гаргаж ирээд миний зүүн гар руу хутгатай гараараа цохиод байсан би тэр үедээ ойлгож байна гээд аргадаад гайгүй болгосон чинь одоо чи машинаас буу гээд хэлэхээр нь би машины арын хаалгыг онгойлгоод буусан. Тэр үед А***** 2 найз болох , нар нь гүйгээд ирсэн, А***** бас машинаас гараад ирсэн чинь нь уурлаад “чи машин эвдчихлээ” гээд л А*** маргалдаад 2-3 удаа цохиод авсан. Тэгээд тэнд нь А**** үлдээгээд би , нартай сумын төв рүү алхаад гийн гэрт нь ирээд гоор хөдөө гэрт нь хүргүүлсэн. Миний баруун нүд бага зэрэг хөхөрсөн, зүүн бугалга хэсэгт 2 удаа, шуу хэсгийн эргэн тойронд 5 удаа хутгаар хатгасан гэмтэлтэй. Нийт 7 оёдол тавиулсан” гэх мэдүүлэг[2];
3.Иргэний нэхэмжлэгч Ц. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хохирогч Э.ийн биед гэмтэл учирсантай холбоотойгоор 2 удаагийн үйлчилгээгээр нийт 97,650 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ хийгдсэн, төлбөрийг нэхэмжилмээр байна” гэх мэдүүлэг[3];
4.Гэрч Л. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр найз гийн хамтаар хөдөө аавындаа очоод малынх нь ажилд тусалсан. Аавын гэрийн хажууд найз А***** байдаг болохоор хальт ороод гарсан. Тэгээд найз гийн хамтаар сумын төв рүү орж ирсэн. Удалгүй байж байхад миний гар утас руу ***** // залгаад байна. гээд уулын арын уулан дээр хүрээд ирээ гэхээр нь найз гийн хамтаар яваад очиход***, эхнэрийн хамтаар байсан тэндээ тэр хоёрын авсан байсан 2.5 литрийн пиво 3-ыг уусан тухайн үед ** эхнэр гээд гээд эмэгтэй нь уугаагүй бид 3-л уусан. Ууж дуусчихаад дахиад төв рүү ороод дэлгүүрээс 2 том савтай, 2.5литрийн пиво авсан. Тухайн үед цагаа сайн хараагүй харанхуй болж байсан. *** мал нь хэцүүдлээ гээд хөдөө очоод *** малыг нь хашчихаад буцаад төв орж ирээд манай гэрт очоод пиво уучихсан ууж байхад нь *** машиныг нь унаад яваад өгсөн. Тэгээд үлдсэн пивоо уучихаад ***гэрт нь хүргэж өгөхөөр миний портер машиныг *** унаад яваад өгсөн. Тэгээд үлдсэн пивоо уучихаад **** гэрт нь хүргэж өгөхөөр миний портер машиныг **** унаад Гомбо бид хоёр хажууд нь суугаад явсан юм. Тэгээд замд эхнэртэй нь таараад зогссон би зогсох үед нь бие засах гээд машинаас буусан юм. Тэгтэл эхнэр нь машинтай яваад өгсөн чинь араас нь ***миний машинтай яваад намайг зам дээр орхиод яваад өгсөн. Тэгээд би араас нь алхаад явж байхад г бас буулгачихсан юм уу? яасан юм мэдэхгүй бас зам дээр байхаар нь бид 2 нийлээд зам дагаад араас нь алхаад явж байхад зам дээр 2 машин зогсчихсон байсан яваад очиход машинаасаа гараад гадаа сууж байсан *** цаанаас гараад ирсэн би уурлаад машин тэрэг яаж байгаа юм гээд *** барьж аваад цааш нь түлхсэн, тэгээд *** босч ирээд машиныхаа ард ороод унтаад өгсөн. Би , ийн хамтаар цааш сумын төв рүү алхаж явж байхад нь миний гар өвдөөд байна гэсэн тэгээд яасан юм гэхэд өвдөөд байна алхаж чадахгүй гэхээр нь г ганцааранг нь алхуулаад машиныг нь авчруулаад бид 3 ийг эмнэлэг оръё гэхэд орохгүй гээд байсан. Тэгээд хөдөө **** гэрт нь буулгаад бид 2 гэртээ харьсан. Тухайн үед *** согтуу, эрүүл байсан. Бид нарын хажууд *** нь эхнэртэйгээ маргалдаагүй. ийн гар яагаад өвдсөн талаар мэдээгүй. **** хутгаар зүссэн гэж сүүлд өөрөөс нь сонссон” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч М. мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би ******* сумын Эрүүл мэндийн төвд 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ээлжийн эмчийн ажил үүргээ гүйцэтгээд 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 07 цагийн орчимд байх танихгүй эмэгтэй биеэ үзүүлье гээд ороод ирсэн. Овог нэрийг нь асуухад гэж хэлсэн. Анхан шатны тусламж үзлэгийг хийхээр болж юу болсон талаар асуухад гараа үзүүлэх гэсэн юм гээд хувцсаа тайлсан тэгэхэд зүүн гарын бугалга, шууны хэсэгт, бугалганы хэсэгт 5, шууны хэсэгт 2 удаагийн ил зүсэгдсэн шархтай, шархнаас цус гарч хатсан байсан. Яасан юм, юу болов хэн ингэсэн юм гэхэд дуугарахгүй байж байгаад арай өмнө нь орж ирээд гараа үзүүлээд эмчилгээ хийлгэж байсан **** гээд залуу руу заагаад энэ мэдэж байгаа гээд хэлсэн. Тэгээд би сувилагчийн хамтаар шархаа сайн цэвэрлээд зүсэгдсэн 7 удаагийн шарханд оёдол тавьж боолт хийж өгсөн. Эрүүл мэндийн төвд нь ганцаараа орж ирсэн. Тухайн өдрийн 05 цагийн орчимд **** гээд залуу орж ирээд гараа үзүүлэхэд зүүн гарын сарвуу хэсэгт шархтай байсан тэрэн дээр нь оёдол тавьж өгсөн. ******* эмнэлэг дээр байсан юм” гэх мэдүүлэг[5],
6.Яаралтай тусламжийн хуудас[6], 7.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн СЭЛ0725/283 дугаартай дүгнэлтэд: “1.Э.ийн биед зүүн бугалга, зүүн шуунд шарх, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2,5,6.Дээрх зүүн бугалга, зүүн шуунд шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр, зүүн шарх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ байна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4.Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт[7], 8.Иргэний үнэмлэхийн лавлагаа[8], 9.Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа[9], 10.Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[10], 11.Мөнгөн шилжүүлгийн баримт[11], 12.Захиргааны хариуцлага үлээж байсан эсэхийг шалгах хуудас[12], 13.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13], 14.Шийтгэх тогтоолын хуулбар[14], 15.Э.ийн цагдаагийн газарт гаргасан хүсэлт[15] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч **** гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.
Хохирогч Э. нь өөрт учирсан эмчилгээний зардлын баримтыг гаргаж өгөөгүй байх тул цаашид эрүүл мэндэд учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэсэн.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Амартулгын үйлдсэн гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон Э.ийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 97,650 төгрөгийг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч **** эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шийдвэрлэсэн.
Шүүгдэгч *** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсан болно.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ***** овогт **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь эрүүл мэндийн даатгалын сангийн 97,650 төгрөгийг төлсөн болохыг дурьдсугай.
6.Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 15 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас
[5] Хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 27-31 дүгээр хуудас
[7] Хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 51 дүгээр хуудас
[9] Хавтаст хэргийн 52 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 53 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 54 дүгээр хуудас
[12] Хавтаст хэргийн 56 дугаар хуудас
[13] Хавтаст хэргийн 58 дугаар хуудас
[14] Хавтаст хэргийн 59-65 дугаар хуудас
[15] Хавтаст хэргийн 66 дугаар хуудас