Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 156/шш2023/00253

 

 

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 156/ШШ2023/00253

Хэнтий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

156/2023/00244/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.А,

Хариуцагч: Д.Н,

Нэхэмжлэлийн шаардлага: 24,830,000 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д /онлайнаар/

Хариуцагч Д.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хишигбаатар нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:   

1. Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Д.Нд холбогдуулан 24,830,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Өмнөговь аймгийн Ханбогд суманд тээврийн жолооч хийдэг бөгөөд интернэтээр Д.Н гэх эмэгтэйтэй 2022 оны 7 сард танилцаж байтал тэрээр би жоншны уурхайтай, хувиараа ногоо тарьдаг, энэ чиглэлээрээ зээл хөөцөлдөж байгаа, бас үхэр авах гэж байна, Хаан банкнаас зээл авахаар хөөцөлдөж байгаа, зээл бүттэл надад мөнгө зээлээч гэж гуйсан. Д.Н энэ хугацаанд намайг ямар ажил хийдэг, хэдэн төгрөгийн цалин авдаг талаар байнга асуудаг байсан. Би тухайн үед нүүрс тээврийн жолоочоор 10 хоногтоо дунджаар 2-4 сая төгрөгийн цалин авдаг талаараа хэлдэг байсан. Тэгээд түүнд цалингаасаа боломжийнхоо хэрээр бага багаар мөнгө зээлсэн юм. Би 2022 оны 8 сараас 2023 оны 1 сар хүртэл түүний Хаан банкны 5954 тоот данс руу 24,160,000 төгрөг шилжүүлсэн. Мөн хамт ажилладаг У.Ууганбаяраас 1,000,000 төгрөг зээлээд өгч явуулсан. Иймд Д.Нгээс 24,830,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,100 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А, Д.Н нар нь 2022 оны 7 сард интернетээр танилцсан байдаг. Д.А нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаданд байрлах Adaliink ХХК-д нүүрс тээврийн жолооч хийдэг гэдгээ хэлсэн. Д.Н нь тухайн үед би жоншны уурхайтай, хувиараа ногоо тарьдаг, энэ чиглэлээрээ зээл хөөцөлдөж байгаа, бас үхэр авах гэж байна, Хаан банкнаас зээл авахаар хөөцөлдөж байгаа гэж танилцуулсан. Өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлээгүй, мөн тэд нар хоорондоо биечлэн уулзсан болон эм, эрийн харилцаа байгаагүй. Д.Н нь Д.Аоос мөнгө зээлээч гээд нийт 25 удаагийн гүйлгээгээр 24,830,000 төгрөг зээлсэн байдаг. Мөн гахай авна гэж мөнгө авсан байдаг. Гэтэл гахай, тугал аваагүй. Интернетээр танилцаад 8 сар болсон, энэ хугацаанд зээлийн асуудал болсон. Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжтой. Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.4-д зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцдог. Д.А, Д.Н нарын хооронд ямар нэгэн гэр бүлийн дотно харилцаа буюу эр, эмийн харилцаа байгаагүй байдаг. Д.Н нь эхлээд хүүхдүүдэд мөнгө хэрэгтэй байна гээд мөнгө зээлсэн. Дараа нь гахай, тугал авья, ашгаа хувааж авья гээд мөнгө зээлсэн байдаг. Гэтэл гахай, тугал аваагүй. 2023 оны 1 дүгээр сард буудалд уулзаад салсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс Д.Нд зээлсэн мөнгө худлаа боллоо гээд больсон байдаг. Д.А нь 10 сарын 20-ны үед Д.Нгээс 100,000 төгрөгийн эд зүйл авсан. Өөр зүйл аваагүй гэдэг. Иймд Д.Нгээс зээл 24,830,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

