Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 228

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,                  

Улсын яллагч Б.Жаргал,

Иргэдийн төлөөлөгч Л.Уранчимэг, 

Хохирогч Б.Жаргалсайхан,

Гэрч Э.Ариунзаяа

Шүүгдэгч М.Дарханбаатар, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

Шүүгдэгч М.Сүхбат, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ноёныхон овогт Мөнхбатын Сүхбат, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Мягмарын Дарханбаатар нарт холбогдох эрүүгийн 201726020188 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Баяннуур суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Баянгол дүүргийн 13 дугаар хороонд байрлах Энэр төвд хамгаалагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Булган аймаг, Баяннуур сум, 2 дугаар баг, Шар тал гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ноёныхон овогт Мөнхбатын Сүхбат /РД:ГО92082119/,

 

2. Монгол Улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Баяннуур суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Булган аймаг, Баяннуур сум, 1 дүгээр баг, Өлзийт байшин хороо, 3-3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Чонос овогт Мягмарын Дарханбаатар /РД:ГО95080917/

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

Шүүгдэгч М.Сүхбат нь 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газар болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Аяз” караоке дотор үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Б.Жаргалсайханы эрх чөлөөнд халдаж хөнгөн гэмтэл учруулан танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, М.Дарханбаатартай бүлэглэж үйлдсэн,

Шүүгдэгч М.Дарханбаатар нь 12 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газар болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Аяз” караоке дотор үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Б.Жаргалсайхан руу пивоны шил шидэж хөнгөн гэмтэл учруулан танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, М.Сүхбаттай бүлэглэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Сүхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар ярьсан. 2016 оны 12 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн “Аяз” караокед Дарханбаатар Ариунзаяа нарын хамт ороход зөөгч нь нэг өрөөнд оруулаад захиалгаа өгөх гэж байтал хохирогч утсаар яриад ороод ирсэн ба би гараад ярьчих гэтэл хохирогч энэ өрөөнд байсан, өрөө андуурчлаа гэхээр нь Дарханбаатар юу яриад байгаа юм бид нар байна гар гэсэн. Гэтэл хохирогч би хаана юу ярихаа мэдэж байна та нар шиг нуснуудад хамаагүй гэсэн. Би босож очоод хэрүүл хийгээд яахав гээд өрөөнөөс гаргах гэтэл Ариунзаяаг түлхсэн. Тэр үед Дарханбаатар босож ирээд чи яагаад эмэгтэй хүн түлхэж байгаа юм гээд хохирогч Дарханбаатарыг түлхэхээр нь би нэг цохиод тонгойхоор нь нуруун дээр нь нэлээд хэд цохьсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна”  гэв.

 

Шүүгдэгч М.Дарханбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 12 дугаар сарын 24-ноос 25-нд шилжих шөнө Ариунзаяа, Сүхбат бид 3 Аяз караокед орсон. 5-10 минут болж байтал хохирогч утсаар яриад байж байгаад хаалгаар шагайгаад гараад буцаж орж ирээд өрөө андуурчихаж гээд би энд найзуудтайгаа орж ирсэн байсан юм. Гэхээр нь би чи өрөө андуурч гарчих гэсэн. Гэтэл бид энд байсан пацаанууд гээд хаана юу ярихаа мэдэж байна гэж маргалдсан. Ариунзаяа Жаргалсайханыг гарчих гэтэл хохирогч Ариунзаяаг чамд хамаагүй гээд түлхэхээр нь ууж байсан пивоо бариад очиход намайг түлхсэн. Тэгтэл Сүхбат намайг өмөөрч хохирогчийг цохьсон. Жаргалсайханы найз нар ирж салгаж авсан. Тэр үед бармен байсан. Удалгүй цагдаа ирээд аваад явсан. Намайг түлхэх үед би гарт байсан пивоо шидсэн ба оносон эсэхийг мэдэхгүй. Цагдаа дээр очоод хохирогчийн чихнээс цус гарч байгааг мэдсэн” гэв.

 

Хохирогч Б.Жаргалсайхан мэдүүлэхдээ: “2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажлын найзууд болох Бат-Эрдэнэ, Эрдэнэ-Отгон, Мөнхбаяр, үл таних 4-5 эмэгтэй нарын хамт 00 цагийн орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аяз” гэх нэртэй караокены газар орсон. Тэгээд эхлээд нэг жижиг өрөөнд оруулсан бөгөөд бармен нь захиалга аваад гарсан ба би утсаар яриад гараад явсан. Тэгээд би 00 орчихоод өрөөнд ортол өөр хүмүүс байхаар нь энэ өрөөнд байсан хүмүүс яасан гэхэд мэдэхгүй гэсэн. Тэгээд өрөө андуурчихлаа гэхэд Сүхбат нь чиний өрөө андуурдаг газар биш шүү гэхээр нь чи хүнтэй зөв харьцаач яаж яриад байгаа юм гэхэд Сүхбат яадаг юм пизда минь гээд босож ирээд мөргөх гээд байсан.

Дарханбаатарын найз нь ирээд салгасан. Тэгээд гарах гэтэл Сүхбат араас үгээр өдөж ална хядна гээд байсан. Би найз охинд нь хүрээгүй юм хэлээгүй. Гэтэл Дарханбаатар намайг энэ яасан даварсан гар вэ гээд пивоны шил бариад дайрахаар нь түлхээд холдуулахад хажуунаас Сүхбат нь 11 удаа цохиж 2 удаа өшиглөсөн. Манай найзууд ирээд салгахад чихнээс цус гарсан байсан.

Бичлэгнээс үзэхэд Дарханбаатарын шидсэн шил толгой руу онох шиг болсон. Чих юунаас болж хэн гэмтээсэнийг би мэдэхгүй байна. Шүүгдэгч Дарханбаатараас 500.000 төгрөг авсан. Нэхэмжлэх зүйлгүй. Шүүгдэгч нарын худлаа яриад байгаад гомдоод байна гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Жаргалсайхан мэдүүлэхдээ: “...би ажлын найзууд болох Бат-Эрдэнэ, Эрдэнэ-Отгон, Мөнхбаяр, үл таних 4-5 эмэгтэй нарын хамт 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00 цагийн орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аяз” гэх нэртэй караокены газар орсон. Тэгээд эхлээд нэг жижиг өрөөнд өрөө гартал хүлээж байгаад нэг том өрөө гарахаар нь тэр өрөө рүү нь шилжиж орсон. Тэгээд удаагүй нөгөө өрөөнөөс утсаар ярихаар гараад өмнө сууж байсан өрөө рүү ороход 2 эрэгтэй, нэг эмэгтэй хүн байсан. Би тухайн үед уг өрөөг хүнгүй хоосон байгаа байх гэж бодоод утсаар ярихаар орсон. Тэгээд хүн орсон байхыг мэдээд уучлаарай өрөө андуурсан байна гэж хэлэхэд сууж байсан эрэгтэй нь чиний андуурдаг газар энэ биш шүү пизда минь зайл гэхээр нь би чи хүнтэй аятайхан харьцаач гэж хэлсэн. Тэгээд хоорондоо хэл амаар маргалдсан. Тэгтэл сууж байсан залуу нь босож ирээд над руу пивоны шил бариад дайрахаар нь би тэр залууг түлхээд ширээ унагаасан тэгтэл гартаа барьж байсан пивоны шилээ шидэхэд миний толгойны зүүн тал руу оносон. Тэгтэл хамт байсан залуу нь намайг гараараа толгой руу нилээн олон удаа цохисон. Би бичлэгийг харахад миний толгой руу 11 удаа гараараа цохиж нэг удаа хөлөөрөө өшиглөж байсан. Тэгтэл гаднаас манай найз Бат-Эрдэнэ орж ирээд салгаад өрөөнөөс авч гарсан. Миний зүүн чинээс цус гараад байхаар нь цагдаа дуудаад цагдаа нарыг иртэл нь өрөөний гадна талд хүлээж байгаад цагдаа нар ирэхээр нь хамт Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст ирсэн. Тэгээд би мэдүүлгээ өгчихөөд гэмтлийн эмнэлэгт орж оёдол тавиулаад эргээд цагдаагийн хэлтэс дээр ирэхэд нөгөө 2 залуу байхгүй байсан. Анх бүртгэж авсан Амарбат гэх хүнээс асуухад гар утас руу нь залгаж хаана байгаа нь асуухад нөгөө хүмүүс нь хөл гайгүй болохоор нь гэртээ ирчихсэн байна гэж хэлж байсан. ..эмчилгээний зардлаа гаргуулмаар байна...” гэжээ. /хав 19-21,22,23/

 

Гэрт Б.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болсон. Тэгээд ажлын газрын найз Жаргалсайхан, Эрдэнэ-Отгон, Мөнхбаяр бид нар үл таних 4-5 эмэгтэйгийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Аяз гэх нэртэй караокед түрүүлээд орсон. Би араас нь ганцаараа орсон. Тэр өдөр би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Найз нарынхаа орсон гэх өрөөнд ороход их жижиг өрөөнд орчихсон байж байхад бармен нь том өрөө суларч байна, том өрөөнд ороорой гэж хэлж байсан. Тухайн үед Жаргалсайхан нь гадаа утсаар ярьж байхад нь бид нар өөр том өрөө рүү шилжиж орсон. Тэр үед Жаргалсайхан нь нөгөө хуучин сууж байсан өрөө рүү утсаар яриад ороод тэнд байсан 2 залуутай маргалдсан юм шиг байна лээ. Тэгтэл гаднаас бармен эмэгтэй орж ирээд танай найзыг хүн шилээр цохичихлоо гэхээр нь бид нар гараад очиход Жаргалсайханы зүүн талын чихнээс цус гарч байсан. Би Жаргалсайханаас юу болсон гэж асуухад Жаргалсайхан нь өрөө андуураад ороход хэл амаар доромжлоод 2 залуу зодчихлоо гэж хэлж байсан. Тэгээд бид нар нөгөө өрөө рүү нь ороод яаж байгаан гэж асуухад нөгөө 2 залуу нь пивоны шил хагалж босож ирээд бид нар луу та нар тэгээд яах юм гээд томроод байхаар нь цагдаа дуудсан гээд хэлээд гарсан. Бид нар тэр залуучуудтай маргалдаж зодолдсон зүйл байхгүй...” гэжээ. /хх 24-26/

 

Гэрч Г.Мөнхбаяр мэдүүлэхдээ: “...бармен эмэгтэй нь манай өрөөнд орж ирээд та нартай хамт явсан эрэгтэй цохиулчихлаа гэж хэлэхээр би нөгөө эгчийг аваад өрөөнөөс гараад юу болсон талаараа асуухад та нартай хамт явсан залуу хуучин өрөө рүү ороод зодоон болсон гэж хэлсэн. Тухайн үед Жаргалсайхан нь нөгөө хуучин өрөөний үүдэнд зүүн талын чихээ бариад зогсож байсан. Би Жаргалсайханаас юу болсон талаар асуухад Жаргалсайхан нь би хуучин өрөө рүүгээ ороход нэг залуу чи энд юу хийж яваан гар гэж хэлсэн гэсэн. Тэгтэл Жаргалсайхан би андуурчихаж гэж хэлээд нөгөө хүмүүс нь чиний андуурдаг газар энэ биш гээд маргалдсан юм шиг байсан....” гэжээ. /хх 27-29/

 

Гэрч О.Цэнгэлсүрэн мэдүүлэхдээ: “…өрөөний гадна хүмүүс чанга чанга орилолдоод байхаар нь Энхтуяа, Цэнгэл бид 3 өрөөнөөс гарахад кордорт Жаргалсайхан, Бат-Эрдэнэ, зөөгч гэх хүмүүс зогсож байсан. Жаргалсайханы чихнээс нь цус гарсан байхаар нь яасан юу болсон талаар асуухад цагдаа дуудсан гэж хэлээд удаагүй цагдаа нар ирсэн. …Жаргалсайхан нь бусдад зодуулах үед хажууд нь би байхгүй учраас хараагүй. Бид нар өрөөнд дуулж байсан. Манай эмэгтэй найзууд бас хараагүй...” гэжээ. /хх 30-32/

 

Гэрч Э.Эрдэнэ-Отгон мэдүүлэхдээ: …яг Жаргалсайханыг зодуулж байхыг хараагүй. ...харин зодсон гэх 2 залуу нь архи уусан байсан хэр зэргийн согтолттой байсан талаар мэдэхгүй байна. Тэр 2 залуучууд нь хашгираад орилоод байсан... ” гэжээ. /хх 33-35/

 

Гэрч Э.Ариунзаяа мэдүүлэхдээ: “...Дарханбаатар, Сүхээ бид 3 караокены өрөөнд ороод хүний нэг нэг шил пиво захиалаад зөөгч нь захиалсан пиво оруулж ирээд байж байхад гаднаас нэг залуу орж ирсэн. Дарханбаатар, Сүхээ 2 нь нөгөө залууд өрөө андуурчихлаа гэж хэлэхэд нөгөө эрэгтэй нь юу гээд байгаа нуснууд вэ би энд сууж байсан юм гээд хоорондоо маргалдсан. Тэгэхээр нь би тэр залууг чи өрөө андуурсан байна, зүгээр гарчих гэж хэлэхэд нөгөө залуу чи юу гээд байгаа гичий вэ, чамд хамаагүй гээд миний цээж рүү 2 гараараа түлхэсэн. Тэгтэл Дарханбаатар чи миний найз охиныг түлхэдэг хэн бэ гээд босож ирээд нөгөө залуу руу очиход нөгөө залуу Дарханбаатарыг түлхээд ширээ нь дээр унагаасан. Дарханбаатар нь саяхан хөлөө хугалаад хагалгаанд орсон байсан. Сүхээ найз нь чи миний найзыг түлхэж унагаад хэн бэ гээд нөгөө залуугийн нуруу руу нь гараараа 5-6 удаа цохиж байхаар нь би болиулсан...” гэжээ. /хх 36-38/

 

Гэрч М.Батзаяа мэдүүлэхдээ: “...манай караокенд 10 гаран эрэгтэй, эмэгтэй хүмүүс орж ирээд 2 номерын өрөөнд оруулсан багтахгүй байхаар нь 1 номерын өрөө рүү оруулсан юм. Удалгүй 1 эмэгтэй,  2 залуу ирэхээр нь суларсан 2 номерын өрөөрүү оруулсан. ...уг 2 номерын өрөөнөөс гарсан хүмүүсийн нэг залуу араас уг өрөөнд орж ирээд гар утсаар яриад зогсож байтал нөгөө 2 залуугийн нэг нь туранхай бор царайтай нь чиний байх өрөө энэ биш пизда минь гэтэл нөгөө залуу чи юу яриад байгаа юм бэ би андуураад ороод ирсэн байна гэтэл нөгөө залуу тэгвэл цаашаа гар гэсэн. Тэгээд хоорондоо маргалдаад зодолдох гээд байхаар нь би өрөөнөөс нь гаргаад 1 номерын өрөө рүү орж хамт явж байгаа хүмүүст нь хэлтэл найз нар нь 2 номерын өрөөрүү ортол нөгөө өрөө андуурсан залуу хөл муутай залууг арагш нь түлхэж унагаасан байсан. Тэгээд найз нар нь салгасан...” гэжээ. /хх 39-40/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 781 дугаартай дүгнэлтэд: 1. Б.Жаргалсайханы биед зүүн чихний дэлбээнд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний ард зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. /хх 51/

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15-16/

Хохирлын баримт /хх 18/

Шүүгдэгч М.Дарханбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 80, 81/

Шүүгдэгч М.Сүхбатын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 91,102/

Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх 106-107/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно. 

 

            Шүүхийн дүгнэлт:

   Шүүгдэгч М.Сүхбат нь 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Аяз” караоке дотор үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Б.Жаргалсайханы эрх чөлөөнд халдаж хөнгөн гэмтэл учруулан танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, М.Дарханбаатартай бүлэглэж үйлдсэн,

Шүүгдэгч М.Дарханбаатар нь 12 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Аяз” караоке доторүл ялих зүйлээр шалтаглан бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан пивоны шил зэвсгийн чанартай зүйл хэрэглэн шидэж танхайрах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Жаргалсайхан /хх 19-21,22,23/, гэрч Б.Бат-Эрдэнэ /хх 24-26/, Г.Мөнхбаяр /хх 27-29/, О.Цэнгэлсүрэн /хх 30-32/, Э.Эрдэнэ-Отгон /хх 33-35/, М.Батзаяа /хх 39-40/ нарын мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 781 дугаартай дүгнэлт /хх 51/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15-16/, хохирлын баримт /хх 18/, шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 80, 81, 91,102/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх 106-107/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч М.Дарханбаатар, М.Сүхбат нарт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.Дарханбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Сүхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Гэрч Э.Ариунзаяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй бөгөөд шүүгдэгч М.Дарханбаатартай хувийн харьцаатай, хамтран амьдрагч тул түүний мэдүүлгийг шүүх бүрэлдэхүүн үнэлээгүй болно.

 

Түүнчлэн шүүгдэгч М.Сүхбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдохгүй байх тул түүний шүүх хуралдаанд гаргасан “…хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү…” гэх хүсэлтийг хангах боломжгүй юм.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, өмгөөлөгч нар “…хохирогчийн хууль бус үйлдэл, зүй бус харьцаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн тул шүүгдэгч нарын хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэв.

 

Учир нь: хөндлөнгийн гэрч М.Батзаяагийн “...манай караокед 10 гаран эрэгтэй, эмэгтэй хүмүүс орж ирээд 2 номерын өрөөнд оруулсан багтахгүй байхаар нь 1 номерын өрөө рүү оруулсан юм. Удалгүй 1 эмэгтэй,  2 залуу ирэхээр нь суларсан 2 номерын өрөөрүү оруулсан. ...уг 2 номерын өрөөнөөс гарсан хүмүүсийн нэг залуу араас уг өрөөнд орж ирээд гар утсаар яриад зогсож байтал нөгөө 2 залуугийн нэг нь туранхай бор царайтай нь чиний байх өрөө энэ биш пизда минь гэтэл нөгөө залуу чи юу яриад байгаа юм бэ би андуураад ороод ирсэн байна гэтэл нөгөө залуу тэгвэл цаашаа гар гэсэн. Тэгээд хоорондоо маргалдаад зодолдох гээд байхаар нь би өрөөнөөс нь гаргаад 1 номерын өрөө рүү орж хамт явж байгаа хүмүүст нь хэлтэл найз нар нь 2 номерын өрөөрүү ортол нөгөө өрөө андуурсан залуу хөл муутай залууг арагш нь түлхэж унагаасан байсан. Тэгээд найз нар нь салгасан...” гэх мэдүүлэг /хх 39-40/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15-16/ нь хохирогчийн мэдүүлэгтэй тохирч байх бөгөөд хохирогчийн хууль бус үйлдэл байсан нь тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл хохирогчийн хууль бус буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдохгүй байгаагаас гадна хохирогчийн мэдүүлэг нь гэрч М.Батзаяагийн мэдүүлэг, камерийн бичлэгээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүгдэгч М.Дарханбаатар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, гэм хорыг арилгасан, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь хохирогч болон гэрчийн мэдүүлэгтэй тохирч байх тул түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Мөн шүүхээс шүүгдэгч М.Дарханбаатарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ бага, үйлдсэн гэмт хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн хувийн байдал зэргийг нь харгалзан шүүхээс оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт хавсаргаж ирүүлээгүй, хохирогч Б.Жаргалсайханд 500.000 төгрөгийн хохирол төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг ногоон өнгийн сидиг хавтаст хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чонос овогт Мягмарын Дарханбаатар нь бусадтай бүлэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлан, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, 

Ноёныхон овогт Мөнхбатын Сүхбатыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ноёныхон овогт Мөнхбатын Сүхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 03 /гурав/ жил, 01 /нэг/ сарын хорих ялаар,

Шүүгдэгч Чонос овогт Мягмарын Дарханбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 03 /гурав/ жил 05 /тав/ сарын хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар М.Дарханбаатарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмд, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.Сүхбатад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт хавсаргаж ирүүлээгүй, хохирогч Б.Жаргалсайханд 500.000 төгрөгийн хохирол төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг ногоон өнгийн сидиг хавтаст хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч М.Дарханбаатар, М.Сүхбат нарын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Дарханбаатар, М.Сүхбат нарыг цагдан хорьсныг хэвээр байлгасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧИД                                                                Ц.ДАЙРИЙЖАВ

 

 

                         Ц.МӨНХ-ЭРДЭНЭ