Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2021/ДШМ/779

 

 

 

С.Сд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэбаяр,

хохирогч Ш.Аийн өмгөөлөгч Л.Очбаяр,

шүүгдэгч С.Сгийн өмгөөлөгч Ч.Баасанжав,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/315 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Ш.Аийн өмгөөлөгч Л.Очбаярын гаргасан давж заалдах гомдлоор С.Сд холбогдох 201726021256 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Сгийн С, 1966 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймагт төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, нөхрийн хамт -тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Буянт-Ухаа 43 дугаар гудамжны 01 тоотод оршин суух, /РД:-/,

Архангай аймгийн хэсгийн ардын нэгдүгээр шүүхийн 1989 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 3-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Орхон аймгийн Сум дундын шүүхийн 1989 оны 8 дугаар сарын 3-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 5 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 204 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

С.С нь 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ш.Аээс дансаар болон бэлнээр 219.660.002 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр, мөн бараа зарж борлуулаад мөнгийг нь буцаан өгнө гэх нэрийдлээр 2016 оны 3 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд, 2016 оны 5 дугаар сарын 5, 6, 8-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад 82.956 юанийн буюу 25.841.371.88 төгрөгийн барааг Ш.Аээр авахуулж, тус тус урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, нийт 245.501.373 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилж авсан,

иргэн О.Чээс 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны орчим 5.000.000 төгрөгийг, 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 3.000.000 төгрөгийг, нийт 8.000.000 төгрөгийг бэлнээр зээлэх нэрийдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилж авсан, дээрх нэр бүхий хохирогч нарт нийт 253.501.373 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: С.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Сд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч Ш.Аийг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Сд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б овогт Сгийн Сг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сд 11 сар хорих ял оногдуулж, шүүгдэгч С.Сд оногдуулсан 11 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч С.С 310 хоног буюу 11 сар 3 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 11 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан эдэлсэнд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сгаас 6.100.000 төгрөг гаргуулан хохирогч О.Чт олгохоор шийдвэрлэжээ.

Хохирогч Ш.Аийн өмгөөлөгч Л.Очбаярын гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийн шийдвэрлэхдээ хэт цагаатгах талын баримтыг үнэлж, улмаас хэрэгт ач холбогдол бүхий баримтыг үнэлээгүй, шийтгэх тогтоолт дурдсан үндэслэлүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Төрөл садны хүмүүсийн хувьд тэдгээр нь өөр хоорондоо ярилцан бусдад хүүтэй мөнгө зээлдүүлэх, энэ үйл ажиллагааг С.Сгаар гүйцэтгүүлэх, дан ганц С.С ч гэлтгүй түүний хамтран амьдрагч Ц.Б дээрх үйл ажиллагаанд оролцож байсан гэх үйл хэрэгт авагджээ. Энэ байдал нь шүүгдэгч С.С анхнаасаа завших гэмт хэрэг үйлдэх сэдэл, санаа зорилгыг агуулж байсан гэдгийг нь үгүйсгэнэ.” гэж шүүх хэт хийсвэр дүгнэлтийг хийж, шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлснээр өөр байдлаар хийсвэр дүгнэлт хийж байгаад нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүх аливаа маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарт үндэслэн дүгнэн хянах үүрэгтэй байхад “хохирогч Ш.А, гэрч Д.З, Ц.Б, шүүгч С.С нарыг хооронд мөнгө зээлдүүлэх талаар үгсэн тохиролцож, улмаар тухайн үйл ажиллагааг эрхлэх гүйцэтгэгчээр шүүгдэгч С.Сг томилсон” гэсэн хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй хийсвэр дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Хэрэгт авагдсан мэдүүлгээр С.С өөрөө болон нөхөр Ц.Боор дамжуулан удаа дараа мөнгө зээлдүүлэх үйл ажиллагаанд хөрөнгө оруулахыг хохирогч Ш.А болон түүний эхнэр Ц.Зд санал тавьсан байдаг. Ингээд төрөл садангийн харилцаа болон шүүгдэгчийн хэлсэн худал үгэнд итгэн зөвшөөрч Ш.А нь хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалан мөнгө өгснөөр эхэлсэн байдаг. Энэ нь хохирогч Ш.А, гэрч Ц.З, Ц.Б нарын мэдүүлгээр тогтоогддог. Хэрэв хохирогч Ш.А, шүүгч С.С нар нь анхан шатны шүүхийн дүгнээд байгаа шиг тохиролцож бизнес эрхэлж байсан бол зээлийн тооцоо, хаана, хэнд зээлдүүлэх, мөн зээл авч байгаа хүмүүстэй Ш.Аийг уулзуулж оролцуулах нь тодорхой байсан. Гэтэл шүүгдэгч С.С нь хэрэгт авагдсан баримт болон түүний мэдүүлгээр ч хохирогч Ш.Аийг зээлдэгч нартай уулзуулж байгаагүй, уулзуулахаас хориглодог байсан. Уг өдөр болгон “яаралтай мөнгө өгөхгүй бол зогсох гээд байна, дараагийн мөнгө чинь орж ирэхгүй бол өмнөх мөнгө авч чадахгүй байна, ажил яаг гоё явж байхад мөнгө өгөхгүй бол зогсох гээд байна” гэх мэтээр бага багаар авсан үйлдэл иь анхнаасаа итгэлийг нь олж аваад залилан мэхлэх санаа зорилготой байсан тодорхой харагдаж байдаг. Түүнчлэн, шүүх хуралдааны хэлэлцүүлэг, болон хэрэгт авагдсан баримтаар хохирогч О.Чийг залилсан үйлдэл болон Ш.Аийг залилсан үйлдэл, арга хэлбэр хоёр нь ижил болох нь тогтоогдсон. Тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч С.С “... 4, 5 тэмдэглэлийн дэвтэр, тооцоог бичиж тэмдэглэж байсан, тэмдэглэлийн дэвтрүүдийг тухайн үед мөрдөн байцаагчид өгсөн, ...би ганцаараа тооцооны бичилт хийгээгүй. ...” гэсэн агуулга бүхий тайлбар хэлдэг, шүүх өмнө хэргийг прокурорт буцаахдаа энэ байдлыг шалган тогтоохыг дурдаж байсан” гэж шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй, тухайн тэмдэглэлтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүгдэгч С.Сарангуяагийн мэдүүлсний дагуу тэмдэглэлийн дэвтрийг Ц.Б болон С.С 2 үйлддэг байсныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон. Тодруулбал, дараах мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Үүнд:

Шүүгдэгч С.Сгаас 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлэг авч дараах нөхцөл байдал тогтоогдсон. Асуулт “Дэвтэр дээр хэн тэмдэглэл хийдэг байсан бэ?”, хариулт “Уг дэвтэр дээр Б тэмдэглэл хийдэг.”, асуулт “Орлогын эцсийн захиран зарцуулалтыг хэн хийдэг байсан юм бэ?”, хариулт “Би эцсийн захиран зарцуулалтыг хийдэг байсан.”, гэрч Ц.Боос 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлэг авч дараах нөхцөл байдал тогтоогдсон. Асуулт “Яллагдагч С.Сгийн өдөр тутам хөтөлдөг байсан орлого зарлагын дэвтэр дээр та тэмдэглэгээ хөтөлж байсан уу?”, хариулт “Би тодорхой хэмжээний тэмдэглэл үйлддэг байсан.”, асуулт “Тухайн дэвтрүүд дээр хөтлөгдсөн мөнгөн дүнгийн эцсийн зарцуулалтыг хэн хийдэг байсан бэ? Та уг зарцуулалтад ямар нэгэн байдлаар өөрөө дур мэдэн оролцож байсан уу?”, хариулт “Тухайн мөнгөн дүнгийн зарцуулалтыг С.С өөрөө хийдэг байсан. Би тухайн мөнгөн дүнгийн зарцуулалтад оролцож байгаагүй.”, асуулт “С.Сд орлого зарлага хөтөлдөг хийт хэдэн тэмдэглэлийн дэвтэр байдаг бэ? Уг дэвтрүүд хаана хадгалагддаг байсан бэ?”, хариулт “С.С гурван дэвтэр хөтөлдөг байсан, уг дэвтрээ С.С өөрийн гэртээ хадгалж, гэртээ бүртгэлээ хийдэг байсан.” гэж тэмдэглэлийн дэвтэртэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тэмдэглэлийн дэвтрийг хөтөлж байсан” гэж С.Сгийн заасан хоёр хүмүүсээс тайлбар мэдүүлэг авч мэдүүлгээр дараах нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон. Үүнд: тэмдэглэлийн дэвтрийг С.С хөтөлдөг байсан, түүний удирдлага дор Ц.Б нь хамтран хөтөлдөг байсан ба эцсийн захиран зарцуулалтыг С.С хийдэг байсан талаар ижил тайлбар мэдүүлэг өгснөөр хангалттай тогтоогдож байна. Мөн уг тэмдэглэлийн дэвтрээс шүүгдэгч С.Сгийн хасуулахаар заасан 39.420.000 төгрөгийг хохирогч Ш.А болон гэрч З нараас 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн мэдүүлэг авч хохирлоос хасаж тооцсон байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс тэмдэглэлийн дэвтэртэй холбоотой мөрдөн шалган ажиллагаа явуулаагүй гэж дүгнэж байгаа нь огт үндэслэлгүй, бодит байдалтай нийцээгүй болно. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Ш.А хохирогчтой шүүгдэгч С. Сд холбогдох хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн хувьд ... хохирогч гэж гэмт хэргийн улмаас ... эд хөрөнгийн хохирол болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн ... -ийг хэлэх ба эдгээр хүмүүсийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өөр хооронд нь хольж мэдүүлэг авсан нь нэг талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг, нөгөө талаас гэмт хэрэгт буруутгагдаж байгаа этгээд болон хохирогч гэх талын хүчний харьцааг харуулж байна. Энэ байдлыг шүүх өмнө нъ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байхдаа дурдаж байсан болно” гэж хууль зүйн хэллэгт байхгүй хүчний харьцаа мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал, дүгнэлтэд дурдаад байгаа зөрчлийг арилгуулахаар 2019 онд хэргийн прокурорт буцаан шийдвэрлэсэн захирамжийн биелэлт хангагдсан, прокурор хүлээн авч зөрчлийг арилгасны үндсэн дээр шүүхэд шилжүүлсэн. Уг хэргийн прокурорт буцаан шийдвэрлэснээс хойш хохирогч Д.Зг хохирогчоор тогтоосон тогтоолыг хүчингүй болгож, гэрчээр асуулгаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан байдаг. Мөн прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 33 дугаартай яллах дүгнэлтийн үндэслэл, шинжлэн судлуулахаар хавсралтад заасан баримтад гэрч Д.Згийн хохирогчоор өгч байсан мэдүүлгүүдийг судлаагүй, үндэслэл болгоогүй байдаг. Хэрэв анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тохиолдолд уг зөрчлийг арилгуулах арга хэмжээ авахуулахаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэх байтал уг зөрчлийг цагаатгах нотлох баримтаар үнэлэн судалж байгаа нь өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Үүнээс гадна Ш.А “Хохирсон гэх хохирлын хэмжээгээ янз бүрээр мэдүүлсэн      тус тус зөрүүтэй мэдүүлсэн нь хохирогч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэсэн хуулийн заалтад нийцэхгүйгээс гадна гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг зөв тодорхойлсон гэхэд эргэлзээтэй байна.” гэж дүгнэсэн нь анхан шатны шүүх хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгийг бүрэн гүйцэд уншиж судлаагүй гэж үзэж байна. Учир нь, миний үйлчлүүлэгч гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болон олох ёстой байсан ашгаа гаргуулахаар анх гомдол гаргахдаа мэдүүлсэн байдаг. Үүнийг анхан шатны шүүх худал мэдүүлэг өгсөн гэж мэдүүлж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн эрээнээс бараа авахдаа 200.000 юань зарцуулсан ба хохирогчийн зүгээс зөвхөн бараанд зарцуулсан мөнгө нэхэмжлэн бусад онгоц, тээврийн хөлс, зочид буудал, хоолонд зарцуулсан мөнгө авахаа больё гээд хохирлын хэмжээгээ багасгасныг худал мэдүүлэг өглөө гэж бас үзсэнд туйлын гомдолтой байна. Мөн олон жил цагдаа, прокурор, шүүхээр асуудлаа шийдүүлэхээр хөөцөлдөж байгаа хохирогч энэ хугацаанд нэг ч төгрөгийг С.