4.Хариуцагч Д.Н хариу тайлбартаа: Миний бие иргэн Д.Атой 2022 оны 7 дугаар сараас фэйсбүүкээр харилцаж эхэлсэн. Хань ижил больё гэдэг байсан. Д.Аоос нийт 24,830,000 төгрөг шилжин ирсэн нь үнэн. 2022 оны 8 дугаар сарын 23-нд би Д.Аоос 380,000 төгрөг зээлсэн. Үүнээс хойш аавын маань алдрыг тэмдэглэхэд 200,000 төгрөг, миний төрсөн өдрөөр 700,000 төгрөг, хүүд маань пүүз авч өг гэж 400,000 төгрөг, охины маань эмчилгээнд 400,000 төгрөг, надад замын зардал хий гэж 80,000 төгрөг, эм тариа ав гэж 350,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн гахай, тугал авч тэжээе гээд мөнгө шилжүүлсэн. 4,000,000 төгрөгөөр 5 ширхэг гахай авсан. 5,900,000 төгрөгөөр 18 тугал авсан. Авсан гахай, тугал нь үхсэн. Намайг өрх толгойлсон 2 хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдгийг мэдэх тул өөрөө сайн дураараа амьдралд чинь дэм болъё, цаашдаа хамт амьдарна гээд надруу мөнгө шилжүүлдэг байсан. Тэрээр мөн өвлийн идэш бэлтгэж бай би Хэнтий рүү очих юм чинь гээд 2,800,000 төгрөгөөр идэш бэлдүүлсэн. Бидний хооронд мөнгө зээлдүүлээч гэсэн яриа болж байгаагүй. Бид хоёр утсаар, фэйсбүүкээр байнгын холбоотой байдаг байсан, өдөр тутмын хэрэгцээндээ хэрэглээрэй гэж мөнгө шилжүүлчихээд эргэж нэхэмжилнэ гэж үнэндээ бодсонгүй.

Фэйсбүүкээр танилцсанаас хойш Д.Аын ажиллаж байсан Цагаан хад хөл хориотой байсан учир бид уулзаж чадаагүй, 2023 оны 1 дүгээр сарын эхээр анх удаа бид хоёр Улаанбаатар хотод уулзсан. Тэгэхэд зочид буудалд байрласан. Дараа нь надтай хамт миний төрсөн дүүгийнд хүртэл очиж 2 хонож байсан. Тэр үед миний автомашиныг зарж, өөр машин худалдан авахад үргэлж хамт байсан. Бид хотод хамт 6 өдөр болоход надад мөнгө өгч байснаараа далайлган бэлгийн харилцаанд орохыг шаардаж, дур хүслээ гаж, ёс бус байдлаар хангаж, намайг дорд үзэх, миний хүссэнээр байх болно гэж дарамталсан. Мөн надтай хамт Хэнтий аймаг руу ирнэ гэхэд нь би ийм гаж байдлаар харилцаагаа үргэлжлүүлэх нь аюултай юм байна гэж бодоод чи намайг хайрлах, хамт байх хүн биш байна, би чамаас айж байна гэдгээ хэлснээс болж надаас мөнгө зээлсэн гэж шүүхэд хандсан байна. Тэрээр намайг удаа дараа хөгжлийн бэрхшээлтэй гэж доромжилж, үр хүүхдийг чинь сайн явахыг харна хэмээн заналхийлсэн. Надад мөнгө шилжиж ирэхэд нь би ямар их мөнгө шилжүүлж байна аа, авахгүй, дансаа өгчих гэж хэлэхэд тэрээр хүнд зээлдүүлж аль ч үгүй болгосноос та хэддээ өгье гэдэг байсан. Энэ мөнгийг надад гэртээ гурил будаа ав, ногоон дээр хүн авч ажиллуул гэдэг байсан. Ийм л зүйлд зарцуулсан. Энэ мөнгөө өөрөө сайн дураараа шилжүүлж, түүнийхээ хариуд өөрийнхөө ёс бус үйлдэл, дарангуйлал, хүчирхийллийг тэвчиж байхыг надаас шаардаж байсан тул би түүнээс харилцаагаа тасалсан.

