| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2105003650402 |
| Дугаар | 2021/ДШМ/778 |
| Огноо | 2021-08-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Энхболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2021/ДШМ/778
Б.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Энхболд,
шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Д.Жаргал,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/306 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2105003650402 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц туг овгийн Бын Б, 1986 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрийн менежмент мэргэжилтэй, “Ремакс Рояал” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт -оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 36 дугаар байрны 26 тоотод оршин суудаг гэх, /РД:-/,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 259 дугаартай магадлалаар анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 02 дугаар сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Этүгэн зочид буудлын гадаа хохирогч Т.Гтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, алимны салст, зүүн хацрын шонтонгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц туг овогт Бын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Бд мэдэгдэж, хохирогч Т.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2021 оны 02 дугар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Этүгэн” нэртэй зочид буудлын гадаа хохирогч Т.Гтой хувийн таарамжгүй харьцааны улмаас муудалцаж, улмаар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь үнэн ба дээрх үйлдэлтэй маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрийн буруутай үйлдэлийг ойлгож, өөртөө дүгнэлт хийж цаашид дахин хэн нэгний эрхэд халдахгүй байх талаар маш ихээр ухаарч ойлгож байгаа билээ. Хохирол хор уршгийн хувьд уг гэмт хэрэг болсноос хойш өөрийн багын найз Т.Гтой холбогдож чадаагүй ба мөрдөн байцаагч хохирлын баримт гаргаж өгөөгүй гэсэн тул ямар нэгэн хохирол төлөөгүй нь үнэн. Гэхдээ миний бие хохирогчийн шүүх хуралдаанд нэхэмжилсэн 400.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна. Хэдийгээр миний бие өмнө 1 удаа ял шийтгэгдэж байсан нь үнэн боловч дээрх гэмт хэрэг нь 2010 онд үйлдэгдэж байсан буюу 24 настай юмны учир ойлгоогүй залуу байхдаа холбогдож байсан хэрэг бөгөөд дээрх үйл явдал 11 жилийн өмнө болсон байхад улсын яллагч өмнө гэмт хэрэг үйлдэж байсан хэмээн шүүх хурал дээр хэлж, намайг гэмт хэрэгтэн мэтээр дүгнэж ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Мөн би одоо үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Ремакс”-д ажилладаг. Уг үл хөдлөх хөрөнгийн зуучлалын зах зээл нь маш жижиг, маш их өрсөлдөөнтэй ба өдөр шөнөгүй явж байж тодорхой хэмжээний цалин хөлс авдаг билээ. Уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлд тодорхой хугацаанд ажиллаж байгаа ба өөрийн гэсэн орон зай үүсгэх гэж олон жил хөдөлмөрлөж байгаа билээ. Миний бие Ремаксын Силвэр цолтой. Үүнээс гадна би одоо өөрийн өндөр настай тэтгэвэрт гарсан ээжтэйгээ хамт амьдардаг ба ээжийн эрүүл мэндийн байдал тогтворгүй байдаг. Миний цалин манай гэр бүлийн гол эх үүсвэр бөгөөд дээрх ажил тасалдах, зогсох нөхцөлд өрхийн орлогогүй болох эрсдэлтэй байна.
Түүнчлэн, бид орон сууцанд сарын 700.000 төгрөгөөр түрээслэн амьдардаг. Мөн сарын автомашины лизингид 685.000 төгрөг төлдөг. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас 800 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн ял оногдуулахаар санал гаргасан атал шүүхээс “хохирогч улсын яллагчийн саналыг зөвшөөрч байна уу” гэж асуухад хохирогч “торгуулийн шийтгэл оногдуулмааргүй байна ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх хүсэлтэй байна” гэж хэлсэн. Тиймээс шүүхээс зөвхөн хохирогчийн санал, хүсэлтийг үндэслэн 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан. Миний бие заавал албадан хөдөлмөр эрхлээд байхаар хэмжээний зэрлэг балмад аргаар, хохирогчийг тохуурхан доромжилсон үйлдэл байхгүй байгааг анхаарч үзээсэй гэж хүсч байна. Урьд нь би 2010 алдаж байсан ба ялтай байх хугацаа дууссан. Би өөрийгөө насан туршдаа ийм хар толботой болгож байгаадаа маш их харамсаж байна. Хохирогч Т.Гоос шүүх хурал дээр уучлал гуйсан. Маш их гэмшиж байна. Дээрх ял шийтгэх оногдуулахдаа 400 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн нь миний ажил, ар гэрт минь хөгшин настай ээж минь миний орлогоор амьдардаг. Гэр бүлдээ орлого олдог хүн нь ганц би байгаа гэдгийг давж заалдах шатны шүүх харгалзан үзнэ үү. Учир нь, миний бие тодорхой хэмжээний орлоготой ба шүүхээс торгох ял оногдуулсан нөхцөлд тодорхой хугацаанд төлж чадах эдийн засгийн боломжтой болох нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байгаа билээ. Дэлхийн хэмжээнд тархсан цар тахлын үед, Монгол Улсад аюулын өндөр түвшинд байхад олноороо цугларсан газарт очиж өөрийгөө болон бусдын эрүүл мэнд амь нас эрсдэлтэй байгаа зэрэг байдлыг харгалзан үзнэ үү.
Түүнчлэн, шүүх ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан нөхцөл байдлыг харгалзан үзээгүй зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэн хэтэрхий нэг талыг баримтлан шийдвэрлэсэн. Мөн хохирогч болон миний мэдүүлэгт 2 биенийгээ буруутгасан мэдүүлэг аль аль нь өгдөг. гэтэл хэрэг болох үед байсан ганц гэрч болох Баянмөнхийг хэрэгт гэрчээр огт асуугаагүй байгаа нь хэргийг тал бүрээс нь үнэн бодитой тогтоох хуулийн заалтад нийцээгүй байгааг анхаарч үзнэ үү.
Иймд дээрх нөхцөл байдал, хувийн байдлыг минь харгалзан үзэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/308 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж торгох ялаар шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Д.Жаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдлыг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гаргасан ба тухайн үед Өршөөл үзүүлэх тухай хууль гараагүй байсан. 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр уг хууль батлагдсан тул миний үйлчлүүлэгчид анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол 400 цаг албадан ажил хийлгэх ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж өгнө үү. Б.Б нь гэмт хэргийн бүрэлдэхүүн, гэм буруугийн талаар маргадаггүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан үндэслэл журамд хамаарч байх тул уг хуулийг хэрэглэж өгнө үү” гэв.
Прокурор Н.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, шүүгдэгч Б.Б нь 2021 оны 02 дугаар сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Этүгэн зочид буудлын гадаа хохирогч Т.Гтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, алимны салст, зүүн хацрын шонтонгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
хохирогч Т.Гийн “...Зочид буудлын урд зогсоолын талбай дээр Б бид хоёр өөд өөдөөсөө хараад зогсож байсан чинь Б миний нүүр лүү 2-3 удаа цохисон. Бас мөргөж байсан. Би тухайн үед манараад арагшаа унасан. Нэг харсан чинь Баянмөнх голоор орж ирээд салгаад Бийг тэвэрсэн зогсож байсан. Би бултаад яагаад байгаа юм бэ гэж хэлсэн тэр үед Баянмөнх Бийн араас зуурсан байсан. ...Б тэгтэл “наад муу чинь надад хэдэн цаас зээлснээ юу гэж бодоод байгаа юм. Наад сэхчихсэн пиздаг чинь одоо алаадхъя” гээд Баянмөнх салгах гээд зууралдаад салсан. Улмаар шууд хүрч ирээд намайг цохиод байсан. ...” /хх 7-9/,
гэрч Г.Батжаргалын “...Одоо санахад 202 тоотод байсан залуучууд муудалцаад манай хамгаалагч ах Басбиш нь тарааж явуулсан талаар рапортын дэвтэр дээр бичсэн байсан. Маргаан болох үед би байгаагүй. ...” /хх 11-12/,
гэрч Т.Басбишийн “...Этүгэн зочид буудлын хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 1 цаг 40 минутын үед гурван залуу орж ирэн 202 тоот өрөөнд орсон. Тэгээд байж байгаад 04 цагаас 05 цагийн үед өрөөнөөсөө гараад гадагшаа гарч байсан. Тэр үед хоёр залуу нь маргалдаад гарч байсан. Тэгээд буудлын шатны доор зогсоод нэг нэгнээ зуураад заамдалцаад маргалдаж байсан. Нэг залуу нь нэгнээ толгой, нүүр хэсэг рүү нь ганц нэг цохиж байхаар нь би гараад “та нар болиоч цагдаа дуудлаа шүү тараад явцгаа” гэж хэлэхэд зүгээр болцгоосон. ...” /хх 14-15/,
Б.Бийн яллагдагчаар өгсөн “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Миний тэвчээрийг алдтал үгээр идээд хэл амаар доромжлоод “би чамайг хачин болгоно мууг чинь үзнэ харж байгаарай” гээд байхаар нь тэвчээр алдаад нүүрэн тус газар нь нэг мөргөсөн. Намайг мөргөхийг Баянмөх болон хамт байсан хоёр охин харсан. ...” /хх 63-64/ гэсэн мэдүүлгүүд,
“...Т.Гийн биед зүүн нүдний зовхи, алимны салст, зүүн хацрын шонтонгийн цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 1486 дугаартай дүгнэлт /хх 22-23/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг, тухайлбал, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тэдгээрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримтыг тогтоож, энэ талаар шийтгэх тогтоолд тодорхой тусган, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Б.Бийн хохирогч Т.Гийн нүүр лүү гараараа цохих, толгойгоороо мөргөх зэргээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйлд зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Б.Бийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Харин Б.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлд хамаарагдаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/306 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
2. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/306 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