Сгаас аваагүй ба аргаа барсан хохирогч Ш.А С.Сгийн хэлж, заасан мөнгөний хохирлоос шууд хасуулаад хэргээ шийдүүлмээр байна гээд хохирлын хэмжээгээ багасгасныг худал мэдүүлэг өглөө гэж үзэж байгаа нь мөн илт үндэслэлгүй, хэт нэг талыг баримталсан шийдвэр үйл ажиллагаа болсон. Шүүх хохирогчийн сэтгэлзүйн байдал, энэ олон жил нэг ч төгрөг авч чадаагүй, цөхрөлд орсон байдал, хохирогчид учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол, хор уршгийг огт авч хэлэлцээгүйд туйлын гомдолтой байна. Энэ нь шүүхийн шийтгэх тогтоолоос тодорхой харагдаж байгаа болно. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хэмжээг хоёр удаагийн шинжээчийн дүгнэлтээр хангалттай тогтоогдсон бөгөөд энэ шинжээчийн дүгнэлттэй шүүгдэгч талаас огт маргаагүй болно. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “гэвч хэргийг прокурорт буцаасны дараа мөрдөн шалгах тодорхой ажиллагаа хийгдсэн гэх байдал нь хангалттай биш, зөвхөн хохирогч Ш.А, гэрч Ц.Б, яллагдагч С.С нараас мэдүүлэг авч, дахин прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ. Нөгөөтэйгүүр, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Ш.Аээс авсан хохирогчийн мэдүүлгийн нотлох баримтын шаардлага хангасан гэж үзхээргүй, түүний мэдүүлгийг ердийн нөхцөлд, ердийн байдлаар унших ямар ч боломжгүй, уишигдахааргүй байна” гэж дүгнэн цагаатгах тогтоолын үндэслэлээ болгосон нь бодит байдалд нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон. Улсын Дээд шүүхээс хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаахдаа шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналын үндэслэл болсон баримт /дэвтэр/, хохирлын тооцоо, захиран зарцуулалт, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэрэгт нотлох баримтад тулгуурлан хэргийн үнэн зөв бодит байдлыг дүгнээгүй гэсэн үндэслэлээр буцаасан. Харин улсын яллагчийн зүгээс нэмэлт мөрдөн шалган ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрт заасан ажиллагаануудыг явуулж, мөнгийг хэн захиран зарцуулдаг болон гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал болгосон тэмдэглэлийн дэвтрийг хэн хөтөлдөг, хэн захиран зарцуулалт хийдгийг тус тус тогтоосон болно. Мөн хохирлын тооцооноос шүүгдэгчийн тэмдэглэлийн дэвтрээс энэ хэсгээс хасуулмаар байна гэсний дагуу хохирогч Ш.А зөвшөөрснөөр 39.420.000 төгрөгийг хасуулсан зэрэг шүүхийн шийдвэрт заасан нотлогдвол зохих ажиллагаануудыг явуулсан. Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх хохирогч Ш.Аээс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр авсан мэдүүлгийн нотлох баримтын шаардлага хангахгүй буюу харагдахгүй байгаа гэж дүгнэж байгаа бол хэргийн прокурорт буцаах үндэслэл болохоос цагаатгах үндэслэл болохгүй. Энэхүү хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ш.А, О.Ч нараас мөнгө залилан мэхэлж авахдаа дараах ижил аргаар залилсан байдаг. О.Чээс эхлээд бага хэмжээний мөнгө зээлээд буцаан хүүтэй нь төлсөн. Улмаар түүний итгэлийг олоод дараа нь илүү их мөнгийг зээлж авсан. Ингэхдээ “цэргийн ангийн нягтланг таньдаг, цэргийн ангид хувцас нийлүүлэхээр тохирчихсон Хятадаас бараа авах мөнгө хэрэгтэй байна, бараа бол шууд цэргийн ангид нийлүүлэгдчих учир мөнгийг чинь хугацаандаа хүүтэй нь буцаан өгчихнө” гэснээр мөнгийг нь авч залилсан байдаг. Харин Ш.Аийн тухайд эхлээд түүнд өөрийгөө хорооллын бүх худалдаачдыг таньдаг, мөнгө зээлүүлдэг их ашиг олдог гэж удаа дараа санал тавьсан байгаа болно. Учир нь, Ш.Аийг бизнес эрхэлдэг мөнгөтэй гэж мэдэх ба түүний эхнэр Д.Згоор дамжуулан удаа дараа санал тавьсан байдаг. Ингээд Ш.А нь төрөл садангийн харилцаатай учир түүнд итгэн өөрийн хүүхдүүдийнхээ хадгаламжийг барьцаалан 10,000,000 төгрөгийг С.Сд өгсөн. С.С нь тодорхой хугацааны дараа хэлсэндээ хүрч зээлийн үндсэн төлбөр болон хүүтэй нь хамт буцаан өгсөн байдаг тул түүнд итгэж эхэлсэн. Ингээд С.С нь бага мөнгөнөөс эхэлж итгэлийг олоод их хэмжээний мөнгө авч эхэлсэн. Ингэхдээ одоо л мөнгөө өгөхгүй бол болохоо байлаа, хүмүүс одоо л хүмүүс зээлье гээд байна одоо л өгөхгүй бол өмнөх мөнгө өө олж чадахгүй шүү гэх мэт аргаар Ш.Аийн мөнгийг авч залилан мэхэлсэн байдаг. Хохирогч мөнгөө нэхэхээр С.С нь “мөнгийг чинь бөөнд нь өгнө, хүмүүс мөнгө өө өгөхгүй байна” гэсээр мөнгөө өгөхөө больсон бөгөөд 2016 оны 2 дугаар сард Ш.Ад хандан “Надад бараа Хятадаас аваад өг, би цэргийн ангийн нягтлан таньдаг, мөн хорооллын худалдаачид тараачих юм бол өмнөх бүх мөнгийг нь хангалттай төлчихнө” гэсний дагуу Ш.А нь алдсан мөнгөө эргүүлэн авахын тулд түүний үгэнд итгэж, Бүгд Найрамдах Хятад Ард улсаас 2 удаа бараа оруулж ирэн С.Сд өгсөн байдаг. Сайн барааг Эрээний үнээр Монгол Улсад худалдахад Ш.Аийн хохирлыг хангалттай барагдуулахаар байсан. Гэтэл С.С нь мөн нэг ч төгрөгийг буцааж төлөөгүй. Дээрх хоёр үйлдлээс харахад С.Сгийн залилан мэхлэх арга хэлбэр нь тодорхой харагдаж байгаа юм. Тодруулбал, С.С нь эхлээд мөнгийг нь өсгөх, ашиг олох боломжтой, өөрийгөө танилын хүрээ сайтай гэж ухуулан таниулах ажиллагаагаа явуулдаг. Ингээд удаа дараа санал тавьсныхаа дараа нь бага хэмжээний мөнгө авч тохирсон хугацаандаа буцаан төлснөөр хохирогч нарын итгэлийг олж авдаг. Үүний дараа мөнгөний хэмжээгээ ихэсгэж их хэмжээний мөнгө авах ба буцаан төлөхдөө багахан хэмжээгээр төлдөг. Ингээд өмнөх мөнгө авч чадахгүй байгааг нь далимдуулан ахиухан “мөнгө өгөхгүй бол өмнөх мөнгийг нь олж авч чадахгүй байна, бараа Хятад Улсаас оруулаад өгчих юм бол цэргийн ангийн нягтланг таньдаг, шууд бараа нийлүүлэх боломжтой байна, мөн хорооллын худалдаачид бараа өгчих юм бол өмнөх мөнгийг чинь хурдан хугацаанд эргэлдүүлээд мөнгийг чинь буцаагаад өгчих боломжтой” гэх мэтээр залилан мэхлэх сонгодог арга буюу төрөл садангийн харилцаа болон тодорхой хугацаанд харилцан итгэлийг олж авснаар үргэлжлүүлэн залилдаг. Ийнхүү гэмт хэргийн санаа зорилго, сэдэлт, хохирол хор уршиг нь тодорхой, хэрэгт авагдсан баримтаар хангалтай тогтоогдож байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэж байгаа нь илт хууль зүйн үндэслэлгүй болсон байна. Түүнчлэн, олон жилийн хугацаанд эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол амсаад байгаа хохирогчийг буруутай гэж үзэн, амар хялбар аргаар бусдын амьдрал, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгийг залилан мэхэлж авч байгаа гэмт этгээдийг өөгшүүлсэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. С.С нь 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт сарын 10 хувийн хүүтэй зээлэх, мөн бараа зарж борлуулаад мөнгийг нь буцаан өгнө гэх нэрийдлээр иргэн Ш.Аээс дансаар болон бэлнээр 219.660.002 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд, 2016 оны 5 дугаар сарын 5, 6, 8-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч Ш.Аээр 82.956 юанийн буюу 25.841.371.88 төгрөгийн үнэ бүхий бараа авахуулж, нийт 245.501.373.88 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны орчим зээлэх нэрийдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч үргэлжилсэн үйлдлээр хохирогч О.Чулүунцэцэгээс 5.000.000 төгрөгийг, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 3.000.000 төгрөгийг тус тус авч, бусдад нийт 253.501.373.88 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ш.Аийн “...Эхлээд хүүхдийнхээ хадгаламжийн 10.500.000 төгрөгийг аваад Москва рестораны урд байрлах лангуун дээр Сд бэлнээр өгсөн. Түүнээс хойш С нь ... надаас бага, багаар мөнгө нэмж зээлсээр байгаад 2016 оны 2 дугаар сар хүртэл ... нийтдээ 233.340.000 төгрөг өгсөн. С “наймаачид бараагүй, мөнгөгүй болчихлоо, бараа авчирч заруулаад мөнгөө гаргуулж авъя” гэхээр нь би Сд болон түүний нөхөр Бийн хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуанжоу хот руу явж, олон төрлийн бараа их хэмжээгээр аваад Улаанбаатар хотод ирсэн. Тэр бараа болон замын зардалд нийт 50.000.000 төгрөг гаргаад ямар ч мөнгө буцааж өгөхгүй болохоор нь би мөнгөө нэхтэл С “мөнгөгүй, бараагүй болчихлоо, бараагаа хүмүүст тараачихсан” гэсэн. Би дахин дагуулж яваад Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хэбэй хотоос олон төрлийн бараа их хэмжээгээр аваад 50.000.000 төгрөгийн зардал гаргасан. ...200 мянган юань өгсөн талаар надад баримт байгаа. ...Тухайн баримт дээр 2016 оны 03 дугаар сарын 7-ны өдөр 34.595.000 төгрөг буюу 100 мянган юань, 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 31.180.000 төгрөг буюу 100.000 юань, 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 31.180.000 төгрөг буюу 100.000 юань авч явж, С.Сд бараа авч өгсөн. ...Би ямар ч гэрээ хийгээгүй, би тухайн үедээ төрөл садан учраас итгээд л бэлнээр болон дансаар өгөөд байсан. ...Би нийт 242.233.020 төгрөгийг ... Сгаас нэхэмжилж байна. ...” /1хх 37-38, 2хх 189-190, 4хх 16/,

