| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 311/2025/0124/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/127 |
| Огноо | 2025-12-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга .........., улсын яллагч ............, шүүгдэгч .......... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... холбогдох .......... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .......... оны 08 дугаар сарын 16-ны өдөр ......аймгийн .............суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Завхан аймгийн ........ сумын таван толгой багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. ........ овогт ............/
Шүүгдэгч ........... нь согтуурсан үедээ буюу 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны шилжих шөнө 04 цагийн үед өөрийн гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр ......... үсдэж татаад зүүн нүд 2-3 удаа цохиод, баруун мөр хэсэг рүү 2 удаа цохиод хэл амаар доромжилсон, мөн 2025 оны 10 дугаар сарын 18-ны шөнө эхнэр ........... баруун эрүүний доод хэсэгт, хүзүүний ард тал руу 2 удаа цохиж, үсдэн, зүүн нүд рүү 2-3 удаа, баруун мөр хэсэгт 2 удаа тус тус цохисны улмаас хохирогч ........ эрүүл мэндэд тархи доргилт, хамрын таславч мурийлт, зүүн нүд, баруун бугалга, баруун шуунд цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч ..... шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. Хохирогч “шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, хохирол төлбөр байхгүй” гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ........... нь 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны шилжих шөнө 04 цагийн үед гэртээ согтуурсан үедээ шалтгаангүйгээр эхнэр ........ үснээс үсдэж татаад зүүн нүд 2-3 удаа цохиод, баруун мөр хэсэгт 2 удаа цохисон,
мөн гэртээ 2025 оны 10 дугаар сарын 18-ны шөнө эхнэр ............ баруун эрүүний доод хэсэгт, хүзүүний ард тал руу 2 удаа цохиж, үсдэж, зүүн нүд рүү 2-3 удаа, баруун мөр хэсэгт 2 удаа цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
............. зодуулснаа талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч ........... “...Тэгээд 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны шилжих шөнө 04 цаг өнгөрч байх үед манай нөхөр ....... ганцаараа бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ороод ирсэн юм. ...гэрт над дээр ирээд юм ярилгүй шууд үсдэж татаад зүүн нүд 2-3 удаа цохиод, баруун мөр хэсэг рүү 2 удаа цохиод хэл амаар зайл гэх мэт доромжилсон. ...би сумын эрүүл мэндийн төв рүү очоод сувилагч ........... уулзаад манай нөхөр намайг зодоод байгаа талаар хэлээд эрүүл мэндийн төвд хоносон. Маргааш нь буюу 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэртээ очих үед манай нөхөр надад хар нүдний шил өгчхөөд уучлаарай гээд байсан. ...манай нөхөр айлд мал өгөхөөр яваад 18-ны шөнө харанхуй болсон хойно эрүүл ирээд над руу нэг юм хэлэх шиг болсноо баруун эрүүний доод хэсэг рүү мөн хүзүүний ард тал руу 2 удаа цохисон юм. Тухайн үед намайг үсдэн, зүүн нүд хэсэг рүү 2-3 удаа баруун гараараа цохисон, баруун мөр хэсэгт баруун гараараа 2 удаа цохисон, баруун эрүүний доод хэсэг рүү 1 удаа, хүзүүний ард тал нуруу хэсэг рүү 1 удаа тус тус цохисон юм. Тухайн үед миний биед нүд хөхөрсөн, баруун гарын мөр хэсэг хөхөрсөн өөр ил харагдах шарх гэмтэл үүсээгүй. ...намайг яагаад зодоод байгааг би мэдмээр байна ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлгээр,
Иргэний нэхэмжлэгч ........ “...Иргэн ........... нь 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл эрүүл мэндийн даатгалын сангаас 252,577 мянган төгрөгийн төлбөр гаргуулсан байна... Энэ хэрэгт гэм буруутай этгээдээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан 252,577 төгрөгийн төлбөрийг буцааж гаргуулмаар байна...” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгч ......... гэмт хэргийн үйлдлийн улмаас хохирогч ........... биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Завхан аймгийн ..........2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн .......... дугаартай “...1.Хохирогч .............. биед: Тархи доргилт, хамрын таславч мурийлт, зүүн нүд, баруун бугалга, баруун шуунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Хохирогч ........... биед учирсан хохирол нь 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдөр үүссэн байх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Хохирогч ............ биед: Хамрын таславч мурийлт, зүүн нүд, баруун бугалга, баруун шуунд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлтээр,
Шүүгдэгч .......... нь хэрэг хариуцах чадвартай болох нь Завхан аймгийн ..........., .................... 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаартай “1. .......... нь өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай. 2. .......... нь сэтгэцийн хувьд солиорлын шинж тэмдэггүй, сэтгэл хөөрөл бүхий 2 туйлт сэтгэл цочирдох эмгэг оношоор сэтгэцийн эмчийн хяналтад байдаг. Болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...” гэсэн дүгнэлтээр болон Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэлээр, “Хохирогч ..............., эмэгтэй, холбогдогч нь хохирогчид байнга дарамт, шахалт үзүүлдэг байдал тогтоогдож байна, аюулын зэргийн үнэлгээ дунд (7 оноо) дунд...” гэсэн тэмдэглэлээр болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.
Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд түүний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч ........., хохирогч ........ нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тайлбарт “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэдгийг гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэж тодорхойлсон.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний биед халдах нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний... ...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нэг хэлбэр болно.
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн нэг шинжийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэж тодорхойлсон бөгөөд шүүгдэгч ........ нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд ......... зодсон дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна.
Шүүгдэгч ...... нь хохирогч .......... Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан “хүний халдашгүй дархан байх эрх”, “хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг зөрчиж, түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж, зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжтэй байна.
Иймд шүүгдэгч ........... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч ............. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй, хохирогч ........... нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 252,577 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын санд 252,577 төгрөгийг бүрэн төлсөн ба хохирогч шүүгдэгчээс гэм хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч ............ холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Шүүгдэгч ................ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч ............ прокурорын санал болгож сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байна.
Иймд шүүгдэгч ............... эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ............. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ................... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ................ 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ............... оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5.Шүүгдэгч ................ өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч ................ нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА