| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2022/07979/И |
| Дугаар | 101/ШШ2023/02197 |
| Огноо | 2023-05-02 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2023/02197
2023 05 02 101/ШШ2023/02197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Я даргалж, тус шүүхийн шүүх хуралдаан танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Н.А-н нэхэмжлэлтэй,
хариуцагч- А.Д-д холбогдох,
59,700,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л, түүний өмгөөлөгч Ж.Ч /ӨҮ-****/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А.
Хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.А нь Э.Дд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, хариуцагчийн хийж гүйцэтгээгүй ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн төлбөрт 25,000,000 төгрөг, гэрээнд заасан хугацаанд ажлаа хийж гүйцэтгээгүйн улмаас тооцсон алданги 28,400,000 төгрөг, учирсан хохирол болох түрээсийн төлбөр 6,300,000 төгрөг, нийт 59,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, **************** байрлах талбайд *********** төслийн ажлын зураг, төсөв, ажлын графикийн дагуу ажлыг чанарын өндөр түвшинд хийхээр тохирч, гэрээний үнийг 60,905,999 төгрөгөөр тохирсон. Гэрээт ажлын хугацааг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэхээр тохирч, хариуцагчид 56,800,000 төгрөгийг шижлүүлсэн.
Гэтэл гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг зургийн дагуу болон стандартын дагуу хийж гүйцэтгэх, захиалагч талын хүсэл сонирхолд нийцүүлэн захиалагчийн хяналт дор интерьер зураг, ажлын зургийн дагуу, барилгын норм дүрэм, стандартын дагуу чанартай, гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, захиалагчийн хүсэл сонирхолд нийцээгүй, хангалтгүй ажил гүйцэтгэсэн.
Хариуцагчийн хийж гүйцэтгээгүй, хангалтгүй хийсэн ажлыг 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн гэрээгээр бусдаар гүйцэтгүүлж, 25,000,000 төгрөгийг төлсөн.
Хариуцагч нь гэрээний хугацаанд ажлаа гүйцэтгээгүй тул 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл 408 хоногоор алданги тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагчид төлсөн төлбөр 56,800,000 төгрөгийн 50 хувиар тооцож 28,400,000 төгрөгийг алдангийн төлбөрт шаардаж байна.
Нэхэмжлэгч нь С ХХК-тай 2021 оны 8-р сарын 25-ны өдөр ажлын байр түрээслэх гэрээ байгуулсан бөгөөд хариуцагчаар ажил гүйцэтгүүлэхээр тохирсон өрөөнүүдийг нэг сарын 3,150,000 төгрөгөөр түрээслэж байсан, хариуцагч гэрээнд заасан үүргээ хугацаандаа хийж гүйцэтгээгүйн улмаас үйл ажиллаа явуулж чадаагүй 2 сарын түрээсийн төлбөр болох 6,300,000 төгрөгийг төлж хохирсон тул уг хохиролыг мөн нэхэмжилж байна гэж тодорхойлсон.
3. Хариуцагч Э.Д шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Аь нь 2021 оны 9 дүгээр сарын 29-нд тухайн ажлын төсөвт тулгуурлан гэрээлсний дагуу ажил эхэлсэн. Уг ажлыг чанаргүй, хангалтгүй хийж алдагдалд оруулсан гэдгийг манай талаас хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай зүгээс ажлыг 95 хувьд хүргэж гэрээ цуцалсанд тооцно. Тодорхой шалтгааны улмаас дээрх дүгнэлтийг гаргасан болно.
Үүнд: захиалагч талтай ярилцсаны дагуу өндөр түвшиний засал бус ерөнхий засвар зураг авахуулахад цэвэрхэн байх, хамгийн хямд аргаар засварын ажил болон тавилга, хаалга, шилний ажлыг хийж өгөх хүсэлтийн дагуу ажил хэлсэн боловч бид өмнөх төслүүдэд хэрэглэдэг чанартай материалаар ажлыг хийж гүйцэтгэсэн үндсэн засал, чимэглэл, зураг, шил металь хийж, тавилгыг чанартай сайн хийсэн ягаан өрөөний шүүгээ, гэрэлтэй толтой ширээ төсөвт нь багтааж хямд хийсэн хэдий ч цэвэрхэн гүйцэтгэлтэй, бусад тавилга хямд материалаар дурын мужаан хийх боломжгүй тул төсвөөс илүү зардал зарцуулсан.
