| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2022/07873/И |
| Дугаар | 101/ШШ2023/02131 |
| Огноо | 2023-04-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2023/02131
2023 04 27 101/ШШ2023/02131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Я даргалж, тус шүүхийн шүүх хуралдаан танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- **************** Н.З-н нэхэмжлэлтэй,
хариуцагч- ***************** -д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 30,400,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.З ньМ.Уд холбогдуулан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 19,000,000 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 4,560,000 төгрөг, алдангийн төлбөрт 6,480,000 төгрөг, нийт 30,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
ХариуцагчМ.Утай 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаатай зээлдүүлсэн. Зээл нь сарын 4 хувийн хүүтэй бөгөөд хүүний төлбөрт Баянзүрх дүүрэг, 12-р хороо, ************* хаягт байрлах 56,9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 12 сарын хугацаатай хөлслөх, хүүгийн төлбөр болон байрны түрээсийн төлбөрийн дүнг талууд 1,000,000 төгрөг гэж тохирсон.
М.Уянга нь байраа бусадад зарахаар болж, түүний шаардлагаар 2021 оны 9-р сарын 8-ны өдөр байрыг суллаж хүлээлгэн өгснөөрМ.Уас зээлдүүлсэн 25,000,000 төгрөгөө шаардахад 2021 оны 9-р сарын 8-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 2021 оны 9-р сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд үлдэгдэл 19,000,000 төгрөгийг одоо болтол төлж барагдуулаагүй байна.
Талуудын 2020 оны 9-р сарын 9-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний 5.2-т зээлийн хүүг сарын 4 хувь гэж тохирсноор 2021 оны 9-р сарын 13-ны өдрөөс 6 сарын хугацаагаар хүү тооцож хүүгийн төлбөрт 4,560,000 төгрөгийг, гэрээний 3.7-д зааснаар гүйцэтгээгүй үүргээс алданги тооцохоор тохирсон тул алданийн төлбөрт 6,480,000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж тодорхойлсон.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчтэй зээлийн байгуулж 25,000,000 төгрөгийг авсан, зээлийн хүүгийн төлбөрт орон сууцанд суулгахаар тохирч нэхэмжлэгчийг орон сууцандаа оруулсан, хариуцагчийн бусдад төлөх шийдвэр гүйцэтгэлийн өр төлбөрт байрыг суллаж авснаар орон сууцыг чөлөөлж өгсөн. Зээлийн үлдэгдэл төлбөр 19,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин хүү, алдангийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн зээлийн гэрээ байгуулах үед хариуцагч нь эд зүйлээ алдахаар нөхцөлд байсан тул хүү, алданги тохирсон зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Зээлийн гэрээний хугацаанд нэхэмжлэгч нь орон сууцыг ашигласан бөгөөд хугацаа дууссанаас хойш хүү, алданги шаардахгүй гэж татгалзсан тайлбар гаргасан.
4. Нотлох баримтын тухайд
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-4/, Н.З, Ц.О нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-5/, 2020-9-9-ний өдрийн зээлийн гэрээ /хх-6/,М.У, Н.З нарын иргэний үнэмлэх хуулбар /хх-7/, Н.Згийн Хаан банкны 5959071497 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-8/, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/*****дугаартай Н.З-н нэхэмжлэлтэй, М.Уянгыг эрэн сурвалжлуулах тухай шийдвэр /хх-10-13/, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022-10-24-ний өдрийн ***** дугаартай албан бичиг /хх-14/, Н.З, Т.Атой байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай 2022-03-10-ны өдрийн гэрээ /хх-15-16/, нэхэмжлэгчээс төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-30/ зэрэг баримтуудыг, хариуцагчаас төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-23/, хариуцагчийн хариу тайлбар /хх-24/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-32/ зэргийг гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Згийн нэхэмжлэлээс 25,840,000 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 4,560,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2. Нэхэмжлэгч Н.З нь хариуцагчМ.Уд холбогдуулан 30,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаатай зээлдүүлсэн. Зээлийг сарын 4 хувийн хүүтэй олгосон бөгөөд зээлийн хүүний төлбөрт нь Баянзүрх дүүрэг, 12-р хороо, ************* хаягт байрлах 56,9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 12 сарын хугацаатай хөлслөх, хүүгийн төлбөр болон байрны түрээсийн төлбөрийн дүнг талууд 1,000,000 төгрөг гэж тохирсон.М.У-н шаардлагаар орон сууцыг 2021 оны 9-р сарын 8-ны өдөр суллаж хүлээлгэн өгсөн боловчМ.У нь зээлийн төлбөрт 2021 оны 9-р сарын 8-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 2021 оны 9-р сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлж үлдэгдэл 19,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа. 2020 оны 9-р сарын 9-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний 5.2-т зээлийн хүүг сарын 4 хувь байхаар, гэрээний 3.7-д гүйцэтгээгүй үүргээс алданги тооцохоор тохирсон гэж тайлбарласан.
3. ХариуцагчМ.У-н итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээ байгуулсан, 25,000,000 төгрөгийг зээлж авсан, зээлийн хүүгийн төлбөрт орон сууцанд нэхэмжлэгчийг 1 жилийн хугацаагаар суулгасан.М.У-н бусдад төлөх шийдвэр гүйцэтгэлийн өр төлбөр гүйцэтгэхээр нэхэмжлэгчээс 2021 оны 9-р сард орон сууцыг суллаж авсан, зээлийн үлдэгдэл төлбөр 19,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн.
