| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2023/01401/И |
| Дугаар | 101/ШШ2023/02132 |
| Огноо | 2023-04-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2023/02132
2023 04 27 101/ШШ2023/02132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Я даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Ө.М,
нэхэмжлэгч- М.Э нарын нэхэмжлэлтэй,
хариуцагч- Г.Б-д холбогдох,
гэрээнээс татгалзаж, 7,996,168 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ө.М,
Нэхэмжлэгч М.Э,
Хариуцагч Г.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ө.М, М.Э нар Г.Бд холбогдуулан 7,996,168 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчаас 2023 оны 02-р сарын 2-ны өдөр Toyota Probox маркийн автомашиныг 6,700,000 төгрөгөөр худалдан авсан. Төлбөрийн 55 хувийг бэлнээр төлж, үлдэх 45 хувийг АКББСБ ХХК-иас сарын 3,3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээл авч Г.Бд төлсөн. Г.Б машинаа худалдахдаа машинд 3 зөрчил байгаа учраас хямд худалдаж байгаа, 200,000-300,000 төгрөгөөр засуулаад зүгээр гэж хэлсэн үгэнд нь итгэж машиныг авсан. Худалдах, худалдан авах гэрээ хийж машиныг авсны маргааш оношлогоонд оруулаад хууран мэхлэгдэж эвдэрхий машин авснаа мэдсэн.Баянзүрх дүүргийн 3-р хороонд байрлах Нишинида автозасварын газарт компьтер оношлогоо хийлгэхэд уг машинд 11 алдаа илэрсэн, тээврийн хэрэгслийн 4 катушиг таарахгүй жижиг байсан тул 200,000 төгрөгөөр шинээр солиулж тавиулсан. 12,000 төгрөгөөр 2 их гэрэл, 1500 төгрөгөөр дохионы гэрэл, 17,000 төгрөгөөр гидрийн шингэн авч хийлгэсэн боловч машин дахин доголдож асахгүй байсан тул Г.Бтай утсаар холбогдож засварын төлбөр гаргуулахыг хүсэхэд зөвшөөрөөгүй бөгөөд катушиг засуулахад 20,000 төгрөг байдаг гээд дансанд 20,000 төгрөг хийсэн. 2023-02-9-нд дахин нягтлан сайн оношлуулья гэж яриад Баянзүрх дүүрэг сансарын Х-н зүүн урд байрлах Ю-4 авто оношилгоо хийлгэхэд мөн адил 11 алдаа илэрсэн.
Ингээд бүрэн бус тээврийн хэрэгсэл худалдан авч хууран мэхлэгдснээ мэдээд буцаая гэхэд хариуцагч татгалзсан. Иймд машинаа буцааж машины үнэ 6,700,000 төгрөг, даатгалын төлбөр 189,600 төгрөг, оношлогооны зардал 80,000 төгрөг, сэлбэг үнэ 255,500 төгрөг, үнэлгээ хийлгэсэн 98,000 төгрөг, ББСБ-с авсан зээлийн хүү 673,068 төгрөг зэргийг шаардаж байна гэж тодорхойлсон.
3. Хариуцагч хариу тайлбартаа би 2007 оноос Да хүрээ зах дээр машин зарж байгаа, эдгээр хүмүүс машинаа үзэж харж авсан, нэр шилжүүлэхээр тээврийн газар очиходоо эдгээр хүмүүсийг анх удаа машин авч байгаа гэдгийг хэлсэн. Машин худалдахдаа доголдолтой, хуучин машин гэдгийг хэлсэн, би өөрөө машинаа хүргэж өгөхдөө 200,000-300,000 төгрөгийн зардал гаргаад засаад авбал өөрт тань хэрэгтэй гэдгийг хэлсэн, баярлалаа, баяртай гээд салсан. Гэтэл маргааш нь охин нь гэх хүн залгаад ойрын гэрэл чинь шатсан байна гэж хэлсэн, хэд хоногийн дараа нэг залуу залгаж доромжилсон тул утсаа салгасан. Насанд хүрсэн хүмүүс өөрсдөө машинаа үзэж хараад машин худалдан авсан. Би ББСБ-с зээл аваагүй учраас надад зээлийн төлбөр оношлогооны зардал хамааралгүй, эдгээр хүмүүс оношлогоо хийлгээд үзүүлээд яваад байгаа нь машиныг унаад ашиглаад яваад байна, хуучин машин, доголдолтой учраас үнэ бууруулж худалдахад өөрсдөө үзэж харж шалгаад авсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Нотлох баримтын тухайд
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, Ө.Мын иргэний үнэмлэх лавлагаа /хх-5/, 2023 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх-7-8/, АКББСБ ХХК, Ө.М, М.Э нарын байгуулсан 2023 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн 19086 дугаартай зээлийн гэрээ /хх-9-10/, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх-11/, Ө.Мын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ /хх-12/, Ө.Мын жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ /хх-13/, 2023-02-9-ний огноотой UB4 delguur 55,000 төгрөгийн баримт /хх-15/, Ю оношлогооны хуудас /хх-16/, Б ХХК-ний 2023-02-9-ний өдрийн С ХХК-нд хаягласан албан бичиг /хх-17/, С ХХК-ний 98,000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт /хх-19/, С автомашин техникийн 2023-02-9-ний өдрийн үнэлгээний тайлан, фото зураг /хх-20-21/ зэрэг баримтуудыг, хариуцагчаас хариу тайлбар /хх-36/, хариуцагчийн дансны хуулга /хх-39-40/ баримтуудыг тус тус нотлох баримтаар гаргасан.
Хэргийн 6, 14, 18, 41-45-р талд авагдсан бичмэл баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2. Нэхэмжлэгч Ө.М, М.Э нар хариуцагчаар Г.Бг тодорхойлон татаж, түүнд холбогдуулан 2023 оны 02-р сарын 2-ны өдөр худалдан авсан Toyota Probox маркийн автомашиныг буцааж, 7,996,168 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ Г.Бгаас худалдан авсан машин доголдтой, бүрэн бус тээврийн хэрэгсэл худалдаагүй түүнд хууран мэхлэгдсэн гээд машины үнэнд төлсөн 6,700,000 төгрөгийг, даатгалын төлбөрт төлсөн 189,600 төгрөгийг, оношлогооны зардалд төлсөн 80,000 төгрөгийг, сэлбэгийн үнэнд 255,500 төгрөгийг, үнэлгээ хийлгэсэн зардал 98,000 төгрөг, ББСБ-с авсан зээлийн хүүгийн төлбөр 673,068 төгрөг, нийт 7,996,168 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.
3. Хариуцагчаас эдгээр хүмүүс машинаа үзэж харж авсан, нэр шилжүүлэхээр тээврийн газар очиходоо эдгээр хүмүүсийг анх удаа машин авч байгаа гэдгийг хэлсэн. Машин худалдахдаа хуучин машин, засварлах эд анги байгаа учраас үнэ бууруулж зарж байгаа гэдгийг хэлсэн, насанд хүрсэн хүмүүст машинаа худалдсан, би өөрөө машинаа хүргэж өгөхдөө 200,000-300,000 төгрөгийн зардал гаргаад засварлах эд ангиудыг засаад авбал хэрэгтэй гэдгийг хэлсэн, гэтэл маргааш нь ойрын гэрэл чинь шатсан байна гэж охин нь хэлэхэд утсаа салгасан, хэд хоногийн дараа нэг залуу залгаж доромжилсон тул утсаа салгасан. Би ББСБ-с зээл аваагүй учраас надад зээлийн төлбөр оношлогооны зардал хамааралгүй, эдгээр хүмүүс үнэлгээ, оношлогоо хийлгээд үзүүлээд яваад байгаа нь машиныг унаж ашиглаад яваад байна, хуучин машин учраас үнэ бууруулж худалдахад өөрсдөө үзэж харж шалгаад авсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Г.Б, Ө.М нарын хооронд 2023 оны 02 дугаар сарын 2-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Г.Б нь **** УБД улсын дугаартай, арлын ********** дугаартай, Тоуота Probox маркийн, 2012 онд үйлдвэрлэгдсэн, хөх өнгийн суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг худалдан авагч Ө.Мд 8,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч тээврийн хэрэгслийн хүлээн авч үнийг төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн болох нь хэрэгт авагдсан уг гэрээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна /хх-7-8/.
Дээрх гэрээний агуулга, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь нэг талаас тээврийн хэрэгслийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг, нөгөө талаас худалдан авагч тээврийн хэрэгслийн үнэ төлөх үүргийг харилцан илэрхийлсэн байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
Аливаа хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байх тул талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна.
5. Гэрээний талууд худалдах, худалдан авах гэрээнд гэрээний зүйлийн үнийг 8,000,000 төгрөг бичсэн байх боловч бодит байдалд хариуцагч нь 6,700,000 төгрөгөөр худалдсан, нэхэмжлэгчээс 6,700,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь, нэхэмжлэгч автомашиныг унаж үзээд хүлээн авахад хариуцагч хуучин машин, засварлах эд анги байгаа болохыг, өөрөө засварлуулах боломжтой болохыг нэхэмжлэгчид хэлсэн болохыг талууд тайлбарлаж маргаагүй.
6. Харин нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээ байгуулж, машинаа хүлээн авсны маргааш буу 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр оношлогоонд оруулсанаар худалдан авсан автомашин 11 доголдолтой болохыг мэдсэн гэж тайлбарлан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, учирсан хохирлоо гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
Хариуцагчийн зүгээс хуучин машин, засварлах эд анги байгаа гэдгийг тайлбарлан хямдруулан зарж байгааг, 200,000-300,000 төгрөгийн зардал гаргаад засуулах талаар нэхэмжлэгчид мэдээлэл өгсөн болохыг зохигч тайлбарлаж, нэхэмжлэгч тал маргаагүй.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэжээ.
Талуудын 2023 оны 02 дугаар сарын 2-ны өдөр байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний гол нөхцөлд тээврийн хэрэгслийг худалдагч тал худалдан авагч талд 8,000,000 төгрөг худалдахаар тохиролцов, төлбөрийг бүрэн төлж дууссан тохиолдолд гэрээг тээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгүүлнэ, тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгөх хугацааг 2023-02-02 гэж тохирсон байх тул автомашины чанарын талаар талууд гэрээндээ тусгайлан тохиролцоогүй байх тул уг тээврийн хэрэгслийн зориулалтаар ашиглах боломжтой байна.
Хариуцагч буу худалдагч Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй гэж хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ө.М нь 2012 онд үйлдвэрлэгдсэн хуучин тээврийн хэрэгсэл худалдаж авсан уг тээврийн хэрэгслийн тодорхой эд ангиудын элэгдлээс шалтгаалж тээврийн хэрэгслийг ашиглах боломжгүй буу доголдолтой тээврийн хэрэгсэл шилжүүлж өгсөн гэж үзэх боломжгүй бөгөөд тээврийн хэрэгсэл худалдан авч буй этгээд тээврийн хэрэгслийг техникийн зориулалтын дагуу ашиглах боломжтой эсэхийг шалгуулах эрхтэй.
Түүнчлэн нэхэмжлэгч Ө.М нь худалдан авсан автомашинаа 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр АКББСБ ХХК-тай байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний үүрэгт барьцаалснаар түүний худалдан авсан Toyota probox маркийн **** УБД улсын дугаартай автомашины өмчлөгч нь АКББСБ ХХК-ний нэр дээр бүртгэгдсэн болохыг нэхэмжлэгч тайлбарлаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэжээ.
Иймд нэхэмжлэгч Ө.Мын тайлбараар түүний эзэмшил, ашиглалтад байгаа Toyota probox маркийн **** УБД улсын дугаартай автомашины өмчлөгч нь АКББСБ ХХК болох нь, хэрэгт авагдсан 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан хууль буу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэг нь нэгэн зэрэг гүйцэтгэх ёстой үүрэг бөгөөд бусдын эрхээр хязгаарлагдсан бол буцаах боломжгүй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн буцаахыг хүссэн хөдлөх хөрөнгө болох тээврийн хэрэгслийн өмчлөгч нь нэхэмжлэгч Ө.Маас өөр этгээд болох нь түүний тайлбар, хэрэгт авагдсан фидуцийн гэрээгээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тэргүүн ээлжинд нотлох үүрэгтэй.
Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... тул нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, уг шаардахаа өөрөө тодорхойлдог.
Зохигчийн маргааны зүйл болох тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнд нэхэмжлэгч Ө.М, хариуцагч Г.Б нар оролцсон байх тул нэхэмжлэгч М.Эын эрх ашгийг хариуцагч хэрхэн яаж зөрчсөн болох нь хариуцагч түүний өмнө гэрээгээр эсхүл хуульд зааснаар үүрэг хүлээсэн гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зохицуулсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,889 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагч Г.Бгаас 7,996,168 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ө.М, М.Энхжин нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,889 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зохигчид давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