Захиалагч тал хятадаас зарим материал захиалсан нь хугацаандаа ирээгүй, ирсэн материал нь төлөвлөсний дагуу хүрэлцээгүй эсвэл шаардлага хангаагүй тул тухайн өрөө, хананд засал хийх мөн зураг зурж чимэглэх зэрэг нэмэлт ажлууд хийгдсэн.
Тухайн үед бараа материалын үнэ өссөн байсан, ерөнхий заслын материалуудаа манай зүгээс өссөн үнээр авч хэрэглэж байсан боловч тольны зардал төсвөөс 4 сая гаран төгрөгөөр илүү гарч байсан тул тухайн үед захиалагч талд мэдэгдэж зөвхөн толин дээр нэмэлт зардал гаргаж өгөхийг хүссэн манайхаас материал бүр дээр илүү үнээр авч байсан тул дахин илүү төлбөр гаргах боломжгүй байсан. Захиалагч тал мөнгөггүй байсан тул манайхыг өөрсдөөсөө гаргахыг хүсэж гэрээ хаасны дараа нэмэлт зардал шийдэхээр тохиролцож манайх толиний төлбрөийг нэмэлтээр дахин өөрсдөө шийдэх болсноор тодорхой хэмжээний хугацаа шаардлагатай болсон 4-5 хоног хүлээснээр манайд өмнө хийсэн ажлын төлбөр орж ирсэн тул толио авч ажлаа үргэлжлүүлсэн. Төлбөр дутуугаас болж талбайд буусан шил буцаад шилний үйлдвэрлүү ачигдсан энэ их зөөвөрт заримт толь буландаа бага зэргийн гэмтэл авсан.
Хоёр, гурван удаа ажил хүлээлцэх хугацаа хойшилсоны дараа ажил дуусах дөхөж хамгийн сүүлд ярилцаж тохирсон ажил хүлээлцэх хугацаанаас нэг хоногийн өмнө захиалагч талаас шөнийн цагаар ажилласангүй гэсэн шалтгаанаар гэрээ цуцлах шийдвэр гаргасан. Тухайн үед шаардлагатай жижиг хэсгүүдэд нөхөөс эсвэл эмульс хийгдэж хаталтыг хүлээж дараа өдөр хийх багахан будаг, эмульсний ажил мөн нэг хаалгаа сольж ханын шилний силикон засах ажил дутуу байсан.
Манай компаний зүгээс тухайн ажлыг маш их ажилбартай, хуваалттай, олон чимэглэл, деталттай нь маш бага зардлаар дутуу зүйлгүй хийж гүйцэтгэсэн. Хугацааны алдагдалын хувьд захиалагчийн анхны шаардлага эцсийн шаардлага харьцангуй зөрүүтэй байснаас мөн хуучин шил ашиглах, таазны өнгийг хүсэлтийн дагуу бүтэн өөрчлөх, хятадаас захиалсан материал нь ирээгүйгээс нэмэлтээр хийсэн ханын чимэглэл, зураг зурах, материалын хомсдолоос буйдан удсан, зарим материалын зардлыг өөрсдийн хөрөнгөөр шийдэх зэрэг асуудлуудаас ажил гүйцэтгэх хугацаа хойшилсон. Манайхааас хойш ажил гүйцэтгэсэн гэх бригад 25 сая төгрөгөөр үлдсэн ажлыг гүйцэтгэсэн гэхээр манай баг хамт олон ямар бага зардлаар ямар их ажил хийсэн нь тодорхой харагдаж байгаа болов уу? Манай гүйцэтгэсэн ажил одоо хүртэл ашиглагдаж байгаа. Мөн захиалагчийн анхны шаардлага эцсийн шаардлагын талаар нэмэлт зүйл хэлэхэд миний гаргаж өгч байсан хоёр тусдаа үнийн санал байгаа хоорондоо 30 гаран сая төгрөгийн зөрүүтэй байгаа. Нэлээн ярилцаж заслын ажлын шаардлагыг ерөнхийдөө цэвэрхэн байхад болно гэсэн хэдий ч манай зүгээс нягт хийхийг зорьсон хямд гээд чанарын доголдолтой зүйл хийгээгүй болно. Бүх ажилбар, зураг авах өрөө, планууд мөн чимэглэлүүд тус бүр мэргэжлийн хүмүүс гүйцэтгэсэн болно.