Харин зээлийн гэрээ байгуулах үед хариуцагч нь эд зүйлээ алдахаар нөхцөлд байсан тул хүү, алданги тохирсон зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Зээлийн гэрээний хугацаанд нэхэмжлэгч нь орон сууцыг ашигласан бөгөөд хугацаа дууссанаас хойш хүү, алданги шаардахгүй тул хүү, алдангийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргаж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар зохигч талуудын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр 25,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатайМ.Уд зээлдүүлж, зээлийн хүүг сарын 4 хувь байхаар хүүнд нь Баянзүрх дүүрэг, 12-р хороо, ************* хаягт байрлах 56.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 12 сарын хугацаатай хөлслөх, хүүгийн төлбөр болон байрны түрээсийн төлбөрийн дүнг талууд 1,000,000 төгрөг байхаар харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Аливаа хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байх тул талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.
Зохигчид зээлийн гэрээний үүрэгт 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдүүлэгч нь Баянзүрх дүүрэг, 12-р хороо, ************* хаягт байрлах 56.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцанд 2020 оны 9-р сараас 2021 оны 9-р сар хүртэлх хугацаанд хөлслөн суусан болохыг тайлбарлаж, талууд энэ талаар маргаагүй бөгөөд хариуцагч тал үндсэн зээлийн үлдэгдэл 19,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн.
6. Харин нэхэмжлэгч 2020 оны 9-р сарын 9-ний өдрийн зээлийн гэрээний 3.7-д хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн үнгийн 0,2 хувиар алданги төлөх, гэрээний 5.2-т тухайн орон сууц нь ББСБ-ийн зээлийг төлж чадахгүйгээс хураагдах буюу зарагдахад хүрвэл зээлийг тэргүүн ээлжинд төлөх бөгөөд орон сууцыг сулласнаас хойш зээлийг төлөөгүй нөхцөлд сарын 4 хувиар тооцон хүү төлөхөөс гадна гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх алдангийг төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаанд төлөх үүрэгтэй гэж тохиролцсноор хүүгийн төлбөрт 4,560,000 төгрөгийг, алдангийн төлбөрт 6,480,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх тул талуудын маргасан үйл баримтад шүүх эрх зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.
7. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зохицуулсан.
Хуульд зааснаар, гэрээний гол нөхцөл тохиролцоог зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд нь буцаан өгөх үүрэг үүсгэх харилцан хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн байхыг ойлгоно.
8. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.3-т зээл нь сарын 4 хувийн хүүтэй бөгөөд хүүнд нь БЗД, 12-р хороо, ********* тоот хаягт байрлах 56.9 ам метр талбайтай 2 өрөө орон сууцыг 12 сарын хугацаатай хөлслөх. Хүүгийн төлбөр болон байрны түрээсийн төлбөрийн дүнг талууд 1,000,000 төгрөг гэж тохирсноор гэрээний хугацаа 2021 оны 9-р сарын 10-ны өдөр дууссан, гэрээний хугацаа дуусахаас өмнө орон сууцыг хариуцагчид хүлээлгэн өгсөн болохыг зохигч талууд тайлбарлаж байна.
Харин нэхэмжлэгчийн хүү шаардах эрхийн үндэслэл болсон зээлийн гэрээний 5.2-н зохицуулалт нь гэрээний хугацаанд нэхэмжлэгчийн зээлийн хүүгийн төлбөрт түрээслэн сууц буй орон сууцыг чөлөөлсөн тохиолдолд зээлдэгчийн хүлээх хариуцлага байх тул нэхэмжлэгч нь энэ үндэслэлээр хүү шаардах эрхгүй байна.
Тодруулбал, зээлдүүлэгчийн 25,000,000 төгрөгийн зээлийн нэг сарын хүү 1,000,000 төгрөг, зээлдэгчээс нэхэмжлэгчид хөлсөлсөн орон сууцны сарын түрээсийн төлбөр 1,000,000 төгрөг байхаар гэрээний талууд гэрээний 3.3-р харилцан тохиролцсон, энэ үүргээ хэн аль нь биелүүлсэн болохыг зохигчид тайлбарлаж, маргаагүй.
Иймд нэхэмжлэгчийн хүүгийн төлбөрт 4,560,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
9. Нэхэмжлэгч нь алдангийн төлбөрт 6,480,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгэгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зохицуулсан.
Талууд гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар алданги төлнө гэж мөн тохиролцсон байх бөгөөд хариуцагч нь зээлийн 25,000,000 төгрөгийг хугацааны эцэст бөөнөөр төлөхөөр гэрээний 3.6-р үүрэг хүлээсэн байх боловч зээлийн үлдэгдэл 19,000,000 төгрөгийг төлөөгүй бөгөөд төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хариуцагч тал гаргаж байх тул нэхэмжлэгчийн тооцсон 180 хоногоор тооцож алдангид 6,840,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх бөгөөд хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. Тодруулбал, зээлдэгч зээлийг тохирсон хугацаанд заавал гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хэрэв гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээдэг.
Харин хариуцагч тал алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй боловч шүүхэд ямар нэгэн баримт гаргаагүй байна.
Иймд дурдсан үндэслэлүүдээр хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 19,000,000 төгрөг, алдангид 6,840,000 төгрөг, нийт 25,840,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,560,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 309,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 284,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.У-с 25,840,000 /хорин таван сая найман зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.З-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,560,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 309,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчМ.Уас улсын тэмдэгтийн хураамжид 25,840,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Зд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