| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 311/2025/0125/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/128 |
| Огноо | 2025-12-05 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | О.Билгүүндаш |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ........, улсын яллагч ........., шүүгдэгч ........... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........... холбогдох ......... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .......... оны 06 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн ........ суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймаг, ......... сумын ........ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ....................................
Шүүгдэгч ............ нь 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн орчим Завхан аймгийн ........ сумын .......... багийн нутаг ................. гэх газарт өөрийн эзэмшлийн үхэр сүрэгт нь нийлсэн иргэн ............... эзэмшлийн 1 тооны улаан хүрэн зүстэй, шүдлэн настай эр үхрийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн орчимд Завхан аймгийн ...... сумын ........... багийн нутаг .............. гэх газарт байх өвөлжөөндөө нядалж, завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний буюу хохирогчид 1.500.000 төгрөгийн /нэг сая таван зуун мянган/ хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч ........ нь 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн орчимд Завхан аймгийн .......... сумын ........... багийн нутаг .... гэх газарт өөрийн эзэмшлийн үхэр сүрэгт нийлсэн иргэн ........... эзэмшлийн 1 тооны улаан хүрэн зүстэй, шүдлэн настай эр үхрийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:
Энэ талаар мэдүүлсэн хохирогч ........ “...Би 2024 оны 10 дугаар сард улаан хүрэн зүстэй, шүдлэн настай эр үхэр алдсан. ...2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн орчим ........ багийн иргэн ...... гэх хүний үхрээр орсон чинь тэдний үхэр дотор миний улаан хүрэн эр үхэр байсан, тэгэхээр нь удахгүй ирж авна гэж бодоод орхисон. 10 дугаар сарын 30-ны өдөр байхаа өдрийг нь сайн санахгүй байна. ....... гэгчийн үхэрт байсан шүдлэн үхрээ авах гээд очтол миний үхэр байхгүй байхаар нь ...... гэрт яваад очсон чинь ....... нь миний улаан үхрийг гаргаад дуусаж байсан. Тэгэхээр нь би ....... хандаж чи ахаасаа хулгай хийж болж байгаа юм уу гэж хэлээд үхрийнхээ малыг аваад явсан. ...манай үхэр бүгд буруу талын чих нь хойноосоо догол имтэй байдаг, тухайн үхэр мөн адил догол имтэй байсан. ....... гэгч нь өөрийн хүргэн ах ....... хамт миний үхрийг гаргаж байсан. ...алдагдсан эр үхрийнхээ махыг авчихсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч .......... “...манай үхрээс улаан зүстэй, шүдлэн настай эр үхэр алга болчихсон, манай нөхөр ............ давс гаргах гэж яваад айлын үхэрт байхыг нь харчхаад явсан байсан. ...Маргааш очоод гаргачихсан дээр байх гэсэн, тэгээд өглөө нь үхрээ гаргах гээд эндээс ......... руу явсан чинь нөгөө үхэр нь байхгүй байсан, үхрийг нь хайгаад явж байсан ...яваад ...... өвөлжөө дээр яваад очтол, ........ нь манай улаан хүрэн зүстэй, шүдлэн настай эр үхрийг гаргаад дуусаж байхад таарсан. Тэгээд .........хандаж, та нар чинь яасан айхтар хүмүүс бэ, нэг нутаг усны хүмүүс байж нэгнийхээ үхрийг алаад идэж байдаг гэж хэлээд үхрийнхээ махыг аваад ирсэн. ............ гадаа очсон чинь үхэр гаргаж байсан, тэгээд үхрийн толгойг нь үзсэн чинь манай имтэй үхэр байсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч ........ “............ хөдөө гэртээ ганцаараа байсан, ...хүнс гаргамаар байна та хүрээд ирээч гэхээр нь би яваад очсон, яг хэдэн сарын хэдний өдөр байсныг мэдэхгүй. Тэр үед ............ өөрийн үхэр дотроосоо улаан хүрэн зүстэй, шүдлэн үхэр барьж аваад гаргасан, тухайн үхрийг гаргаж, дуусаад байж байтал ...... ах ирсэн. Тэгээд та нар манай үхрийг яагаад гаргаж байгаа юм гэж хэлсэн, тэгээд би ......... хандаж чи яахаараа хүний мал гаргаж, хүний нэр нүүрийг түлж байгаа юм гэж хэлээд сум руу буцсан. .......... нь өөрийн үхрээ тууж ирээд улаан хүрэн зүстэй, шүдлэн үхэр барьж аваад гаргасан, би тэр үхрийг ......... ахын үхэр гэж огт мэдээгүй, ....... өөрийнхөө үхрийг гаргаж байгаа юм байна гэж бодсон...” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгч .......... үйлдлийн улмаас хохирогч .......... 1.500.000 төгрөгийн хохирол учирсан нь “........... ХХК-ны хөрөнгийн үнэлгээчний “…Бидэнд ирүүлсэн мэдээлэл, өөрсдийн судалгааны үндсэн дээр зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 10 дугаар сарын байдлаар 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр тогтоов...” гэсэн дүгнэлтээр болон хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, яллагдагчаас авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо.