гэрч Д.Згийн “...Анх С нь надад 2014 онд “...Лангуун дээр бараа зардаг хүмүүс сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай мөнгөө зээлээд мөнгийг чинь өдөр өдөрт нь хурааж авдаг юм. ...” гэхээр нь ... би өөрийн хүүхдүүдийн хадгаламжийг барьцаалж 15.000.000 төгрөгийн зээл аваад Сд 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр орчим ... Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Москва рестораны урд талын задгай талбай дээр ... өөрийн нөхрийн хамт очиж бэлнээр өгсөн. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын 8-ны өдөр хүртэл ... мөнгө нэмж зээлж аваад байсан. ...” /1хх 39-40/,

гэрч Ц.Бийн “... С нь А гэр хүнтэй тохиролцож, Хятад Улсын Гуанжоу руу явж 30.000.000 төгрөг гаран үнэ бүхий бараа авчирсан. Тухайн барааг С авч, зарж борлуулан ашгаас нь гарсан мөнгийг Ад өгөх ёстой байсан. Гуанжоу руу явах үед би С, А нартай хамт явсан ба очоод худалдан авсан барааны зардлыг А бүгдийг нь гаргаж байсан. Дараа нь 2016 оны 5 дугаар сард С, А нар хамт Бээжин рүү явсан. ...Би хэд хэдэн удаагийн үйлдлээр нийт 10.000.000 төгрөг гаран мөнгийг Аийн данс руу орлогодож өгч байсан. Тухайн мөнгийг С “энэ мөнгийг Аийн данс руу шилжүүлчих” гэж надад өгөхөөр нь би шилжүүлдэг байсан. ...Мөнгийг С.С захиран зарцуулдаг байсан. ...” /2хх 60-61, Зхх 224, 4хх 18/,

хохирогч О.Чийн “... С.С надтай уулзаад “найз нь Хятадаас бараа оруулж ирээд наадмаас өмнө мөнгийг чинь төлнө, хүүтэй ч хамаагүй мөнгө зээлээч” гэж гуйгаад ... 5.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5005079854 данснаас бэлнээр авч С.Сд өгсөн, ... дахиад “3.000.000 төгрөг зээлээч” гэж хэлэхээр нь ... өөрийн төрсөн ах О.Ганбаатартай ярьж, 3.000.000 төгрөг зээлж ... Сд өгсөн, ...мөнгөө нэхэж залгасан боловч “удахгүй өгнө, маргааш өгнө” гэж хэлдэг байсан. ...” /Зхх 17-18/,

С.Сгийн гэрчээр өгсөн “...Нийтдээ одоо Ад бараа болон үндсэн хүмүүст зээлж авсан мөнгө нийлээд 240 сая гаран төгрөгийн өр байгаа. ...” /1хх 5-7/,

С.Сгийн яллагдагчаар өгсөн “...Эхлээд 10.000.000 төгрөг бэлнээр авч, өдрийн 10 хувийн хүүтэй хүмүүст зээлүүлээд байсан. ... Дахиад Згийн нөхөр Аээс нэмж мөнгө аваад хүмүүст зээлүүлээд байсан. Хятад Улсад байхдаа би худалдагчид нь “тэдэн ширхэг бараа авна” гээд хэлэхээр А миний өмнөөс мөнгийг нь өгчихдөг байсан. Тухайн үед 2 удаагийн явалтаар 60.000.000 төгрөгийн бараа байсан. ...Би ойролцоогоор 110.000.000 төгрөгөөр буцааж зарсан. ...Аээр авахуулсан бараанаас үлдэгдэл бараа байхгүй. ...Чээс ... 5.000.000 төгрөг авсан. ... Ч рүү утсаар ярьж “3.000,000 төгрөг нэмж зээлээч, өмнөх мөнгөтэй чинь нийлүүлээд буцаагаад өгчихье” гэсэн. ...Ч ахынх руугаа ороод 3.000.000 төгрөг бэлнээр ... тоолж өгсөн. ...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...Би өөрөө мөнгөний захиран зарцуулалтыг хийдэг. ...” /2хх 41-44, 57-58, Зхх 64-65, 167-168/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 170 дугаартай “...С.С нь дансаар болон бэлнээр Ш.Аээс 143.800.000 төгрөг авсан байна. ...С.С нь дансаар болон бэлнээр Ш.Ад 24.080.000 төгрөг өгсөн байна. ...С.С нь дансаар болон бэлнээр Д.Згоос нийт 65.360.002 төгрөгийг авсан байна. ...Д.Згийн “Хаан” банкны 5027607225 данс руу 5.450.000 төгрөг, “Хаан” банкны 5039029928 данс руу 2.000.000 төгрөг, нийт 7.450.000 төгрөг шилжсэн байна. ...Ц.Боос Ш.Аийн “Хаан” банкны 2 дансанд 8 удаагийн гүйлгээгээр 11.672.000 төгрөг шилжүүлсэн байна. ...С.С нь өөрийн дансаар болон бэлэн авсан нийт мөнгөнөөс Ш.Ад 24.080.000 төгрөг, Д.Зд 7.450.000 төгрөг, нийт 31.530.000 төгрөг шилжүүлсэн. Одоо Ш.Аээс хүлээн авсан 143.800.000 төгрөгөөс С.Сгийн шилжүүлсэн 24.080.000 төгрөгийг хасаад 119.720.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнээс 119.720.000 төгрөгөөс Ц.Бийн Ш.Аийн дансанд шилжүүлсэн 11.672.000 төгрөгийг хасахад 108.048.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Одоо Д.Згоос хүлээн авсан 65.360.000 төгрөгөөс С.Сгийн шилжүүлсэн 7.450.000 төгрөгийг хасаад, үлдэгдэл 57.910.020 төгрөгийн үлдэгдэлтэй байна. ...” /Зхх 238-247/,

“Гэрэлтэх бүртгэл аудит” ХХК-ийн “...Шинжилгээнд ирүүлсэн ... нийт 300 боодол ба 12.330 ширхэг барааг нийт 141.926 юаниар худалдан авсан баримт байна. Үүнээс 2016 оны 03 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд 1240 ширхэг дотуур хувцсыг 23.300 юаниар худалдан авсан 5 зарлагын баримт, 2016 оны 5 дугаар сарын 5, 6, 8-ны өдрүүдэд 300 боодол ба 2372 ширхэг гадуур болон дотуур хувцас, эд зүйлсийг 59.656 юаниар худалдан авсан 16 зарлагын баримт байна. 8718 ширхэг гадуур болон дотуур хувцас, эд зүйлсийг 58.970 юаниар худалдан авсан 7 зарлагын баримтын огноо нь тодорхойгүй байна. ...Огноо тодорхойгүй учир төгрөгт хөрвүүлэх боломжгүй 58.970 юанийн баримтыг хасч, нийт 25.841.371,88 төгрөгийн бараа худалдан авсан байна. ...“Бидний зам” ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн болон 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн нийт 65.775.000 төгрөгийн кассын зарлагын 2 баримт байна. Үүнд: А. “Бидний зам” ХХК-иас 2016 оны 03 дугаар сарын 7-ны өдөр “110”000 юань авахад” гэсэн гүйлгээний утгатайгаар 34.595.000 төгрөгийг Шижирийн Ад олгосон кассын зарлагын баримт, “Бидний зам” ХХК-иас 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр “юань авахад” гэсэн гүйлгээний утгатайгаар 31.180.000 төгрөгийг Шижирийи Ад олгосон кассын зарлагын баримт. ...” /Зхх 187-214/ гэх дүгнэлтүүд,

Ш.А, Д.З нарын “Хаан” банкнаас хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ /2хх 155-157/, Ш.Аийн 5175008811, 5753120676, 5020959284 дугааруудтай, Д.Згийн 5027607225, 5039029928, 5020816949 дугааруудтай, О.Чийн 5005079854 дугаартай, С.Сгийн 5135652185 дугаартай “Хаан” банкны дансны хуулга /2хх 1-35, 138-151, 170-177, 191-217, 218-228, 236-250, Зхх 1-9, Зхх 44/, юань худалдан авсан баримтууд /2хх 159-160/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Иймд нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/315 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч С.С давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Ш.А нь надаас 93.000.000 төгрөг авсан мөртлөө “нэг ч төгрөг буцааж өгөөгүй” гэж худлаа гүжирдэж, худал мэдүүлсэн нь хангалттай нотлогдсон. З, А нар нь эхнэр, нөхөр ба Згийн төрөл садны хүн Бтой би 14 жил хамтран амьдарсан. Миний хувьд ямар ч залилах санаа, зорилго агуулж байгаагүй, гэмт хэрэг үйлдээгүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...Харин хохирогч О.Чийн үлдэгдэл мөнгийг төлж барагдуулна. …” гэжээ.

Шүүгдэгч С.Сгийн өмгөөлөгч Ч.Баасанжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурор, шүүхийн шатанд олон удаа хүсэлт гаргасан. Уг хүсэлтүүдээ дэмжиж оролцож байна. Шүүгдэгч С.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх зөв шийдвэр гаргасан. Хохирогч Ш.Аийн хувьд энэ гэмт хэргийг хэн эхэлж сэдсэн бэ, хэн санаачилсан бэ гэдгийг авч хэлэлцэхгүй байна. Ш.Аээс мөнгө зээлэх, өсгөж өгөх, бараанд явах асуудлыг С.С санаачлаагүй. Анх Ш.Аийн эхнэр ах Бтойгоо яриад “10 хувиар мөнгө өсгөж өгөөч” гээд гуйсан байдаг. Үүнийг нь Б С.Сд дамжуулж хэлсэн. С.Сгийн зүгээс “хэцүү шүү дээ. Ямар ч байсан хүлээж байя” гэж хэлсэн. Ингээд 1 сар болсны дараа З дахиад ярьж “мөнгийг өсгөөд өг” гээд 2015 оны 3 дугаар сард уг үйлдэл эхэлсэн байдаг. Мөнгийг авсан. Гэхдээ энэ хэргийг хэн санаачилсан бэ гэдгээс уг хэргийн бүрэлдэхүүн шалтгаалах ёстой. Мөнгө зээлэх асуудлыг С.С санаачлаагүй. Хохирогч өөрөө санаачлага гаргаж, гуйж мөнгийг өгсөн. Мөнгө зээлээд байж байтал Ш.А, З нар С.Сд хандаж “байр авч өгнө” гэж хуурч мэхэлж “мөнгөө өсгө” гээд ах Бтойгоо тооцоо хийгээд мөнгөө аваад явсан. Энэ талаар хавтас хэрэгт тодорхой байгаа. А хоёр удаа Б, С.С нарыг Хятад улс руу бараанд авч явсан. Энэ санаачлагыг Ш.А өөрөө санаачилсан. А мөнгөө өөрөө бариад явсан байдаг. Тэгэхээр уг хэргийг С.С санаачилж Аийг залилсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэхгүй байна. Иймд Ш.Атэй холбоотой үйлдлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Анх хяналтын прокуророос “хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гээд хэрэгсэхгүй болгосон байдаг. Ш.Аийн өмгөөлөгчөөс гомдол гаргаснаар Дүүргийн ерөнхий прокурор авч хянаад “хяналтын прокурор зөв шийдвэрлэсэн байна” гэх тогтоолыг гаргасан. Дараа нь дахиад гомдол гаргаснаар Нийслэлийн прокуророос хянаад “хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна” гэж 3 шатны прокурор хэрэгсэхгүй болгосон байгаа. Хохирогч О.Чээс 8.000.000 төгрөг зээлсэн нь үнэн. Урьд өмнө нь 2018 оны 8 дугаар сард О.Чээс 3.000.000 төгрөг зээлээд хэдхэн хоногийн дотор эргүүлээд төлөхдөө 4.500.000 төгрөг болгож өгч байсан. О.Ч ашгийг нь хараад 8.000.000 төгрөгөө өгсөн. О.Чийг залилсан шинж харагдахгүй байдаг. Иймд дээрх асуудлыг хянаж үзээд зөв шийдвэрлэж өгнө үү. Хохирлын хувьд С.С нь хохирогч Ш.Ад 88.000.000 төгрөг төлсөн, О.Чт 1.900.000 төгрөгийг төлсөн” гэв.

Прокурор С.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Сгийн хоёр үйлдэлд нь гэм буруутайд тогтоолгохоор прокуророос яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Уг хэрэг анхан шатны шүүхээр хоёр удаа, давж заалдах шатны шүүхээр хоёр удаа, Улсын Дээд шүүхээр 1 удаа хянан хэлэлцэгдсэн. Ш.Ад холбогдох үйлдлийг бүхий л ажиллагаа хийж шалгасан боловч шүүгдэгчид ашигтай байдлаар гэдгээр дүгнэж Ш.Ад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч О.Чтэй холбоотой үйлдэлд С.Сг гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж прокуророос эсэргүүцэл бичээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулгыг тусгана гэж заасныг зөрчсөн байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас С.С нь 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ш.Аээс дансаар болон бэлнээр 219.660.002 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр, мөн бараа зарж борлуулаад мөнгийг нь буцаан өгнө гэх нэрийдлээр 2016 оны 3 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд, 2016 оны 5 дугаар сарын 5, 6, 8-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад 82.956 юанийн буюу 25.841.371.88 төгрөгийн барааг Ш.Аээр авахуулж, тус тус урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, нийт 245.501.373 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилж авсан,

иргэн О.Чээс 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны орчим 5.000.000 төгрөгийг, 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 3.000.000 төгрөгийг, нийт 8.000.000 төгрөгийг бэлнээр зээлэх нэрийдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилж авсан, дээрх нэр бүхий хохирогч нарт нийт 253.501.373 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, хохирогч Ш.А /1хх 37-38, 189-190, 3хх 165, 4хх 16, 4хх 224-226/, гэрч Д.З /1хх 39-40, 4хх 230-231/, гэрч Ц.Б /2хх 60-61, 3хх 224, 4хх 18, 4хх 228-229/ нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 170 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх 238-247/, Гэрэлтэх бүртгэл аудит ХХК-ийн дүгнэлт /3хх 187-214/, Хадалгамж барьцаалсан зээлийн гэрээ /2хх 155-157/, 210.000 юань худалдан авсан баримтууд /2хх 159-160/, хохирогч Ш.Аийн эзэмшлийн Хаан банк нь дахь 5175008811, 5753120676, 5020959284 дугаартай дансны хуулгууд /2хх 1-35, 191-217/, гэрч Д.Згийн эзэмшлийн Хаан банк дахь 5027607225, 5039029928, 5020816949 дугаартай дансны хуулгууд /2хх 138-151/, шүүгдэгч С.Сгийн эзэмшлийн Хаан банкны 5135652185 дугаартай дансны хуулга /2хх 170-177, 218-228, 236-250, 3хх 1-9/, хувь хүний орлогын албан татварын шинээр гаргасан тайлан /4хх 235-239/ гэх зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд шүүх эдгээр нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ заалгүйгээр хэргийг шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Сгийн хэргээс хохирогч Ш.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо мөрдөн байцаалтын шатанд хохирогч нарын хохирлын талаар зөрүүтэй мэдүүлсэн нь хохирогч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй гэсэн хуулийн заалтад нийцэхгүйгээс гадна гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг зөв тодорхойлсон гэхэд эргэлзээтэй гэж үзээд “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ш.Аээс авсан хохирогчийн мэдүүлгийг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэхээргүй, түүний мэдүүлгийг ердийн нөхцөлд, ердийн байдлаар унших ямар ч боломжгүй, уншигдахааргүй байна. Гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлснийг, өөрөөр хэлбэл хялбар аргаар мөнгө олох буюу бусдад хүүтэй мөнгө зээлж ашиг олохын тулд С.Сг оролцуулсан, улмаар Ш.А, С.С, Д.З нарын хэн аль нь мөнгөний тооцоогоо бодитой нийлж чадаагүй байтлаа нэмж мөнгө өгсөн, авсан, бараа нийлүүлсэн зэрэг болохыг дурдах нь зүйтэй. ...” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасныг зөрчжээ.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Сд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул хохирогч Ш.Аийн өмгөөлөгч Л.Очбаярын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/315 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Сд холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч С.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