Онгоцны өрөөнд хоёр сандалын төлбөрт 600,000 төгрөг буцаалт хийсэн. Ажил дууссаны дараа үлдэгдэл төлбөр хийгдэж зарим ажлуудын үлдэгдэл цалин олгогдох байсныг дахин нэмэлт зардал гаргаж өөр ажлуудын ашгаас бага багаар нөхөж өгсөн болно. Тухайн үед ашиглагдаж байсан багаж, шат зэрэг зүйлсийг захиалагч тал асуудал шийдэгдэх хүртэл барьцаанд авч үлдсэн гэжээ /хх-41-42/.
4. Нотлох баримтын тухайд
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн итгэмжлэл /хх-5/, 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Н.А, Э.Д нарын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ /хх-6-11/, бэлэн мөнгө хүлээлцэх 2021-12-15-ны өдрийн акт /хх-12/, 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн Н.А, З.Д нарын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ /хх-13-16/, С ХХК-тай байгуулсан 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн ажлын байр түрээслэх гэрээ /хх-17-19/, Н.Аын Хаан банкны 5111318568 дугаартай дансны хуулга /хх-20/, Н.Аын Худалдаа хөгжлийн банкны ****** дугаартай дансны хуулга /хх-21/, ******* дугаартай дансны хуулга /хх-24-25/, Н.Аын Хаан банкны 5300610226 дугаартай дансны хуулга /хх-22/, Н.Аын Голомт банкны ********** дугаартай дансны хуулга /хх-23/, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн нээхмжлэгч Н.А Э.Дийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлээсээ татгалзсан захирамж /хх-26-27/, нэхэмжлэгчийн төлөөлөгч томилсон 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн итгэмжлэл /хх-85/, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан өмгөөлөгч Ж.Чг оролцуулах хүсэлт /хх-99/ зэргийг нотлох баримтаар гаргасан.
Хариуцагчаас хариу тайлбар /хх-41-42/, төлөөлөгч томилсон 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэл /хх-98/ зэргийг гаргасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нотлох баримтаар гаргасан саарал өнгийн флашинд 2023 оны 4-р сарын 14-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх-122-126/ баримтуудыг шүүх бүрдүүлсэн.
Хавтаст хэргийн 43-52, 54-78, 101-117-р талд авагдсан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байдлаар авагдсан байх тул хэргийг шийдвэрлэхэд нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2. Нэхэмжлэгч Н.А нь Э.Дд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, хариуцагчийн хийж гүйцэтгээгүй ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн ажлын төлбөрт 25,000,000 төгрөгийг, гэрээнд заасан хугацаанд ажлаа гүйцэтгээгүй тул алданги 28,400,000 төгрөг, түрээсийн төлбөр 6,300,000 төгрөг, нийт 59,700,000 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
Нэхэмжлэгч тал шаардах эрхийн үндэслэлээ 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээгээр Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, **************** байрлах талбайд *********** төслийн ажлын зураг, төсөв, ажлын графикийн дагуу ажлыг чанарын өндөр түвшинд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр тохирсон.
Ажлын нийт хөлсийг 60,905,999 төгрөгөөр тохирч, хариуцагчид 56,800,000 төгрөгийг шижлүүлсэн боловч гэрээнд заасан ажлыг зургийн дагуу, стандартын дагуу хийж гүйцэтгээгүй, захиалагчийн хүсэл сонирхолд нийцээгүй, хугацаандаа хийж гүйцэтгээгүй тул гэрээг цуцалж, хариуцагчийн хийж гүйцэтгээгүй, хангалтгүй хийсэн ажлыг 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр өөр ажил гүйцэтгэгчээр хийж гүйцэтгүүлэн 25,000,000 төгрөгийн нэмэлт зардал гарсан.
Ажил гүйцэтгэх гэрээний хугацаанд ажлаа гүйцэтгээгүй тул 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл 408 хоногоор алданги тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийг 50 хувиар тооцсон.
Нэхэмжлэгч нь С ХХК-тай 2021 оны 8-р сарын 25-ны өдөр ажлын байр түрээслэх гэрээ байгуулж, өрөөнүүдийн нэг сарын төлбөр 3,150,000 төгрөгөөр түрээслэж байсан тул хариуцагч ажлаа хугацаандаа хийж гүйцэтгээгүй улмаас үйл ажиллаа явуулж чадахгүй 2 сарын түрээсийн төлбөр төлж хохирсон гэж тайлбарласан.
3. Хариуцагчаас Аьтай 2021 оны 9 дүгээр сарын 29-нд тухайн ажлын төсөвт тулгуурлан гэрээлсний дагуу ажил эхэлсэн. Уг ажлыг чанаргүй, хангалтгүй хийж алдагдалд оруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Манай зүгээс ажлыг 95 хувьд хүргэж байхад гэрээ цуцалсан гэж мэдэгдсэн. Захиалагч талтай ярилцсаны дагуу өндөр түвшиний засал бус ерөнхий засвар зураг авахуулахад цэвэрхэн байх, хамгийн хямд аргаар засварын ажил болон тавилга, хаалга, шилний ажлыг хийж өгөх хүсэлтийн дагуу ажил хэлсэн. Өмнөх төслүүдэд хэрэглэдэг байсан чанартай материалаар ажлыг хийж гүйцэтгэсэн үндсэн засал, чимэглэл, зураг, шил металь хийж, тавилгыг чанартай сайн хийсэн ягаан өрөөний шүүгээ, гэрэлтэй толтой ширээ төсөвт нь багтааж хямд хийсэн хэдий ч цэвэрхэн гүйцэтгэлтэй, бусад тавилга хямд материалаар дурын мужаан хийх боломжгүй тул төсвөөс илүү зардал зарцуулсан.
Захиалагч тал хятадаас зарим материал захиалсан нь хугацаандаа ирээгүй, ирсэн материал нь төлөвлөсний дагуу хүрэлцээгүй эсвэл шаардлага хангаагүй тул тухайн өрөө, хананд засал хийх мөн зураг зурж чимэглэх зэрэг нэмэлт ажлууд хийгдсэн. Тухайн үед бараа материалын үнэ өссөн байсан, ерөнхий заслын материалуудаа манай зүгээс өссөн үнээр авч хэрэглэж байсан боловч тольны зардал төсвөөс 4 сая гаран төгрөгөөр илүү гарсныг захиалагч талд хэлж мэдэгдэхэд өөрсдөөсөө тольны мөнгө гаргахыг хүссэн учраас 4-5 хоног хүлээж, манай өмнө хийсэн ажлын төлбөр орж ирсэн тул толь авч ажлаа үргэлжлүүлсэн. Төлбөр дутуугаас болж талбайд буусан шил буцаад шилний үйлдвэрлүү ачигдсан энэ их зөөвөрт заримт толь буландаа бага зэргийн гэмтэл авсан. 2-3 удаа ажил хүлээлцэх хугацаа хойшилсоны дараа ажил дуусах дөхөж хамгийн сүүлд ярилцаж тохирсон ажил хүлээлцэх хугацаанаас нэг хоногийн өмнө захиалагч талаас шөнийн цагаар ажилласангүй гэсэн шалтгаанаар гэрээ цуцлах шийдвэр гаргасан.
Тухайн үед шаардлагатай жижиг хэсгүүдэд нөхөөс, эмульс хийгдэж хаталтыг хүлээж дараа өдөр хийх багахан будаг, эмульсний ажил мөн нэг хаалга сольж ханын шилний силикон засах ажил дутуу байсан. Манай гүйцэтгэсэн ажил одоо хүртэл ашиглагдаж байгаа. Захиалагчийн анхны шаардлага эцсийн шаардлагын талаар үнийн санал хоорондоо 30 гаран сая төгрөгийн зөрүүтэй, бид нилээн ярилцаж заслын ажлын шаардлагыг ерөнхийдөө цэвэрхэн байхад болно гэсэн хэдий ч манай зүгээс нягт хийхийг зорьсон хямд гээд чанарын доголдолтой зүйл хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар дор дурдсан үйл баримт тогтоогдож байна.
Зохигчид 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулж, хариуцагч нь захиалагчийн талбайд сэлфи ворлд төслийг ажлын зураг, төсөв, ажлын графикийн дагуу гэрээнд заасан хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн захиалагчид актаар хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээт ажлыг хүлээн авах, гэрээний үнэ 60,905,999 төгрөг байхаар харилцан тохиролцсон байна /хх-6-10/.
Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид 56,800,000 төгрөг шилжүүлсэн гээд нэхэмжлэгч Н.Аийн Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны дансны хуулгийг нотлох баримтаар гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс 56,800,000 төгрөг авсан эсэх талаар маргаагүй /хх-20-25, 41-42/.
5. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний агуулга нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байх тул энэхүү ажил гүйцэтгэх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан талуудын байгуулсан гэрээний агуулга зэргээр хариуцагч нь захиалагчийн талбайд сэлфи ворлд төслийг ажлын зураг, төсөв, ажлын графикийн дагуу хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь ажлын хөлсийг графикаар төлөхөөр тохиролцсон гэрээний талууд нийт гүйцэтгэх ажлын төсвийг 60,905,999 төгрөг гэж тохиролцсон байх бөгөөд талууд хэн аль нь гэрээ цуцлагдсан талаар маргаагүй.
6. Харин гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд гүйцэтгээгүй ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлс, засварын ажлаас шалтгаалан түрээсийн төлбөр төлснийг хохиролд тооцон алданги нэхэмжилсэн шаардлагын хүрээнд маргаж байна.
Нэхэмжлэлд хариуцагчийг ...ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг зургийн дагуу болон стандартын дагуу хийж гүйцэтгэх, гүйцэтгэгч тал нь гэрээний 2.1-д заасан ажлыг захиалагч талын хүсэл, сонирхолд нийцүүлэн захиалагч талын хянат дор интерьер зураг, ажлын зургийн дагуу барилгын норм дүрэм стандартын дагуу чанартай, гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэх үүргээ зөрчиж чанар, стандартад нийцээгүй, гэрээнд заасан хугацаанд ажлыг бүрэн хүлээлгэж өгөөгүй гэснийг хариуцагчаас үгүйсгэж ...өндөр түвшний засал бус ерөнхий засвар зураг авахуулахад цэвэрхэн байх, хамгийн хямд аргаар засварын ажил болон тавилга хаалга, шилний ажлыг хийж өгөх хүсэлтийн дагуу ажил эхэлсэн, бид өмнөх төслүүдэд хэрэглэдэг чанартай материалаар ажлыг хийж гүйцэтгэсэн үндсэн засал, чимэглэл, зураг, шил металь хийц, тавилгыг чанартай сайн хийсэн хэдий ч цэвэрхэн гүйцэтгэлтэй, бусад тавилга хямд материалаар дурын мужаан хийх боломжгүй тул төсвөөс илүү зардал зарцуулсан. Ажил хүлээлцэх хугацаанаас нэг хоногийн өмнө захиалагч талаас шөнийн цагаар хүн ажилласангүй гэсэн шалтгаанаар гэрээ цуцлах шийдвэр гаргасан, ажил 95 хувьтай гүйцэтгэсэн гэж татгалзсан тайлбар гаргасан байна.
7. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д зааснаар захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, 352.2.2-т зааснаар доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй.
Тайлбарлавал, захиалагч доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй юм.
Гэтэл гэрээний 3.3-т гүйцэтгэх ажлыг хүлээн авах нөхцлийн талаар тохирч, ажил гүйцэтгэгч нь гүйцэтгэж буй ажлаа өдөр бүрийн ДХА-ны шалгалтад оруулж чанарын шаардлага хангаагүй тохиолд бүрийг засуулж авах, төлөвлөгөөт хугацаанаас хоцорсон, аль эсвэл ажил шалгахад ажил гүйцэтгэгч ажлын байран дээрээ байгаагүй тохиолдолд дараагийн 7 хоног хүртэлх төлөвлөсөн өдөр хүртэл ажлын гүйцэтгэлийг оруулах боломжгүй, чанар тэнцсэн ажлыг ажил шалгуулах хуудсаар баталгаажуулах бөгөөд ажил гүйцэтгэгч нь бичигдсэн нийт ажлын хэмжээ чанар тэнцсэн ажлын тоо хэмжээг тулган гүйцэтгэлтэй танилцан шалгалтын хуудсан дээр гарын үсэг зурж, тамга дарснаар баталгаажна гэж тохиролцсон байх боловч ингэж баталгаажуулсан баримтгүй, баталгаажуулах хуудас хийгдээгүй болохыг шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч тал тайлбарлаж байна.
Харин нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн флашинд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр үзэхэд флашинд 8 бичлэг байх бөгөөд 1 дэх бичлэгт эрэгтэй хүн гар утсаараа бичлэг хийх явцдаа өрөөн дотор явж, эд зүйлсийг гараараа зааж чанаргүй гүйцэтгэсэн, дутуу гүйцэтгэсэн, зурганаас өөрөөр хийсэн гэх тайлбар хэлж байгаа үйл явц тусгагдсан, бичлэг хийж байгаа эрэгтэй хүн нь нэхэмжлэгчийн нөхөр гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарласан, 2, 3 дахь бичлэгт эрэгтэй хүмүүсийн утсаар ярьж байгаа бичлэг, 4, 5, 6 дахь бичлэгт холбогдох боломжгүй гэх хариуг өгсөн, 7, 8 дахь бичлэг нь Zasal Duk нэртэй хаягтай харилцсан зурвас, захидал, фото зураг зэргийг бичсэн бичлэг байна.
Тухайн бичлэгт Zasal Duk гэж хадгалагдсан нэртэй дуудлагаар яриа хийж байгаа эрэгтэй хүн нь хариуцагч Э.Д мөн болохыг, энэ бичлэг хийж байгаа талаараа надад хэлээгүй гэж үзлэгийн ажиллагаанд оролцохдоо тайлбарласныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс бичлэг хийхэд зөвшөөрөл авах шаардлага байхгүй, нэхэмжлэгчийн нөхөр Цогтгэрэл гэх хүн уг бичлэгийг хийсэн гэж тайлбарлаж байна /хх-125/.
Дээрх бичлэгийн 7, 8 дахь бичлэгт харилцсан зурвас захиа чатны талаар өөр утсаар хийсэн бичлэг байх бөгөөд шүүхийн журмаар үзлэг хийхдээ нэхэмжлэгчийн гаргаж өгөх боломжгүй байгаа буюу цахимд хадгалагдаж байгаа баримтыг байгаа эх хувьд нь үзлэг хийж бэхжүүлэх журамтай тул нэхэмжлэгч талын нотлох баримтаар гаргасан флашинд байх 7, 8 дахь бичлэгийг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т зааснаар хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай цахим баримт, дүрс, дууны бичлэг нь нотолгооны хэрэгслээр тогтоогдох хэдий ч иргэний хэргийн нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх, түүнийг хуульд заасан арга хэрэгслээр олж авч бүрдүүлсэн байх нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох шаардлага хангагдана.
Мөн нэхэмжлэгч Н.А нь З.Дтай 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний 1.1-д гүйцэтгэгч нь захиалагчийн хүсэл сонирхолд нийцүүлэн ********** төвийн Б1 давхарт байрлах захиалагчийн талбайд сэлфи ворлд төслийг ажлын зураг, төсөв, ажлын графикийн дагуу гэрээнд заасан хугацаанд чанарын өндөр түвшинд цаашид үргэлжлүүлэн дуусгах ажлыг хийж гүйцэтгэн захиалагч талд актаар хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээт ажлыг бүрэн хүлээн авах, ажлын хөлс төлөхөөр тохирсон байх /хх-13/ боловч 2021-9-29-ний өдрийн гэрээний дуусгаагүй ямар ажлыг гүйцэтгүүлэхээр тохирсон болох нь тодорхойгүй, бусдаар гүйцэтгүүлсэн ажлыг хүлээн авч акт үйлдсэн талаарх баримтгүй, 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр цаашид үргэлжлүүлэн ямар ажил гүйцэтгэхээр тохирсон болох нь тодорхойгүй энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн нотлох баримтыг бүх талаас нь бодитойгоор харьцуулан үзэх, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамтай бөгөөд шүүх зохигчийн гаргасан нотлох баримтуудыг уг журмын дагуу үнэлээд нэхэмжлэгч гэрээг цуцалж шүүхэд хандсан байх бөгөөд энэ үндэслэлд хариуцагч тал маргаагүй.
Иймд захиалагч буюу нэхэмжлэгчийн санаачилгаар талуудын ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан гэж дүгнэхээр байх бөгөөд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч талаас ********* интерьер дизайны ажлын зураг гэх, хариуцагчийн дуусгаагүй ажлыг өөр компаниар бүрэн дуусгавар болгуулсан зураг гэх фото зургийг нотлох баримтаар гаргасан боловч 2021-9-29-ний өдрийн гэрээний хариуцагчийн гүйцэтгэх ажлын зураг аль нь болох, 2021-12-8-ны өдрийн гэрээгээр бусдаар гүйцэтгүүлсэн ажил аль нь болох нь тодорхойгүй, эдгээр зургууд нь 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээний 2.1-д заасан ажлын зураг мөн эсэх нь тодорхой бус байна /хх-101-117/.
Нэхэмжлэгч нь хариуцагч гэрээний үүргээ гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй, доголдолтой, захиалагчийн хүсэл сонирхолд нийцээгүй, зургийн дагуу хийгдээгүй гэж тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй.
Гэрээг цуцлах эсэх нь гэрээнд оролцогч талуудын хүсэл зоригт хамаарах бөгөөд маргаан гарсан тохиолдолд шүүх гэрээ цуцлагдах нөхцөл бүрдсэн гэж үзэх эсэх талаар дүгнэлт хийж, үр дагаврыг л шийдэх учиртай. Тиймээс нэхэмжлэгч талын гаргасан фото зургаар хариуцагчийг ажлаа бүрэн хийж гүйцэтгээгүй гэж, нэхэмжлэгч нь 25,000,000 төгрөгийн ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй бөгөөд бусад бичгийн баримтуудаар нэхэмжлэгчийн захиалсан ажлын зураг, хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, түүний хөлс нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь алдангид 28,400,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зохицуулсан.
Талуудын хооронд байгуулсан 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 6.7-д гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд ажлаа хийж гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гэрээний нийт үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож захиалагчид үл маргах журмаар төлнө гэж тохиролцсон байна /хх-8/.
Гэвч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж зохицуулсан тул нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр С ХХК-тай ажлын байр түрээслэх 21/00025 дугаартай гэрээ байгуулсан байх бөгөөд түрээсийн төлбөрийг 9-р сарын 30-ны өдрөөс эхлэн тооцохоор, нэг сарын төлбөр 3,150,000 төгрөг байхаар тохирсон байна.
Гэвч хариуцагчтай байгуулсан 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хугацааг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэж гэрээний 4.1-т тохиролцсон, нэхэмжлэгчээс 6,300,000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно гэжээ.
Энэхүү шаардлагын тухайд, нэхэмжлэгч нь бусадтай гэрээ хэлцэл байгуулан гэрээний үүргийн дагуу төлбөр төлсөн болох нь нотлогдохгүй байх бөгөөд гэрээ цуцлагдсаны улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэл мөн тогтоогдохгүй байна.
Иймд дурдсан үндэслэлүүдээр гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгээгүй, тухайн ажлыг өөр этгээдээр гүйцэтгүүлсэн гэх нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй, зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар захиалагчийн зүгээс доголдолтой холбоотой ажил гүйцэтгэгчид нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж тус тус зохицуулсан.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 456,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 352 дугаар зүйлийн 352.2-т зааснаар хариуцагч Э.Дөөс 59,700,000 төгрөг гаргуулахыг хүссэн Н.А-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Н.А-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 456,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