Би түүний шилжүүлсэн мөнгөнөөс 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шар тос, сармис, халуун сав, цэнэглэгч, эм, чихэр, жимс, өмд малгай гэх мэт зүйлсийг Д.Аын байрлаж байсан Цагаан хад руу явуулсан. Энэ нь дундажаар 400,000-500,000 төгрөг болсон. Мөн 2022 оны 12 дугаар сард 20 кг мах, цөцгийн, талх, чихэр жимс, дотуур хувцас гэх мэт зүйл явуулсан. Энэ нь дундажаар 450,000 төгрөг болсон. 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр би хотруу явахдаа хамтдаа хэрэглэх гээд 40 кг мах авч явсан. 2023 оны 1 дүгээр сарын сүүлээр 500,000 төгрөгний махыг Д.А авахуулсан. Мөн би буцааж мөнгө шилжүүлдэг байсан. Би Д.Аоос надад шилжин ирсэн мөнгөнөөс нийт 12,430,000 төгрөгийг түүнд буцааж зарцуулсан. Харин 12,400,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

5. Нэхэмжлэгч талаас шүүхэд итгэмжлэл, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 4-18-р тал/-ыг баримтаар шүүхэд ирүүлсэн.

6. Хариуцагч талаас шүүхэд хариу тайлбар /хх-ийн 24-р тал/, ........ дугаарын дуудлагын жагсаалт /хх-ийн 25-49-р тал/-ыг баримтаар шүүхэд ирүүлсэн байна. 

ҮНДЭСЛЭХ нь:  

1.Нэхэмжлэгч Д.Аын нэхэмжлэлээс 17,734,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 7,096,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Д.А нь Д.Н-тэй эр, эмийн ямар нэгэн харилцаа байгаагүй, Д.Н нь мөнгө хэрэгтэй байна гээд 25 удаагийн гүйлгээгээр нийт 24,830,000 төгрөгийг зээлсэн гэж тайлбарлав.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Д.А нь надтай гэр бүл болно гээд миний амьдралд туслах зорилгоор өөрөө хүсэж мөнгө шилжүүлдэг байсан. Нийт 24,830,000 төгрөг шилжиж ирсэн нь үнэн. Гэхдээ энэ мөнгийг би зээлээгүй. Шилжиж ирсэн мөнгөний тал хувийг нь Д.Аод өөрт нь зориулсан, тал мөнгө болох 12,400,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Д.А нь намайг бэлгийн дарамтанд оруулсан тул би харьцаагаа тасалсан гэж мэтгэлцлээ.

4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч Д.А, хариуцагч Д.Н нар нь 2022 оны 7 дугаар сараас эхлэн Face book-ээр чатлаж танилцсан, улмаар хоорондоо утсаар ярих, чат бичих зэргээр харилцаж байсан. 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Д.Аын нэр дээрх ХААН банк дахь ............ тоот данснаас хариуцагч Д.Нгийн нэр дээрх ХААН банк дахь 5954 тоот данс руу нийт 24,830,000 төгрөг шилжүүлсэн. Үүнийг хариуцагч Д.Н авсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч Д.Аын нэр дээрх дансны хуулга /хх-ийн 4-18/, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх ба талууд энэ талаар маргаагүй болно.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж, хариуцагч нь би нэхэмжлэгчээс нэг л удаа 380,000 төгрөгийг зээлсэн. Үүнээс өөрөөр мөнгө зээлээч гэж аваагүй, тэрээр өөрөө хүсэж, цаашид хоёулаа хамт амьдарна гэж мөнгө шилжүүлдэг байсан гэж мэтгэлцлээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