Алдуул мал завших” гэмт хэрэг нь мал хулгайлах гэмт хэрэгтэй хууль ёсны эзэмшигчээс далд аргаар үйлддэгээрээ хоорондоо төстэй боловч хууль ёсны эзэмшлээс гэмт этгээдийн эзэмшилд шилжиж буй байдлаараа ялгагдана зүйлчлэгдэнэ. Гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдэх нь хулгайн гэмт хэрэг бөгөөд мал өөрийн хөлөөр эсхүл гэмт этгээдээс үл хамаарах хүчин зүйлийн үр дүнд түүний эзэмшилд шилжиж ирсэн бол завших гэмт хэрэг гэж үздэг.
Алдуул мал гэдэг нь хэн нэг этгээдийн ямар нэг оролцоогүйгээр ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх нутаг газраасаа холдож, өөр нутаг бэлчээрт шилжин байрласан, өмчлөг, эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй, мэдэгдэхгүй, эзэнгүйдсэн байгаа малыг ойлгоно. Алдуул мал завших гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрт шилжин байрлаж байгаа малын эзнийг олох алхам хийгээгүй эс үйлдэхүйгээр бусдын мал гэдгийг мэдсээр байж санаатай завшсан шууд санаатай үйлдэл бөгөөд ........ нь хохирогч ........ 1 тооны үхрийг бэлчиж байсан газраас нь өөрийн үхэртээ нийлүүлж хулгайлсан үйлдэл тогтоогдохгүй байх бөгөөд харин өөрийн үхэртээ нийлсэн байсан .......... 1 тооны үхрийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж, эзэмшигч, эсхүл орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүргээ биелүүлэхгүйгээр гэртээ нядалж, завшсан нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ......... нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч ........ нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр түүний өмчлөлийн үхрийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсэж үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, бусдын өмчлөлийн үхрийг бусдынх гэдгийг мэдсээр байж, эзэмшигч, эсхүл орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүргээ биелүүлэхгүйгээр завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд шүүгдэгч Д......... Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч ................ холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ өөрөө сайн дураар гаргаж илэрхийлсэн бөгөөд түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч ............ хохирогч ............ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн болох нь хохирогчийн “............. нь 1,500,000 төгрөгийг барагдуулсан...” гэсэн хүсэлтээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч ......... холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч .......... нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэдгээ шүүх хуралдааны үед ч илэрхийлж байна.
Шүүгдэгч ........... прокурорын сонсгосон ял нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.
Иймд шүүгдэгч ........... Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорилгод нийцүүлэн шүүгдэгч ........... эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ............. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ............... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ............ 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ............ оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх буюу 600,000 төгрөгөөр торгох шийтгэлийг төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ............ оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5.Шүүгдэгч ........... өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч ................. нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА