| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2023/00464/И |
| Дугаар | 101/ШШ2023/01401 |
| Огноо | 2023-03-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2023/01401
| 2023 о 03 с 20ө | Дугаар 101/ШШ2023/01401 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 01-р хороо, Сүхбаатарын талбай 5, Голомт банкны төв байранд байрлах, Голомт банк ХХК /рд:2075377/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .......................д холбогдох,
761,234 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхишиг, хариуцагч Г, нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Г 2018 оны 10 сарын 04-ний өдөр Голомт банктай ЗГ/1283339722 дугаар кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулан 500,000 төгрөгийн картыг сарын бэлэн бус зээлийн хэрэглээнд 2 хувь, бэлэн зээлийн хэрэглээнд 3,5 хувь, зээлийн эрх нэмэгдүүлсний 2 хувь, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсний 1 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай картын зээлийн авсан болно.Зээлдэгч Г нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа мөн зээл төлөх хугацаа дуусгавар болсон бөгөөд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ЗГ/128339722 дугаар зээлийн гэрээний үүрэгт төгрөгөөр:
| Үндсэн зээлийн төлбөр | 521,411.94 төгрөг |
| Хүүгийн төлбөр |
|
| Бэлэн гүйлгээний хүү Бэлэн бус гүйлгээний хүү | 179,199.53 төгрөг |
| Нэмэгдүүлсэн хүү | 60,622.49 төгрөг |
| Нийт дүн | 761,233.96 төгрөг |
Бүгд 761,233.96 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 10 сарын 04-ны өдөр иргэн Гтэй 500,000 төгрөгийн кредит картын гэрээ байгуулсан. Тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул Голомт банк 12 сарын 31-ний өдрийн байдлаар иргэн Ггээс үндсэн зээлийн төлбөрт 521,411.94 төгрөг, хүүгийн төлбөрт 179,199.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 60,622.49 төгрөг, нийт 761,234 төгрөгийг нэхэмжилж байна. Голомт банк нь тус нэхэмжлэлтэй холбогдуулан зээлийн гэрээ болон бусад албан тушаалтнуудын материалуудыг хавсарган өгсөн болно. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Харилцагч банктай гэрээ байгуулсан, гэрээний дагуу банк үйлчилгээ үзүүлсэн, тухайн үйлчилгээтэй холбоотой бүх хүүгийн төлбөрийг банк авах ёстой. Гэрээнд сар болгоны 15-ны дотор 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө төлөх ёстой гэж байгаа. Хариуцагч 20 хувьтай гэж хэлж байна, ууг нь хариуцагч сар болгон 100,000 төгрөгийг төлж 5 сарын дараа 500,000 төгрөгийг төлөх боломжтой байсан, гэтэл үүнийг ойлгохгүй байна, надаас ийм зүйл нэхлээ гэж хэлдэг, манай талаас үүнийг нь мөн ойлгодоггүй. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ нэгэнт авсан бол мөнгөө төлөх ёстой, тухайн төлөгдсөн мөнгөнд банк тодорхой гэрээнд заасан хүү болон нэмэгдүүлсэн хүүг бодно. Иймд гэрээний үүргээ хурдан төлж дуусгах үүрэгтэй. Дандаа утсаар өөдөөс шалтаг хэлж байдаг. Банк нэгэнт үйлчилгээ үзүүлсэн тул гэрээгээр тохирсон хүү шимтгэлийг авах ёстой гэж үзэж байна... гэв.
Хариуцагч Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Эвлэрүүлэн зуучлалд хандаад эвлэрсэн ба үүнээс хойш 200,000 төгрөг төлсөн байхад дахин 761,234 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 706,000 төгрөг нэхсэнээс хойш 2 хувийн хүүгээр бодож байна уу, 3,5 хувийн хүүгээр бодож байна уу, хүүгийн учрыг олохгүй байна. Би энэ хүүг төлчихсөн байхад дахин гарч ирсэн байна. 500,000 төгрөгийн карт авсан нь үнэн, Золзаяа гэх зээлийн эдийн засагч ажил дээр авчирсан, тухайн үед сайн танилцаагүй, гэрээ байгуулснаа бараг санахгүй байна, хэдэн хувийн хүүтэй байсныг санахгүй байна. Тухайн үед хэлэхдээ энэ картад байгаа 500,000 төгрөгийг дуусгах юм бол сарын төлөх өдөр 50,000 төгрөг хийж болно, түүнээс хойш 2-3 сар хэрэглэж болж байхад тухайн 50,000 төгрөг нь 100,000 төгрөг болсон тул төлбөр огт хийгээгүй 2019 оноос орхисон. Би мөнгийг нь төлнө, харин мөнгө нь хасагдахгүй нэмэгдэж байна. 706,000 төгрөгт эвлэрсэн гэж бодож 2 сар төлж байхад 3 дах сараас нь 761,000 төгрөг болсон, шүүхийн захирамж нь 2022 оны 03 сарын 04-ний өдөр эвлэрсэн, түүнээс хойш 7 хоногийн хугацаанд шүүгчийн захирамж гарсан байсан. Гэтэл надаар 2 сар төлөлт хийлгэсний дараа эвлэрлийг батлаагүй гэдгийг хэлсэн. Би эвлэрсэн гэж бодож 100,000 төгрөгөөр 2 сар төлөлт хийсэн байхад Эрдэнэжаргал гэх Голомт банкны төлөөлөгч нь 3 дах сараас нь шүүх эвлэрлийг хүлээн аваагүй байна, дахин ирэх шаардлагатай байна гэхэд би ажлаас дахин очих боломжгүй байна, яагаад 756,000 төгрөг болсон юм бэ гэхэд одоо яах вэ дээ, чиний хохь нь болсон гэж хэлсэн. Тэгээд төлөөд байхад мөнгө нь нэмэгдээд байсан тул би итгэхгүй байсан. 706,000 төгрөг буюу эвлэрүүлэн зуучлалд өгсөн дүнгээс 200,000 төгрөг хасуулж төлнө, бэлнээр 100,500 төгрөг авсан, үлдсэнийг нь бэлэн бусаар авсан, маргаангүй ... гэв.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт байхгүй.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч Голомт банк ХХК хариуцагч Гд холбогдуулан кредит картын үндсэн зээлд 521,411.94 төгрөг, хүүд 179,199.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 60,622.49 төгрөг, нийт 761,234 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч тал 2022 онд эвлэрүүлэн зуучлалд 706,078.51 төгрөг төлөхөөр эвлэрсэн, уг дүнгээс төлсөн 200,000 төгрөгийг хасна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 506,078.51 төгрөгийг төлнө гэж маргаж байна.
Голомт банк 2018 оны 10 сарын 04-ний өдөр Гд 500,000 төгрөгийн эрхтэй кредит картыг 24 сарын хугацаатай, бэлэн мөнгө авсны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувиар тус тус тохиролцож зээлүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй. /хх-5/
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Зээлдэгч Г зээлдүүлэгч Голомт банкны АТМ-ээс болон карт уншигчийг ашиглан картаараа дамжуулан 2018.09.28-ны өдрөөс 2020.08.21 хооронд бэлнээр 100,500 төгрөг, бэлэн бусаар 3,872,692 төгрөгийг тус тус авсан болох нь зээлийн картын тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна. /хх-8-9/
Г кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр хүлээсэн үүрэг болох авсан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 706.078.51 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүйгээс Голомт банк ХХК 2022 онд тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандаж, 2022 оны 3 сарын 4-нд талууд эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь эвлэрлийн гэрээ, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-29, 31/
Нэхэмжлэгч тал эвлэрлийн гэрээтэй холбоотой баримтуудыг өгнө гэсэн боловч өнөөдөр эвлэрлийн гэрээг баталгаажуулахаас татгалзсан шүүгчийн захирамжийг өгөөгүй, өргөдөл, эвлэрлийн гэрээ, эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тэмдэглэл зэргийг өгсөн ба хариуцагчид уг захирамж байгаа хэдий ч хэрэгт өгөөгүй, хуулбар хувиас өөрөө шүүх хуралдаанд уншиж, тайлбарлаж байна.
Эвлэрүүлэн зуучлалд эвлэрсэн талуудын эвлэрлийн гэрээг хүү, хугацаа хэтрүүлсний хүү, эрх хэтрүүлсний хүүгийн хувь өөр өөр байхад ялгаж нэхэмжлээгүй гэх үндэслэлээр шүүгчийн захирамжаар батлаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
Г 2022.03.24-ний өдрийн эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурснаас хойш 2022.04.12-нд 100,000 төгрөг, 2022.05.16-нд 100,000 төгрөг, нийт 200,000 төгрөг төлсөн болох нь зохигчийн тайлбар, кредит картын тооцооллын хүснэгт, кредит картын хуулга зэргээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй. /хх-8-9, 19-20/
Хариуцагч тал эвлэрснээс хойш 200,000 төгрөг төлснийг хасна гэж маргаж байна.
Нэхэмжлэгч тал 2022 онд эвлэрүүлэн зуучлалд хандаж кредит картын зээлийн гэрээний үүргийг шаардсан, талууд 2022.03.24-нд 706,078.51 төгрөг төлөхөөр эвлэрсэн, уг эвлэрлийн гэрээг шүүгч батлаагүй нь хариуцагчаас шалтгаалсан гэж үзэхээргүй байна.
Иймд кредит картын зээлийн гэрээний үүргийг төлөхөөр талууд эвлэрснээс хойших хугацаанд хариуцагч 200,000 төгрөг төлсөн байхад нэхэмжлэгч хүү, нэмэгдүүлэн хүү тооцож нэхэмжлэх үндэслэл үүсээгүй, нэхэмжлэгч эвлэрүүлэн зуучлалд үндсэн зээлд 513,591.75 төгрөг нэхэмжилж байсан атлаа ямар үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээлд 521,411.94 төгрөг нэхэмжилснээ нотолж, тайлбарлаж чадахгүй байна.
Иймд хариуцагч Ггээс кредит картын зээлийн гэрээний үүрэгт 2022 оны 3 сарын 24-ний байдлаар талуудын төлөхөөр тохиролцсон 706,078.51 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 200,000 төгрөгийг хасаж, үлдэх 506,078.51 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 255,155.49 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт нийцнэ гэж үзэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,819.62 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 506,078.51 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 15,832 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ггээс 506,078.51 /таван зуун зургаан мянга далан найман төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 255,155.49 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,819.62 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15,832 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