6. Зохигчийн тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д зааснаар нотлох баримтад хамаардаг. Тэдгээрийн тайлбарын агуулгыг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар тайлбарлавал Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний харилцаа нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлдэг бөгөөд хоёр тал үүрэг хүлээдэг үүргийн эрх зүйн гэрээ юм. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлдэгч нь гэрээний хугацаа дуусгавар болоход уг эд хөрөнгийг буцаан төлөх үүргийг хүлээдэг. Иймд талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбараас үзэхэд тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй, талуудын хооронд мөнгийг буцаан төлөх хүсэл зоргийн илэрхийлэл байгаагүй, ямар нэгэн үүргийн харилцаа үүсээгүй байна.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ...Д.А, Д.Н нарын хооронд эр, эмийн харилцаа байгаагүй... гэж тайлбарлах боловч хариуцагч Д.Нгийн шүүх хуралдаанд өгсөн ...2023 оны 1 дүгээр сарын эхээр анх удаа бид хоёр Улаанбаатар хотод уулзсан. Тэгэхэд зочид буудалд байрласан. Дараа нь надтай хамт миний төрсөн дүүгийнд хүртэл очиж 2 хонож байсан. Бид хотод хамт 6 өдөр болсон, энэ хугацаанд надтай бэлгийн харилцаанд орж, дур хүслээ гаж, ёс бус байдлаар хангаж байсан... гэх тайлбарыг үгүйсгээгүй, мөн нэхэмжлэгч Д.А, хариуцагч Д.Н нар нь өмнө биечлэн уулзаагүй боловч хоорондоо дотно харилцаатай байсан байсан болохыг илтгэж байна. Энэхүү үйлдэл нь мөн хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 86-87/, гэрч Д.О /хх-ийн 145-148/-ийн мэдүүлгээр нотлогдож байна.

Гэвч нэхэмжлэгч А нь хариуцагч Д.Н-г тэжээн тэтгэх үүрэггүй буюу нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд ямар нэгэн үүргийн харилцаа үүсээгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчид хариу төлбөргүйгээр мөнгө өгч байх үүргийг хүлээгээгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар нотлогдож байна.

8. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олу авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол шаардах эрхтэй гэж тус тус хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчид төлөх төлбөргүй, мөнгө шилжүүлэх үүрэггүй байна.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчээс шилжин ирсэн мөнгийг ямар нэгэн үндэслэлгүйгээр олж авах эрхтэй гэдгээ нотлохгүй байх тул энэхүү мөнгийг буцаан төлөх үүргийг хүлээнэ. Иймд хариуцагч Д.Нгээс 17,734,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Аод олгож шийдвэрлэв.

9. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 7,096,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ. Учир нь:

А. Хариуцагч Д.Нгээс нэхэмжлэгч Д.Аын нэр дээрх ХААН банк дахь 5064 тоот данс руу

2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 30,000 төгрөг /хх-ийн 13/

2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 300,000 төгрөг /хх-ийн 17/

2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 50,000 төгрөг /хх-ийн 103/

2023 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 6,000 төгрөг /хх-ийн 104/

2023 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 100,000 төгрөг /хх-ийн 104/

2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 30,000 төгрөг /хх-ийн 105/, нийт 516,000 төгрөг шилжсэн болох нь хэрэгт авагдсан хариуцагч Д.Нгийн ХААН банк дахь дансны хуулга /хх-ийн 101-105/-аар нотлогдож байна.

Б. 2022 оны 12 дугаар сард хариуцагч Д.Н нь 450,000 төгрөгийн үнэ бүхий мах болон цагаан идээ, чихэр жимсийг нэхэмжлэгч Д.А руу явуулсан болох нь хэрэгт авагдсан гэрч Д.О /хх-ийн 145-148/-ийн мэдүүлэг болон хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбараар нотлогдож байна.

В. 2022 оны 10 дугаар сард нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Д.Нгээр дамжуулан 4,000,000 төгрөгөөр гахай худалдан авсан болох нь хэрэгт авагдсан гэрч Д.О /хх-ийн 145-148/-ийн мэдүүлэг болон хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбараар нотлогдож байна.

Г. Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Д.Нгийн аавын алдрыг тэмдэглэхэд 200,000 төгрөг, Д.Нгийн төрсөн өдрөөр 700,000 төгрөг, Д.Нгийн хүүд зориулан 400,000 төгрөг, Д.Нгийн охины эмчилгээнд зориулж 400,000 төгрөг, Д.Нгийн замын зардалд 80,000 төгрөг, эм тарианд зориулж 350,000 төгрөг, нийт 2,130,000 төгрөгийг өөрөө хүсэж хариуцагч Д.Н рүү дансаар шилжүүлсэн байх ба үүнийг буцаан төлөх нөхцөлтэйгээр шилжүүлсэн гэх байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл энэхүү шилжүүлсэн мөнгө нь нэхэмжлэгч Д.Аоос хариуцагч Д.Нд өөрөө хүсэж өгсөн мөнгө гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн ...бид хоёр эхнэр, нөхөр болно гэж ярилцаж дотно харилцаатай байсан учир Д.А нь 12 дугаар сарын 09-ний өдөр миний төрсөн өдөрт зориулж, мөн миний аавын алдрыг тэмдэглэхэд зориулж, миний хүүхдүүдэд зориулж мөнгө шилжүүлдэг байсан... гэх тайлбар үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд 516,000 төгрөг+450,000 төгрөг+4,000,000 төгрөг+2,130,000=7,096,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

10. Харин хариуцагч Д.Н нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дундажаар 400,000-500,000 төгрөгийн хүнсний зүйлс, 2023 оны 1 дүгээр сарын сүүлээр 500,000 төгрөгийн махыг нэхэмжлэгч Д.А руу явуулсан, Цагаан хаданд байрлах дэлгүүрийн дансаар дамжуулан Д.А руу мөнгө шилжүүлж байсан гэж тайлбарлах боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Мөн тэрээр 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хотруу Д.Атой уулзахдаа 40 кг мах авч явсан гэж тайлбарлах боловч энэ хугацаанд хариуцагч Д.Н нь нэхэмжлэгч Д.Атой хамт байсан, уг хугацаанд энэхүү махыг хамтдаа хэрэглэсэн болох нь түүний тайлбараар нотлогдож байх тул энэхүү мөнгийг нэхэмжлэгч Д.Аод өөрт нь зарцуулсан гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл хариуцагч Нгийн дансанд шилжүүлж байсан мөнгөөр нэхэмжлэгч А нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 2023 оны 1 дүгээр сард өөртөө зориулж юм захиж авахуулж байсан гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэхүү үйл явдлыг баримтаар нотлох үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй болно.

11. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Нгээс 17,734,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Аод олгож, үлдэх 7,096,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

12. Нэхэмжлэгч Д.А нь нэхэмжлэлийн шаардлага 24,830,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 282,100 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Нгээс 17,734,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 246,620 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Аод олгох нь зүйтэй байна.

13. Хариуцагч талаас ирүүлсэн дансны хуулга /хх-ийн 25-49/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангаагүй, мөнгөний зарцуулалт тэмдэглэсэн гэх дэвтэр /хх-ийн 114/-т бичигдсэн бичвэрээс үзэхэд талууд хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зураагүй, уг дэвтэрт бичигдсэн мөнгөний зарцуулалтын талаарх бичвэр нь зөвхөн хариуцагч Д.Нгийн өөрийнх нь бичиж тэмдэглэсэн тэмдэглэгээ гэх тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.

14. Тус шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 769 дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 111/-аар хариуцагчийн хүсэлтийн дагуу Д.Оыг гэрчээр асуухаар хянан шийдвэрлэсэн боловч шүүх хуралдаан дээр хүсэлт гаргасан тал Д.Оыг гэрчээр асуулгах тухай хүсэлтээсээ татгалзсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Нгээс 17,734,000 /арван долоон сая долоон зуун гучин дөрвөн мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Аод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,096,000 /долоон сая ерөн зургаан мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,100 /хоёр зуун наян хоёр мянга нэг зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Нгээс улсын тэмдэгтийн хураамж 246,620 /хоёр зуун дөчин зургаан мянга зургаан зуун хорь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Аод олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАРИНА