2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/241

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Г.Ганбагана,

хохирогч М.,

шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2507000000187 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, ******* дугаар сарын 23-ны өдөр ******* хотод төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ******* дүүргийн 22 дугаар хороо, тоотод оршин суудаг, урьд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 2022/ШЦТ/505 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, ******* овогт *******ийн ******* /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч О.******* нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 07-ны шөнө ны нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан “” хөгжмийн арга хэмжээний машины зогсоол дээр тавьсан байсан М.гийн эзэмшлийн улсын дугаартай “” загварын автомашины урд салхины шил, дээд лүүкийг хагалсан мөн баруун хаалгыг цохиж хууль бусаар устгаж гэмтээж 5 550 500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр найзтайгаа хөгжмийн наадам ороод бид 2 гаднаас бугуйвч худалдаж авч орох гэхэд болохгүй байсан. Миний машины аккумлятор суугаад хэдэн хүн гуйгаад холбож асаах гэсэн боловч асахгүй байсан. Манай найз виски авч ирсэн байсныг бид хоёр хувааж уугаад би согтсон. Би бугуйвч авсан хүнтэйгээ маргалдаад архи хэтрүүлж уугаад энэ үйлдлийг гаргасан. Хохирогчийн машиныг хэрхэн, яаж эвдэж гэмтээсэн талаар бүдэг санаж байгаа. Би гэмшиж байна, хохирлыг төлнө, ажил хийлгүүлсэн газар нь цалингаа өгөхгүй байгаа, өнөөдөр компаниас 2 000 000 төгрөг хийнэ гэсэн. Энэ 7 хоногтоо 4 000 000 төгрөгийг өгнө гэв.

 

Хохирогч М. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтэд дурдсан миний мэдүүлэг үнэн. Хохирлын хувьд “Дамно” ХХК-ийн шинжээчийн гаргасан дүгнэлтийн мөнгөн дүнг нэхэмжилнэ. Миний хувьд машин эвдэлснээс хойш нэлээн их хохиролд орсон. Хувиараа бизнес эрхэлдэг учраас машинаараа бараагаа зөөдөг байсан ажил минь бүрэн зогсож санхүүгийн хохиролд орсон. Гэхдээ энэ мөнгийг нэхэмжлэхгүй. О.*******ын ар гэрийн байдлыг харгалзаж үзсэн. Дүгнэлтээр гарсан мөнгийг төлчих гэхэд удаа дараа алга болж утсаа ч авахгүй байсан. Мөн “Дамно” ХХК-ийн шинжээч дүгнэлт хийлгэхэд 118 000 төгрөг, тээвэрлэлтэд 400 000 төгрөг, ченж угаалга хийлгэсэн 350 000 төгрөгийг тус тус нэхэмжилнэ гэв.

 

1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч О.******* нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж өөрийгөө хянах чадваргүй болсон байхдаа 2025 оны 07 дугаар сарын 07-ны шөнө ны нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан “” хөгжмийн арга хэмжээний авто зогсоол дээр байрлуулсан байсан М.гийн эзэмшлийн улсын дугаартай “” загварын автомашины урд салхины шил болон лүүкийг хагалж, баруун хаалганд гэмтэл учруулж нийт 5 550 500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

- Хохирогч М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би үеэл , түүний нөхөртэй хамт 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн үед Рlaytime наадам дээр очиж үзэж байгаад орой 21 цагийн үед буцаж машин дээрээ юм идэх санаатай , нартай очоод бургер идээд буцаж наадам руу орох гэхэд 20 орчим насны эрэгтэй хүн ирээд машин холбоод асаагаад өгөөч гэхээр нь би хариуд нь бид нар холбогч байхгүй гэхэд надад холбогч байгаа холбоод асаагаад өг гэхээр нь бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна, чи эрүүл бол өөрөө бариад очоод холбоод асаачих гээд машиныг нь холбоод асаах гэсэн боловч асахгүй байсан. Бид нар буцаж орох гэж байхад тухайн эрэгтэй хойноос дагаад орох үед бугуйвч нь уншихгүй гадаа үлдсэн. Бид 23 цагийн үед буцаж машин дээр очих үед миний машины урд салхины шил болон лүүк эвдэрсэн, баруун талын хойд хаалгыг өшиглөж гэмтээсэн байхаар нь гайхаад ойр орчмыг хартал машин холбоод өг гэж гуйсан эрэгтэйн машины хаалгыг нь татаад онгойлготол rap хуруу нь битүү шарх, шил болсон, тасарсан байдалтай хэвтэж байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би өөрийн машиныг янзлуулах гэхэд Монголд салхины шил, лүүк нь олдохгүй Хятад улсаас захиалах боломжтой гэсэн. Би гомдолтой байна, хуулийн дагуу шалгаж миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /х.х-ийн 15-16 хуудас/,

 

- Шүүгдэгч О.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2025 оны 07 дугаар сарын 06-ны орой найз ий хамтаар Рlaytime үзэхээр очоод гадаа нь билет зарж байсан хүнээс 100 000 төгрөгөөр билет худалдаж аваад орох гэсэн боловч миний худалдан авсан билет болохгүй оруулахгүй байхаар нь буцаад машиндаа очиж утсаа цэнэглэх гэхэд машины аккумлятор суусан байсан. Би ойр хавийн машинтай хүмүүсээс холбоод асаагаад өгчих гэж гуйхад нэг эмэгтэй тус болоод миний машиныг холбож өгсөн боловч болохгүй байсан. Тухайн хүмүүс дотогшоо орсон, би ганцаараа машиндаа эргэж суугаад хотоос худалдаж авсан нэг шил вискиний тал байхаар нь ганцаараа уугаад сууж байхад Гэзэг гэх найзтайгаа таараад хамтдаа нэг шил архи хувааж уугаад би тасраад цаашаа юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Нэг сэрэхэд цагдаа нар ирсэн, миний гаргасан үйлдлийг хэлж эрүүлжүүлнэ гээд авч явсан. Нэг цагдаа надад бичлэг үзүүлэхэд би машин дээр гарчихсан үсэрч байсан дүрс байсан. Би өөрийн гэм буруу гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч, харамсаж байгаа” гэх мэдүүлэг /х.х-ийн 46-47 хуудас/,

 

- “Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн НД-25-151 дугаартай шинжээчийн: “Урд салхины шил 1 500 000 төгрөг солих, дээд лүүк      3 500 000 төгрөг солих, баруун хойд хаалга 250 000 засах, нийт зардал 5 550 500 төгрөг” гэх дүгнэлт /х.х-ийн 21-25 хуудас/,

 

- Хохирогч М.гийн Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /х.х-ийн 1, 3-8, 9, 11-12, 36/

 

- Хохирогч М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан хохирлын баримтууд /х.х-ийн 30-33 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, суурь боловсролын гэрчилгээний тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/505 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 48, 50-55, 57-76 хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг дурдлаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч О.******* нь суурь боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгч нарын өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг ба гэмт этгээд нь бусдын эд хөрөнгөд халдаж санаатайгаар устгасан, гэмтээсэн үйлдлийг ойлгох бөгөөд дээрх хууль бус үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш буюу 300 000 төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учирсан байх субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.

Хууль зүйн хувьд шүүгдэгч О.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч М.гийн эд хөрөнгө буюу автомашинд хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгөд хохирол учруулсанд тооцно.

Шүүгдэгч О.******* нь архидан согтуурч, өөрийгөө хянах чадваргүй болсон үедээ “” хөгжмийн арга хэмжээний авто зогсоол дээр байрлуулсан байсан М.гийн эзэмшлийн улсын дугаартай “” загварын автомашины урд салхины шил болон лүүкийг хагалж, баруун хаалганд гэмтэл учруулж хохирогчийн эд хөрөнгөд хуульд заасан бага хэмжээнээс дээш буюу 5 550 500 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч О.******* нь архидан согтуурч, өөрийгөө хянах чадваргүй болсон байдал нь нөлөөлсөн байна.

 

Шүүгдэгч О.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлтэй холбогдуулан маргаагүй болохыг дурдлаа.

 

1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч М.гийн эзэмшлийн улсын дугаартай “” загварын автомашины урд салхины шил болон лүүкийг хагалж, баруун хаалганд гэмтэл учруулж 5 550 500 төгрөгийн хохирол, тус тээврийн хэрэгслийг тээвэрлэхэд гарсан зардал 400 000 төгрөг, шинжээчийн зардал 118 000 төгрөг, ченж угаалгын зардал 350 000 төгрөг, нийт 6 418 500 нэхэмжилсэн нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, гүйлгээний баримт зэргээр нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.*******аас 6 418 500 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэв.

 

ХОЁР. Шүүгдэгч О.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч Г.Ганбагана эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч О.******* нь *******тай, эрхэлсэн тодорхой ажилгүй, механик засварчин мэргэжилтэй, өмнө нь нэг удаагийн ял шийтгэлтэй, гэм буруу дээрээ маргадаггүй, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлдэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг,

шүүгдэгч О.******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Санал, хүсэлт байхгүй гэжээ.

 

Шүүгдэгч О.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

 

Шүүхээс шүүгдэгч О.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдал, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтоолоо.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ыг 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

           

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч О.*******аас 6 418 500 /зургаан сая дөрвөн зуун арван найман мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч М.д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БАТТУЛГА